| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/01042/И |
| Дугаар | 304/ШШ2026/00015 |
| Огноо | 2025-12-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 304/ШШ2026/00015
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: У******* хот, Б******* дүүрэг, ** дүгээр хороо, т******* ** гудамж, ** тоотод хаягтай Ш******* овогт *******-*******ын Т*******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/01042/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.
Хүсэлт гаргагч Б.Т******* эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Т******* нь миний бие 1963 онд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн 62 настай. Би 1984 оны 10 дугаар сарын 15-наас 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хишиг-Өндөр суманд тасралтгүй ажилласан. Энэ үеийн хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлсэн. 1984 оны 10 дугаар сарын 15 нд ахуй үйлчилгээний төвд машинистаар ажилд орсон тушаал байгаа боловч 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлсөн тушаал олдохгүй 1986 оны 11 дүгээр сарын 11 нд 10-н жилийн дунд сургуулийн Хөдөлмөрийн өргөтгөлд няраваар орсон тушаал байгаа боловч 1987 оны 07 дугаар сарын 01 нд Хөдөлмөрийн өргөтгөлийг татан буулгасан. Хамт ажиллаж байсан хүмүүсийг чөлөөлсөн байх боловч миний нэр байхгүй. Цалин ч олдохгүй байна. Аймгийн архивын тасгаас ажиллаж байсан хугацааны цалин, тушаал гарахгүй байгаа тул ажилласан жилд орохгүй байна. Нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгох хүсэлт гаргасан байна. Иймд миний 1984 оны 10 сарын 15-наас 1989 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй ажилласан 6 жилийн хугацааг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ахуйн үйлчилгээний төвийн даргын 1984 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 75 дугаар Ажилчин ажилд авах тухай тушаал /хэргийн 5-р хуудас/,
-Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 11 сарын 11-ний өдрийн 80 дугаартай Ажилчин авах, ажил хүлээлцүүлэх тухай тушаал /хэргийн 6-р хуудас/,
-Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 39 дугаартай Ажил өөрчлөх тухай тушаал, тушаалын хавсралт /хэргийн 7,8-р хуудас/,
-Булган аймгийн Хишиг-Өндөр сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1987 оны 8 сарын 12-ны өдрийн Ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай №7 дугаартай захирамж,
-Булган аймгийн Хишиг-Өндөр сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1989 оны 09 сарын 12-ны өдрийн Ажилд авах тухай 41 дугаартай захирамж,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 сарын 12-ны өдрийн 14 дугаартай цалингийн цэсний лавлагаа зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 10 жилийн сургуулийн өргөтгөлд 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүртэл няраваар ажиллаж байсан бөгөөд тухайн үеийн цалин, тушаал архиваас гараагүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ахуйн үйлчилгээний төвийн уурын зууны машинистаар ажиллаж эхэлсэн үйл баримт тус төвийн даргын 1984 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 75 дугаартай тушаалын нотариатаар батлагдсан хуулбараар,
3.2.Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 10 жилийн дунд сургуульд нярваар ажиллаж эхэлсэн үйл баримт тус сургуулийн захирлын 1986 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 80 дугаартай тушаалын нотариатаар батлагдсан хуулбараар,
3.3.Булган аймгийн Хишиг-Өндөр сумын АДХГЗахиргааны 1987 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 87 дугаар захирамж, 1989 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 41 дүгээр захирамжаар цэцэрлэгийн сантехникчээр ажиллаж байсан үйл баримтууд тогтоогдож байна.
4.Мөн хүсэлт гаргагч нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 10 жилийн сургуульд 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүртэл уурын зуухны машинист, няраваар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, түүнд хавсарган ирүүлсэн баримтууд болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
5.Иймд хүсэлт гаргагч Б.Т*******ын Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ахуйн үйлчилгээний төв болон 10 жилийн сургуульд 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүртэл уурын зуухны машинист болон няраваар ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш******* овогт *******-*******ын Т*******ыг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ахуйн үйлчилгээний төвд уурын зуухны машинистаар 1984 оны 10 дугаар сарын 15-наас 1986 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 10 жилийн сургуульд 1986 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл няраваар, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын цэцэрлэгийн сантехникчээр 1987 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА