| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 102/2017/00653/И |
| Дугаар | 210/МА2018/00036 |
| Огноо | 2017-12-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2018/00036
| 2017 12 27 | 00036 |
Эду хэлп ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02613 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Эду хэлп ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Оюунжаргалд холбогдох
9 720 000 төгрөг гаргуулах үндсэн, 2 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Цолмонбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч Эду хэлп ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2016 оны 03 сараас Ц.Оюунжаргалыг компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилж, итгэл хүлээлгэн тал бүрээс нь дэмжиж ажиллуулсан боловч бидний итгэлийг хөсөрдүүлэн ажлын хариуцлага алдсан тул 2016 оны 09 сарын 27-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн. Тэрээр ажиллаж байсан хугацаандаа үүсгэсэн өр төлбөр, зээл, хохирлын асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөхгүй компанийг хохироосоор байна. Ц.Оюунжаргалын нөхөртөө машин авах гэсэн юм 4 000 000 төгрөг зээлээч гэсэн хүсэлтийн дагуу 4 000 000 төгрөгийг түүнд зээлдүүлсэн. 2016 оны 07 сард БНСУ-ын их дээд сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд компанийг төлөөлөн ерөнхий захирал Э.Дуламсүрэн миний бие, гүйцэтгэх захирал Ц.Оюунжаргал бид БНСУ руу зорчихоор виз хүсэхэд баталгаа болгон хүн тус бүр 5 000 000 төгрөгийг хадгаламжийн дансанд байршуулах шаардлагатай болсон ба уг мөнгийг компаниас гаргаж хүн тус бүрийн нэр дээрх хадгаламжийн дансанд байршуулж, БНСУ-д зорчиж ирсний дараа буцаан компанид шилжүүлэх байсан боловч Ц.Оюунжаргал нь өнөөдрийг хүртэл уг мөнгийг шилжүүлэхгүй байна. Манай компанийн үйлчлүүлэгчдээс авах гэрээний төлбөр болох 720 000 төгрөгийг Ц.Оюунжаргал нь өөрөө хувьдаа шилжүүлэн авч завшсан. Ц.Оюунжаргалын нөхөр Б.Чинзориг манай компанийн менежер Д.Лхагвасамдангаас мөнгө нэхэн үгийн зөрүүгүй зодож нүдсэн. Уг үйлдэл нь эрүүгийн журмаар шалгаглаж байгаа болно. Хариуцагч Ц.Оюунжаргалаас 9 720 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Оюунжаргал болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Эдү Хэлп ХХК-ийн захирал Э.Дуламсүрэн болон Д.Лхагвасамдан нар нь гэр бүлийн хүмүүс бөгөөд 2016 оны 01 сард хамтарч компани байгуулж ажиллах санал тавьж, 03 сард ногдол ашиг буюу 40 хувийн ашиг ав, ажлаа эхлүүлэх талаар ярьсан. 2016 оны 09 сард ногдол ашиг хуваах болтол өгөөгүй. Хариуцагч нь ажлын хариуцлага алдаж тус компанид хохиролд учруулсан зүйл байхгүй. 720 000 төгрөгийн тухайд Ц.Оюунжаргалын өөрийнх нь мөнгө бөгөөд нөхөртөө машин авч өгнө гэж 4 000 000 төгрөг зээлсэн гэдэг нь огт үндэслэлгүй. Харин компанид тавилга авахад нөхөр нь 2 000 000 төгрөг өгч тусалж байсан ба хэн нэгнээс мөнгө зээлж машин авах хүн биш. Эду Хэлп ХХК-ийн данснаас Солонгос улс руу Дуламсүрэнгийн хамт явахын тулд 10 000 000 төгрөг гаргуулаагүй, уг зардлыг Шинхан их сургууль даасан.
Эду хэлп ХХК-д хадгаламжийн данс байхгүй. Бид хамтын данс үүсгэн өдөр бүр ашгаа хийж байсан ба 09 сарын 30-ны өдөр гэхэд бараг 30 000 000 төгрөг болох байсан бөгөөд үүний 40 хувийг авах байсан. н.Дуламсүрэн 720 000 төгрөгийн 220 000 төгрөгийг дансандаа авчих гэсэн бөгөөд намайг ажлаас халахдаа 9 сарын сүүлийн цалинд тооцсон. Хариуцагчийн нөхөр Ц.Оюунжаргалын оруулсан ашгийг өгөөд салцгаая гэтэл Лхагвасамдан ам хэлээр дайрч, зодолдсон асуудал хэрэгсэхгүй болсон гэжээ.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Эду Хэлп ХХК нь гадаадад оюутан зуучлалын үйл ажиллагаа явуулж эхлэхэд ямар ч тавилга байхгүй байсан бөгөөд Э.Дуламсүрэн болон Д.Лхагвасамдам нар оффисын тавилгыг аваад тавьчих, бид удахгүй мөнгийг төлнө гэсний дагуу нөхөр Б.Чинзоригтоос 2 000 000 төгрөг авч тавилга авсан. Уг тавилгууд өнөөдрийг хүртэл Эду Хэлп ХХК-ийн UBH центрийн 1510 тоот хаягт байрлах оффист байгаа болно. Говь хангай мебель ХХК-аас оффис буйдан 500 000 төгрөг, ширээг 99 000 төгрөг, татвар 50 000 төгрөг, нийт 600 000 төгрөгийг дансаар, 49 000 төгрөгийг бэлнээр төлж авсан. Тод мебель ХХК-д нийт 1 315 000 төгрөгийг дансаар шилжүүлж тавилга авсан. Иймд оффис тохижуулахад зарцуулсан 2 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Манай компани тавилга эд зүйлс авахад мөнгө дутсан тул 2 000 000 төгрөгийг Ц.Оюунжаргалаас зээлж авсан. 2016 оны 04 сарын 01-ний өдөр 1 300 000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл мөнгийг бэлнээр өгч дуусгасан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ц.Оюунжаргалаас 5 220 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эду хэлп ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4 500 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 401 дүгээр зүйлийн 401.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Эду хэлп ХХК-аас 615 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Ц.Оюунжаргалд олгож, сөрөг нэхэмжлэлээс 1 385 000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 170 470 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлд хариуцагчаас төлсөн 46 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 98 470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 19 100 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч "Эду Хэлп" ХХК нь шүүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...компаниас 10 000 000 (арван сая төгрөг) гаргаж Ц.Оюунжаргалд 5 000 000 төгрөгийг хадгаламжийн дансанд байршуулахаар өгсөн... хэмээн тайлбарладаг. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар 2016 оны 06 дугаар сарын 24-нд 10 000 000 төгрөгийн зарлага гаргасан данс нь Д.Лхагвасамдан, Э.Дуламсүрэн, Ц.Оюунжаргал нарын данс болох нь нотлогддог.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар Эду хэлп ХХК ямар нэгэн байдлаар хохирсон зүйл байхгүй байх тул Эду Хэлпу ХХК-ийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.
Хаан банк болон иргэн Ц.Оюунжаргал нарын хооронд байгуулсан Солонгосын виз хүссэн иргэдэд зориулсан тусгай дансны хадгаламжийн гэрээ Э.Дуламсүрэнгээс 5 000 000 төгрөг авсан гэдгийг нотлосон баримт биш юм. Д.Лхагвасамдан, Э.Дуламсүрэн, Ц.Оюунжаргал нарын дундын данснаас 10 000 000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн дансны хуулга байдаг боловч Ц.Оюунжаргалд 5 000 000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга байдаггүй.
Аж ахуй нэгж, компанийн нэрийн дор БНСУ-ыг зорьж байгаа бүхий л иргэд виз хүсэх өргөдөл гаргахдаа тухайн байгууллагаас бүхий л зардлыг гаргаж байгаа гэсэн агуулгыг оруулдаг нийтийн жишиг тогтсон. Учир нь дээрх хүсэлтийг гаргах нь БНСУ-ын виз гарах магадлалыг ихэсгэдэг ач холбогдолтой юм. Бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтыг компани өөрийн тамга тэмдгийг ашиглан хэдийд ч нөхөн хийсэн байх боломжтой. Шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн хариуцагчаас 5 000 000 төгрөг гаргуулах нь үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг хийж байгаа нь хэт нэг талыг барьсан гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нь зөвхөн өөрийн гаргасан тайлбар болон тухайн үед банкнаас 10 000 000 төгрөгийн зарлага хийсэн баримтыг далимдуулан хариуцагчид 5 000 000 төгрөг өгсөн гэж гүтгэж байгаа бөгөөд ямар ч нотлох баримтаар Ц.Оюунжаргалд 5 000 000 төгрөг өгсөн нь тогтоогддоггүй. Мөн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчид дээрх төлбөрийг буцааж төлөх ямар нэгэн тохиролцоо, түүнийг баталсан нотлох баримт байхгүй байсаар байтал зөвхөн нэхэмжлэгчийн амаар өгсөн тайлбарыг үндэслэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч нь "Эду хэлп" ХХК-д 2016 оны 03 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд компанийн оффист зориулан 2 000 000 төгрөгөөр тавилга авч тохижуулсан. Гэтэл дээрх төлбөрийг "Эду хэлп" ХХК нь өнөөдрийг хүртэл буцааж төлөөгүй бөгөөд Д.Лхагвасамдангийн данснаас 1 300 000 төгрөгийг шилжүүлсэн хэмээн худал гүтгэсэн. Д.Лхагвасамдан нь Ц.Оюунжаргалд өөр өр төлбөрийн харилцаатай байсан бөгөөд түүнийгээ шилжүүлсэн төлбөрийг тавилга авсан мөнгө хэмээн гуйвуулж тайлбарласан. Нэхэмжлэгч нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг үйл ажиллагаанаас бий болсон үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг хуулийн этгээд болохын хувьд компанид оруулсан 2 000 000 төгрөгийг Ц.Оюунжаргалын өмнө хариуцан төлөх үүрэгтэй. Гэтэл шүүх Эду Хэлп ХХК-ийн хариуцан төлөх үүрэгтэй төлбөрийг хөндлөнгийн этгээдийн дансны хуулга дээр үндэслэн төлсөн хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй юм. Иймд нэхэмжлэгч Ц.Оюунжаргалаас 5 220 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эду Хэлп ХХК-д олгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Эду хэлп ХХК нь хариуцагч Ц.Оюунжаргалд холбогдуулан БНСУ руу зорчихоор виз хүсэхэд баталгаа болгон түүний нэр дээр хадгаламжид байршуулсан 5 000 000 төгрөг, түүнд зээлдүүлсэн 4 000 000 төгрөг, компанийн нэрийн өмнөөс үйлчлүүлэгчдээс авсан 720 000 төгрөг, нийт 9 720 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч компанид тавилга авахад зарцуулсан гэж 2 000 000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.
Хариуцагч Ц.Оюунжаргал нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгч Эду хэлп ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад тус компанийн ерөнхий захирлын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 03 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.
Хэрэгт нэхэмжлэгч компанийн ерөнхий захирал Э.Дуламсүрэн нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өөрийн компанийн данснаас 10 000 000 төгрөг авсан тухай кассын зарлагын баримт, хариуцагч Ц.Оюунжаргалын нэр дээр мөн өдөр Солонгосын виз хүссэн иргэдэд зориулсан хугацаат хадгаламжийн данс нээлгэн 5 000 000 төгрөг байршуулсан, Ц.Оюунжаргалын БНСУ-ын Элчин сайдын яаманд гаргасан өргөдөл зэрэг баримтууд авагдсан байх ба анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу дээрх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж, Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 5 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчид 4 000 000 төгрөг зээлдүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлоогүй тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй.
Харин хариуцагч нь компанийн үйлчлүүлэгчдээс гэрээний төлбөрт авах байсан 720 000 төгрөгөөс 220 000 төгрөгийг Э.Дуламсүрэн дансандаа авчих гэсний дагуу авсан, гэхдээ уг мөнгийг ажлаас халагдахдаа 9 дүгээр сарын сүүлийн цалинд тооцсон гэж тайлбарлажээ. Нэхэмжлэлийн уг шаардлагаас 500 000 төгрөгийг хариуцагч авсан эсэх нь баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь баримтаар нотлоогүй тул хариуцагчийн зөвшөөрсөн 220 000 төгрөгийн хэмжээнд гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Хариуцагч нь Эду хэлп ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа уг компанид авч өгсөн тавилганы үнэ 2 000 000 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаардсаныг нэхэмжлэгч эс зөвшөөрч 1 300 000 төгрөгийг дансаар, 615 000 төгрөгийн бэлнээр төлсөн гээд татгалзлаа нотлохоор нэхэмжлэгч компанийн ерөнхий захирал Э.Дуламсүрэнгийн нөхөр буюу тус компанийн менежер Д.Лхагвасамдангийн Худалдаа хөгжлийн банкны харилцах дансны гүйлгээний хуулгыг хавсаргажээ.
Уг баримтаар Д.Лхагвасамдан нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч Ц.Оюунжаргалд тавилгын үнэд 1 300 000 төгрөг шилжүүлсэн болох нь тогдоогдож байна. Харин 615 000 төгрөгийг бэлнээр төлсөн эсэхийг нотлох баримт байхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 615 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02613 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 120 770 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
А.МӨНХЗУЛ