Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/201

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч Г.Яндаг,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******  дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч*******  нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн ******* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамт амьдардаг төрсөн ах *******зүүн далны хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь зүүн далны гадна хэсгийн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:  

Хэрэгт авагдсан

- Хүн хутгалуулсан гэх газар нь Дархан-Уул аймгийн******* хашаа байлаа. Хашаанд хүрэн амбаартай, цагаан өнгийн, хар цаасан дээвэртэй шавар байшин байна. Дотогш ороход ханан зуухаар тусгаарласан 2 өрөө байна. Гал тогооны өрөөний шүүгээн дээр байсан хар иштэй, бариул 12 см, ажлын хэсэг 14 см урт хутгыг гэрэл зургийн аргаар бэхжүүлж, хурааж авлаа. Үүдэнд хаалганы хажууд байх улаан өнгийн угаалтуурын дотор тал цус мэт зүйлээр бохирлогдсон байв. Угаалтуурын доор цус мэт зүйлээр бохирлогдсон эрээн өнгийн пудволк, цэнхэр өнгийн даавуу байна... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /хх-ийн 5-8/,

- Миний уур хүрээд ******* луу хутга бариад дайрсан. *******  надтай ноцолдож байгаад миний гарт байсан хутгыг булааж аваад миний зүүн далны ар хэсэг рүү нэг удаа хутгалсан... гэх хохирогч******* шууд заасан мэдүүлэг /хх-ийн 15-16/,

- Сагсны талбайн хажуугийн хашаанд амьдардаг ах худгийн ойролцоо сууж байхад ногоон өнгийн футболктой ах ирээд “Чи арай ч хүнийг ингэж хутгалж болохгүй. Цус алдаад үхлээ” гэж хэлсэн. Би цагдаа болон эмнэлэг дуудсан... гэх насанд хүрээгүй гэрч *******  мэдүүлэг /хх-ийн 18/,

- *******  манайд орж ирээд “******* ах надтай хоолны хэрүүл хийгээд би ахыг хутгалчихлаа” гэж хэлсэн... гэх гэрч *******  мэдүүлэг /хх-ийн 20/,

- Би*******  байж байхад *******  ирээд “би ахыгаа хутгалчихлаа. Эмнэлэг дуудаад өгөөч” гэж хэлсэн. ******* бид хоёр ******* очиход*******  дал хэсгээс нь цус гарчихсан байсан. Яг аль дал гэдгийг нь санахгүй байна гэх гэрч*******  мэдүүлэг /хх-ийн 21/,

- ******* ах гаднаас согтуу орж ирээд хоол хийгээгүй юм уу гээд уурласан. Би зурагт үзээд сууж байхад ах гал тогооны өрөөнөөс хутга бариад намайг хөөсөн. Би хутгыг нь булааж аваад ахын зүүн далны хэсэг рүү хатгачихсан гэх шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19, 44/,

- ******* биед зүүн далны гадна хэсгийн шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. *******учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай дүгнэлт /хх-ийн 23/,

- Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, цэнхэр эрээн өнгийн ханцуйгүй цамц 2 ширхэг, хөнжлийн даавуу 1 ширхэг зэрэг эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч ******* , хохирогч*******  нар нь төрсөн ах дүү хоёр бөгөөд нэг гэрт хамт амьдардаг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч *******  гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******  биед зүүн далны гадна хэсгийн шарх бүхий хөнгөн хохирол учирсан боловч хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүгдэгч *******  нарын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 63/, хохирогч ******* 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр бичсэн баталгаа /хх-ийн 71/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч *******  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.  

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байгаа ба хохирогч******* хэрүүл маргаан үүсгэн, хутга авч дайрсан зүй бус үйлдэл нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******  нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүний орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул шүүгдэгч *******  эзэмшлийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, ******* хэмжээтэй газрыг битүүмжилсэн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, цэнхэр эрээн өнгийн ханцуйгүй цамц 2 ширхэг, хөнжлийн даавуу 1 ширхэг зэрэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******  нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Энхбат нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар******* 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар *******  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, цэнхэр эрээн өнгийн ханцуйгүй цамц 2 ширхэг, хөнжлийн даавуу 1 ширхэг зэрэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Шүүгдэгч*******  эзэмшлийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум,*******  тоотод байрлах *******  хэмжээтэй газрыг битүүмжилсэн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч******* өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ИХТАМИР