2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2026/00624

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 09 191/ШШ2026/00624

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: ..... дүүрэг, .......хороо, .............дугаар байр, ......... тоотод оршин суух Б овогт Б.У /РД:............/-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: .............дүүрэг, ......... дугаар хороо, .......... гудамж, .......... тоотод оршин байрлахВХ ХХК /РД:........../,

 

хариуцагч: ........дүүрэг, ...... дугаар хороо, .......... гудамж, .......... тоотод оршин суух О овогт М.С /РД:......../ нарт холбогдох,

 

92,254,630 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 34,329,832.58 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.У, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч хуулийн этгээдийн төлөөлөгч С.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Н нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

 

...нэхэмжлэгч Б.У ньВХ ХХК -ийн үүсгэн байгуулагч М.Стай найз нөхдийн холбоотой. 2022 ондВХ ХХК улсын бүртгэлийн байгууллагад албан ёсоор бүртгүүлж, үүсгэн байгуулагдахаас өмнө компанийн хэвийн үйл ажиллагаа явуулах орчин нөхцөлийг хангах үүднээс 6,769,510 төгрөгийн үнэтэй 22 төрлийн эд хөрөнгө, 67,200,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн.

Түүнчлэн нэхэмжлэгчВХ ХХК -ийн үйл ажиллагаанд зориулж шилжүүлсэн бэлэн мөнгөний эх үүсвэрийг бүрдүүлэхдээ өөрийн хадгаламжийг барьцаалан 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр, мөн оны 3 дугаар сарын 10-ны өдрүүдэд тус тус жилийн 13.4 хувийн хүүтэй зээл авсан юм. Нэхэмжлэгч бичгээр ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй боловч сайн найз байсны хувьд М.Сд итгэн түүний болон компанийн нягтлан бодогч Г.Б нарын дансанд мөнгийг шилжүүлсэн.

Улмаар компанийн үйл ажиллагаанд зориулан Б.Уээс эд хөрөнгө, мөнгө авсан талаараа 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр компанийн захирал М.С, нягтлан бодогч Г.Б нар тооцоо нийлж акт үйлдсэн. Уг актаарВХ ХХК -д Б.У нь 73,969,510 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болохыг баталгаажуулан гарын үсэг зурж, санхүүгийн тамга тэмдэг дарсан байдаг.

Нэхэмжлэгч Б.У нь компанид зөвхөн эд хөрөнгө, мөнгөөр хөрөнгө оруулахаас гадна, компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд нь тусалж, зах зээлийн үнэлгээнээс бага цалин хөлсөөр зохион байгуулагч, нарийн бичгийн албан үүргийг гүйцэтгэж, өөрийн мэдлэг, туршлагаа зориулж, сайн найзын хувьд зөвлөгөө өгч, үйл ажиллагаанд нь ч идэвхтэй оролцож байсан. Эд хөрөнгө шилжүүлж, компанид зах зээлийн үнэлгээнээс бага цалингаар ажиллах болсон шалтгаан гэвэл М.Сгийн зүгээс шилжүүлсэн хөрөнгөд хувь тэнцүүлэнВХ ХХК - ийн 21 хувийн хувьцааг 2022 онд шилжүүлэн өгнө гэдэг байдлаар анхнаасаа хандаж байсан. Гэтэл одоог хүртэл компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх талаар нааштай арга хэмжээ аваагүй, уг үүргээ биелүүлээгүй.

Нэгэнт компанийн үйл ажиллагаа жигдэрч, ашигтай ажиллах болсон учраас хөрөнгө оруулалт байдлаар шилжүүлсэн 73,969,510 төгрөгийг, түүнийг хариуцагч ашиглан олсон орлого, үр шимийн хамт буцаан гаргуулан авах хүсэлттэй байна. Өмнө энэ талаар хариуцагчВХ ХХК -ийн захирал М.Сд хэлж, уулзаж, компанийн хувьцааг шилжүүлэн өгөх хугацаа өнгөрчихлөө яаралтай шилжүүлэн өгч үүргээ биелүүл эсвэл шилжүүлсэн мөнгө, эд хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шимийн хамт буцаан авъя гэж утсаар болон уулзаж удаа дараа шаардахад хувьцаа эзэмшигчээр хувь эзэмшүүлэхгүй, авсан эд хөрөнгө, мөнгөө өгнө гэдэг ч одоог хүртэл өгөөгүй.

67,200,000 төгрөгийгВХ ХХК -д анхны хөрөнгө оруулалт байдлаар шилжүүлснээр компани үйл ажиллагаа жигдэрч оффис түрээслэн тогтвортой ажиллаж улмаар хариуцагч компани ашиг орлого олох болсон. Хэрвээ уг мөнгийг нэхэмжлэгч хариуцагч руу шилжүүлэхгүйгээр арилжааны банкинд хугацаатай хадгалуулсан хэвээрээ байсан бол хүүгийн орлого олох байсан.

Тодруулбал, мөнгөн хөрөнгийг бүхлээр нь шилжүүлж, компанитай тооцоо нийлсэн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргах 2025 оны 2 дугаар сар хүртэл нийт 29 сарын хугацаа болох юм.

Монголбанкны https://stat.mongolbank.mn/finance сайтад байршсан олон нийтэд нээлттэй мэдээллээс харахад арилжааны банкны хадгаламжийн дундаж хүү 2022 онд 9.05 хувь, 2023 онд 11.35 хувь, 2024 онд 11.68 хувь, 2025 онд 11.5 хувьтай байна.

2022 оны 10 дугаар сараас 12 дугаар сар хүртэл 3 сарын хугацааны хүүг 67,200,000 төгрөгөөс тооцоход:

жилийн дундаж хүү 9.04 хувийг : 12 сар = 1 сарын дундаж хүү 0.75 хувь,

нэг сарын дундаж хүү 0.75 х 3 сар = 2.26 хувь,

67,200,000 төгрөгийн 2.26 хувийн хүү 1,518,720 төгрөг,

2023 оны 1 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 12 сарын хугацааны хүүг 67,200,000 төгрөгөөс тооцоход:

жилийн дундаж хүү 11.35 хувь тул 67,200,000 төгрөгийн 11.35 хувийн хүү 7,627,200 төгрөг,

2024 оны 1 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 12 сарын хугацааны хүүг 67,200,000 төгрөгөөс тооцоход:

жилийн дундаж хүү 11.68 хувь тул 67,200,000 төгрөгийн 11.68 хувийн хүү 7,848,960 төгрөг,

2025 оны 1 дүгээр сараас 2 дугаар сар хүртэл 2 сарын хугацааны хүүг 67,200,000 төгрөгөөс тооцоход:

жилийн дундаж хүү 11.5 хувийг 12 сар = 1 сарын дундаж хүү 0.96 хувь,

нэг сарын дундаж хүү 0.96 х 2 = 1.92 хувь,

67,200,000 төгрөгийн 1.92 хувийн хүү 1,290,240 төгрөг болно.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн 73,969,510 төгрөг, уг мөнгийг ашиглаж хариуцагч байгууллагын олсон үр шимийг арилжааны банкны хүүтэй адилтган тооцож 18,285,120 төгрөг, нийт 92,254,630 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. ... гэжээ.

 

2. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

 

2.1. ...Г.Б , Б.У нартай М.С миний бие нь эмнэлгийн зориулалттай байр түрээсэлж хамтран ажиллахаарВХ ХХК -ийг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан.

Хөтөч, зохион байгуулалт дээр буюу үйлчлүүлэгчээс мөнгө хүлээн авах хэсэг дээр Б.У, санхүү компанийн данс тооцоотой асуудлыг Г.Б , эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг би хариуцахаар тохиролцсон.

Ингээд тал талаасаа байгаа зүйлээ нийлүүлэн хамтарч ажилласан ба 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Б.У нь гэрийнхэндээ үзүүлэх гэсэн юм, энэ баримт дээр гарын үсэг зураад, тамга дараад өгөөч гэсэн.

Санхүүгийн асуудал тусгагдсан байсан тул би холбогдох баримтыг харж байж шийдье гэхэд гэрийнхэндээ л үзүүлнэ ээ, өөр бусад зүйл дээр ашиглахгүй гэсэн тул гарын үсэг зурсан ба холбогдох баримтыг харсаны дараа тамга дарж өгнө гэхэд тэрээр зөвшөөрсөн.

Мөн өдрөө Г.Б , Б.У нар нь намайг гүйцэтгэх захирлаас буулгах, хувьцаа нэмж эзэмших санал гаргасан ч тохиролцоонд хүрч чадаагүй.

Ингээд 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр бидний хамтын ажиллагаа дуусгавар болсон ба энэ хугацаанд Б.У нь хамтын үйл ажиллагааг үл хайхран, ёс суртахууны зөрчил байнга гаргаж, хэрүүл маргаан их хийдэг байсан.

Тэр үед түрээсийн, эм тарианы, татвар, даатгал, цалин хөлсний гээд нийтдээ 100 орчим сая төгрөгийн өр төлбөртэй манай компани үлдсэн.

Иргэн Б.Уээс компани руу хөрөнгө оруулалт хэмээн мөнгө шилжиж орж ирээгүй тул хөрөнгө оруулалт гэснийг зөвшөөрөхгүй ба тамга дарагдаагүй тул тухайн үед баримтаар 67.2 сая төгрөг гэдэг нь нотлогдоогүй гэсэн үг.

Харин Г.Б болон миний данс руу шилжүүлсэн мөнгө нь түрээсийн төлбөрт явсан гэдгийг аудитын дүгнэлтээс харж болно.

Аудитын мөн дүгнэлтээр 43,471,928.46 төгрөгийг ямар ч баримт нотолгоогүй зарлагадсан байх ба би санхүү, мөнгөтэй холбоотой нэг ч асуудалд оролцоогүй тул уг асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах болно.

Сувилахуйн төвийн үйл ажиллагаанд хамтран ажиллахаа больсоноос хойш Б.У өөрөө болон түүний ээж О, аав Б, ах Баянбилэг, эгч, дүү хамаатан садан гээд хүмүүсээ манай эмнэлэгт эмчилгээнд оруулсан ч төлбөр төлж байгаагүй ба төлбөр нь ойролцоогоор 10 гаруй сая төгрөг болсон ч аудитын дүгнэлтээр нотлогдсон нь 1,916,000 төгрөг байна.

Б.У нь 5,045,454 төгрөгийн цалин авч, 620,590.84 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсэн байна. Харин эд зүйлийг нь эгүүлэн өгөхөд татгалзал байхгүй. ... гэжээ.

 

2.2. ...М.С миний бие нь иргэн Б.Уээс биет болон өөр бусад байдлаар эд хөрөнгө, мөнгө төгрөг огт аваагүй тул 67,200,000 төгрөгийг эгүүлэн өгөх үндэслэлгүй ба компанийн хувьцаа өгнө гэсэн ямар нэг хэлцэл хийгээгүй тул тэрээр нэхэмжлэлдээ худлаа зүйл бичжээ.

Иргэн надаас яагаад мөнгө нэхэмжилж байгаа үйл явдлын болон хууль зүйн үндэслэлээ тэрээр нэхэмжлэлдээ тайлбарлаагүй байх тул шаардлагыг үгүйсгэсэн дээрхээс өөр тайлбар гаргах боломжгүй байна. ... гэжээ.

 

3. ХариуцагчВХ ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

 

...2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Б.У нь компаниас гарахдаа Г.Б тай хамтран санхүүгийн тайлан гаргаж өгсөн.

Тэр хоёрын гаргасанВХ ХХК -ийн санхүүгийн тайланд 73,593,097.74 төгрөгийн өртэй гарсан. Иймд уг төлбөрийг 3 хувааж үзвэл 24,531,032,6 төгрөг болж байна.

МөнВХ ХХК -ийн ОМ сувилахуйн төвөөр Б.У болон түүний гэр бүлийн гишүүд 9,798,800 төгрөгийн эмчилгээ авсан ба эмчилгээний төлбөрийг огт төлөөгүй байна.

Иймд үндсэн өрөөс түүнд ногдох болон эмчилгээний төлбөрийг Б.Уээр төлүүлэх хүсэлтэй байна. 34,329,832,58 төгрөгийг гаргуулж өгнө үү. ... гэжээ.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

 

...Нэг.ВХ ХХК -ийн 2022 оны санхүүгийн тайланд тусгагдсан өр төлбөр 24,531,032 төгрөг гаргуулах тухай шаардлагын хүрээнд:

ХариуцагчВХ ХХК нь анх 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд компанийн хувьцаа эзэмшигчээр анх М.С, Г.Б гэх хоёр хүн бүртгэгджээ. Харин 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн М.С компанийн хувьцааг дангаар эзэмшиж байгаа болох нь Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас тодорхой харагддаг.

Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ., мөн Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ. гэж тус тус заасан.

Компани эрх зүйн харилцаанд бие даан оролцож өөрийн нэрийн өмнөөс хуульд зааснаар эрх эдэлж, үүрэг хүлээдэг онцлогтой.

ТүүнчлэнВХ ХХК нь хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд өр төлбөрөө өөрийн хөрөнгөөр буюу хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгөөр хариуцах зохицуулалттай. Гэтэл компанийн өр төлбөрийг компанид хувьцаа эзэмшдэггүй Б.Уээс шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хавтаст хэрэгт цугларсанВХ ХХК -ийн 2022 оны санхүүгийн тайланд компанийн нийт өр төлбөрийг 38,096,071 төгрөг гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

2022 онд ажлаас гарахтай холбоотойгоор Хөрөнгө оруулагчдын хурал дээр Сарантуяа уг компанийг өөрөө авч явна, санхүүгийн өрнөөс өөрөө тус компанийг гаргана. Хөрөнгө оруулагчид та нар зөвхөн ашгаа авахаа л хүлээж бай гэх үндэслэлээр бүх хөрөнгө оруулагчдыг ХХК-иас гаргана гэж мэдэгдсэн.

Намайг Г.Б тай хамтран санхүүгийн тайлан гаргасан гэх мэдээлэл нь үндэслэлгүй гүтгэлэг байна. Учир нь би санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжил эзэмшээгүй, энэ талын мэдлэггүй бөгөөд Г.Б тай хамтран санхүүгийн тайлан нэг ч удаа гаргаж байгаагүй.

Хоёр. Гэр бүлийн гишүүдийн эмчилгээний зардалд төлбөр гаргуулах тухай шаардлагын хүрээнд:

- Ч.О нь ОМ эмнэлэгт 2023.3.15-2023.3.20, 2023.1.12- 2023.1-16, 2023.10.23-2023.10.28, 2024.10.31-2024.11.06 өдрүүдэд эмчилгээ хийлгэсний төлбөрт 4,518,800 төгрөг,

- н.Х нь ОМ эмнэлэгт 2023.1.12-2023.1.16-ны өдрүүдэд эмчилгээ хийлгэсний төлбөрт 1,000,000 төгрөг,

- н.Э нь ОМ эмнэлэгт 2023.1.14-2023.1.16-ны өдрүүдэд эмчилгээ хийлгэсний төлбөрт 364,000 төгрөг,

- Л.Э нь ОМ эмнэлэгт 2023.3.21-2023.3.26-ны өдрүүдэд эмчилгээ хийлгэсний төлбөрт 2,000,000 төгрөг,

- Б.У нь ОМ эмнэлэгт 2023.5.17-2023.5.21, 2023.4.26- 2023.5.02-ны өдрүүдэд эмчилгээ хийлгэсний төлбөрт 1,916,000 төгрөг, нийт 9,798,800 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Ч.О, н.Х, н.Э, Л.Э нарын ОМ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг надаас шаардах хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөрийг шаардах болсон хууль зүйн үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй нь дээр энэ сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй, хуурамч нотлох баримт гэж үзэхээр байна.

Учир нь, эрүүл мэндийн байгууллага эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа болохын хувьд үйлчилгээ үзүүлсэн талаарх татварын баримтыг тухайн бүр үйлдэн, дүүргийн татварын хэлтэст тухайн ондоо тайлагнах үүргийг хуулиар хүлээдэг. Гэтэл хариуцагчВХ ХХК нь дээр нэр дурдсан 5 хүний 2023 онд авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний баримтыг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэг дор үйлдэн, шүүхэд хуурамч нотлох баримт гарган өгчээ. Энэ нь татвараас зайлсхийх зөрчлийн шинжтэй байгаа юм.

Хөрөнгө оруулсан мөнгөнийхөө хүүнд тооцон хэвтэн эмчлүүлсэн бөгөөд энэ тухай тухайн үед Сарантуяад амаар мэдэгдэж, тэрээр үүнийг хүлээн зөвшөөрч, төлбөр тооцоо авахгүй гэдгээ ч илэрхийлсэн.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гурав. Эмчилгээний бүртгэлийн үнэн зөв байдлын талаар:

Эмчилгээний бүртгэлд бодит байдалд огт хийгдээгүй, анагаах ухааны хувьд боломжгүй эмчилгээний аргуудыг тусгасан нь уг бүртгэл хуурамч болохыг нотолж байна. Тухайлбал, цөсний туулга" гэх эмчилгээг нэг хүнд 7 хоногийн турш тасралтгүй хийх боломжгүй бөгөөд ийм эмчилгээ хийгдсэн гэх тэмдэглэл нь үндэслэлгүй болно.

Мөн рашаан заслын эмчилгээний бүртгэлд өнжөөд орох гэж заасан эмчилгээг 4 хоног хэвтэн эмчлүүлсэн нэг өвчтөнд 5 удаа хийсэн гэж тэмдэглэсэн нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд боломжгүй юм.

Түүнчлэн уламжлалт бие тэнцвэржүүлэх эмчилгээ-г хүн бүрд өдөр бүр хийгдсэн гэж бүртгэсэн байна. Гэвч уг эмчилгээг 7 хоног хэвтэн эмчлүүлж буй өвчтөнд 1-3 удаа л хийх боломжтой бөгөөд өдөр бүр хийх боломжгүй эмчилгээ болно.

Мөн бүтэн биеийн бариа болон хэсгийн бариа-г нэг хүнд өдөр бүр хийсэн гэж тэмдэглэсэн нь анагаах ухааны практикт боломжгүй юм.

Үүнээс гадна шивүүр эмчилгээг 5 хоног хэвтэн эмчлүүлсэн өвчтөнд 5 өдөр дараалан хийсэн гэж бичсэн нь эмчилгээний стандарт, зааварт нийцэхгүй болно.

Эцэст нь, эмчилгээний бүртгэлд бөөр, шагай-5 удаа гэх тодорхой бус, анагаах ухаанд тодорхойлогдоогүй эмчилгээ бичигдсэн байна. Энэхүү нэршил бүхий эмчилгээ нь ямар агуулгатай, ямар аргачлалтай болох нь тодорхойгүй бөгөөд эмчилгээний бүртгэлийн үнэн зөв байдалд эргэлзээ төрүүлж байна.

Түүнчлэн сөрөг нэхэмжлэлд хавсаргасан эмчилгээний бүртгэл дээрх нийт төлөх дүн нь нэхэмжилж буй дүнгээс илт зөрүүтэй бөгөөд хариуцагчВХ ХХК нь баримтыг хуурамчаар засварлажээ. ... гэжээ.

 

5. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

5.1. Нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамжид 619,300 төгрөг төлсөн баримт, Б.Бд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШЗ2025/11001 болон 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШЗ2025/13297 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувь,ВХ ХХК -д Б.Уийн оруулсан хөрөнгө оруулалт /2025.9.15-ны байдлаар/ гэх баримт бичиг, ХХ ХК, Б.У нарын хоорондох 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №2022/463/13552 болон 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №2022/463/13682 дугаартай Хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний хуулбар, ХХ дахь Б.Уийн эзэмшлийн ....... дугаартай зээлийн дансны хуулга /хамрах хугацаа: 2022.3.04-2022.6.30/, ...........дугаартай зээлийн дансны хуулга /хамрах хугацаа: 2022.3.10-2022.3.24/, ..... дугаартай харилцах дансны хуулга /хамрах хугацаа: 2022.3.01-2022.3.11/, банкны гүйлгээний баримт /хамрах хугацаа: 2022.3.05, 2022.3.10/-ууд, Хаан банк дахь Б.Уийн эзэмшлийн .........,, ......., ............ дугаартай дансны шилжүүлгийн мэдээлэл /хамрах хугацаа: 2022.3.09, 2022.3.12, 2022.3.13, 2022.3.16, 2022.3.17, 2022.4.10, 2022.4.11, 2022.4.22, 2022.4.23, 2022.5.17/, Монгол банкны 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн №Б-10/205 дугаартай хариу албан бичиг, хавсралтаар хадгаламжийн дундаж хүүгийн мэдээллийн хамт /1хх 4-40, 135-136, 2хх 39/-ыг гаргаж өгсөн.

 

5.2. Хариуцагч талаас:ВХ ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан /хамрах хугацаа: 2022 оны 4-9 сар, 2025 оны 1-4 сар/, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Г ХХК,ВХ ХХК нарын хоорондох .... дугаартай Эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх гэрээний хувилсан хувь, Террамед ХХК,ВХ ХХК нарын хоорондох 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б358/2024 дугаартай Бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ /хавсралтын хамт/-ний хувилсан хувь, ЦФХХК,ВХ ХХК нарын хоорондох 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ /хавсралтын хамт/-ний хувилсан хувь, ХХ ХК,ВХ ХХК нарын хоорондох 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн №ЗГ/0110/000318/2025 дугаартай Зээлийн гэрээний хуулбар, ХХБ дахьВХ ХХК -ийн эзэмшлийн 463048338 дугаартай дансны шилжүүлгийн мэдээлэл /хамрах хугацаа 2025.2.21, 2025.3.12, 2025.3.25, 2025.3.28, 2025.4.05, 2025.4.11, 2025.4.24, 2025.4.25, 2025.5.09, 2025.5.22/, ОМ сувилахуйн төвд хэвтэн эмчлүүлэгсдийн мэдээлэл, материалын товчоо тайлан /хамрах хугацаа: 2025.1.01-2025.12.31/, ИНАХХК-ийн 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №.... дугаартай Нягтлах ажлын дүгнэлтийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 329,599 төгрөг төлсөн баримт, эмчлүүлэгсдэд холбогдох бүртгэл, төлбөрийн баримтууд /1хх 59, 67-87, 98-123, 139-159, 2хх 55-76/-ыг гаргаж өгсөн.

 

5.3. Нэхэмжлэгч талын хүсэлтээр:

5.3.1. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШЗ2025/40466 дугаартай захирамжийн дагуу:

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №9/11903 дугаартай хариу албан бичиг, хавсралтаарВХ ХХК -ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийн хамт,

-ВХ ХХК -ийн 2022-2024 оны санхүүгийн тайлангийн хуулбар /1хх 177-239, 2хх 1-34/-ыг бүрдүүлсэн.

 

5.3.2. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШЗ20285/50890 дугаартай захирамжийн дагуу:

- гэрч Б.Баянбилэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх 85-88/-ийг бүрдүүлсэн.

 

5.4. Хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

6. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Б.У нь хариуцагчВХ ХХК -д холбогдуулан 92,254,630 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, М.Сг хамтран хариуцагчаар татан оролцуулж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар өөрчилж тодорхойлсон. Үүнд:

...нэхэмжлэгч ньВХ ХХК -ийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааг эхлүүлэх зорилгоор М.Стай тохиролцож, 2022 онд компанийн хэрэгцээнд 67,200,000 төгрөгийн мөнгөн хөрөнгө болон 6,769,510 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлсэн. Уг хөрөнгийг шилжүүлэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй боловч оруулсан хөрөнгийн хэмжээнд дүйцүүлэн компанийн 21 хувийн хувьцааг эзэмшүүлэхээр тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нь компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож, зах зээлийн үнэлгээнээс бага цалин хөлстэйгээр ажилласан. 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр талууд тооцоо нийлж акт үйлдэн, нэхэмжлэгчийн нийт 73,969,510 төгрөгийн хөрөнгө оруулалтыг баталгаажуулсан. Гэвч хариуцагч тал тохиролцсон хувьцааг шилжүүлээгүй, улмаар хамтын ажиллагаа тасалдсан тул нэхэмжлэгч нь оруулсан хөрөнгө болох 73,969,510 төгрөгийг, мөнгөн хөрөнгийг ашигласнаар олсон үр шимийг арилжааны банкны хадгаламжийн дундаж хүүтэй адилтган тооцож, 18,285,120 төгрөгийн хамт хариуцагч нараас гаргуулна. гэжээ.

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах байдлаар маргасан. Үүнд:

...нэхэмжлэгч болон Г.Б нартай эмнэлгийн зориулалттай байр түрээсэлж, хамтран ажиллах зорилгоорВХ ХХК -ийг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр үүсгэн байгуулсан бөгөөд талууд эмнэлгийн үйл ажиллагаанд холбогдох тус тусын үүргийг хариуцахаар тохиролцож, тал талаасаа байгаа зүйлээ нийлүүлсэн. Нэхэмжлэгч 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр үйлдсэн баримтыг гэрийнхэндээ үзүүлэх зорилгоор гарын үсэг зуруулж, тамга даруулж авсан. Хувьцаа эзэмшүүлэх тохиролцоо хийгээгүй. Хамтын үйл ажиллагаа 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч ёс суртахууны зөрчил байнга гаргаж, хэрүүл маргаан үүсгэдэг байсан. Компанид ойролцоогоор 100 сая орчим төгрөгийн өр төлбөр үлдээсэн. Нэхэмжлэгчээс компани руу мөнгө шилжүүлээгүй тул хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг нь зөвшөөрөхгүй. Г.Б болон М.Сгийн дансанд шилжүүлсэн мөнгө нь түрээсийн төлбөрт зарцуулагдсан. Харин эд зүйлийг нь эгүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй. гэжээ.

 

4. Хариуцагч хуулийн этгээд нь нэхэмжлэгчид холбогдуулан 34,329,832.58 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч нь Г.Б тай хамтранВХ ХХК -ийн санхүүгийн тайланг гаргаж өгсөн. Уг тайланд 73,593,097.74 төгрөгийн өр илэрсэн бөгөөд үүнийг талуудад хувааж үзвэл, нэг хүнд 24,531,032.6 төгрөг ногдож байна. Мөн нэхэмжлэгч болон түүний гэр бүлийн гишүүд ОМ сувилахуйн төвөөс 9,798,800 төгрөгийн эмчилгээ авсан ба төлбөрийг огт төлөөгүй тул нийт 34,329,832.58 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна. ... гэжээ.

 

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах байдлаар маргасан. Үүнд:

...компанийн өр төлбөрийг хувьцаа эзэмшдэггүй нэхэмжлэгчээс шаардах үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч нь Г.Б тай хамтран санхүүгийн тайлан гаргаж байсан удаагүй. Гэр бүлийн гишүүдийн эмчилгээний төлбөрийг нэхэмжлэгчээс шаардах үндэслэлгүй бөгөөд холбогдох нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангаагүй, бодит байдалд нийцээгүй, хуурамч гэж үзэхээр байна. ... гэжээ.

 

6. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон зохигчийн тайлбараас үзвэл;

 

6.1. Анхлан М.С, Г.Б , Б.У нар сувилахуйн тусламж, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр хамтарсан гэх бөгөөдВХ ХХК -ийг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр үүсгэн байгуулж, М.С 85 хувийн, Г.Б 15 хувийн хувьцааг тус тус эзэмшиж байжээ. /1хх 67-78, 99-123, 177-239, 2хх 1-34/

 

6.2. Улмаар 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн М.С 100 хувийн хувьцааг эзэмших болсон ба түүний нөхөр С.Б гүйцэтгэх удирдлагын эрхийг хэрэгжүүлж байна. /1хх 59, 98, 177-239/

 

6.3. Б.У 2022 оны 3 дугаар сарын 05-наас 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд М.С, Г.Б болон бусад нэр бүхий 6 хүнд нийт 66,789,200 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд гүйлгээний утга бүр хоорондоо харилцан адилгүй байна. /1хх 20-40, 2хх 85-88/

 

6.4. ТэрээрВХ ХХК -д 2022 оны 9 сар хүртэл ажиллах хугацаандаа хөтөч, зохион байгуулагчийн ажил, үүргийг гүйцэтгэж, компанийн хэрэгцээнд 22 нэр төрлийн эд зүйлсийг хүлээлгэн өгсөн талаар хэн алин маргаагүй. /1хх 148-159/

 

6.5. 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаарВХ ХХК -д түүний оруулсан хөрөнгө оруулалт /эд зүйлс 6,769,510 төгрөг, бэлэн мөнгө 67,200,000 төгрөг/ нийт 73,969,510 төгрөг болохыг тухайн үеийн гүйцэтгэх захирал М.С, нягтлан бодогч Г.Б , хөрөнгө оруулагч Б.У нар акт үйлдэн баталгаажуулжээ. /1хх 13/

 

6.6. ИНАХХК-ийн 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №.... дугаартай дүгнэлтээрВХ ХХК -ийн 2022 оны санхүүгийн тайланг үндэслэн хөрөнгө оруулагч Б.У 2022 оны 3 дугаар сарын 05-наас 16-ны хооронд нийт 35,000,000 төгрөгийг М.Сгийн Хаан банк дахь 5031479193 тоот дансанд шилжүүлж, 6,769,510 төгрөгийн хөрөнгө хүлээлгэн өгснөөр нийт 41,769,510 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоож, актаар баталгаажуулсан дүн /бэлэн мөнгө/-г үгүйсгэсэн байна. /1хх 139-147/

 

7. Дээрх үйл баримтаас үзвэл, талууд Иргэний хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар компани байгуулж хамтран ажилласан нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээнд хамаарахгүй.

 

8. Харин тухайн зүйлд заасан үүргээс үүдэлтэй үүргийн шинэ харилцааг мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүсгэсэн. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт хийх тохиролцоо нь Иргэний хуулиар тусгайлан зохицуулагдаагүй ч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн агуулгатай тул мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээний харилцаа гэж үзэхээр байна.

 

9. Хөрөнгө оруулалтын тухай ойлголт нь ашгийн төлөө үйл ажиллагаанд хөрөнгөө зориуд байршуулах замаар ирээдүйд үр шим хүртэх боломжийг бий болгох, түүнтэй салшгүйгээр ашиг хүртэх боломж болон алдагдал хүлээх эрсдэлийг хамтад нь хүлээн зөвшөөрсөн эдийн засаг-эрх зүйн харилцаа юм.

 

10. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар хөрөнгө оруулалт нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгө байна. Энэхүү ойлголтын суурь агуулга нь өрийн бус, өмчийн шинжтэй болохыг илтгэнэ.

 

11. Хөрөнгө оруулалтын зорилго хэрэгжих боломжгүй болсон, хамтран ажиллах харилцаа тасалдсан, эсхүл тохиролцсон өгөөжийг хүртэх боломж хууль ёсоор хаагдсан тохиолдолд хөрөнгө оруулсан этгээд нь өөрийн эрх ашгийг хамгаалж, оруулсан хөрөнгөтэй холбоотойгоор зохих журмаар тооцоо хийлгэх, буцаан шаардах эрхтэй.

 

12. Нэхэмжлэгч Б.Уийн оруулсан хөрөнгийн хэмжээг тогтоосон аудитын дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон тухайн тохиолдолд хариуцагчВХ ХХК нь нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгийг буцаан олгох нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасанд нийцнэ гэж үзэв.

 

13. Хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг арилжааны банканд хугацаатай хадгаламжид байршуулсан тохиолдолд олох байсан хүүгийн орлого гэх 18,285,120 төгрөгийг нэхэмжлэгчийн хувьд бодит алдагдсан ашигт тооцох боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан буцаан шаардах шаардлагад хамааруулах үндэслэл тогтоогдсонгүй. /1хх 14-19, 135-136/

 

14. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд,ВХ ХХК -ийн 2022 оны санхүүгийн тайланд компанийн өр төлбөрийн дүн 38,096,071.16 төгрөгөөр тусгагдсан байна. Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах зорилго бүхий хуулийн этгээд болох компанийн хувьд өр төлбөрийг өөрийн хөрөнгөөр хариуцна. /2хх 1-34/

 

15. Нэхэмжлэгч Б.У ньВХ ХХК -ийн хувьцаа эзэмшигч, мөн эрх бүхий албан тушаалтан биш тул компанийн өр төлбөрийг түүнд хариуцуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

16. Түүнчлэн талууд хөрөнгө оруулалтын өгөөжийг ямар хэлбэрээр хүртэх талаар бичгээр тодорхой тохиролцоогүй боловч нэхэмжлэгч Б.Уийн шүүх хуралдааны үед өгсөн ...М.С өөрөө танай гэрийнхнийг үнэгүй эмчилнэ, аваад ир ээ гэдэг байсан... гэх тайлбар няцаан үгүйсгэгдээгүй ба нэхэмжлэгч болон түүний гэр бүлийн гишүүд 20232024 онуудад эмчилгээ, сувилгааны үйлчилгээ авч байсан нөхцөл байдлыг харгалзан үзвэл, уг харилцааг талуудын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын хүрээнд өгөөж хүртсэнд тооцохоор байна. Иймд энэхүү үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэгчээс тусад нь шаардах үндэслэлгүй гэж үзэв. /2хх 57-76/

 

17. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчВХ ХХК -иас 41,769,510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ут олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50,485,120 төгрөг болон хариуцагч М.Сд холбогдох хэсгийг, мөн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

18. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцуулсан болно. /1хх 4, 2хх 56/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчВХ ХХК -иас 41,769,510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ут олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50,485,120 төгрөг болон хариуцагч М.Сд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.4.2-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Б.Ут холбогдох 34,329,832.58 төгрөг гаргуулах тухай хариуцагчВХ ХХК -ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Уээс төлсөн 619,300 төгрөг, хариуцагчВХ ХХК -иас төлсөн 329,599 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчВХ ХХК -иас 366,798 төгрөгийг, улсын орлогоос 77 төгрөгийг буцаан гаргуулж, тус тус нэхэмжлэгч Б.Ут олгосугай.

 

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН