Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2018/0375

 

2018 оны 07 сарын 03 өдөр   

  Дугаар 221/МА2018/0375

Улаанбаатар хот

 

 

О.О-гийн нэхэмжлэлтэй

                      захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0256 дугаар шийдвэртэй, О.О-гийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0256 дугаар шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 27 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус баримтлан О.Од-гийн “Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээд О.Э-ы “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас О.О-д олгосон 2014/31 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” гэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад холбогдуулан гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалын О.Э-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэжээ.  

          Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг Байгаль орчны сайдын 2007 оны 116 дугаар тушаалаар Зайсангийн аманд 5 га газрыг ашиглах эрхтэй болж, 5 жилийн хугацаатайгаар гэрчилгээ авсан, 2008 оны 160 дугаар тушаалаар 2.5 га газрыг 5 жилийн хугацаатай олгосон, үүний дагуу Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас О.О-д 7.5 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар газар ашиглах 678 дугаар гэрчилгээг өгсөн гэж дүгнэсэн. Гэтэл уг гэрчилгээний дагуу газар ашиглах эрхийн хугацаа 2013 онд дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгчээс хугацаа сунгуулах хүсэлт гаргасан баримт байхгүй бөгөөд үүнийг өөрөө шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу газар ашиглах эрх нь дуусгавар болсон байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтууд, хорооны иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр, дүүргийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “О.О-тэй газар ашиглах гурвалсан гэрээ байгуулахгүй” гэсэн хариу өгсөн байдаг ба эдгээр шийдвэрүүдтэй нэхэмжлэгч маргаагүй, газрын төлбөрийг ч 2014 оноос хойш төлөөгүй зэрэг нь нэхэмжлэгч нь тухайн газарт газар ашиглах эрх дуусгавар болсон гэдгээ мэдэж байсан, хүлээн зөвшөөрснийг илтгэж байна.

          Гуравдагч этгээдээс бие даасан шаардлагын үндэслэлээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, Байгаль орчны сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журмын 3.4-т зааснаас үзвэл Байгаль орчны асуудал эрхэлсэн сайдын тушаалгүйгээр газар ашиглах гэрчилгээ олгох хуулийн үндэслэлгүй гэж тайлбарласан ба 2014/31 дугаартай гэрчилгээг гаргасан этгээд нь шүүх хуралдаанд гэрчээр асуугдан ямар нэгэн тушаал байхгүй талаар мэдүүлсэн хариуцагч нар үүнийг хүлээн зөвшөөрсөн.

          О.О-гийн газрын хэмжээг багасгасан боловч дахин 5 жилийн хугацаатайгаар олгох эрх Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын даргад хуулиар олгогдоогүй. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийнхээ хууль зүйн үндэслэлийг тодорхой заагаагүй, маргааны үйл баримттай хэрхэн холбогдож байгаа, нэхэмжлэгчийн эрх хэрхэн сэргэх талаар үндэслэлээ гаргаагүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад ямар үндэслэлээр хугацаандаа гаргасан гэж үзсэн талаар дүгнээгүй зэргээс үзэхэд шүүхээс нэг талыг барьж, тайлбарлаж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай зарим нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, маргааны үйл баримтад холбогдох дүгнэлтийг хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч О.О-д Байгаль орчны сайдын 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 116 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд байрлах Зайсангийн ам гэх нэртэй газарт 5.0 га газрыг 5 жилийн хугацаатайгаар аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, мөн өдөр газар ашиглах эрхийн 392 дугаар гэрчилгээг олгон, улмаар хариуцагчийн 2008 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 160 дугаар тушаалаар тухайн газар 2.5 га газрыг аялал жуулчлал /жуулчны баазаа өргөтгөх/-ын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар олгохоор шийдвэрлэсний дагуу 2008 оны 7 дугаар сарын 10-ны өдөр газар ашиглах эрхийн 678 дугаар гэрчилгээг олгожээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А-293 дугаар тушаалаар нэхэмжлэгч О.О-гийн ашиглаж буй газраас 2.5 га газрыг “Эс девелопмент” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд  үлдэх 5.0 га газарт 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр газар ашиглах 2011/83 дугаар гэрчилгээг олгосон ба шинэчилж 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 2014/31 дүгээр гэрчилгээг О.О-д олгосон байна.

О.О Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаал илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчин миний ашиглаж буй газрыг О.Э-д ашиглуулахаар шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны акт” гэж тайлбарлан маргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан хуулийн үзэл баримтлалаас үзвэл захиргааны акт илт хууль бус байх гэдэг нь ноцтой алдааг илэрхийлдэг, илт хууль бус захиргааны акт анхнаасаа эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй, захиргааны актаар бий болсон үүргийг иргэн биелүүлэх шаардлагагүй байхыг ойлгох бөгөөд Захиргааны байгууллагаас хуулиар эрх олгогдоогүй тохиолдолд хүний эрх, эрх чөлөө, эд хөрөнгөнд халдсан захиргааны шийдвэр гаргасан тохиолдолд уг захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт болно.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд гуравдагч этгээд О.Э-д газар ашиглуулах эрх олгосон А/433 дугаар тушаал хэрхэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актын үндэслэлд хамаарч байгаа нь ойлгомжгүй байгаа бөгөөд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсч шүүхэд хандаж байгаа нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ямар нэгэн эргэлзээгүйгээр, биелэгдэх боломжтойгоор тодорхойлох учиртай бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг тул нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт хэмээн маргасан байхад шүүхээс хуулийн 47.1.7-д заасан тохиолдолд хамаарах эсэх талаар дүгнэлт өгөөгүй байхыг зэрэгцээ 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн хуулиар 2015 онд гарсан актад дүгнэлт хийх эсэхийг анхаараагүй байна.  

Гуравдагч этгээдээс “шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” хэмээн тайлбарлан маргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн тодруулсантай холбоотойгоор О.О шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх талаар анхан шатны шүүх нотлох баримт цуглуулж, дүгнэлт өгөх нь зүйтэй.

Мөн анхан шатны шүүх нь “захиргааны хэргийн шүүх иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг хянан шийдвэрлэдэг” талаар дурдсан ч энэ талаарх баримтыг цуглуулж, дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч “хариуцагч миний ашиглаж буй газартай давхцуулан гуравдагч этгээдэд газар ашиглах эрхийг олгосон нь буруу” хэмээн тайлбарлан маргаж байгаа, цаг хугацааны хувьд гуравдагч этгээдийн газар ашиглах эрх нэхэмжлэгчээс сүүлд үүссэн ч шүүхийн шийдвэр гарах үед нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн нь тодорхойгүй байна.

Учир нь хэрэгт авагдсан газар ашиглах 2011/83, 2014/31 дүгээр гэрчилгээ, газрын төлбөр төлсөн баримт зэргээс үзэхэд О.О-гийн газар ашиглах эрхийн хугацаа 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дууссан гэж үзэхээр байгаа бөгөөд үүнээс хойш нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хариуцагчаас сунгасан эсэх, тэрээр шүүхийн шийдвэр гарах үед уг газрыг ашиглах эрхтэй эсэх талаар анхан шатны шүүх нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт өгөх нь зүйтэй.

Гуравдагч этгээд О.Э-ы Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын О.О-д олгосон 2014/31 дугаартай газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгуулах” гэх бие даасан шаардлагын хувьд:

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалын холбогдох заалтаар О.Э-д Хан-Уул дүүргийн Зайсангийн ам гэх Богдхан уулын дархан цаазат газарт 0.6 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэж, газар ашиглах эрхийн 2015/728 дугаар гэрчилгээг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр олгосон байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.”, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1 - 34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална” гэж тус тус заажээ.

О.Э-ы Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд гаргасан 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 1368 м.кв талбайд аялал жуулчлалын чиглэлээр эзэмших хүсэлттэй байгаа тул зөвшөөрөл олгоно уу” гэх хүсэлт, Богдхан уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Иргэн О.Э-ы ...гаргасан хүсэлтийг хянан үзээд ...0.13 га талбай бүхий газар нь бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй болохыг тодорхойлов” гэх 724 дүгээр албан бичиг зэргээс үзэхэд гуравдагч этгээд хаана байрлах 1368 м.кв газрыг ашиглах хүсэлттэй байсан, хэрхэн, ямар үндэслэлээр газрын хэмжээ нь 0.6 га болж өөрчлөгдөн нэхэмжлэгчийн газартай давхацсан талаарх баримтуудыг цуглуулж, дүгнэлт өгөх шаардлагатай байна.

Дээрх ажиллагаа хийгдээгүй байхад давж заалдах шатны шүүх зөрчлийг арилган, дүгнэлт өгч хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0256 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, гуравдагч этгээд О.Э-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАТБААТАР

         ШҮҮГЧ                                                             Э.ХАЛИУНБАЯР

         ШҮҮГЧ                                                            Ц.САЙХАНТУЯА