| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0174/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/203 |
| Огноо | 2018-06-19 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/203
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагч Н.Идэр,
Иргэний нэхэмжлэгч Т.Атархишиг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот ******* тоотод оршин суух, урьд авсан ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ******* нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдөр Дархан-Уул аймгийн ******* багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж байгаль орчинд 1.326.554 төгрөгийн шууд хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Хохирогч******* өгсөн : ...байгаль орчинд учирсан хохирлоос үүссэн нөхөн сэргээлтийг шүүгдэгч ******* өөрийн биеэр нь арилгуулах хүсэлтэй байна гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн: Би анх 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 2 ширхэг эсгий гэр аваачиж барьсан. Тэгээд 2 хоногийн зайтай 2 экскаваторыг Цэхэр цөөрөмд хөлөөр нь авчирсан юм. Техник хэрэгслээ бэлдэж байгаад 2018 оны 3 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө 3 цагийн угаалт хийж үзэхэд алт ерөөсөө гараагүй. Цэхэр цөөрөмд ухаж байсан газар минь эрүүл газар байсан. Түүн дээр ямар нэгэн нөхөрлөлийн талаар бичиг баримт аваагүй гэх мэдүүлэг /хх-ийн 56/,
Гэрч ******* өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ******* өөрийн машинтай ирээд бид хоёрыг аваад “Цэхэр цөөрөм“ гэх газар уулын аманд очсон. ******* түлшээ өгөөд буцах гэтэл тэр “түлш агуулах сав байхгүй” гэхээр нь бид хоёр тэнд гэрт нь хоносон. Намайг харж байхад ******* 2 экскаваторыг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр өглөөнөөс орой болтол бүтэн ажиллуулсан. Би ******* амаараа ярилцаж тохиролцоод 1 литр түлшийг 1.900 төгрөгөөр худалдаж аваад 1 литр бүрт 100 төгрөг нэмээд 2.000 төгрөгөөр зарсан. Нийт 7.5 тонн түлш зарж борлуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
Гэрч******* өгсөн: ...Бид хоёрыг харж байхад ******* 2 экскаваторыг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр өглөөнөөс орой болтол бүтэн ажиллуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
Гэрч ******* өгсөн: Би 2018 оны 3 дугаар сарын 10-ны орчимд “Цэхэр цөөрөм” гэх газар ******* гэх хүн хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа мэдээлэл аваад шалгалт хийх гэсэн боловч тухайн үед цасаар шуураад явж чадаагүй. Сүүлд сонсоход Шарын гол сумын цагдаа нар шалгаад эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж сонссон гэх мэдүүлэг /хх-ийн 26/,
Гэрч ******* өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ******* цуг машиныг нь жолоодоод Цэхэр цөөрөм гэх газар хүнсний зүйл хүргэж өгөхөөр очсон. Биднийг очиход экскаватор нь ажиллаагүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 27/,
Гэрч ******* өгсөн: ...2018 оны 3 дугаар сарын 14-ний орой ******* цуг Цэхэр цөөрөм гэх газар очиж экскаватор засаж 5-6 хоносон. Би гэрээгээр ажилласан гэх мэдүүлэг /хх-ийн 28/,
Хэрэг учрал гарсан гэх газар нь Дархан-Уул аймгийн ******* багийн нутаг “Цэхэр цөөрөм“ гэх газар бөгөөд газар нь 60 см ухагдсан, цасаар хучигдсан гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/,
Шүүгдэгч******* нарын байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээ /хх-ийн 9-11/,
******* нарын байгуулсан тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх-12-18/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх ухагдсан гэх газарт учирсан шууд хохирол 1.326.554 төгрөг, нөхөн төлбөрийн хэмжээ нь 3.753.056 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал нь 1.204.738 төгрөг болох нь “******* ” ХХК-ний хийсэн Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний “Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутагт орших “Цэхэр цөөрөм" нэртэй газрын хууль бус олборлолтод өртсөн талбай 762.9 м.кв байна. Байгаль орчинд учруулсан хохирлын тооцоо нийт 1.326.554 төгрөг болов. Үүнд: Эдэлбэр газарт учирсан хохирол 41.663 төгрөг, газрын хэвлийд учирсан хохирол 617.490 төгрөг, хөрсөн бүрхэвчид учирсан хохирол 471.690 төгрөг, ургамлан нөмрөгт учруулсан хохирол 195.441 төгрөг, байгаль орчинд шууд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээний нийт дүн 1.326.554 төгрөг ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар хохирлын хэмжээг тооцоход эдэлбэр газарт учирсан хохирол 124.989 төгрөг, газрын хэвлийд учирсан хохирол 1.234.980 төгрөг, хөрсөн бүрхэвчид учирсан хохирол 1.415.880 төгрөг, ургамлан нөмрөгт учруулсан хохирол 977.207 төгрөг, байгаль орчинд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээний нийт дүн 3.753.056 төгрөг, техникийн нөхөн сэргээлтийн зардал 1.137.378 төгрөг, биологийн нөхөн сэргээлтийн зардал 67.360 төгрөг, нийт нөхөн сэргээлтийн зардал нь 1.204.738 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-38/-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдөр Дархан-Уул аймгийн ******* багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газар алт олборлох зорилгоор тусгай зөвшөөрөлгүйгээр 762.9 м.квадрат талбайг ухаж байгаль орчинд 1.326.554 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийж, газрын хэвлийд хууль бусаар халдсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 3.753.056 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Хонгор сумын Татварын бус орлогын Төрийн сан дахь ******* тоот дансанд 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр******* 3.753.060 төгрөгийг шилжүүлсэн гэх ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 116/-аар нотлогдож байна.
Харин шүүгдэгч ******* нь хууль бусаар халдсан газрын нөхөн сэргээлтийн зардлыг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 1.204.738 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Гэм буруугийн хуралдаанаар шүүгдэгчээс 1.204.738 төгрөг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч ******* нь хохирол төлөх зорилгоор завсарлага авч хохирогчид 1.205.000 төгрөг төлсөн болох нь ял эрүүгийн хариуцлагын хуралдаанаар гаргаж өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлж, хохирогчид нөхөн сэргээлтийн зардлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болон нөхөн сэргээлтийн зардлыг төлж барагдуулсан ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй ба түүний орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар ******* 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР