| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2511006590157 |
| Дугаар | 2025/ДШМ/685 |
| Огноо | 2025-06-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Баасанжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/685
2025 06 02 2025/ДШМ/685
Л.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Баасанжаргал,
шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч Б.Г,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 20** оны ** дүгээр сарын **-ний өдрийн 2025/ШЦТ/*** дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Т давж заалдах гомдол гаргасныг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2511006590157 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Л.Т
Шүүгдэгч Л.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 1 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ***** дүүргийн .... дүгээр хороо, ******** тоотод Ц.Б маргалдаж, хүзүү хэсэгт нь хутгаар зүсэж, хүзүүнд нь сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Л.Т үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Л.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуу цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан хутгыг устгаж, Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т 246,300 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Т гаргасан давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Т миний бие бага насны буюую 9 настай хүүхэдтэйгээ ам бүл хоёулаа амьдардаг бөгөөд би Хавдар судлалын үндэсний төвийн цахилгаанчнаар ажилладаг юм. Надад оногдуулсан гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг миний бие биечлэн гүйцэтгэх боломжгүй, хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг, бага насны хүүхэдтэйгээ хоёулаа байдаг тул энэхүү нөхцлийг минь харгалзан торгуулийн ял оногдуулж өгөхийг хүсч байна. Өөрөөр хэлбэл, миний бие тогтсон ажил орлоготой, бага насны хүүхдээ асарч халамжилдаг, жирийн нэгэн аав билээ. Хэрэв надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх гэхээр үндсэн Хавдар судлалын үндэсний төвийн ажил минь цалгардах, цаашлаад уг ажлаасаа чөлөөлөгдөх хүртэл нөхцөл байдал үүсч болзошгүй байна. Ажилгүй боллоо гэхэд бага насны хүүхдээ тэжээн тэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байгааг минь харгалзан үзнэ үү. Иймд шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг өөрчилж, 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгөхийг хүсч байна. ...” гэв.
Шүүгдэгч Л.Т өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны ** дүгээр сарын **-ний өдрийн 2025/ШЦТ/**** дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна. Миний бие давж заалдах шатнаас эхлэн шүүгдэгч Л.Т өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч Л.Т давж заалдах гомдолд дурдсан 9 настай хүүхдийн хамт амьдардаг талаарх Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Эрүүл мэндийн даатгалын санд 246,300 төгрөгийг төлсөн баримт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа буюу Т.С нь 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн лавлагаа зэрэг хувийн байдалтай холбоотой баримтуудыг шүүхэд гаргаж өгч байна. Давж заалдах гомдолд дурдсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд байгаа. Хавдар судлалын үндэсний төвд хөдөлмөрийн гэрээгээр цахилгаанчин ажилтай. Хэрэв нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлэх юм бол үндсэн ажлаа орхигдуулна. Улмаар хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдах хүртэл нөхцөл байдал байж болзошгүй. Ажилгүй, орлогогүй болбол хүүхдээ тэжээн тэтгэх боломжгүй нөхцөл байдалд хүрэхээр байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар гомдол гаргасан, энэхүү гомдлыг дэмжиж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй. Хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Өмгөөлөгч надад дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй гэж хэлдэг. Сая шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч асуугаад байхад хэлсэнгүй. Шүүхэд гаргаж өгсөн 4 хуудас баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд торгох шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Э.Баасанжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Л.Т гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болох хүйтэн зэвсгээр хүний төвөнх хэсгийг 11x 0.1 см зүсэж хохирол, гэмтэл учруулсан болон түүний хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж хуульчилсан. Мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй.” гэж заасан. Шүүгдэгч Л.Т хувьд 58 настай, ам бүл 3 гэж мэдүүлж байсан. Хамтран амьдрагч Г.О бусадтай хардсан учраас дээрх гэмт хэргийг үйлдсэн. Түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Л.Тд холбогдох ********* дугаар эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.
1. Шүүгдэгч Л.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 1 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ****** дүүргийн ** дүгээр хороо, ********** тоотод Ц.Б маргалдаж, хүзүү хэсэгт нь хутгаар зүсэж хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:
хохирогч Ц.Б: “...Т дагуулж дэлгүүр ороод нэг шил 0,75 литрийн архи аваад тэднийд очсон. Нэг мэдэхэд эрүүний доод хэсгээ зүсүүлчихсэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилгээ хийлгэж байсан... Т нь намайг хутгаар зүсэж тухайн гэмтлийг учруулсан. ...” /хх-ийн 10-11/,
гэрч С.О: “...Т, Бнар нь хоорондоо маргалдаж зодолдоод, тухайн үед Т нь Б хүзүү хэсгийг шар иштэй хутгаар зүсээд цус нөж болохоор нь цагдаад дуудлага өгсөн. ...” /хх-ийн 13/ гэх мэдүүлгүүд,
хохирогч Ц.Б хүзүүний баруун урд хэсгээс баруун дээш ташуулдсан төвөнхийн түвшинд 11х0.1 см цайвар ягаан өнгийн товгор болон хонхор дунд хэсгээр мэс заслын утас бүхий, зарим хэсгээр оёдлын ором бүхий сорви гэсэн хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ЕГ0725/3263 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19/,
хэргийн газрын үзлэгээр хохирогч Ц.Б биед гэмтэл учруулсан “Шаргал өнгийн иштэй нэг ширхэг хутга” -ыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 4-7/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 27/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Шүүгдэгч Л.Т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Б маргалдаж, хутгаар түүний хүзүүний орчим зүсэж хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Анхан шатны шүүхээс Л.Т үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан Л.Т үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн байна.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялуудаас Л.Т хөнгөн гэмт хэргийг хутга буюу зэвсэг хэрэглэж учруулсан хэр хэмжээ, урьд энэ төрлийн гэмт хэрэгт торгох ял шийтгүүлж байсан хувийн байдлыг нь харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, 300 цагийн хугацаагаар оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн зорилгыг хангажээ.
Иймд шүүгдэгч Л.Т гаргасан “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.
4. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Т нь Эрүүл мэндийн даатгалын санд 246,000 төгрөгийг төлсөн гэж Төрийн сангийн ************дугаар дансанд 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 246,000 төгрөгийг шилжүүлсэн Худалдаа хөгжлийн банкны орлогын баримт гарган өгсөн ба тус баримтыг хэрэгт хавсаргасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 20** оны ** дүгээр сарын **-ний өдрийн 2025/ШЦТ/*** дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Т гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Л.Тнь 246,000 төгрөгийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө Төрийн сан банкны “MN090090100900020080” дугаар Эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд төлсөн болохыг дурдсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ