Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 212/МА2019/00007

 

Х.Хн хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2018/00794 дүгээр шийдвэртэй, тус аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, Ш овогт Хы Хн хүсэлттэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгч Х.Х, орчуулагч А.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Б сумын Жаргалын зам нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

 

Шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Б сумын Жаргалын зам нэгдлийн малчнаар 1981 оноос эхэлж 1994 он хүртэл ажилласан. Тухайн үед ажилд орсон тушаал хөдөлмөрийн дэвтэрт тусгагдаагүй байна. Иймд нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний 1981 оны 01-р сарын 01-ээс 1994 оны 12-р сарын 30-ны хүртэл нийт 9 жил Жаргалын зам нэгдэлд малчнаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2018/00794 дүгээр шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Ш овогт Хы Х нь Баян-Өлгий аймгийн Б сумын Жаргалын зам нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагчийн давж заалдах гомдолд: Миний бие бага сургууль төгссөний дараа аавыгаа дагаж мал маллаж хөдөлмөрийн насанд хүрсний дараагаар Жаргалын зам нэгдлийн малчин болж ажлын гараагаа эхэлсэн. Тухайн үед миний аав Х нь Жаргалын зам нэгдлийн малчин ба суурийн ахлагч хүү нь болох Х миний бие туслах малчин болж байсан. Ийнхүү миний бие 1981 оноос Жаргалын зам нэгдлийн малчнаар анх ажилд орсон. Улмаар 1982 оны 7 дугаар сард цэргийн албанд явах хүртэл нэгдлийн мал маллаж ажил хөдөлмөр эрхэлж байв. Харин 1983, 1984, 1985 онд цэргийн алба хаасан. Цэргийн алба хаасны дараагаар 1986 оноос дахин Жаргалын зам нэгдэлд үргэлжлүүлэн мал маллаж малчнаар ажилласан. Ийнхүү Жаргалын зам нэгдэл тарах хүртэл 1992 оны 12 дугаар сарын 30 хүртэл тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Гэтэл анхан шатны шүүх миний 1981, 1982 онд бүтэн 2 жил ажилласан жилийг минь нотлох баримт болох хөдөлмөрийн дэвтэр, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байсан боловч хүсэлтийг харахгүй орхисон явдалд гомдолтой байна. Тухайн үед 16 наснаас эхэлж хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрдөг байсан. Мөн нэгдэлд малчны хүүхдүүд бага наснаас нь эхэлж төлчнөөр туслах малчнаар ажиллаж малчдын залуу халаа болж ажилд чамдан оролцдог үе байсан. Миний бие бага ангийн 2 дугаар ангиас гарч аав ээжтэйгээ тусалж мал маллаж байгаад улмаар малчин болсон. Гэвч тухайн үед нэгдлийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүс цалин хөлсний 70 дугаар данс болон бусад баримтуудыг архивд шилжүүлээгүйгээс болж иргэн бид хохирч байна. Бид залуу насандаа цалин хөлс авсандаа баярлаж бичиг баримтын бүрдэлтэд анхаардаггүй байлаа. Одоо насны эцэстээ ажилласан жилээ тогтоолгож чадахгүй хохирч байна. Тухайн үед ажилд орсон талаар тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичиж хөтлөөгүй нь удирдлагуудын буруутай үйл ажиллагаа юм. Би мэдлэг тааруу бага боловсролтой хүн учраас мэдээгүй. Харин цалин хөлс авсан бичилт хийж өгдөг байсан. Миний ажилласан байдал хамт ажиллаж байсан гэрчүүдийн тодорхойлолт болон хөдөлмөрийн дэвтэрт байгаа цалин хөлс авч байсан бичилтүүд нотолж байгаа. Ийнхүү иргэн Х.Х миний Б сумын Жаргалын зам нэгдэлд ажиллаж байсан 1981 оны 1 дүгээр сарын 01-ээс 1982 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилласан 2 жил, мөн цэргээс халагдаж ирээд ажилласан 1986 оны 01 дүгээр сарын 01-ээс 1992 оны 12 дугаар сарын 30 хүртэл ажилласан нийт 9 жилийг тогтоон өгнө үү. Анхан шатны шүүхийн Б сумын Жаргалын зам нэгдэлд 1986 оны 01 сарын 01-ээс 1992 оны 12 дугаар сарын 30 хүртэл ажилласныг минь тогтоосон шийдвэрт 1981 оны 01 дүгээр сарын 01-ээс 1982 оны 12 дугаар сарын 30 хүртэл ажилласан жилийг нэмж тогтоож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Х.Хн хүсэлттэй, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг хуульд зааснаар үнэлээгүй учир шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

Хүсэлт гаргагч Х.Х нь Баян-Өлгий аймгийн Б сумын Жаргалын зам нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

 

Анхан шатны шүүх хүсэлт гаргагч Х.Хн 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилтүүд, гэрч А.Ж, У.Ө, М.Г нарын тодорхойлолт болон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна гэж дүгнэж 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бусад нотлох баримтуудтай харьцуулж зарим хэсгийг нь үнэлж, үлдсэн хэсгийг нь үнэлээгүй талаарх үндэслэлээ шүүхийн шийдвэрийн үндэслэлд дүгнээгүй нь мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т нийцээгүй байна.

Гэрч А.Ж, У.Ө, М.Г нарын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгүүдэд хүсэлт гаргагч Х.Х нь 1981 оноос Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж тодорхой мэдүүлсэн нь хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэрт 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилласан талаар бичилтүүдтэй тохирч байхад гэрч нарын мэдүүлгийн энэ хэсгийг нь цаг хугацааны хувьд тодорхойгүй, эх сурвалжийг зааж чадаагүй гэж нотлох баримтаар үнэлээгүй нь үндэслэл муутай болжээ. Энэ талаар гаргасан хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Х.Х нь 1983 оноос 1986 он хүртэл цэргийн алба хааж байсан болох нь хөдөлмөрийн дэвтэр болон хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Б сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй.

Иймд хүсэлт гаргагч Х.Х нь давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2018/00794 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Ш  овогт Хы Х нь Баян-Өлгий аймгийн Б сумын Жаргалын зам нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож, хүсэлтийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж хүсэлт гаргагч Х.Хд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД Д.МӨНХӨӨ

 

Д.КӨБЕШ