| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 191/2025/03647/И |
| Дугаар | 191/ШШ2026/00714 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2026/00714
2026 01 12 191/ШШ2026/00714
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ......од оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .........тоотод оршин суух, ******* овогт *******-******* ******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9,556,579 төгрөг, хөлсөөр ажилласан 6 сарын хөлс 10,800,000 төгрөг, байр хөлсөлсөн төлбөрийн зөрүү 1,000,000 төгрөг, нийт 21,356,579 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч У.*******тай 2022 онд танилцаж, үүнээс хойш хайр сэтгэлийн холбоотой болж, 2022 оны 05 сараас 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсан. Хамтран амьдрах хугацаанд хариуцагч нь олон удаа санхүүгийн дэмжлэг хүсэж, Э.******* нь түүнд итгэж, мөнгөн хөрөнгө зээлдүүлж байсан бөгөөд эдгээр зээлийг эргэн төлөхөөс татгалзсан тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Зээлийн өр төлбөртэй холбоотой: 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Э.******* нь Simple зээлийн аппликейшн ашиглан 11,250,000 төгрөгийн зээл авч, үүнээс 10,000,000 төгрөгийг хариуцагч У.*******гийн Хаан банк дахь 5077522397 дугаарын данс руу шилжүүлж, үлдсэн 1,250,000 төгрөгөөр У.*******гийн өмнө нь авсан зээлийг хаасан. Хариуцагч нь тус зээлийг өөрийн нэр дээр Баялаг Ундраа үйлчилгээний төвд цайны газар нээж, үйл ажиллагаа явуулах зорилгоор авах хүсэлт гаргасан бөгөөд зээлийг өөрөө бүрэн төлөхөөр тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу хариуцагч нь 2025 оны 02 сар хүртэл сар бүр 485,004 төгрөгийг төлж байсан боловч 2025 оны 03 сараас эхлэн төлөлтөө төлөхөөс татгалзсан тул миний бие аргагүйн эрхэнд төлсөн. Ингээд хариуцагчид зээлийг төлж дуусгах тухай хэлж, сануулсан боловч төлөхөөс эрс татгалзаж, төлөхгүй байгаа тул энэхүү зээлийн үлдэгдлийг 2025 оны 02 сарын байдлаар тооцож, 9,556,579 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Хөлсөөр ажилласан хөдөлмөрийн хөлс: Нэхэмжлэгч нь хариуцагчтай танилцах үедээ Шөлөндөө түргэн хоолны газарт ажиллаж, цалин орлоготой байсан боловч 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчийн хүсэлтийн дагуу ажлаасаа гарч, түүний эзэмшлийн Баялаг Ундраа үйлчилгээний төв дэх цайны газарт 2024 оны 05 сараас 2025 оны 01 сарын 25-ны өдөр хүртэл долоо хоногийн мягмар гарагт буюу нэг өдөр амарч, бусад өдрүүдэд тасралтгүй ажилласан. Гэтэл хариуцагч нь урьдчилан амласан цалин хөлсийг огт олгоогүй болно. Иймд уг цайны газарт тухайн үед өдрөөр ажиллаж байсан ажилтны нэг өдрийн хөлс 60,000 төгрөг байсан бөгөөд үүн дээр үндэслэн нийт 180 хоногийн хөдөлмөрийн хөлсөнд 10,800,000 төгрөг нэхэмжилж байна.
Орон сууцны түрээсийн хөлсний зөрүү: Нэхэмжлэгч нь хариуцагчтай хамт амьдрах хугацаанд орон сууц хөлсөлж амьдарч байсан буюу Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14 хороолол 81/2 байрны 61 тоот орон сууцыг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 9 сарын хугацаатай, сарын хөлс 980,000 төгрөгөөр тохиролцож, гэрээ байгуулан амьдарч байсан. Гэвч 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хариуцагчтай хамт амьдрахаа больсон бөгөөд орон сууцны түрээсийн төлбөрийг анх гэрээ байгуулахад 6 сарын төлбөрийг бүтнээр төлсөн. Миний бие дээрх 6 сарын түрээсийн төлбөрийн хагасыг буюу 3,000,000 төгрөгийг хариуцагчид 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлсэн байсан тул хамт амьдрахаа больсноос хойшхи 2 сарын төлбөрийг нэхэмжлэх үндэслэлтэй хэмээн үзэж байна. Иймд хариуцагчаас орон сууц хөлсөлсөн 3,000,000 төгрөгийн сүүлийн 2 сарын байрны хөлсөнд ногдох хувь болох 1,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 9,556,579 төгрөг, хөлсөөр ажилласан 6 сарын хөлсөнд 10,800,000 төгрөг, байр хөлсөлсөн төлбөрийн зөрүү 1,000,000 төгрөг, нийт 21,356,579 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрлийн гэрээ байгуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч У.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 9,556,579 төгрөг, хөлсөөр ажилласан 6 сарын хөлс 10,800,000 төгрөг, байр хөлсөлсөн төлбөрийн зөрүү 1,000,000 төгрөг, нийт 21,356,579 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид дараах нөхцөлүүдээр харилцан тохирч 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулжээ. Үүнд:
1. Нэхэмжлэгч Э.******* нь 21,356,579 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 11,800,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж,
2. Үлдэх 9,556,579 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч 2026 оны 02 сарын 26-ны өдрөөс эхлэн нийт 24 сарын хугацаанд сар бүр 398,191 төгрөгөөр нийт 24 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч У.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 9,556,579 төгрөг, хөлсөөр ажилласан 6 сарын хөлс 10,800,000 төгрөг, байр хөлсөлсөн төлбөрийн зөрүү 1,000,000 төгрөг, нийт 21,356,579 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 11,800,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 9,556,579 төгрөгийг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 сарын 26-ны өдрөөс эхлэн сар бүр 398,191 төгрөгөөр нийт 24 сарын хугацаанд төлөхөөр талууд харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,735 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 167,855 төгрөгийг хариуцагч У.*******гаас гаргуулж, нэхэмжлэгч Э.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД