Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2019/0717/З |
Дугаар | 157 |
Огноо | 2020-05-06 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 157
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хурлын дарга
Р.Ды нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч,
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал /шинээр байгуулагдсан/-д
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг,
Шүүгчид: Г.Банзрагч,
Д.Мөнхтуяа,
П.Соёл-Эрдэнэ,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 тоот тогтоолын 8 дугаар хороонд холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, уг илт хууль бус захиргааны актын дагуу хууль бусаар 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаанаас батлан гаргасан Тооллогын комисс байгуулах тухай 1 дүгээр тогтоол, Хурлын даргыг сонгох тухай 2 дугаар тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай 3 дугаар тогтоол, Хорооны Засаг даргыг сонгох тухай 4 дүгээр тогтоолыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0894 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 97 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Бг оролцуулж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0894 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47,2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасныг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 8 дугаар хороонд холбогдох хэсэг, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдааны Тооллогын комисс байгуулах тухай 1 дүгээр, Хурлын даргын сонгох тухай 2 дугаар, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай 3 дугаар, Хорооны Засаг даргын сонгох тухай 4 дүгээр тогтоолуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 97 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 894 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0894 дүгээр шийдвэр, 2020 оны 02 дугаар сарын 11- ний өдрийн 97 дугаар магадлалыг хүчингүй болгуулах тухай. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23.4-т “анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор зарлана” гэж заасан. Хорооны иргэдийн Нийтийн Хурал нь сонгуулийн үр дүнгээр байгуулагддаг байгууллага биш тул анхдугаар хуралдаанд дээрх заалтад дурдсан хугацаа хамаарахгүй юм.
4. Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Зөвлөмж чиглэл хүргүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 30 тоот “Зөвлөмж чиглэл хүргүүлэх тухай” албан бичгүүдийг тус дүүргийн 16 хороодын иргэдийн Нийтийн Хурлуудад хүргүүлсэн. Энэхүү зөвлөмжид иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхийн 4 жилийн хугацаа дуусгавар болоогүй хийгээд иргэдийн Нийтийн Хурлыг дэг журамтай, аливаа маргаан будлиангүйгээр зохион байгуулахын тулд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэгдсэн хуваарь батлан мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллах тухай дурдсан. Энэхүү зөвлөмжийг бүх хороодын иргэдийн Нийтийн Хурал хүлээн зөвшөөрч ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй болно. Үүний дагуу 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Хуваарь батлах тухай” А/06 тогтоолыг баталсан болно.
5. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид А/06 тогтоолоор хуралдааны товыг тогтоосон болохоос хуралдааныг зарлаагүй, хороодын иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд нь хуралдаан зарлан хуралдуулах тухай даалгасан байдаг. Тухайн хороодын иргэд хуралдаж хурлын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн Хурлын дарга, Тэргүүлэгчид, Засаг даргыг өөрсдийн саналаар сонгосон юм. Иймд 8 дугаар хорооны 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн иргэдийн Нийтийн хуралд хүрэлцэн ирсэн 286 иргэдийн саналыг үл харгалзан тус хуралдаанаас гарсан тогтоолуудыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх нь иргэдийн эрх ашгийг хөндөж байна.
6. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна”; мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно...” гэж заасан. Энэ нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчмыг тодорхойлон заасан зохицуулалт юм.
7. Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.4 дэх хэсэгт “Хурлаас гарсан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасны дагуу уг маргаан нь шүүхэд хамаарах асуудал биш юм. Тухайн иргэдийн Нийтийн Хуралд маргаан бүхий тогтоолуудыг хүчингүй болгох эрх нь байсаар байтал өөрсдөө энэ эрхээ хэрэгжүүлээгүй байдаг. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0894 дүгээр шийдвэр, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 97 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү.
ХЯНАВАЛ:
8. Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал нь “Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоол гаргаж, тус дүүргийн хороодын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах хуваарийг баталж, хороодын иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхэд бүдүүлгээр халдсан” гэж марган, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 8 дугаар хороонд холбогдох хэсэг болон уг захиргааны актын дагуу 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаанаас батлан гаргасан “Тооллогын комисс байгуулах тухай” 1 дүгээр тогтоол, “Хурлын даргыг сонгох тухай” 2 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 3 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 4 дүгээр тогтоолыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
9. Анхан болон давж заалдах шатны шүүхээс тухайн маргаанд Захиргааны ерөнхий хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид А/06 тогтоолоор хуралдааны товыг тогтоосон болохоос хуралдааныг зарлаагүй, хороодын иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд хуралдаан зарлан хуралдуулах тухай даалгасан байдаг. Тухайн хороодын иргэд хуралдаж хурлын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн Хурлын дарга, Тэргүүлэгчид, Засаг даргыг өөрсдийн саналаар сонгосон юм. Иймд 8 дугаар хорооны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн иргэдийн Нийтийн Хуралд хүрэлцэн ирсэн 286 иргэдийн саналыг үл харгалзан, тус хуралдаанаас гарсан тогтоолуудыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх нь иргэдийн эрх ашгийг хөндөж байна” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.
11. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж зааснаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааны товыг тогтоох, зарлан хуралдуулах бүрэн эрхийг тухайн Хурлын бүрэн эрх нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчдэд олгожээ.
12. Гэтэл Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар “Хуваарь батлах тухай” тогтоолоор, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 20.1.11, 23 дугаар зүйлийн 23.2, 23.10, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг тус тус үндэслэн, Хан-Уул дүүргийн Хороодын иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаан хуралдах хуваарийг хавсралтаар баталж, ...Анхдугаар хуралдааныг журмын дагуу тогтоосон хугацаанд зохион байгуулж хуралдахыг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон хороодын иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгаж, ...Анхдугаар хуралдааны зохион байгуулалтад хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр удирдан ажиллахыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй.
13. Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны товыг тогтоох, зарлан хуралдуулах бүрэн эрхийг тухайн Хурлын бүрэн эрх нь дуусгавар болж буй иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд олгосон байхад Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 14.00 цагт хуралдуулахаар товыг тогтоож, тогтоосон хугацаанд хуралдааныг зохион байгуулж хуралдахыг даалгаж, тус хуралдааны зохион байгуулалтад хяналт тавьж ажиллахыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 8 дугаар хороонд холбогдох хэсэг нь илт хууль бус захиргааны акт болно.
14. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: ...47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан; ...47.1.6.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж тус тус зааснаас үзвэл захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар, мөн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хуульд заагаагүй үндэслэлээр халдаж захиргааны акт гаргасан бол тухайн шийдвэрийг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй, дээрх байдлаар Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид А/06 дугаар тогтоолоор өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар, тус дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхэд халдсан захиргааны акт гаргасан нь тогтоогджээ.
15. Иймээс маргаан бүхий Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 8 дугаар хороонд холбогдох хэсэг, мөн уг тогтоолын дагуу 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас батлан гаргасан 1-4 дүгээр тогтоолуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох үндэслэлтэй, энэ талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.
16. Эдгээр үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0894 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 97 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА