2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2026/00726

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 12 191/ШШ2026/00726

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: ....дүүрэг, .....хороо,.......байр, .... тоотод оршин суух Х овогт Н.Г /РД:................../-ын,

 

ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Г оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 

 

...Миний бие анх 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Замын цагдаагийн газрын ... дүүргийн Замын цагдаагийн тасагт дадлагажих ажилтнаар ажилд орсон бөгөөд дадлагажих ажилтнаар томилж ажиллуулсан тушаал, шийдвэр гараагүй учраас шүүхээс орж ажиллаж байсан болохоо тогтоолгох шаардлага үүсч байна.

Тухайн үед Замын цагдаагийн газрын хүний нөөц хариуцсан ажилтантай уулзаж Замын цагдаагийн газарт ажилд орох хүсэлт гаргахад Цагдаагийн академийн цагдаа бэлдэх дамжаанд явахаас өмнө заавал 3-6 сарын хугацаанд замын цагдаагийн газрын аль нэг тасагт дадлагажих ажилтан хийх ёстой, түүний дараа дадлагажих ажилтнаар ажиллаж буй тасаг, нэгжийн дарга цаашид ажиллуулахыг дэмжин тодорхойлсны дагуу бие бялдар, бичгийн шалгалт авч тэнцсэн тохиолдолд цагдаа бэлтгэх дамжаанд явуулна гээд намайг ... дүүргийн замын цагдаагийн тасагт хуваарилсан.

Ингээд 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2007 оны 11 дүгээр сарын 29- ний өдрийг хүртэл 2 жил 3 сар 28 хоногийн хугацаанд тус тасагт дадлагажих ажилтнаар ажилласан. Замын цагдаагийн газрын хүний нөөцийн албан тушаалтантай очиж уулзахад сул орон тоо байхгүй, орон тооны захиалга манай газарт хийгдэхгүй байгаа тул орон тооны захиалга хийгдтэл дадлагажих ажилтнаа хийж бай гэсэн хариуг өгдөг байсан.

Дадлагажих ажилтнууд нь ... дүүргийн Замын цагдаагийн тасгийн байрны жижүүр, цагдаагийн байнгын постонд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчидтай нэмэгдлээр 24 цаг, шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж буй албан хаагчидтай мөн нэмэгдлээр хуваарийн дагуу дадлагажих ажилтнуудтай ээлжлэн үүрэг гүйцэтгэдэг байсан бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 506 дугаар тушаалаар 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс Цагдаагийн академийн цагдаагийн анхан шатны 2 сарын сургалтад сонсогчоор элсэн суралцаад Замын цагдаагийн газрын даргын 2008 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн өдрийн 16 дугаар тушаалаар Замын цагдаагийн газрын ... дүүрэг дэх замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагчаар томилогдон ажилласан.

Тухайн үед цагдаагийн дадлагажих ажилтнаар ажилласан тушаал шийдвэр байхгүй, цагдаагийн ерөнхий газрын төв архиваас ажилласан жилийн лавлагаа авахад 2008 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс ажиллаж эхэлсэн гэж бүртгэгдсэн, 2005 оноос 2007 онд дадлагажих ажилтнаар ажилласан бүртгэгдсэн мэдээлэл байхгүй тул намайг 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Замын цагдаагийн газрын ... дүүргийн замын цагдаагийн тасагт дадлагажих ажилтнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. ... гэжээ.

 

2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд: 

 

2.1. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, өөрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэл, ам бүлийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 26-05/2478 дугаартай лавлагаа, 2006 онд ажлын хамт олонтойгоо зугаалгын үеэр авахуулсан гэх гэрэл зураг,

- иргэн Д.С, Ц.Э нараас тус шүүхэд бичгээр гаргасан тодорхойлолт, тэдгээрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 27-08/390 дугаар, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 26-09/2476 дугаартай лавлагаанууд,

- иргэн А.М, Ж.Н нарын ажиллаж байсан байдлыг тогтоох тухай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/04898 дугаар, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 316/ШШ2025/00255 дугаартай шийдвэрүүдийн хуулбар /хх 3-17, 28-32/-ыг гаргаж өгсөн.

 

2.2. Шүүхийн журмаар: гэрч Д.Сгийн ...Н.Г нь ... дүүргийн Замын цагдаагийн тасагт 2005-2007 оны хооронд дадлагажигч ажилтнаар ажиллаж байсан. Тухайн үед би уг тасагт ажиллаж байсан дадлагажигч ажилтнуудыг бүртгэн авч, холбогдох материалыг нь бүрдүүлэн цагдаа бэлтгэх дамжаанд явуулдаг байсан. Дамжаанд хамрагдахаас өмнө 6 сар хүртэл хугацаанд дадлага хийсэн байх шаардлага тавигддаг байсан бөгөөд зарим тохиолдолд дамжаанд хамрагдах сул орон тоо гараагүйгээс шалтгаалан дадлагажигч ажилтнаар олон жил ажилласан ч хүн ч бий. ...,

- гэрч Ц.Эын ...Н.Г нь ... дүүргийн Замын цагдаагийн тасагт 20052007 оны хооронд дадлагажигч ажилтнаар ажиллаж байсан. Тухайн үед дадлагажигч ажилтнууд намайг дагалдан үүрэг гүйцэтгэдэг байсан. Замын цагдаагийн хүний нөөц хангалттай байсан тул сул орон тоо гарсан тохиолдолд л дамжаанд хамруулдаг байсан. гэсэн мэдүүлэг /хх 19-25/-ийг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Г нь Замын цагдаагийн газрын ... дүүрэг дэх Замын цагдаагийн тасагт 2005 оны 8 дугаар сарын 01-нээс 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл дадлагажих ажилтнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

2. Тэрээр Цагдаагийн албаны тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу алба хаасны тэтгэвэр тогтоолгохтой холбогдуулан энэхүү хүсэлт бүхий нэхэмжлэлээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1, 136.3 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

 

3. Дээрх хугацаанд нэхэмжлэгчийн ажиллаж байсныг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй болох нь түүний тайлбар, гэрчийн мэдүүлэг, архивын лавлагаагаар тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

 

4. Тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль /1993 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт Цагдаагийн тангараг өргөж, цагдаагийн аль нэг байгууллагад ажиллаж, суралцаж байгаа иргэнийг цагдаагийн алба хаагч гэнэ. гэж, мөн зүйлийн 29.2 дахь хэсэгт Цагдаагийн албанд 18 нас хүрсэн, ял шийтгэлгүй, Монгол Улсын иргэнийг хүсэлтээр нь авч ажиллуулна. гэж, 29.3 дахь хэсэгт Цагдаагийн алба хаагчаар томилохын өмнө туршилтын хугацаагаар, эсхүл дагалдуулан ажиллуулж болно. Дагалдах ажилтан бие дааж цагдаагийн алба хаагчийн үүрэг гүйцэтгэхгүй. гэж тус тус заажээ.

 

5. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох Цагдаагийн ерөнхий газрын төв архивын лавлагаа, гэрчүүдийн мэдүүлэг, гэрэл зураг зэргийг харьцуулан судлавал, нэхэмжлэгч нь цагдаагийн алба хаагчийн дагалдан ажиллаж байсан гэж үзэхээр байна.

 

6. Иймд ... дүүрэг дэх Замын цагдаагийн тасагт 2005 оны 8 дугаар сарын 01-нээс 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл дадлагажих ажилтнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай Н.Гын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

7. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Н.Г /РД:................../-ыг Замын цагдаагийн газрын ... дүүрэг дэх Замын цагдаагийн тасагт 2005 оны 8 дугаар сарын 01-нээс 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл дадлагажих ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ    Б.БИЛГҮҮН