| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 191/2025/04707/И |
| Дугаар | 191/ШШ2026/00622 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2026/00622
2026 01 09 191/ШШ2026/00622
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: ...... дүүрэг, ....... хороо, ......... дугаар байр, ....... тоотод оршин суух Б овогт С.Х /РД:......./-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: ........... дүүрэг, ...... хороо, ......... хороолол,.............д оршин байрлах ТК ХХК /РД:............/-д холбогдох,
нэхэмжлэлийн шаардлага: 19,517,216 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн нэхэмжлэлдээ:
...С.Х миний бие 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн .........тоот Зээлийн гэрээгээр ТК ХХК-д 6,000 ам.долларыг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн билээ. Зээлийн гэрээний дагуу миний бие 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өөрийн Х банкны ......... тоот данснаас зээлдэгчийн Г банкны ......... тоот данс руу 6,000 ам.долларыг шилжүүлэн өгсөн ба ингэхдээ тухайн өдрийн ханшаар 20,682,000 төгрөг болж байсан. Гэвч зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул арга буюу шүүхэд хандаж байна.
Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрт 6,000 ам.доллар, сарын 4 хувийн хүүг 3 сарын хугацаанд тооцвол 720 ам.доллар болох ба үндсэн төлбөрийн хамт хамт нийт 6,720 ам.доллар төлөх үүрэгтэй юм. Үүнийг нэхэмжлэл гаргаж буй 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш болох 3,572.37 төгрөгөөр тооцоход 24,006,326 төгрөг болж байна. Зээлдэгч нь дээрх төлбөрөөс 3,400,000 төгрөгийг төлсөн ба одоо үлдэгдэл нь 20,606,326 төгрөг байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Иймд ТК ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 20,606,326 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэжээ.
1.2. 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгахдаа:
...С.Х нь ТК ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,606,326 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Харин хариуцагч нь дээрх шаардлагын зарим хэсэг болох 19,517,216 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг үндэслэлгүй талаарх тайлбарыг гаргажээ.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа 19,517,216 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үлдэх хэсэг болох 1,089,110 төгрөгөөс татгалзаж байгаа. ... гэжээ.
2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
2.1. 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн тайлбартаа:
...С.Х тай 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн .........тоот дугаартай Зээлийн гэрээг байгуулсан. Тус гэрээгээр 6,000 ам.долларыг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлсэн.
Тус зээлийн гэрээний нэгдүгээр хавсралтад зээлийн хүү болоод үндсэн зээлийн төлбөрийг дараах байдлаар баталгаажуулсан. Үүнд:
| Огноо | Үндсэн төлбөр | Хүү | Суутган татвар | Татварын дараах төлөлт |
| 8/30/23 | - | 120 | 12 | 108 |
| 9/30/2023 | - | 120 | 12 | 108 |
| 10/30/2023 | - | 240 | 24 | 216 |
| 11/1/2023 | 6,000 | - | - | 6,000 |
| Нийт | 6,000 | 480 | 48 | 6,432 |
2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн .........дугаартай Зээлийн гэрээний 1.3 дахь хэсэгт Зээлдэгч нь зээлдүүлэгчийн Х банкны /........./ тоот дансанд үндсэн зээл болон хүүний төлбөрийг Хавсралт 1 хуваарийн дагуу шилжүүлнэ. /Г банкны хаалтын ам.долларын авах ханшаар тооцно/ гэж заасан.
Гэрээний 1.3 дахь хэсэгт заасны дагуу Г банкны хаалтын ам.долларын бэлэн бус авах ханш нь 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 3,563.00 төгрөг байна. Зээлийн гэрээний нийт төлбөр болох 6,432 ам.долларыг 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Г банкны хаалтын ам.долларын бэлэн бус зарах ханш нь 3,563.00 төгрөгөөр тооцвол гэрээний төлбөрт нийт 22,917,216 төгрөг байна.
Үүнээс ТК ХХК нь 3,400,000 төгрөгийг нэхэмжлэгч С.Х ын Х банкны ......... тоот данс руу шилжүүлсэн бөгөөд гэрээний төлбөрт 19,517,216 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний хүү болоод үндсэн төлбөрт 6,720 ам.долларыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ам.долларын ханшийг Монгол банкны ханшаар тооцож 20,606,326 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. ... гэжээ.
2.2. 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн багасгасан шаардлагыг гардаж авсан боловч хуульд заасан хугацааны дотор уг шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар хариу тайлбар ирүүлээгүй.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамжид 260,982 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Ч.Б д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, ТК ХХК-тай байгуулсан 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн .........дугаартай Зээлийн гэрээ /хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь/-ний хувь, Х банк дахь ......... дугаартай дансны хуулга /хамрах хугацаа: 2023.7.24, 2024.3.19, 2024.4.03/, хуулийн этгээдийн цахим мэдээллийн сангаас татсан ТК ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэл, mongolbank.mn цахим сайтаас татсан 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн валютын ханшийн мэдээлэл /хх 3-14/-ийг гаргаж өгсөн.
3.2. Хариуцагч талаас: хуулийн этгээдийн цахим мэдээллийн сангаас татсан ТК ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэл, О.Б д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Г банк дахь ......... дугаартай дансны цахим гүйлгээний /хамрах хугацаа: 2023.8.30, 2023.9.08, 2023.9.29, 2023.10.24/ баримт /хх 17-19, 59-63/-ыг гаргаж өгсөн.
3.3. Зохигч талуудын хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч С.Х нь хариуцагч ТК ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,606,326 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 19,517,216 төгрөг болгон багасгаж, үндэслэлээ ...үндсэн зээлийн үлдэгдлийг хариуцагчийн гаргасан тооцооллын дагуу Г банкны валютын ханшаар тооцсон... гэж тодорхойлсон.
3. Хариуцагч ТК ХХК нь анхны нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа ...зээлийн үлдэгдэл 19,517,216 төгрөг байгаа...-г дурдсан боловч нэхэмжлэлийн багасгасан шаардлагад дахин хариу тайлбар гаргаагүй. Мөн шүүх хуралдаанд оролцож, энэ талаар мэтгэлцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.
4. Нэхэмжлэгч С.Х болон хариуцагч ТК ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал З.Х нар 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр .........дугаартай зээлийн гэрээ /цаашид гэрээ гэх/-г байгуулж, 6,000 ам.долларыг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болон зээлийн хүүг тохирсон хуваарийн дагуу буцаан төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ.
5. Нэхэмжлэгч гэрээний дагуу Х банк дахь өөрийн ......... дугаартай данснаас мөн өдөр 20,682,000 төгрөгийг ..........-s $6,000 zeel... гэсэн утгаар Г банк дахь ТК ХХК-ийн ......... дугаартай данс руу шилжүүлсэн. Харин ТК ХХК нь зээлийн хүүгийн төлбөрөөс 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 374,220 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 373,032 төгрөгийг ............. гэсэн утгаар буцаан шилжүүлсэн байна.
6. Түүнчлэн 2024 оны 3 дугаар сарын 19, мөн оны 4 дүгээр сарын 03-ны өдрүүдэд нийт 3,400,000 төгрөгийг буцаан төлсөн зэрэг эдгээр үйл баримтад хэн алин маргаагүй болно.
7. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний шинжийг агуулсан байх ба тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл, мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн байдал нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр болсныг илтгэнэ.
8. Зохигч талуудын хооронд бусад зээлийн харилцаа үүссэн тохиолдол байгаа гэх бөгөөд нэхэмжлэгчээс 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 13,892,000 төгрөгийг .......-s $4,000 zeel гэсэн утгаар шилжүүлсэн, ТК ХХК-иас 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 13,768,000 төгрөгийг 23-411 zeeliin undsen dun ergen tuluv гэсэн утгаар буцаан шилжүүлснээс үзэхэд, уг гүйлгээ нь .........дугаартай гэрээнд хамааралгүй байна.
9. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
10. Гэрээ хүчин төгөлдөр тул нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Зохигч талууд гэрээг ам.доллар-аар байгуулсан боловч нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг төгрөг-өөр шилжүүлсэн болох нь тогтоогдсон.
11. Нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг хариуцагчийн хариу тайлбарт дурдсаны дагуу 19,517,216 төгрөгөөр тооцож шаардсан тул уг хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хуульд нийцнэ.
12. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 19,517,216 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
13. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцууллаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ТК ХХК-иас 19,517,216 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Х т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,982 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 255,536 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН