Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/224

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч Н.Идэр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ********  холбогдох эрүүгийн 1818004090230 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,******** /, 1968 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бага дунд боловсролтой, ********  мэргэжилтэй, ********ийн манаач ажилтай, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Х******** оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******** нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг “********” гэх газар хувийн маргааны улмаас иргэн ********ыг зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхины нулимсны сувгийн урагдал, баруун нүдний нулимсны сувгийн сэргээх мэс ажилбарын дараах байдал, баруун нүдний доод зовхи ба хүзүү хоолойн баруун өмнө хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:  

Хэрэгт авагдсан

- ...********ах намайг машин дотор сууж байхад шууд цохисон. Тэгээд би машинаас буугаад бид хоёр барилцсан. ********ах намайг футболкоор боогоод шууд зодсон. Тэгээд би босож ирсэн чинь ********ах зугтсан гэх хохирогч ********ын мэдүүлэг /хх-ийн 8-9/,

- ******** буюу ******** бид хоёр зууралцаж байгаад хамтдаа газарт унасан. Бид босож ирэхэд ********гийн нүднээс цус гарч байсан. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 1.600.000 төгрөг бэлнээр өгсөн гэх шүүгдэгч ********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26/,

- ******** бусдад зодуулсан гэх, толгой өвдөнө, дээд шүд болон уруул чинэрч өвдөнө, баруун нүдний зовхи язарсан, дээд 2 үүдэн шүд хөдөлгөөнтэй, дээд уруул дотор талд язарсан гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 14/,

- ********ын биед баруун нүдний доод зовхины нулимсны сувгийн урагдалт, баруун нүдний нулимсны сувгийг сэргээх мэс ажилбарын дараах байдал, баруун нүдний доод зовхи ба хүзүү хоолойн баруун өмнө хэсгийн цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. ******** учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн ерөнхий чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 551 дугаартай дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч ********ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ********ын биед баруун нүдний доод зовхины нулимсны сувгийн урагдалт, баруун нүдний нулимсны сувгийг сэргээх мэс ажилбарын дараах байдал, баруун нүдний доод зовхи ба хүзүү хоолойн баруун өмнө хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардал, нөхөн төлбөрт 1.600.000 төгрөг төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч ********ын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр бичсэн “эмчилгээний зардалд 1.600.000 төгрөг авсан. цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх баталгаа /хх-ийн 43/ болон шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч ******** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.  

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч ********эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******** нь “********” ХК-д сахиул ажилтай, сарын дундаж цалин 600.000 төгрөг болох нь “********” ХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 216 дугаартай албан бичиг /хх-ийн 30/-ээр тодорхойлогдож байх тул түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ******** нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******** нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ********ийг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар ********т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ИХТАМИР