2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2026/00623

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 09 191/ШШ2026/00623

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: ...... дүүрэг, ............ хороо, ...........байр, ....... тоот хаягт оршин суух Ч овогт Д.Ч /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: ...... дүүрэг, ......... хороо, ......... хороолол, ......... байр хаягт оршин байрлах ГИ ХХК /РД:000000/-д холбогдох,

 

нэхэмжлэлийн шаардлага: үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчО.Т нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

 

...би 2009 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Г.Аээс ......дүүрэг, ......р хороо,....... тоот хаягт байрлах улсын бүртгэлийн........... дугаар бүхий 72.98 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг, зоорийн давхарт байрлах......... хаягтай гаражийн хамт бэлэглэлийн гэрээгээр авсан. Үл хөдлөх хөрөнгө болох орон сууцаа өмчлөлдөө шилжүүлж авсны дараа бид хоёр гаражийг шилжүүлэх гэтэл улсын бүртгэл гаражийг өмчлөлд өгөх боломжгүй, тийм хууль батлагдаагүй гэсэн тул чадаагүй. Гаражийг өмчлөлдөө шилжүүлэх хуулийн боломжтой болонгуут би ГИ ХХК-д уг гаражийн өмчлөгчөөр намайг бүртгүүлэх баримтыг шаардсан боловч уг баримтуудыг гаргаж өгөх боломжгүй, харин шүүхээс гаргаж өг гэвэл гаргаж өгнө гэсэн ойлгомжгүй тайлбар гаргаж татгалздаг. Харин Г.А л уг гаражийн өмчлөгч гэж маргаж байгаа. Гэтэл бидний гэрээ хүчин төгөлдөр болсон, би уг гаражийг эзэмшиж, ашиглаад 15 жил болсон, Г.А өөрөө наад гараж чинь надад огт хамааралгүй болсон тухай бичгээр баталгаажуулж өгсөн тул Сүхбаатар дүүрэг, ......р хороо,....... тоот хаяг байрлах байрны зоорийн давхрын......... тоот хаягтай гаражийн өмчлөгч намайг мөн болохыг тогтоож өгнө үү. ... гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

 

...а/ Хариуцагч ГИ ХХК нь нэхэмжлэгч Д.Чтай 20а байрны доор байрлах автозогсоолын талаар ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, эрх зүйн харилцаанд орж үүрэг хүлээгээгүй болно.

б/ Д.Ч нь......... тоот автозогсоолыг Г.Аээс шилжүүлэн авсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахад шаардлагатай материалыг гаргуулах хүсэлтийг 2019 оны 12 сард хариуцагч талд гаргаж байсан. Тус автозогсоол нь Г.Аийн нэр дээр бүртгэлтэй бөгөөд Г.Аээс хуулийн хүрээнд нийцсэн зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд гуравдагч этгээдийн нэр дээр шилжүүлэхгүй, эсхүл Г.А нь автозогсоолын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр гаргасны дараа бусдад шилжүүлэх тухай Д.Чад хариу мэдэгдсэн.

в/ Г.А нь автозогсоолыг бусдад шилжүүлэх талаар хариуцагч талд албан ёсоор хандсан, нотариатаар баталгаажуулсан хүсэлт гаргасан зүйл байхгүй болно.

г/ Д.Ч болон Г.А нарын хооронд хийсэн бэлэглэлийн гэрээнд автозогсоолын талаар огт дурдаагүй байна. Зөвхөн ...... дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй өмчилсөн орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байна.

д/ Г.А нь орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай 5-Б-17 тоот гэрээг бусдад бэлэглэх эрхгүй бөгөөд тус гэрээний 4.3-т тодорхой заасан болно. Иймд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байгаа тус гэрээнд дурдагдсан гараж буюу автозогсоолыг бусдад бэлэглэх эрхгүй болно. Харин Г.А нь автозогсоолоо улсын бүртгэлд бүртгүүлж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээрээ гаргасны дараа бусдад шилжүүлэх эд хөрөнгийн хөдөлгөөнийг хууль, журмын дагуу хийх нь нээлттэй юм.

Дээрхээс үзэхэд 20а байрны......... тоот зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай Д.Чын нэхэмжлэл үндэслэлгүй байна. ... гэжээ.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

3.1. Нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, ГИ ХХК болон Г.А нарын хоорондох 2005 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ........тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээний хувилсан хувь, ГИ ХХК-иас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №01/616 дугаартай албан бичиг, Г.Аээс Г ХХК-д гаргасан 2020 оны ......р сарын 27-ны өдрийн тодорхойлолт бүхий гар бичмэл, өмгөөлөгч З.А тай байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, гаражийн план зураг, Д.Чын иргэний үнэмлэхийн хувилсан хувь, Г.А болон Д.Ч нарын хоорондох 2009 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ /орон сууц/-ний хувилсан хувь, НО СӨХ-ны 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №38 дугаартай .. дугаартай зогсоолын төлбөр төлсөн тухай тодорхойлолт, Д.Ч, Д.Ч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 2-16, 31-32, 115-117/-г гаргаж өгсөн.

 

3.2. Хариуцагч талаас: О.Тт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, ГИ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д.Чаас Г ХХК-д гаргасан 2019 оны 1......р сарын 24-ний өдрийн хүсэлт бүхий гар бичмэл /хх 20-21, 28, 118/-ийг гаргаж өгсөн.

 

3.3. Нэхэмжлэгч талын хүсэлтээр:

3.3.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШЗ2024/30426 дугаартай захирамжийн дагуу:

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 1......р сарын 16-ны өдрийн 0000дугаартай лавлагаа бүхий хариу албан бичиг, хавсралтаар эрхийн улсын бүртгэлийн ...... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг,

- Сүхбаатар дүүрэг, ......р хороо,...........ны зоорийн давхарт үзлэг хийсэн тухай 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэл,

- гэрч Д.А ээс 2025 оны 1......р сарын 15-ны өдөр мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх 44-102, 111-114, 145-149/,

 

3.3.2. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 191/ШЗ2025/49664 дугаартай захирамжийн дагуу:

- гэрч Б.Бээс 2025 оны 1......р сарын 15-ны өдөр мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх 145-149/-ийг тус тус бүрдүүлсэн.

 

3.4. Хариуцагч талын хүсэлтээр:

3.4.1. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 1......р сарын 15-ны өдрийн 191/ШЗ2025/54475 дугаартай захирамжийн дагуу:

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн №6/9......ртай хариу албан бичиг, хавсралтаар Г.Аийн нас барсны бүртгэлийн маягт /хх 151-152/-ыг бүрдүүлсэн.

 

4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Д.Ч нь хариуцагч ГИ ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн ......р хороо, Усны гудамж, .....ны зоорийн давхарт байрлах......... тоот автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

эрхийн улсын бүртгэлийн ...... дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, ......р хороо, ........ тоотод байршилтай, 72.98 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг, зоорийн давхарт байрлах......... тоот автозогсоолын хамт 2009 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр Г.Аээс авсан. Түүнээс хойш уг автозогсоолыг эзэмшиж байна. Тухайн үед автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлж авч чадаагүй. Дараа нь Г.А энэ талаараа ГИ ХХК-д бичгээр илэрхийлсэн. гэжээ.

 

3. Хариуцагч ГИ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр татгалзсан. Үүнд:

 

Д.Чтай автозогсоолын талаар ямар нэгэн гэрээ, хэлцэл хийсэн эсхүл үүрэг хүлээсэн зүйлгүй. Уг автозогсоолыг өмчлөх эрхтэй этгээд нь Г.А бөгөөд тэрээр хуульд нийцсэн зөвшөөрлийг албан ёсоор өгөөгүй. Д.Ч болон Г.А нарын хоорондох Бэлэглэлийн гэрээнд автозогсоолын талаар огт дурдагдаагүй. Г.А уг автозогсоолыг улсын бүртгэлд өөрийн нэр дээр бүртгүүлсний дараа бусдад шилжүүлэх эрх нь нээлттэй. гэжээ.

 

4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 1......р сарын 16-ны өдрийн 0000дугаартай лавлагаа болон түүний хавсралт болох хувийн хэргийн материалаас үзэхэд: /хх 44-102/

 

4.1. ГИ ХХК болон Г.А нар 2005 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай ........тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч хуулийн этгээд нь Сүхбаатар дүүрэг, ......р хороо,....... гудамж, ...... тоот хаягт байршилтай, 72.98 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг, автозогсоолын хамт барьж ашиглалтад оруулах, захиалагч иргэн нь нийт үнэ болох 41,950 ам.долларыг хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 54-55/

 

4.2. Гэрээний дагуу гүйцэтгэсэн барилга 2006 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ашиглалтад орсон бөгөөд захиалагч аливаа өр төлбөрийн үлдэгдэлгүй болсон тул үл хөдлөх эд хөрөнгө /орон сууц/-ийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн ...... дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг 2006 оны 6 дугаар сарын 27-ны өдөр олгосон байна. /хх 5, 47, 52-53, 60/

 

4.3. Дараа нь Г.А 2009 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр тус орон сууцыг Д.Чын өмчлөлд шилжүүлсэн бөгөөд үүнээс хойш өмчлөх эрх гэрээ, шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хэд хэдэн этгээдийн нэр дээр ээлж дараалан шилжин бүртгэгдсэн. Харин тус байрны зоорийн давхарт байрлах......... тоот хаягт үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй байгаа болох нь тогтоогдов. /хх 44, 61-102/

 

5. Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед ...тухайн орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн боловч угтаа автозогсоолын хамт худалдаж авсан, үнийг бэлнээр төлсөн... гэж тайлбарлах боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд нотлогдоогүй.

 

6. Нөгөөтээгүүр, үл хөдлөх эд хөрөнгийн өмчийн хэлцэлд хэлбэрийн тусгайлсан шаардлага тавигддаг. Нэхэмжлэгч болон Г.А нарын хооронд худалдах, худалдан авах үүргийн эрх зүйн гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулагдсан байж болох ч үл хөдлөх эд хөрөнгийг нэгээс нөгөөд шилжүүлэх өмчийн эрх зүйн хэлцэл Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу хийгдээгүй байна.

 

7. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн №6/9......ртай албан бичгийн хавсралт болох ИУБ-18 маягтад Г.Аийг 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан болохыг бүртгэжээ. /хх 151-152/

 

8. Нэхэмжлэгч нь Г.Аийг нас барахын өмнө 2020 оны ......р сарын 07-ны өдөр ...иргэн Д.Ч нь ...... тоот дулаан зогсоолыг худалдан авсан тул цаашид зарах, борлуулах, шилжүүлэхэд иргэн Г.А миний хувьд ямар нэгэн хууль бус асуудал байхгүй. Бүх эрх нь хууль ёсоор иргэн Д.Чад шилжсэн болохыг тодорхойлов... гэсэн агуулга бүхий бичгийг хариуцагчид гаргаж өгсөн гэж тайлбарласан боловч хариуцагч энэхүү тайлбарыг эрс няцаан үгүйсгэсэн. /хх 7, 28/

 

9. Түүнчлэн уг баримт бичгийн үнэн зөвийг Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10-д зааснаар гэрчлүүлээгүйн гадна, талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай ........тоот гэрээний 4.3-т Гэрээг бусдад бэлэглэх болон худалдах барьцаалах эрхгүй. гэж заасан зэргээс үзвэл Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрх шилжсэн гэж үзэхээргүй байна.

 

10. Нэхэмжлэгч болон түүний гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн хувьд автозогсоолыг өнөөг хүртэл эзэмшиж, Нарны орд СӨХ-нд ашиглалтын зардал төлж байсан гэх байдал нь тухайн эд хөрөнгийг эзэмшиж, ашигласан хугацаанд холбогдох төлбөрийг төлсөн үйл баримтыг нотлохоос бус, өмчлөх эрхийг үүсгэхгүй. /хх 111-117, 145-149/

 

11. Иймд хариуцагч ГИ ХХК-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.Чын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

12. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцууллаа. /хх 2/

 

13. Нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгө, эрхийг өвлөн авсан этгээдэд холбогдуулан шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдъя.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ГИ ХХК-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.Чын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дуаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН