Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2018/ШЦТ/218

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Шүүгдэгч*******    нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******  холбогдох эрүүгийн 1718004460240 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,*******  1969 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр *******    суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, *******  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн *******    тоотод оршин суух хаягтай боловч тус хаягтаа амьдардаггүй буюу оршин суух тодорхой хаяггүй, урьд Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн *******   дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15-д зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 56 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 19 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *******    нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн *******   тоотод оршин суух иргэн *******  гэрийн хаалгыг тогшиж “гэртээ хонуулаач осгож үхлээ” хэмээн хэлж гэрт нь орж үүдний өрөөнд унтаж байгаад “Самсунг” маркийн гар утас 2 ширхэг /хуучин, дэлгэгддэг/, “Шарп” маркийн индукцэн плитка, даралтын аппарат 2 ширхэг, хонины шулсан мах 30 кг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 520.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******  өгсөн: Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч *******  өгсөн: ...Би 2017 оны12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө өөрийн гэр болох Дархан сумын *******  тоотод амарч байхад 00:00 цагийн орчим манай гэрийн хаалгыг нэг эмэгтэй хүн нүдээд “осгож үхлээ” гэхээр нь хаалгаа онгойлгож өгсөн. Тэр эмэгтэй манай гэрт орж ирээд “маш их баярлалаа, яасан сайхан сэтгэлтэй хүн бэ. Маргааш таны дансанд 40.000 төгрөг хийж өгнө өө” гэж хэлээд манай гэрийн үүдэнд унтаад өгсөн. Би тэр эмэгтэйг босохыг нь 1 цаг гаруй хүлээж байгаад унтчихсан байсан. Тэгээд босоод харахад нөгөө эмэгтэй байхгүй байсан ба би юмаа шалгаж үзэхэд манай гэрийн индукцэн плитка, тагтан дээр байсан савтай мах, авдар дээр байсан 2 ширхэг даралтын аппарат, унтаж байсан орны урдаас 2 ширхэг гар утас алга болсон байсан. Манай гэрт орсон эмэгтэйг харвал би танина” гэх мэдүүлэг /хх-ийн 33/,

Гэрч *******  өгсөн: ...манай аав 2017 оны 12 дугаар сарын 14-ний шөнө нэг эмэгтэйг гэртээ хонуулсан байсан. Би гэрийнх нь эд зүйлийг бүртгэж үзэхэд аавын самсунг маркийн 2 ширхэг гар утас, даралтын аппарат 2 ширхэг, Шарп маркийн индукцэн плитка, нэлээн их хэмжээний хонины мах зэрэг эд зүйл алдагдсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

Шүүгдэгч *******  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39-40/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай *******  1 дугаарыг сонгож баруун гар талын хамгийн захад суув. *******  2 дугаарыг сонгож голын байрлалд суув. 3 дугаарыг *******  сонгож зүүн захад суув. Хохирогч *******  нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний шөнө манай үүдний өрөөнд унтсан хүн бол 1 дугаарыг барьсан баруун захад сууж байгаа богино бараан өнгийн үстэй, цагаан шар өнгийн цувтай, цайвар шар царайтай эмэгтэй мөн байна гэж *******  танив” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-44/,

“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн *******  гэрээс алдагдсан Самсунг маркийн хуучин, нугастай гар утас 2 ширхэг, хонины шулсан цул мах 30 кг, даралтын аппарат 2 ширхэг, Шарп маркийн шинэ индукцэн плитка 1 ширхэг зэрэг эд зүйл нь нийт 520.000 төгрөгийн үнэтэй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-54/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч *******  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч*******  гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******   520.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчид 520.000 төгрөг төлсөн, хохирогч нь санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 111/-ээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.  

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******   нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч нь урьд Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15-д зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 56 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 19 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, шүүгчийн захирамжийн хуулбараар нотлогдож байна.

Гэвч 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж тус тус заажээ.

Мөн 2002 оны Эрүүгийн хуульд заасан “танхайн сэдэлтээр” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүн нь 2015 оны Эрүүгийн хуульд байхгүй болсон ба 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж” хүнийг алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.  

Ө*******  нд 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15-д зааснаар оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний дотор ял оногдуулах математик статистикийн аргачлалаар нийцүүлэн хасахад 16 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоогдож байгаа ба хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдах үедээ буюу 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар биеэр 13 жил 9 сар 16 хоногийн хорих ял эдэлсэн, шагналын 2 жил 6 сар 25 хоногтой, бүгд 16 жил 4 сар 11 хоногийн хорих ял эдэлсэн байна.

Иймд *******  г Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялыг бүрэн эдэлж дууссан өөрөөр хэлбэл хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн гэж үзэн ялыг нэмж нэгтгэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч *******  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 12 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******   Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******   нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч*******    нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар *******  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар *******  оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******  өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ИХТАМИР