Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/748

 

 

 

 

 

                                                                  

 

    2025          06            17                                           2025/ДШМ/748

 

Д.Г, Д.Г, Д.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Онон,

яллагдагч Д.Г, түүний өмгөөлөгч Э.Туул,

яллагдагч Д.Г, түүнийн өмгөөлөгч Д.Чинзориг,

яллагдагч Д.Б, түүний өмгөөлөгч Н.Батболд, 

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан, 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 2025/ШЗ/3473 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Онон 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 46 дугаар прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Д.Г, Д.Г, Д.Б нарт холбогдох 2401000080472 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ш овгийн Д-ын Г .............................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

2. Б овгийн Д-ын Г .............................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

3. Б овгийн Д-ны Б .............................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;  

Яллагдагч Д.Г нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлого, зохицуулалтын газрын даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3 дахь заалтанд заасан албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, мөн хуулийн зүйл, хэсгийн 7.1.6 дахь заалтанд заасан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна., 6.4 дэх хэсэгт Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ., 6.5 дахь хэсэгт Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ гэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.7 дахь заалтанд ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.2 дахь заалтанд өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2 дахь заалтанд албаны эрх мэдлээ хэтрүүлэх гэж заасныг тус тус зөрчиж “О .... констракшн” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Г-ийн “О ...... тауэр” төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан онцгой төвөгшилтэй барилгын зөвшөөрөл авах ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж буюу “Монголын барилгын үндэсний ассоциаци” төрийн бус байгууллагын Барилгын тусгай зөвшөөрлийн хэлтсийн дарга Х.Г-тай холбогдож, түүнд хууль бусаар нөлөөлж “О .... констракшн” ХХК-ийн барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлд нэмэлт ажлын төрөл олгох хүсэлтийг баталгаажуулж, тусгай зөвшөөрөл гаргуулан өгсний хариуд 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сеntral tower” үйлчилгээний төвийн 3 давхарт байрлах кофе шопод Д.Г-оос “О ...... консалтинг” ХХК-ийн төслийн зөвлөх ажилтай С.Г-аар дамжуулан бэлнээр 20.000.000 төгрөгийн хахууль авсан,

мөн “Г б констракшн” ХХК-ийн захирал Д.Б-ын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлийн тулд буюу ......... дүүргийн ........ дугаар хороо, Глобал таун хотхоны D блокын барилгыг хүлээн авах улсын комиссын шийдвэрийг баталгаажуулж, гарын үсэг зурахын тулд 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ................... дүүргийн ....... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилга, барилгын материалын бодлого зохицуулалтын газрын албан өрөөндөө байхдаа Д.Б-аас бэлнээр 6.615.000 төгрөг буюу 1500 GBР хахууль авч үргэлжилсэн үйлдлээр бусдаас нийт 26.615.000 төгрөгийн хахууль авсан,  

яллагдагч Д.Г нь “О ...... тауэр” төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан онцгой төвөгшилтэй барилгын зөвшөөрөл авах гэсэн ашиг сонирхлын үүднээс буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Г-ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сеntral tower” үйлчилгээний төвийн 3 давхарт байрлах кофе шопод Д.Г-оос “О ...... консалтинг” ХХК-ийн төслийн зөвлөх ажилтай С.Г-аар дамжуулан бэлнээр 20.000.000 төгрөгийн хахууль өгсөн,

яллагдагч Д.Б нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Г-ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан ......... дүүргийн ........ дугаар хороо, Глобал таун хотхоны D блокын барилгыг хүлээн авах улсын комиссын шийдвэрийг баталгаажуулж, гарын үсэг зурахын тулд 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ................... дүүргийн ....... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилга, барилгын материалын бодлого зохицуулалтын газрын албан өрөөндөө байхдаа Д.Б-аас бэлнээр 6.615.000 төгрөг буюу 1500 GВР хахууль авч үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 26.615.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Д.Г, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 315 дугаар прокурорын тогтоолоор “...Эрүүгийн 2401000080472 дугаартай хэрэгт ......... дүүргийн .... дүгээр хороо .... дугаар хэсэг С Р коунти ...... дугаар байрны .... тоотод оршин суух А овогтой В-ийн Э /РД: .........../ нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтан буюу Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Г-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 давхар “А ж тауэр” төвийг ашиглалтанд оруулах комиссын шийдвэрийг баталгаажуулж 24/09 дугаар дүгнэлт гаргуулж өгсний хариуд 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран молл” худалдааны төвийн замын урд талд байрлах автобусны буудал дээр бэлнээр 2.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай” (6 дахь хавтаст хэргийн 96- 98 дахь тал) гэсний дагуу В.Э-ыг яллагдагчаар татсан байна.

А групп ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьсан оффис үйлчилгээний зориулалттай 21 давхар барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын даргаар ажилласан. ... 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ...В.Э- нь надтай уулзъя гэж өдрөөс хойш яриад байсан. Намайг дансны дугаараа өгчихөөч мөнгө шилжүүлье гэсэн. Тэгээд 2024 оны 6 дугаар сарын 20-ны орой Наран молл үйлчилгээний төвийн автобусны буудал дээр уулзсан. ... 1 боодол 20.000-ын дэвсгэрт буюу 2.000.000 төгрөг бэлнээр өгсөн. ...” гэж (4 дэх хавтаст хэргийн 211-212 дахь тал) мэдүүлсэн байна. Яллагдагч Д.Г-ын мэдүүлэг болон В.Э-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран молл” худалдааны төвийн замын урд талд байрлах автобусны буудал дээр бэлнээр 2.000.000 төгрөг авсан, өгсөн талаар зөрүүгүйгээр мэдүүлжээ.

Мөрдөгчийн бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл (4 дэх хавтаст хэргийн 62 дахь тал), Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах тухай комиссын дүгнэлт 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2024/09 дүгээр “...онцгой төвөгшилтэй ангилалын барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүгнэлт гаргасан: Комиссын дарга Д.Г, ...Комиссын нарийн бичгийн дарга П.С” гэх дүгнэлт (4 дэх хавтаст хэргийн 63-65 дахь тал) зэрэг баримтууд болоод хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудтай танилцахад яллагдагч Д.Г нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан А ж констракшн ХХК-ийн 21 давхар оффис, үйлчилгээний зориулалттай 98 автомашины дулаан зогсоолтой барилгыг ашиглалтанд оруулах эсэхийг шийдвэрлэх комиссын даргаар ажиллаж 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтанд оруулах тухай шийдвэр гаргасан байна.

1. Яллагдагч Д.Г нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан “А ж констракшн” ХХК-ийн 21 давхар оффис, үйлчилгээний зориулалттай 98 автомашины дулаан зогсоолтой барилгыг ашиглалтанд оруулах эсэхийг шийдвэрлэх комиссын даргаар ажиллаж, мөн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр буюу тухайн барилгыг ашиглалтанд оруулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргаж албаны чиг үүргээ хэрэгжүүлж буй тэр цаг хугацаанд “А ж констракшн” ХХК-ыг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий этгээд болох В.Э-аас 2.000.000 төгрөгийг авч байгаа нь ашиг сонирхлын хувьд Д.Г нь нийтийн албан тушаалтны хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлж тухайн барилгыг ашиглалтанд оруулах эсэхийг шийдвэрлэх эрх бүхий этгээд боловч хувийн ашиг сонирхлын үүднээс өөртэй нь ашиг сонирхлын хувьд зөрчилдөх этгээдээс 2.000.000 төгрөгийг гадаад улс руу гэр бүлээрээ явахдаа хэрэглэхээр авсан гэж байгаа нь нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул яллагдагч Д.Г, В.Э- нарт холбогдох дээрх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон шийдвэрт прокурор хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт дахин хийх шаардлагатай гэж үзлээ.

2. Мөрдөгчийн тэмдэглэлд “...Д овогтой Г-ын албан тасалгаа болон орон байранд нэгжлэг хийх ажиллагааг явуулж хураан авсан мөнгөн тэмдэгтээс хахуульд авсан гэх 28.615.000 төгрөгөө Төрийн сангийн дансанд байршуулахаа илэрхийлсэн ...тус нэгжлэгийн явцад түр хураан авсан “...нийт 19.268 ам.доллар, ...Японы 13.000 иень, ...Туркийн 1050 лир, ...БНХАУ-ын 7800 юань, ...Швейцарын 170 франк, ...1575 евро, ...30000 рубль прокурорын болон шүүхийн шийдвэр гарах хүртэл түр хугацаагаар сери дугаарын дагуу хадгалагдаж байна” (6 дахь хавтаст хэргийн 35-37 дахь тал), Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №4/2023 албан тоотод “...Жич яллагдагч Д.Г-ын гэрт хийсэн нэгжлэгийн үеэр хураан авсан нийт 77.210.752 төгрөгтэй дүйцэх гадаад валютыг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа болно” гэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсэгт улсын төсөвт шилжүүлнэ гэж зааснаар яллагдагч Д.Г-ын гэр болон албан тасалгаанд нэгжлэг хийх үед хураан авсан гадаад улсын мөнгөн тэмдэгтүүд болох 77.210.752 төгрөгтэй дүйцэх гадаад вальютыг гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлого гэж үзвэл Эрүүгийн хуульд зааснаар хураан авч улсын төсөвт шилжүүлэхээр шүүхэд хүргүүлэх, гэмт хэргийн замаар буюу өөр бусад хууль бус эх үүсвэрээс бий болсон орлого биш гэж үзвэл мөрдөн шалгах, прокурорын хяналтын шатанд зохих хууль, журамд заасны дагуу шийдвэрлэх, шүүхэд шилжүүлж байгаа тохиолдолд ямар зорилгоор шилжүүлж байгааг тодорхойлох, нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө орлогын эх үүсвэрийг тайлбарлах үүргээ биелүүлж чадаагүй бол хууль зүйн дүгнэлт хийж холбогдох шийдвэрийг прокурор гаргах нь зүйтэй.

Дээрх ажиллагаануудыг хийж гүйцэтгэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.З, 1.5, 1.6 дахь заалтад тус тус заасан нотолбол зохих байдлыг нотлох ач холбогдолтой болно.

Яллагдагч Д.Г, Д.Г, Д.Б нарт холбогдох эрүүгийн 2401 00008 0472 дугаартай хэрэгт холбогдох дээрх ажиллагаануудыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 6 дахь хэсгийн 6.15 дахь заалт, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус зааснаар яллагдагч Д.Г, Д.Г, Д.Б нарт холбогдох эрүүгийн 2401 00008 0472 дугаар хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэв. ...” гээд хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

   Прокурор Г.Онон бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тус прокурорын газраас 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 315 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолоор В.Э-ыг “...Хот байгуулалт, Барилга, Орон сууцжуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Г-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2,000,000 төгрөгийн хахууль өгсөн...” гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

Улмаар хэргийн оролцогчоос гаргасан гомдлын дагуу тус дээд шатны прокуророос хэргийг хянаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Түүнчлэн дээд шатны прокуророос В.Э-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан нэр бүхий гэрч нарын мэдүүлэг, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2024/09 дугаар комиссын дүгнэлт, дүгнэлттэй холбоотой холбогдох баримтууд болон мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа зэрэг баримтуудаар гэрч, яллагдагч нарын мэдүүлгүүд нь өөр бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн, эсхүл тэдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байх” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, ...нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасныг баримтлан В.Э- нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтанд 2,000,000 төгрөг өгч, хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, В.Э- болон Д.Г нарын дээрх үйл баримттай холбогдуулан өгсөн мэдүүлгүүд болон бусад гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэсэн, бусад байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй гэж тодорхой хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Гэтэл анхан шатны шүүх нь прокуророос Д.Г, Д.Г, Д.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шилжүүлсэн байхад В.Э-ын үйлдэлд дүгнэлт хийж хэргийг буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” мөн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

2. Тус хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1710 дугаартай прокурорын зөвшөөрлийн дагуу яллагдагч Д овогтой Г-ын албан өрөөнд нэгжлэг хийх явцад нийт 105,825,752 төгрөгтэй дүйцэх гадаад валютыг хураан авсан, дээрх хураан авсан нийт 77,210,752 төгрөгтэй дүйцэх гадаад валюттай холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас олсон хууль бус хөрөнгө, орлого гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй болно.

Дээрх хуульд заасан үндэслэл, журмын дагуу прокуророос хэрэгт нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан нийт 77,210,752 төгрөгтэй дүйцэх гадаад валютыг зохих журмын дагуу мөрдөх байгууллагын эд мөрийн баримт хадгалах тусгай өрөөнд хадгалагдаж байгаа талаар холбогдох баримтыг хэрэгт хавсарган, яллах дүгнэлтийн хавсралтад тусгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, эсхүл хэргийн оролцогч нарын эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй болно.

Иймд яллагдагч Д.Г нарт холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцэж хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.   

Яллагдагч Д.Г-ын өмгөөлөгч Э.Туул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Д.Г-ын гэрээс нэгжлэгийн явцад 120.000.000 төгрөг хурааж авсан. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, хахуульд авсан мөнгийг өөрийн хүсэлтээр Авлигатай тэмцэх газрын хохирол төлбөрийн дансанд шилжүүлсэн. Үлдсэн 77,210,752 төгрөгийг гэмт хэргийн улмаас олоогүй гэдгээ Д.Г-ын үзгээс нотолсон. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 200 гаруй хуудас нотлох баримтыг гаргаж өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас олсон орлого гэж үзэх боломжгүй талаар прокурор дүгнэсэн. Шүүхээс гэмт хэргийн улмаас олсон орлогод тооцоогүй нөхцөлд прокурорын шатанд шийдвэрлэх боломжтой талаар анхан шатны шүүхийн шүүгч захирамжийн 8, 9 дүгээр заалтад дурдсан. 77,210,752 төгрөг Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд байгаа учраас шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа буцааж авах зорилготой. Д.Г-ын тухайд 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн гэмт хэрэгт холбогдож шалгагдсанаас хойш өнөөдрийг хүртэл цагдан хохирогдож байна. Яллагдагч нар хуулийн байгууллагын шалгаж тогтоосон үйл баримтыг хүлээн зөвшөөрч хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлэх байр суурьтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр 1 дэх хэсэгт “Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно” гэж заасан. Мөн 21.5 дугаар зүйлийн 6 хэсэгт “Хавтаст хэргийн материал, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох, улсын орлого болгох болон энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т заасан ажиллагааны журмыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор хамтран батална. Прокурор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, эд мөрийн баримт, гэмт үйлдлийн замаар олсон орлого, түүнтэй адилтган үзэх бусад эд зүйлийг хууль ёсны эзэмшигчид нь олгох, эсхүл улсын орлого болгуулахаар шүүхэд санал гаргаж шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасны дагуу Д.Г-ыг 77,210,752 төгрөгийг хууль бус орлогоор олсон хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй талаар прокурор дүгнэсэн. Хэргийг дахин мөрдөн шалгах ажиллагаанд буцаахгүйгээр, шүүхийн шийдвэрээр тухайн мөнгийг буцаан олгох боломжтой. Нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой учир шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв. 

Яллагдагч Д.Г-ийн өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Яллагдагч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, анхан шатны шүүхийн шүүгчийн 73 дугаар захирамжид хууль хэрэглээний эргэлзээ үүсэж байна. Прокуророос Олон улсын гэрээ буюу Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцыг иш татаж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд “Хахууль өгөх” гэж заасныг харахад бас өөр эргэлзээ үүсэж байна. Эргэлзээ гарсан нөхцөлд яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлах учиртай. В.Э- хэрэгт холбогдсонтой холбоотой хэргийн бусад оролцогчдыг хянан шийдвэрлэхэд хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах асуудал байхгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид шүүхийн санаачилгаар шүүх хуралдааныг зарласан байдлаар бичсэн. Гэтэл Э.Туул өмгөөлөгчийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтээр шүүх хуралдаан зарлагдсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх шинжийн талаар прокурорын тайлбартай санал нийлж байна. Хураан авсан мөнгийг эд мөрийн баримтаар тооцоогүй асуудал шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш юм. Мөн бусад яллагдагч нар хэргээ хурдан шуурхай шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Д.Г-ийн тухайд Монгол Улсын хилээр гаргах хязгаарлалттай байгаа, уг хэргийг шуурхай шийдвэрлүүлсэн нөхцөлд цааш ажил хэргээ үргэлжлүүлэх, Монгол улсын нутаг дэвсгэрт маш олон хүмүүсийн ахуй амьдралыг шийдвэрлэх төслийг хэрэгжүүлэх байгаа. Анхан шатны шүүх хэт нэг талыг буюу яллах талыг барьж шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилттой нийцэхгүй байна. Нийгэмд прокурор, шүүх хоорондын буруу ойлголцлыг төрүүлж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв. 

Яллагдагч Д.Б-ын өмгөөлөгч Н.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өмгөөллийн гэрээ байгуулсан. Урьдчилсан хэлэлцүүлгийн явцад, мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын эсэргүүцэлтэй холбоотой санал байхгүй. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв. 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд хянаад анхан шатны шүүхийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

1. Яллагдагч Д.Г-ын мэдүүлэг болон В.Э-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, нууц мөрдөн шалгах ажиллагааны баримт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр бэлнээр В.Э- Д.Г-д 2.000.000 төгрөг бэлнээр өгөхөд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан “А ж тауер” нэртэй 21 давхар бүхий оффис, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулахад хууль блон журамд заасан зохих шаардлагыг хангаагүй байжээ гэж дүгнэхээр байх ба 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр бэлнээр 2.000.000 төгрөг авсан, өгсөн талаар холбогдогч нар зөрүүгүйгээр мэдүүлсэн, хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон үйл явдалд прокурор “...гэм буруугийн санаатай хэлбэрээр, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтанд 2,000,000 төгрөг өгч, хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй...” гэсэн дүгнэлтийг хийж хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байх тул тус үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан Д.Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан В.Э- нарын үйлдэлд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт дахин хийх шаардлагатай гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлтэй байна.

Энэхүү шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасантай зөрчилдөхгүй бөгөөд 2401000080472 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүхийн хийсэн дүгнэлт байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхийн “...Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтан болох Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Г-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 давхар “А ж тауэр” төвийг ашиглалтанд оруулах комиссын шийдвэртэй холбогдуулан 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр бэлнээр 2.000.000 төгрөгийг В.Э- өгсөн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Г 2,000,000 төгрөгийг бэлнээр В.Э-аас авсан...” үйл баримттай холбогдуулан хууль зүйн дүгнэлтийг дахин хийлгэхээр шийдвэрлэсэн шийдвэр нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно.” гэсэн хууль ёсны зарчимд болон мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж гэмт хэрэг гэж ямар үйлдлийг хэлэх заалт, 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн хэлбэр зэрэгт нийцүүлж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн шийдвэр байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2. Яллагдагч Д.Г-ын гэр болон албан тасалгаанд нэгжлэг хийх үед хураан авсан эд хөрөнгө болох мөнгөн тэмдэгтүүдийн эх сурвалжийг тодорхойлох, ингэсний үндсэн дээр хууль зүйн дүгнэлтийг хийж, зохих мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь зүйтэй гэж анхан шатны шүүх үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүх өөрийн санаачлагаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол;” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж болохоор заасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй.  

4. Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог тул шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд прокурор Г.Ононгийн бичсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 2025/ШЗ/3473 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Ононгийн бичсэн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 46 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                           

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                             Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ