Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 304/ШШ2026/00011

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, Е******* сайд А*******ын гудамжинд байрлах, Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймаг, Х*******-Ө******* сум, **-р баг, Т******* *** тоот хаягт оршин суух Н******* овогт А*******н З*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 7,733,753.21 /долоон сая долоон зуун гучин гурван мянга долоон зуун тавин гурван төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00641/и индекстэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасан журмаар хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч А.З******* нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хас банкны Булган салбараас 10,000,000 төгрөгийг барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан. Үүнээс хойш зээлээ төлж байгаад 2025 оны 01 дүгээр сараас хойш зээлээ төлөхгүй 201 хоног хугацаа хэтрүүлсэн байгаа. Иймд үндсэн зээл 6,973,704 төгрөг, зээлийн хүү 737,781 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,266 төгрөг, нийт 7,733,753.21 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч А.З*******д холбогдуулан нийт 7,733,753.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны өмнө хариуцагч А.З******* нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 7,733,753.21 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

Хариуцагч А.З*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,690 төгрөгөөс 69,345 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.З*******аас 69,345 төгрөгийг, улсын орлогоос 69,345 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй А.З*******д холбогдох 7,733,753.21/ долоон сая долоон зуун гучин гурван мянга долоон зуун тавин гурван төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,690 /нэг зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун гучин есөн төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.З*******аас 138,690 / нэг зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун гучин есөн төгрөг далан таван мөнгө / төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА