Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/750

 

                                                           

 

 

 

 

 

    2025          06            17                                           2025/ДШМ/750

 

Б.Т-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сүрмандах,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан, 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 2025/ШЦТ/1257 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Сүрмандах 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Б.Т-од холбогдох 2510000000079 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

М овгийн Б-ийн Т .... тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 861 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж байсан;

Шүүгдэгч Б.Т- нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Спарров ресторанд ..... банк бус санхүүгийн байгууллагын ажилчид шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэж байх үеэр тус байгууллагын ажилтан У.С-ийн шагналын мөнгө хийсэн гар цүнхийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М овогт Б-гийн Т-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-од хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” гэсэн заалтад заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Б.Т-ын тэнсэж, хянан харгалзсан байдал, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Б.Т-оос нийт 900.000 төгрөгийг гаргуулж хохирогч У.С-т олгохоор шийдвэрлэжээ.  

Прокурор Б.Сүрмандах эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 1257 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-од хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай” гэж шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Учир нь, шүүгдэгч Б.Т-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн гусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхдээ хуулийн ямар зүйл, заалтыг баримталсан нь тодорхойгүй, энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад бичигдээгүй. Мөн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах” гэсэн ялын төрөл байдаг гэж ойлгогдохоор утга, найруулгын хувьд алдаатай бичигдсэн байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, ойлгомжтой байдлаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “шүүгдэгч Б.Т-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж. ...” гэсэн агуулгаар өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.  

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Шүүгдэгч Б.Т-од холбогдох 2510000000079 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.  

Шүүгдэгч Б.Т-ын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн ажилладаг ..... банк бус санхүүгийн байгууллагын ажилчдын ресторанд тэмдэглэсэн шинэ жилийн баярын арга хэмжээний үеэр тус байгууллагын ажилтан У.С-ийн шагналын мөнгө хийсэн гар цүнхийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хэрэгт авагдсан хохирогч У.С-ийн: “...Байгууллагаасаа шагнагдсан 2.700.000 төгрөгийг би тухайн мөнгийг хамт ажилладаг Б.Т- гэж хүнээр өөрийнхөө цүнх рүүгээ хийлгэсэн. Тэгээд түүнээс хойш нэг цаг гаруйн хугацаанд миний цүнх тухайн хүнд явсан. ...Би 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр АТМ ороод мөнгө данс руугаа хийх гэтэл 1.400.000 төгрөг дутчихсан байсан. Тэгэхээр нь би шинэ жилийн арга хэмжээ болсон Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Спарров нэртэй рестораны хяналтын камерыг шүүж үзэхэд Б.Т- нь миний цүнхийг аваад эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө рүү орж байсан. Төрболдтой холбогдож чи миний цүнхийг аваад ариун цэврийн өрөө орж байгаа чинь камерт бичигдсэн байна гэж хэлэхэд эхэндээ үгүй би аваагүй гэж байгаад сүүлдээ хэдэн төгрөг алга болгочихсон юм, би төлчихье гэсэн. ...” гэх мэдүүлэг (хх-ийн 15), камерын бичлэг (хх-ийн 6-9) зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.   

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн.  

Шүүгдэгч Б.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан зүйлчилсэн байна.

Шүүх, хохирогч У.С-т учирсан 1,400,000 төгрөгийн хохирлоос Б.Т-ын төлөөгүй 900,000 төгрөгийг гаргуулж хохирогч У.С-т олгохоор шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Т-ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, түүний хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг  харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэрэгт тогтоогдохгүй байна.

Шийтгэх тогтоолд, прокурор “...тэнсэх хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, тэнсэж хянан харгалзсугай гэж хуульд байхгүй эрүүгийн хариуцлагыг хэрэглэсэн...” гэсэн агуулга   бүхий эсэргүүцэл бичсэнийг давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнээд, Эрүүгийн хуулийн хэрэглээг зөвтгөсөн зохих өөрчлөлтүүдийг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 4 дэх заалтад оруулахаар шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурор Б.Сүрмандах 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар прокурорын эсэргүүцэл бичсэнийг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 2025/ШЦТ/1257 дугаар шийтгэх тогтоолын: 

- тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-од хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-од хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй. ...” гэж,

- тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Б.Т-ын тэнсэж, хянан харгалзсан байдал, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. ...” гэснийг “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар Д.Т-ын 1 (нэг) жилийн тэнсэх, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.    

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                           

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                             Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ