| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0197/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/219 |
| Огноо | 2018-06-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/219
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Банзрагч,
Улсын яллагч Н.Идэр,
Хохирогч Ө.Товчинсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* 1******* -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум Хөтөл хороололд байрлах Тоосгоны үйлдвэрийн манаач ******* гэрт хувийн маргааны улмаас иргэн ******* цохиж эрүүл мэндэд нь зүүн гарын богтос ясны битүү хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч ******* өгсөн: Хэрэг гардаг шөнө ******* гэрт шээчхээр нь түлхэж унагаасан. Тэгэхдээ гарыг нь хугалсан. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд нь 80.000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг,
Хохирогч******* өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 06-наас 11 дүгээр сарын 07-нд шилжих шөнө би******* гэрт хоносон. Шөнө бие засах гээд хувцсаа өмсөөд гарах гэтэл ******* “хулгайч минь юу хулгай хийчхээд гарах гээд байгаа юм бэ?” гэж хэлсэн. Тухайн үед би юу ч хулгай хийгээгүй ш дээ гэж хэлсэн. Харин ******* согтуу байсан учраас намайг явах нь гэж бодоод галын нарийн төмрөөр миний биеийн энд тэндгүй цохиж миний бие нэлээн хөхөрч, хавдсан. Мөн миний гарыг хугалсан. Шүүгдэгч ******* эмчилгээний зардалд 300.000 төгрөг нэхэмжилснээс 80.000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 220.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Гэрч ******* өгсөн: ...******* орилохоор нь би сэрсэн. Гэрэл асаагаад харахад ******* газар унасан хэвтэж байсан. ******* цохисон байх, гэрэл асаасны дараа ******* цохих гээд дайраад байхаар нь би “боль” гэж хэлээд болиулсан. ******* өглөө босоод гар өвдөөд байна гэж хэлсэн. Гурав хоногийн дараа ******* над руу утсаар ярихдаа гар жоохон эвгүй байна эмнэлэгт хэвтэнэ гэж байсан. Дараа нь зах дээр таарахад ******* цагдаад өгсөн байгаа миний гар хугарсан байна лээ гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1167 дугаартай “******* биед 2017 оны 11 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө бусдад зодуулсны улмаас зүүн гарын богтос ясны битүү хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Жич: 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн рентген зургийг үндэслэж дүгнэлтийг гаргав” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч******* хохирогч цохиж биед нь зүүн гарын богтос ясны битүү хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* биед зүүн гарын богтос ясны битүү хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардалд 220.000 төгрөг нэхэмжилж байна. Гэвч хохирогч нь эмчилгээтэй холбоотой баримтыг мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй байх тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч ******* оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР