Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/663

 

 

                                                    

 

                                                    

 

    2025          05            29                                           2025/ДШМ/663

 

О.Б холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц, түүний өмгөөлөгч А.С,

шүүгдэгч О.Б өмгөөлөгч Б.Т, 

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,   

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн 20**/ШЦТ/* дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч  Т” ХК -ийн гүйцэтгэх захирал Б.М давж заалдах гомдол гаргасныг үндэслэн О.Б-д холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

О.Б,

О.Б нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармагийн 3 дугаар буудлын урд замд энэ 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн 03 цаг 50 минутын үед Nissan Urvan загварын **** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3. “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно. б.Явган хүний гарц дээр”, мөн дүрмийн 13.5. Жолооч явган хүний гарцын өмнө гүйцэх үйлдэл хийхдээ энэ дүрмийн 16.3-т заасныг баримтлах бөгөөд мөн хороолол, сургууль орчмын бүс дотор болон 1.19 тэмдгээр анхааруулсан замын хэсэгт гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн урдуур явган зорчигч явж байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино, 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө: хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчиж зам хөндлөн гарч явсан явган зорчигч буюу хохирогч Д.П мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

     Тээврийн прокурорын газраас: О.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг эрх бүхий байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч О.Б нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “М” ХК-с 49,500,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдаж шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагч “М” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.М гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулалгүйгээр шүүгдэгч О.Б зорчигч Д.П мөргөж амь насыг нь хохироосон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг 99,000,000 төгрөгөөр тооцож хувь тэнцүүлэн Иргэний хариуцагч “М” ХК-иас гаргуулахаар шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байгаа болно.

-Гэм буруугийн тухайд: Шийтгэх тогтоолын “Тодорхойлох” нь хэсгийн “Гэм буруу болон хохирлын, хор уршгийн талаар” хийсэн дүгнэлт /10-11 тал/ хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа болно. Шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй.” байдлыг хангалттай баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл осол байгалийн гэрэлгүй буюу шөнийн 03 цаг 45-50 минутын хооронд болсон бөгөөд замын гэрэлтүүлэг яг осол болох үед асаагүй байсан нь шүүгдэгч нь саад тулгарахыг мэдэх боломжгүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөл байдал бодитоор үүсгэсэн байх магадлалтай.

1-р хавтаст хэрэг: хуудас-45 шүүгдэгчийн мэдүүлэг, хуудас-53 гэрч З.М-ний мэдүүлэг, хуудас-48 гэрч О.Б мэдүүлэг, хуудас-155 ЦЕГ-ийн Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн албан бичиг, хуудас-160 ХУД-ын Цагдаагийн 2-р хэлтэс албан бичиг, хуудас-20 Асtive garden хотхоны гадна камерийн бичлэг, хууудас-64 шинжээч дүгнэлт №1775, рохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц мэдүүлгээр /1-р хавтас Х-31/ нисэхэд байдаг дүү М-ын гэрт хоносон гэх боловч Нисэх гэдгээс өөр хаяг байршил нь тодорхойгүй, хохирогч Д.П нь 0.75 литрийн архи ганцаараа уугаад гараад явсан гэх, гэтэл осол Хан-Уул дүүргийн ..... дугаар сургуулийн урд талын зам дээр болсон байх бөгөөд хохирогч нь ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй ташуулдаж зам гарч байсан гэх гэрч О. мэдүүлэг /1-р хавтас X-48/-ээс харахад М гэдэг айлаас хэдэн цагийн үед гараад 118 дугаар сургуулийн замын урд талын ямар ч айл амьтангүй эзэнгүй талд шөнийн 03 цаг 40 минутад явж байсан шалтгаан, амь хохирогч нь М гэдэг айлаас анхнаасаа гуталгүй гарсан уу? ослын үеэр яагаад гуталгүй байсан талаарх болон замын маршрут, үйлдэл бүрийг бүрэн тогтоолгүйгээр зөвхөн мөрдөгчийн магадалгааг үндэслэл болгон шүүгдэгчийг гэм буруутайд тооцож сэтгэл санааны хохирол гаргуулсан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа болно. Хэдийгээр шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээсэн боловч түүний энэхүү мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох учиргүй.

Тээврийн прокурорын газрын 2024-07-25-ны өдрийн 56 дугаар прокурорын тогтоолд ... О.Б нь гүйцэт түрүүлэх үйлдэл хийсэн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байх бөгөөд энэхүү үйлдэл 1-р хавтас хуудас 48-д авагдсан гэрч О.Б мэдүүлгээр нотлогдсон ... хэмээн дүгнэсэн дүгнэлтийг үндэслэн анхан шатны шүүх Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.4, 13.5 дахь заалтуудыг зөрчсөн хэмээн гэм буруутайд тооцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.9. “гүйцэж түрүүлэх” гэж явж байгаа эгнээнээсээ гаран эсрэг урсгал сөрж урдаа яваа нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэх, буцаж эгнээндээ орох үйлдлийг; хэлнэ” гэсэн заалтыг буруу ойлгож хэрэглэсэн. Учир нь Яармагийн зам 3 эгнээтэй бөгөөд О.Б нь анхнаасаа буюу осол болохоос өмнө 1-р эгнээгээр зорчиж байсан бөгөөд гэрч О.Б тухайд 50 км цагийн хурдтай 2-р эгнээгээр зорчиж байхад /Х-48 гэрч О.Б мэдүүлэг/ түүний хажуугаар магадгүй 55-60 км/ц хурдтай 1-р эгнээгээр зорчиж урд нь гарсан үйлдэл байгаа юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хувьд ямар ч гүйцэж түрүүлсэн үйлдэл хийгээгүй байгаа юм.

“М” ХК-ийн эзэмшлийн автомашины хувьд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд болон бусад баримтаар жолооны механизм хэвийн ажиллагаатай, тоормос хэвийн бүрэн бүтэн, GPS-н мэдээллээр хурд хэтрүүлээгүй буюу 60 к/ц аас хэтрээгүй хурдтай явсан болох нь тогтоогдсон. /1-р хавтас хуудас 117,140, 168/

Хохирол, хор уршгийн тухайд: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдал болох хохирогчийн хувийн байдал, өөрийгөө хянах чадваргүй хүнд зэргийн согтолттой үедээ замын хөдөлгөөнд оролцсон, 3 эгнээтэй замаар ташуулдаж үзэгдэх орчин хязгаарлагдмал шөнийн цагаар явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарсан зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн нь сэтгэл санааны хохирлын хэмжээг бодитоор тогтооход сөргөөр нөлөөлж “М” ХК-иас 49,500,000 төгрөгийн гаргуулаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэсэн заалттай зөрчилдөж байгаа бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 239 дүгээр тогтоолын хавсралт: Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлийн 5.6-д “Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг мөн ууж согтуурсан, өөрийн хийж буй үйлдлээ бүрэн дүүрэн мэдэх, хянах боломжгүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн үндсэн шалтгаан, нөхцөлүүд юм. Эдгээр хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдэгдсэн байхад дээрх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн анхаарч үзээгүй, гэм буруугийн талаарх нотлох баримтыг дүгнэлгүй орхигдуулан хохирлын хэмжээг тогтоож, хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж өгөхийг хүсье. ...” гэжээ. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц өмгөөлөгч А.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар нотлогдвол зохих байдлууд бүрэн нотлогдсон. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар хийсэн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Осол гарсан нөхцөлийн тухайд тухайн үед зам ямар нэгэн халтиргаа гулгаагүй хэвийн, хуурай байсан гэдэг нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Тухайн үед хохирогч ямар нөхцөлд хэрхэн мөргөгдөж амь нас нь хохирсон, тээврийн хэрэгслийг жолоодож явсан О.Б осол яаж гаргасан нөхцөл байдлыг нүдээр үзэж, үнэн мэдүүлсэн этгээд нь гэрч н.Б юм. Гэрч н.Б мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар хуудсанд авагдсан бөгөөд энэ мэдүүлгээр бүрэн нотлогдсон гэж үздэг. Энэ мэдүүлгийг үнэлэх үндэслэл нь осол хэрхэн гарсныг нүдээр харсан ганц хүн нь н.Б юм. Бусад гэрч нарын тухайд зарим нь унтаж байсан, зарим нь арын суудал дээр байсан, юу болсныг мэдэхгүй нөхцөл байдал байсан учраас хэргийн үйл баримтыг гэрчилж чадахгүй гэж үзэж байгаа. Мөн уг зам дээр шүүгдэгч О.Б жолоодож явсан тээврийн хэрэгсэл, түүний ард явсан гэрч н.Б жолоодож явсан тээврийн хэрэгсэл буюу энэ 2 тээврийн хэрэгслээс өөр ямар нэгэн замын ачаалал, түгжрэл зэрэг нөхцөл байдал байгаагүй. Тэгэхээр зам чөлөөтэй байсан гэдэг нэг нотолгоо юм. Замын гэрэлтүүлэг асаж байсан нь 1 дүгээр хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд авагдсан Актив гарден хотхоны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн баримтаар тогтоогддог. Тухайн нөхцөлд гэрлэн дохио улаан өнгөөр асаж байна гэж үзлэгийн тэмдэглэлд бичигдсэн бөгөөд гэрлэн дохио зөрчиж тээврийн хэрэгсэл явсан байдаг. Уг осол нь сургууль орчмын бүсэд гарсан. Тэгэхээр жолооч анхаарал болгоомжтой явах зайлшгүй шаардлагатай байсан. 18 дугаар сургуулийн буудал гэж буудал дээрээ тэмдэглэгээтэй байгаа. Мөн явган зорчигч гарцгүй хэсгээр зорчиж байсан гэх нөхцөл байдлыг үгүйсгээгүй. Энэ талаарх тодорхой дүгнэлт гарсан. Гэхдээ явган зорчигчийн үйлдэл нь зам хөндлөн гараад хөдөлгөөн нь дуусаж байсан чиглэлтэй буюу замын 2 дугаар эгнээнд мөргөгдөж амь хохирсон. Шүүгдэгч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, гэрэл дохиогоо анхаарч тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээг тухайн нөхцөлд аваад явсан бол энэ осол гарахгүй байх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Гэтэл зогсоох арга хэмжээ аваагүй, өөрөө би зугтаах зайлуулах хөдөлгөөн хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, маргаагүй, хохирол төлсөн тул хэргийн зүйчлэл болон түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үздэг. Хохирол, хор уршгийн тухайд гэмт хэргийн улмаас хохирогч Д.П амь нас хохирсон. Амь хохирогчийн ар гэрт 5-8 настай бага насны 2 хүүхэд өнчирч, эхнэр нь бэлэвсэрч үлдсэн ийм байдалтай байна. Гэмт хэрэг гараад 1 жил гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд элэг бүтэн амьдарч байсан айлын амьдрал яаж өөрчлөгдөж, хэрхэн зовж шаналж байгааг хэн ч мэдэхгүй, энэ байдлыг ямар ч байдлаар тооцож, хохирлыг нөхөн төлөх боломжгүй гэж үзэж байна. Амь хохирогч нь ид дунд насны, ажил хөдөлмөр эрхлэн гэр бүлээ тэжээн тэтгэж, “ХХ” ХХК-д 1 сарын 1.100.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Анхан шатны шүүхээс амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэн 99.000.000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй. Шүүгдэгч О.Б нь хохирлын 50 хувь буюу 49.500.000 төгрөгийг анхан шатны шүүхийн шатанд төлж барагдуулсан. Үлдсэн 49.500.000 төгрөгийг иргэний хариуцагч шийтгэх тогтоол үндэслэлтэй. Иргэний хариуцагч “М” ХК-аас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүх шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Иргэний хариуцагчаас яагаад шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаж байгааг ойлгохгүй байна. ...” гэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд иргэний хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Жолооч анхаарал болгоомжтой явсан бол энэ осол гарахгүй байх байсан. Би шүүгдэгч О.Баярсайханаас оршуулгын зардалд 5.100.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 49.500.000 төгрөгийг хүлээн авсан. Анхан шатны шүүхээс тогтоосон нөхөн төлбөрийн үлдэгдэл 49.500.000 төгрөгийг гаргуулан авах хүсэлттэй байна. Цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжилнэ. Иргэний хариуцагчаас яагаад дахин дахин гомдол гаргаад байгааг ойлгохгүй байна. Бидний ахуй амьдрал элэг бүтэн байснаас хэцүү байгаа. ...” гэв.  

Шүүгдэгч О.Б өмгөөлөгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Гэмт хэргийн шинж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлыг зөв тодорхойлсон, эрүүгийн хариуцлагыг үйлдсэн гэмт хэргийн шинж, хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн байдалд тохирсон байдлаар шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол нь түүнд олгосон гомдол гаргах эрхийн хүрээнээс хэтэрсэн. Зөвхөн иргэний нэхэмжлэл, хариуцлагатай холбоотой гомдлоо гаргах ёстой. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

Прокурор Г.Н тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Иргэний хариуцагчийн гаргасан гомдолд гэм буруугийн талаар дурдсан. Тэгэхээр иргэний хариуцагч нь зөвхөн нэхэмжлэлийн талаар хариуцлагатай холбоотой асуудлаа дурдах болохоос гэм буруугийн асуудлыг дурдах боломжгүй гэж үзэж байна. Сэтгэцэд учирсан хохирол 99.000.000 төгрөгийн тухайд хувь тэнцүүлэн гаргахаар тогтоосон бөгөөд шүүгдэгчийн зүгээс 49.500.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн. Прокурорын зүгээс хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч О.Б холбогдох ************* дугаар эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

1. Шүүгдэгч О.Б нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармагийн 3 дугаар буудлын урд замд энэ 2024 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 03 цаг 50 минутын үед Nissan Urvan загварын **** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3. “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно. б.Явган хүний гарц дээр”, мөн дүрмийн 13.5. Жолооч явган хүний гарцын өмнө гүйцэх үйлдэл хийхдээ энэ дүрмийн 16.3-т заасныг баримтлах бөгөөд мөн хороолол, сургууль орчмын бүс дотор болон 1.19 тэмдгээр анхааруулсан замын хэсэгт гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн урдуур явган зорчигч явж байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино, 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө: хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчиж зам хөндлөн гарч явсан явган зорчигч буюу хохирогч Д.П-ийг мөргөж амь насыг нь хохироосон болох нь:

Замын цагдаагийн газарт ирсэн “.... ААА машин хүн мөргөсөн” гэх дуудлага мэдээлэл (1-р хх-ийн 2),

зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (1-р хх-ийн 5-6),

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (1-р хх-ийн 7-14),

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (1-р хх-ийн 15-18),

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (1-р хх-ийн 20-22),

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц: “...нөхөр нойрны даруулга гээд 0,75 гр архийг ганцаараа уугаад суугаад байсан. Тэгээд шөнө нойрон дунд нөхөр хаалгаар гараад явах шиг болсон. Тухайн шөнө нөхөр гэр рүүгээ явж байсан байх гэж бодож байна. Осол болсон газар нь гэр рүү явдаг замд байсан. ...2 хүүхэд маань л хэцүү байна. Мөн би өөрөө бие муутай.  ...” (1-р хх-ийн 31),

иргэний нэхэмжлэгч, хариуцагч “М” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л.Г: “...“Nissan Urvan” загварын ..... ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь М компанийн эзэмшлийнх юм. Тухайн машиныг манай байгууллагын ажилтан Б ихэвчлэн жолооддог ба ажлын шаардлагаар бусад ажилчид, жолооч нар мөн жолооддог. Тээврийн хэрэгсэлд ослын улмаас эвдрэл үүссэн. Эвдрэлийг байгууллага засварласан. Үнэлгээ хийлгэхэд 3,775,000 төгрөг гарсан. ...Тухайн өдөр жолооч Б нь ямар ч байсан хурд хэтрүүлээгүй, эрүүл байсан. Нислэгийн багийг тээвэрлээд ажил үүргээ гүйцэтгээд явж байсан. Манай байгууллагын GPS төхөөрөмжид хурд хэтрүүлсэн тээврийн хэрэгслүүдийн мэдээлэл ирдэг. Тухайн өдөр Б жолоодож явсан Nissan Urvan  загварын **** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр хурд хэтрүүлсэн мэдээлэл ирээгүй. Манай жолоочийн буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учирсан болох нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд хохирогчийн гаргаж буй зардалтай холбоотой нэхэмжпэлийн шаардлагын дагуу холбогдох зардлыг Баярсайхан төлж барагдуулаагүйн улмаас хохирогч компанид холбогдуулан үндэслэл бүхий нэхэмжлэл гаргасан тохиолдолд М компани хуулийн дагуу хариуцлага хүлээнэ...” (1-р хх-ийн 35-38),

гэрч О.Б: “...Яармагийн замаар зүүнээс баруун чиглэлд замын 2-р эгнээгээр 50 орчим км цагийн хурдтай явж байсан. Гэтэл миний ард “Т”-ын машин явж байсан ба баруун талаар гүйцэж түрүүлээд замын 1-р эгнээгээр баруун урд талд зайтай явж байсан. Гэхдээ би хэдэн метрийн зайнд явж байсныг хэлж мэдэхгүй байна. “Т”-ын машин гүйцэж түрүүлж байх үед замын 3-р эгнээнд нэг явган хүн явган хүний гарцгүй хэсгээр ертөнцийн зүгээр урдаас хойшоогоо зам хөндлөн гарч байгаа нь “Т”-ын машины гэрэлд надад харагдаж байсан. Тэгээд “Т”-ын машин хурдаа хасахгүй яваад байхаар нь би бодохдоо “Т”-ын машин явган хүнийг яг мөргөлөөдөө амжих болов уу даа гэж дотроо бодтол гэнэт баруун тал руугаа займчаад автобусны буудал руу зогссон. Тэгээд би тухайн явган хүнийг тойроод гарчихсан болов уу гэж бодтол “Т”-ын машин явган хүнийг мөргөчихсөн байсан. Би 103-т тухайн машины жолоочоор дуудлага өгүүлсэн. Би байн байн зүрхний цохилтыг нь чагнаж үзэж байсан ба 103-н эмч ирэхээс өмнө тухайн хүний зүрх цохилохоо больсон. Явган хүн тухайн машины зүүн урд талд мөргөгдсөн байсан. Гэхдээ мөргүүлсний дараа явган хүн хэр хол шидэгдсэн эсэхийг би анзаараагүй. Тэр машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байх үед замын 3-р эгнээнд согтуу бололтой явган хүн нэг алхаад нэг зогсоод явж байсан. Тэр явган хүн эгц хөндлөн биш замыг ташуулдсан байдалтай замаар явж байсан. Тухайн машины гэрэл их тод гэрэлтэй байсан. Харин замын гэрэлтүүлэг ажиллаж байсан эсэхийг анзаараагүй. ...” (1-р хх-ийн 48),

гэрч Д.Н: “...Тухайн шөнө би жолоочийн хажуугийн суудалд урд суугаад явж байсан. Өглөө эрт 06 цаг 20 минутад нислэгтэй байсан. ...Би осол болох үед унтаж байсан.  ...” (1-р хх-ийн 51),

гэрч З.М: “...2024 оны 5 дугаар сарын 5-ны өглөө 06 цаг 20 минутад нислэгтэй байсан учир байгууллагын жолооч Баярсайхан ирж гэрийн гаднаас аваад машинд жолоочоос гадна 6 ажилтан явж байсан. Тэгээд Яармагийн замаар нисэх рүү актив гарден хотхоны харалдаа явж байсан. Би хамгийн арын эгнээний баруун талд сууж явсан. Гэтэл жолооч гэнэт баруун дараад зогссон. Машин гэнэт баруун дарахад машины зүүн талд нэг хар юм зэрвэс гээд явчихсан. ...Тухайн үед зам харанхуй, гэрэлтүүлэггүй байсан. Жолооч хол ойрын ямар гэрлээ асаагаад явж байсныг би мэдэхгүй. Хан-Уул дүүргээс цагдаа ирэх үед замын гэрэлтүүлэг асчихсан байсан. Тухайн үед хязгаарлалт хийж байсан байж магадгүй. Осол болох үед бол харанхуй байсан...” (1-р хх-ийн 53) гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 1773 дугаартай: “1.Амь хохирогч Д.П цогцост гавал тархи, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан гэмтэл: Дух яс, суурийн өмнөд хонхор, турк эмээлийн шугаман хугарал, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн хоёр талын олон хавирганы шууд бус хугарал, эрүү яс, зүүн шилбэ, шаант ясны ил хугарал, зүрх, элэгний няцрал, задрал, духны хуйхны дотор гадаргуу, чамархайн булчин, дух, зүүн хацрын төвгөр, эрүүнд язарсан шарх, зулгаралт, дух, хацар, шанаа, зүүн эгэм, 2 сарвуу, өвдөг, зүүн шилбэ, хоёр мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед цохих, дарах, шахах механизмаар үүснэ. 3. Амь хохирогч нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. 4. Амь хохирогч нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. 5.Нас барах үедээ мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй байна. 6.Шинжилгээгээр үхэлд хүргээгүй ерөнхий судас хатуурал өвчтэй байна. 7.Эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй. 8.АВО системээр В /III/ бүлгийн цустай байна. 9.2024.05.05-ны өдрийн 07.25 минутын цогцсын үзлэгээр нас бараад 3-5 цаг болсон байна...” (1-р хх-ийн 60-64),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2857 дугаартай: “1.2.3.4.Шинжилгээнд ирүүлсэн “О.Б” гэж хаягласан цус нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “О.Б” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй. “О.Б” гэж хаягласан цусны дээжийн хэмжээ нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж тодорхойлох шинжилгээ хийхэд хүрэхгүй тул шинжилгээ хийх боломжгүй...” (1-р хх-ийн 75-76) гэх шинжээчийн дүгнэлтүүд,

“А Б” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн **** дугаартай “...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 3,775,000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р хх-ийн 107),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1686 дугаартай шинжээчийн: “1.Мөнгөлөг саарал өнгийн **** ААА улсын дугаартай Nissan Urvan загварын *********** арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн мөнгөлөгсаарал өнгийн ..... ААА улсын дугаартай Nissan Urvan загварын ********** арлын дугаартай тээврийн хэрэгслийн урд нүүр зүүн гар талын хэсгээрээ 50x35 см хэмжээтэй чихэгдэж хэлбэрээ алдсан, зүүн урд талын шанаа чихэгдэж хонхойж хэлбэрээ алдсан, зүүн урд талын их гэрлийн гадна тунгалаг бүрхүүл, дотор цайрын хэсгүүд хагарч бутарсан, урд бамбай зүүн хэсгээрээ цуурч хагарсан, урд салхины шил зүүн урд хэсгээрээ цацарч цуурсан гэмтлүүдтэй байна. 3. Дээрх гэмтлүүдтэй байгаа нь тухайн тээврийн хэрэгсэл батбэхийн хязгаараас давсан хүчний үйлчлэлээр хатуу мохоо зүйлтэй харилцан хүрэлцэх үед буюу осол учрал болох үед үүссэн гэмтлүүд гэх үндэслэлтэй байна. 4. Шинжилгээнд ирүүлсэн мөнгөлөг саарал өнгийн ..... ААА улсын дугаартай Nissan Urvan загварын ******** арлын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны механизм хэвийн ажиллагаатай байна. 5. Тоормос шингэн, АВS системээр тоноглогдсон, тоормос ажиллаж, мөр үүсгэж байна. 6. Шинжилгээнд ирүүлсэн мөнгөлөг саарал өнгийн ***** ААА улсын дугаартай Nissan Urvan загварын ********* арлын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд талд байрлах гэрэлтүүлэх хэрэгслүүд бүрэн, их гэрэл, оврын гэрэл, нэмэлт гэрэл, дохионы гэрлүүд бүгд асаж байна.

- Зүүн урд байрлах гэрэлтүүлэх хэрэгслүүд бүрэн бус, их гэрлийн ламп асна, гадна бүрхүүл хагарсан, цуглуулж ойлгох зориулалт бүхий цайр хагарсан, дохио, оврын гэрэл, бамбай дээрх нэмэлт гэрэл байхгүй болсон гэмтэлтэй байгаа нь тухайн тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэл МNS 4598-2020 стандарт шаардлагад тохирч нийцэхгүй байна. Гэрлийн үзүүлэлт хэмжих багаж, зориулалтын тусгай дэлгэц талбай байхгүй тул тохиргоо болон хүчний үзүүлэлт, тусгалын алслалтыг тогтоох боломжгүй байна. 7. Үзлэг шинжилгээний явцад шинээр нэмэлт зүйл илрээгүй...” (1-р хх-ийн 117-121) гэх дүгнэлт,

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай шинжээчийн: “1. Nissan Urvan загварын *** ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь стандартын шаардлага хангаж байна. 2. Тус үзлэгээр эвдрэл гэмтэл илрээгүй. 3. Үзлэгээр учирсан эвдрэл гэмтэл байхгүй. 4. Жолооны механизм хэвийн ажиллагаатай, осол болох үед хэвийн ажиллагаатай байсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна. 5. Уг тээврийн хэрэгслийн тоормосны систем нь шингэн дамжуулгатай, АВS-тэй, хэвийн ажиллаж байна. Осол болох үед хэвийн ажиллаж байсан эсэхийг тодорхойлох боломжгүй. 6. Тээврийн хэрэгслийн хол, ойрын гэрлийн тусгал болон хажуугийн тусгал, хэдэн градусаар хэдэн метрийн тусгалтай эсэхийг үйлдвэрлэгчээс тогтоосон байдаг. Уг үзлэгээр гэрэл нь стандартын шаардлага хангаж байна. 7. Уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед хар хайрцаг буюу хяналтын камер байхгүй байна. 2022-2023 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн байна. Дэлгэрэнгүй лавлагааг хавсаргав. 8. Үзлэгээр тухайн тээврийн хэрэгслийн салхины шилийг сольсон, будагт оруулсан, засаж сайжруулсан байх нөхцөл байдал тогтоогдсон болно...” (1-р хх-ийн 140-143) гэх дүгнэлт,

2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 997 дугаартай мөрдөгчийн: “1. Явган зорчигч Д.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12.Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, ...зам хөндлөн гарах, гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2.Жолооч О.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна; мөн дүрмийн 1.3. 3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа (1-р хх-ийн 146) зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна. 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч О.Б “...тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3. “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно. б.Явган хүний гарц дээр”, мөн дүрмийн 13.5. Жолооч явган хүний гарцын өмнө гүйцэх үйлдэл хийхдээ энэ дүрмийн 16.3-т заасныг баримтлах бөгөөд мөн хороолол, сургууль орчмын бүс дотор болон 1.19 тэмдгээр анхааруулсан замын хэсэгт гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн урдуур явган зорчигч явж байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино, 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө: хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчиж зам хөндлөн гарч явсан явган зорчигч буюу хохирогч Д.П мөргөж амь насыг нь хохироосон...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 3 дахь хэсэгт заасан “...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна. 

Анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх О.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ. 

3. Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн зорилгыг хангаж байх ёстой.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт тус зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял...”-ыг оногдуулахаар заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч О.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталан хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт, хохирол төлсөн болон хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

4. Шүүгдэгч О.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц  хохиролд 5,100,000 төгрөг, сэтгэцийн хохиролд 49,500,000 төгрөгийг тус тус төлсөн байх тул анхан шатны шүүхийн О.Б шийтгэх тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Харин анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцийн эрүүл мэндэд нь тус гэмт хэргээс шалтгаантайгаар сэтгэцийн хор уршиг учирсан эсэхийг тусгай мэдлэг бүхий шинжээч тогтоогоогүй байхад сэтгэцийн гэм хорын хохирол учирсан байна гэж дүгнэж, нотлох баримтгүйгээр сэтгэцийн хор уршигт гаргуулах нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг хохирогчийн сэтгэцийн эрүүл мэндэд учирсан гэм хор гэж үзэхгүй бөгөөд энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолоор:

“...“Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.”,

“...“Сэтгэцийн эмгэг” гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар ойлгоно. Сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно. ...” гэж тайлбарлажээ.

Түүнчлэн, хүний сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг эрх зүйн боловсролтой этгээд биш хүний сэтгэцийн эрүүл мэндийн тусгай мэдлэг бүхий, нарийн мэргэшсэн мэргэжилтнээр тогтоолгох ажиллагаа юм.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн сэтгэцийн хохиролд нөхөн төлбөр гаргахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож, 7 дахь заалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц сэтгэл санааны болон хор уршигийн (сэтгэцийн болон бусад) талаарх нэхэмжлэлээ жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн өөрчлөлтийг оруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн 2025/ШЦТ/*** дүгээх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдсугай. ...” гэснийг “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг, гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                ШҮҮГЧ                                                               Г.ГАНБААТАР

                    ШҮҮГЧ                                                               Д.ОЧМАНДАХ