Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/662

 

 

 

 

 

 

 

    2025          05            29                                           2025/ДШМ/662

 

С.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч П.Г,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан, 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 20** оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2025/ШЦТ/909 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч П.Г нар нь хамтран давж заалдах гомдол гаргасныг үндэслэн С.Г холбогдох **************** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

***** овгийн С.Г /РД: *********/,;

Шүүгдэгч С.Г нь 20** оны ** дугаар сарын **-ны өдөр **** дүүргийн ** дүгээр хороо, Зээлийн ** дугаар гудамжны **б тоот, өөрийн гэртээ насанд хүрээгүй төрсөн охин Г.Н нүүрэн тус газар нь өшиглөж, биед нь хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын салсад няцарсан шарх, зүүн дээд зовхинд цус  хуралт, дух, зүүн чихэнд зулгаралт, хоёр өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол  учруулахдаа Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй...” болохыг мэдсээр байж, мөн зүйлийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан Прокурорын газраас: С.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч С.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй” болохыг мэдсээр байж, мөн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болохыг шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч П.Г нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо болон өмгөөлөгч П.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шүүгдэгч С.Г нь анхнаасаа хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, хүлээн зөвшөөрч, гэм буруу дээрээ маргаагүй, хохирогчид төлөх төлбөргүй.

2. Шүүгдэгч С.Г нь өмгөөлөгч аваагүйн улмаас өөрийн хувийн байдлын талаарх баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүйг өмгөөлөгч гомдолдоо хавсаргаж өгч байна.

С.Г нь эхнэр, 4 хүүхдийн хамт өөрийн өмчлөлийн хашаа, байшинд амьдардаг. Эхнэр Ч.Н нь ажил хөдөлмөр эрхэлдэг, эхнэр, нөхөр хамт зүтгэж хүүхдүүдээ тэжээж, эдийн засгийн хувьд сурч боловсрох, эрүүл өсөн бойжих нөхцөлөөр хангадаг. Одоо том охин Г.Х 11 настай, дунд охин Г.Н 9 настай, дунд охин Г.Н 7 настай, бага хүү Г.Ч 1 нас 2 сартай.

3. Шүүгдэгч С.Г нь сард 4,000,000 төгрөгийн хөлсний орлоготой бөгөөд энэхүү хөдөлмөрийн хөлсөөрөө гэр бүлээ тэжээж, хүүхдүүдээ сургуульд суралцах, эрүүл өсөн бойжих, тав тухтай амьдрах орчин бүрдүүлдэг. Шүүхээс оноосон 400 цагийн нийтэд тустай ажил хийх нь өдрийн найман цагаар тооцохоор нийт 50 хоног буюу 2 сар орчим хугацаанд С.Г гэдэг хүн ямар ч цалин орлогогүй ажиллах нь гэр бүлийн эдийн засгийн хэвийн байдал доголдож, хүүхдүүдийн наад захын хэрэгцээг хангах боломжгүй хэцүү нөхцөл байдал энэ гэр бүлд үүсээд байгаа юм. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ... ял шийтгэнэ” гэсэн ялаас торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч С.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, миний буруу. ...” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид хоёр 1-11 насны 4 хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Бид хоёр өр зээлтэй, мөн байшин барих гээд хүнээс малчны зээл авахуулсан байгаа. Манай нөхөр 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлэхээр өр төлбөрөө төлөх боломжгүй болчихоод байгаа юм. Манай хүүхэд бид нар гомдол санал байхгүй. Хүүхдүүддээ анх удаа гар хүрсэн. ...” гэв.  

Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримттай танилцахад, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд буюу 1 жил 19 хоногийн хугацаанд авсан цалин орлого гэдэг нь 6.000.000 төгрөгийн орлого орсон баримт байна. Прокурорын зүгээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, мөн хүүхдийн эрхийг зөрчихгүй байх үүднээс торгох ял биш, нийтэд тустай ажил хийлгэх ялын санал тавьсан бөгөөд анхан шатны шүүх энэ хүрээнд шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Шүүгдэгч С.Г холбогдох *********** дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.   

1. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд;

20** оны ** дугаар сарын **-ны өдөр **** дүүргийн ** дүгээр хороо, Зээлийн ** дугаар гудамжны **б тоот орших гэртээ С.Г нь 6 настай, төрсөн охин Г.Н хичээлээ зөв хийсэнгүй гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь өшиглөх, цохих зэргээр зодон биед  нь “...хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын салсад няцарсан шарх, зүүн дээд зовхинд цус  хуралт, дух, зүүн чихэнд зулгаралт, хоёр өвдөгт цус хуралт...” гэсэн хөнгөн гэмтлийг санаатай учруулсан болох нь:

цагдаагийн байгууллагад мэдээлсэн гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 3-5/,

насанд хүрээгүй хохирогч Г.Н: “...би хичээлээ хийгээд, хичээлээ буруу бодсон чинь аав хамар руу өшиглөсөн. Тэгээд аниа ирсэн чинь аниатай хамт зодсон. Тоогоо яагаад буруу бодож байгаа юм бэ гээд зодсон. ... аав табчиктой хөлөөрөө өшиглөсөн. ...би аавдаа гомдохгүй байгаа...” /хх-ийн 10, 14/,

насанд хүрээгүй гэрч Г.Х: “...гэртээ дүү Н, Ч хоёр, аав бид нар хамт байсан. Аав дүүг хичээлээ буруу хийсэн гэж зодсон. Дүүгийн хамар руу өшиглөсөн миний хүзүү рүү гараараа цохисон. Манай дүү Н-ын хамар нь улайчихсан байсан. Миний бие зүгээр, намайг дүүгийнхээ хичээлийг заахгүй байна гээд байсан. ...” /хх-ийн 17/,

гэрч Ч.Н: “...гэртээ орж ирэхэд нөхөр хүүхэд рүү уурласан байдалтай байсан. Тэгээд тухайн үед би охиноо дуудаад, ном уншиж чадахгүй байна гээд манай нөхөр уурлаад байхаар нь дуудаад номыг нь уншуулах гэсэн чинь хамар нь хөхөрчихсөн байсан. Маргааш өглөө ажилдаа явах замдаа Х-аас /том охиноосоо юу болсон талаар асуухад аав дүүг уншиж чадахгүй байна гээд хамар луу нь өшиглөсөн. Тэгээд бид хоёрыг буланд зогс гээд намайг бас зодсон гэж хэлсэн. ...” /хх-ийн 20/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 499 дүгээр шинжээчийн дүгнэлт: “...Г.Н биед хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын салстад няцарсан шарх, зүүн дээд зовхинд цус хуралт, зулгаралт, дух, зүүн чихэнд зулгаралт, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” /хх-ийн 29/,

хэрэг болсон өдөр хохирогч Г.Н нь 6 нас 2 сар 20 хоногтой байсан болохыг тогтоосон нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 41/,

Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах зорилго бүхий хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 47/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 48-54/, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 55-59/, ярилцлагын тэмдэглэл /хх-ийн 60-63/,

гэр бүлийн хүчирхийллийг “Өндөр” гэж үнэлсэн эрх бүхий ажилтны аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 64/,

С.Г яллагдагчаар мэдүүлсэн: “...охин Н хичээлээ буруу хийснээс болж би уурлаад охиноо гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 130/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч С.Г өөрийн төрсөн охин 6 настай Г.Н хичээлээ сайн хийсэнгүй гэх шалтгаанаар нүүр рүү нь өшиглөх, бие рүү цохих зэргээр зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийг тус зүйлийн 2 дэхь хэсэгт заасан “...Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан: ...2.7.хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж... гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэмт хэргийн хүндрүүлэх шинжтэй байна.

Анхан шатны шүүхийн С.Г үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн байна. 

3. Шүүх, шүүгдэгч С.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн ялуудаас түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял сонгож 400 цагийн хугацаагаар оногдуулсан нь тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор байна.

Эрүүгийн хуулийн зорилгыг тус хуулийн 1.1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж тодорхойлж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар хуульчилсан тул шүүхээс ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг сонгон оногдуулахдаа эдгээр нөхцөл байдлуудыг зайлшгүй харгалзан үзэх учиртай.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээнээс ямар төрлийн ялыг ямар хэмжээгээр сонгон оногдуулах нь шүүхэд Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх.

Шүүх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг буюу Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан үздэг.  

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилготойгоос гадна гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэгддэг.

Иймд С.Г 6 настай охиныхоо эрүүл мэндэд санаатай үйлдлээрээ хөнгөн хохирол учруулах хүртэл хүч хэрэглэсэн, 4 хүүхэдтэй гэр бүлийн орчинд өөрийнхөө хүч чадлаар илүү байдлыг ашиглан дарамт учруулдаг хувийн байдал, тус гэмт хэргийн улмаас 6 настай хохирогч хүүхэд болон гэр бүлийн орчинд нь үлдэх хор уршиг зэргийг харгалзан дүгнэхэд, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 400 цагаар тогтоосон нь их биш тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзээд шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч П.Г нарын хамтран гаргасан “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн 20**/ШЦТ/**дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч П.Г нарын хамтран давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                     Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                     Д.ОЧМАНДАХ