Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 304/ШШ2026/00023

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б***** аймаг, Б******* сум, ** дугаар баг, А*******, **-** гудамж, ** тоотод оршин суух Б******* овогт Р*******ийн М*******ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Э.О*******, М.Н******* нарыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох тухай 304/2025/00969/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Р.М*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч нь Э.О*******, М.Н******* нарыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Би хөдөө аж ахуйн хоршоо дотор ломбард ажиллуулдаг юм. Миний бие Э.О*******, М.Н******* нартай 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж 825,400 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй өгсөн боловч өвсан өдрөөсөө хойш нэг ч хүү төлөлгүй явсаар 3,630,480 төгрөг болсон. Яваандаа хүүгээ 8%, 6%, 3% болгож багасгасан. Зээл авах үедээ Э.О*******, М.Н******* хоёр нь Булган сумын 4 дүгээр баг, Зүүн түрүүний 7 дугаар гудамжны 707 тоот хаяг дээр амьдарч байгаад хаана байгаа нь мэдэгдэхгүй сураггүй болсон. 2025 оны 05 дугаар сард оршин суудаг хаяг дээрээ ирж байрласныг нь дуулаад очиж уулзсан. Тэгэхэд нөхөр М.Н******* нь зээлээ багасгаж өгөөч гэхээр нь 2,500,000 төгрөг болгоё болох уу? гэхэд болно, 5 сарын хугацаанд хуваагаад төлөөд дуусгана гэж хэлэхээр нь 3-4 сарын хугацаанд хүлээгээд өгөхгүй болохоор нь эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч тухайн хүмүүс оршин суугаа хаягтаа байхгүй, нүүгээд явчихсан байсан. Иймд Э.О*******, М.Н******* нарыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж, оршин суугаа хаягийг олж тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-31663240001 дугаартай бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 3-р хуудас/,

-хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,

-Э.О*******, М.Н******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 5-6-р хуудас/,

-улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 7-р хуудас/,

-барьцаат зээлийн гэрээ /хэргийн 8-р хуудас/,

-Булган аймгийн Булган сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 9-р хуудас/,

-Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 10 сарын 24-ний өдрийн 304/ТБ2025/00040 дугаартай Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай баримт зэрэг болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Р.М*******ын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагч нь Э.О*******, М.Н******* нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахад иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийн хаяг тодорхойгүй байх тул шүүхээр эрэн сурвалжлуулж оршин суугаа хаягийг тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч нь Э.О*******, М.Н******* нарт холбогдуулан эвлэрүүлэн зуучлагчид хандан өргөдөл гаргасан боловч уригдагч тал өргөдөлд бичигдсэн хаягтаа байхгүй байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүх Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болох Т******* овогт М*******гийн Н******* /РД:************/, ******* овогт Эын О******* /ИБД:************/ нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажлыг Булган аймаг дахь Цагдаагийн газарт даалган шийдвэрлэхээр тогтов.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болох Т******* овогт М*******гийн Н******* /РД:**********/, ******* овогт Эын О******* /ИБД:**************/ нарыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Т******* овогт М*******гийн Н******* /РД:************/, ******* овогт Эын О******* /ИБД:**************/ нарыг эрэн сурвалжлах, тэдгээрийн оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Булган аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА