| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 191/2025/11603/И |
| Дугаар | 304/ШШ2026/00053 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 304/ШШ2026/00053
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: У******* хот, Б******* дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол, **-* байр, **** тоотод оршин суух О.М*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б***** аймаг, Б****** сум, Ж******* ** дугаар баг, ***-** тоотод оршин суух Б.С**-О*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн сургалтын төлбөрт 10,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 191/2025/11603/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч О.М*******,
Хариуцагч Б.Сэр-О*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О.М******* нь хариуцагч Б.Сэр-О*******д холбогдуулан хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн сургалтын төлбөрт 10,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
О.М******* нь Б.Сэр-О******* гэх хүнтэй 2017 оны 10 дугаар сарын 05 ны өдөр танилцаж, гэр бүл болж, хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдрах хугацаанд зан харилцааны таарамжгүй байдлаас болж 2018 оны 04 дүгээр сараас эхлэн цаашид хамтран амьдрах боломжгүй болсон бөгөөд гэр бүлийн харилцаа бүрэн тасарч, ямар нэгэн холбоо тогтоох боломжгүй болсон. М******* нь тухайн үед жирэмсэн үлдсэн бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 12- нд М******* овогтой А******* охин маань төрсөн. Охиноо төрсөн цагаас хойш нэг ч удаа эцэг хүний үүргээ биелүүлж байгаагүй бөгөөд хүүхдийн амьдрал, өсөлт хүмүүжил, боловсрол, эрүүл мэндэд анхаарал хандуулаагүй болно. Өдийг хүртэл өөрийн охин гэж хүлээн зөвшөөрдөггүй. Энэ хүртэл миний бие өөрийн охиноо бие даан өсгөж, амьжиргааны бүх зардлыг дангаар хариуцсаар ирсэн. Энэ хугацаанд хүүхдийн хоол хүнс, хувцас хунар, сургалтын төлбөр, эмчилгээ зэрэг бүхий л зардлыг өөрийн орлогоор санхүүжүүлж, эцэг хүний оролцоо, дэмжлэггүйгээр хүнд хэцүү нөхцөлд амьдарч ирсэн. Охин М.А******* нь 2 дугаар ангид суралцдаг. Жилийн сургалтын төлбөр 10500000 төгрөг болдог. 2 жилийн хугацаанд 21000000 төгрөгийг сургалтын төлбөрт төлсөн. Харилцан адилхан үүрэг хүлээсэн эцэг, эх хүмүүс учир 50-50 хувиар нь төлнө. 2024 оноос 2025 оны хүртэл хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувь нь 10.500.000 төгрөг болж байгаа. Өнөөдрийг хүртэл Б.Сэр-О******* нь хүүхдийнхээ амьдралын талаар ямар нэгэн асуулт тавьж байгаагүй. Хүүхэд минь хэрхэн өсөж торнисон бэ, боловсрол хүмүүжил нь ямар байгааг мэдэхгүй, өмсөх хувцас, идэх хоолтой байгаа эсэхийт огт анхаарч хандаагүй. Анхилуун төрсөн цагаасаа эхлэн М*******ын асрамжинд эрүүл саруул өсөж бойжиж, сурч боловсорч байгаа бөгөөд одоог хүртэл өөрийн эцгээ нэг ч удаа харж байгаагүй. Тиймээс охин М.А*******г М*******ын асрамжинд үлдээж, мөн цаашид хүүхдийн тэтгэлэг тогтмол гаргуулах, хүүхдийн асрамжийг тогтоолгох, хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувь нь 10.500.000 төгрөг гаргуулах, Б.Сэр-О******* нь олон жилийн турш эцэг хүний үүргээ биелүүлэхгүй, хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээхээс зайлсхийсэн тул дээрх шаардлагуудыг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. гэв.
2.Хариуцагч Б.Сэр-О******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М*******тай 2017 онд танилцсан нь үнэн. Хамт амьдраад албан ёсны гэр бүл болсон зүйл байхгүй. Би хүүхдийг төрсөн цагаас нь хойш жил болгоны 6 дугаар сарын 01-ний өдөр 1,500,000 төгрөг шилжүүлдэг байсан. М*******ын ээж гэдэг хүн 1 шөнө над руу яриад маргааш хүүхдийн үс авна шүү миний хүү хүрээд ирээрэй гэж хэлж байсан. М*******ын ээж намайг ямар хүнийг мэднэ. Миний зүгээс төрөхөд шөлний хонь өгч байсан. Би үсний найраар нь очиж үсийг мялааж байсан. М******* нь намайг хөөж туугаад байдаг байсан. Жирэмсэн байхдаа надад чиний хүүхэд биш гэж байснаа төрсний дараа чиний хүүхэд гээд орон гаран юм хэлээд байдаг байсан. Би ерөөсөө миний хүхэд биш гэж хэлж байгаагүй. Би зөвшөөрөхгүй байна гэж хариу тайлбар гаргасан нь намайг хүүхдээ гэж хүлээн зөвшөөрөхгүй байна гэснийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэж хариу тайлбар гаргасан. Тэтгэлэгийг төлнө. Сургалтын төлбөрийн хувьд ямар сургуульд оруулснаа хэлээгүй. Тэгснээ ийм үнэтэй мөнгөн дүнтэй суруульд орж ирснээ нэхэмжлээд байгаад гайхаад байна. Намайг залгахаад баахан хэрүүл үг хэлээд байдаг. Сургалтын төлбөрийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт, сургуульд суралцаж байгаа тухай тодорхойлолт, ХААН банкны депозит дансны хуулга, сургуулийн сургалтын төлбөрийн баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас хариу тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч О.М******* нь Б.Сэр-О*******д холбогдуулан хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн сургалтын төлбөрт 10,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2017 онд танилцан гэр бүл болсон. Хамт амьдрах хугацаандаа нэг охин хүүхэдтэй болсон бөгөөд хувийн таарамжгүй харилцааны улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож сургалтын төлбөр 10,500,000 төгрөгийг гаргуулна гэв.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хүүхдээ тэжээн тэтгэнэ, ээжийнх нь асрамжид үлдээнэ гэх хариу тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
4.Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.О.М*******, Б.Сэр-О******* нар 2017 оноос хойш хамт амьдарч, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тэдний дундаас охин М.А******* төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
4.2.Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан ... гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүргийг хүлээхгүй болсон. Мөн нэхэмжлэгч, хариуцагчийн зан харилцааны байдлаас болж, гэр бүлийн харилцаагаа сэргээх хүсэлгүй болсон нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
5.Хариуцагч Б.Сэр-О******* нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тэдний дундаас охин М.А*******г ээжийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхөө илэрхийлсэн тул хүүхдийг эх О.М*******ын асрамжид үлдээж, эцэг Б.Сэр-О*******ар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
6.Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2018 оны 10 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин М.А*******ыг эх О.М*******ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин М.А*******ыг 16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг СэрО*******ар тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх О.М*******ад даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээ өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5, 26 дугаар зүйлийг баримтлан охин М.А*******гийн сургалтын төлбөрийн зардал болох 10,500,000 төгрөгийг хариуцагч Сэо*******ас гаргуулж, нэхэмжлэгч М*******ад олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 /нэг зуун мянга найман зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай..
7.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Долгорт даалгасугай.
8.Хариуцагч хүүхдээ асрах, тэжээн тэтгэх, сурган хүмүүжүүлэх үүргээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдсугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасан үүргийг эцэг, эх хүүхдийнхээ өмнө хүлээх бөгөөд эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА