Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 212/МА2019/00008

 

И.Лын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00791 дүгээр шийдвэртэй, тус аймгийн Алтай сумын 5 дугаар багт оршин суух Ө овогт И-ын Лын нэхэмжлэлтэй, Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух Ш овогт Ж-ын Бт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгч И.Л, нэхэмжлэгчийн өмгӨч С.Алтай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.500.000.00 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: Би 2008 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь З банкны 121 дүгээр салбараас өөрийн Зил-130 маркийн 0000 *** улсын дугаарын ачааны автомашин, мөн УАЗ-469 маркийн 0000 *** улсын дугаартай суудлын шар өнгийн машинуудыг тус тус барьцаанд тавьж 5.000.000 төгрөгийн зээл авсан. Зээл төлөлтийн явцад 2009 оны 9 дүгээр сараас Зил-130 маркийн 0000 *** улсын дугаарын ачааны автомашин, мөн УАЗ-469 маркийн 0000 *** улсын дугаартай суудлын шар өнгийн машинуудыг тус тус барьцаанд тавьж нийт 5.000.000 төгрөгийг 1 жил 6 сарын хугацаагаар зээлж авсан. Барьцаанд тавьсан миний 2 машин шинэвтэр бөгөөд ялангуяа суудлын УАЗ-469 маркийн машиныг би бусдаас 7.000.000 төгрөгөөр худалдаж аваад дөнгөж 20 хонож байсан. Аваад сэргээн засварлалтад оруулж дугуй зэрэг зарим эд ангийг шинээр угсарч хийгээд эд ангиудыг нь өнгөлж тордсон тул 10.000.000 төгрөгөөр бусдад өгөхгүй болгож зассан нандин эд хөрөнгө минь байсан. З банкны зээлийн ажилтнууд нь миний 2 машиныг өөрсдийн дотоод итгэлээрээ үнэлж барьцаанд авсан бөгөөд УАЗ-469 машиныг 4.500.000 төгрөгөөр дураараа үнэлж авсан хэдий ч би тухайн үед зээлийг нь төлөөд машин минь надад үлдэнэ гэж бодоод өөрийгөө тайвшруулаад үнэлгээнд зарга үүсгээгүй. Гэтэл миний 2017 оны 9 дүгээр сард мориноос унасан гэмтэл сэдэрч, эрүүл мэндийн байдалд асуудал үүсээд мотоциклээр сумын эмнэлэгт очихоор явж байгаад дахин осолд орж бараг хэвтэрт орж эмчийн хяналтад байх үед авсан зээл маань хэдэн сараар төлөгдөөгүй өсөж, дээр нь эмчилгээний болон амьдралын хэрэгцээний мөнгө шаардлагатай болж өрөнд орсон. 2009 оны 9 дүгээр сард З банкны зээлийн асуудлыг хариуцаж ажиллаж байсан Жанатын Б нь замын машинаар дайгдан ирээд таны зээлийн барьцаанд тавьсан УАЗ-469 маркийн 0000 *** дугаартай машиныг банкны удирдлагаас аваад ир гэж хэлснээр би барьцааны УАЗ-469 машиныг авч явахаар ирлээ гэж хэлсэн. Зээлд машиныг минь авч, зээлийг хаах нь гэж ойлгож би УАЗ-469 машинаа Өлгий хүрэх 30 литрийн бензинийг хувиасаа хийж машиныхаа фото зургийг авч Ж.Бт машинаа унуулаад явуулсан. Сарын дараа би Өлгийд эмнэлэгт үзүүлэхээр ирэхдээ Ж.Бтэй уулзахад тэр би З банкнаас авах авлагатай бөгөөд тэр тооцоонд тааруулж чиний энэ машиныг авсан. Харин чиний энэ машин зээлийн чинь тооцоонд орсон гэж хэлэхээр нь би итгээд явчихсан. Сүүлд нь З банк нь тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд надаас зээлийг төлүүлж өгөхийг хүсэж нэхэмжлэл өгсөн ба би барьцаалсан машинуудыг худалдаанд оруулж эсвэл анх өөрсдөө үнэлсэн үнийн дүнгээр тооцон авч зээлийн төлбөрөөс хасахыг хүссэнээ тайлбарласан. Тус шүүх 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 489 дугаартай захирамжаар З банкны нэхэмжлэлийн шаардлага болох 7214336 төгрөгийг надаас гаргуулахаар болж автомашинуудыг дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэл хангуулахаар болсон. Энэ захирамжаар би зээлээ төлөөд явж байсан. Гэтэл надаас авсан УАЗ-469 машин нь зээлийн төлбөрт ороогүй байсныг би 2015 оны 8 дугаар сарын сүүлчээр мэдээд Ж.Бийн гэрт очиход УАЗ-469 маркийн машин минь хашаанд нь байсан. Би машиныг үзэхэд маш их тоногдсон байсан. Тэгээд Улаанбаатар хот дахь З банкны эрх хүлээн авагч албан тушаалтан Н.Аад гомдол, өргөдөл гаргахад машиныг зээлийн төлбөрт хураалгасан гэх баримт байхгүй байна гэж хариу ирсэн. Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очиж мэдэгдсэн бөгөөд тэднээс хариуг авах, машиныг минь буцааж өгнө гэж хүлээсээр өдий хүрсэн. Эцэст нь авч чадахгүй болохоор шүүхэд хандаж байна. Би зээлийг одоо хүртэл төлж байгаа бөгөөд миний төлөх зээлээс барьцаанд орсон УАЗ-469 маркийн машины үнэ хасагдаагүй бөгөөд З банкны зээл хариуцсан ажилтан Ж.Б ашиглан завшиж, хохироож миний эрхийг ноцтой зөрчсөн тул миний машины үнэ болох 5,500,000 төгрөгийг Ж.Бээс гаргуулан авч өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Миний бие З банкны эдийн засагчаар ажиллаж байсан бөгөөд И.Л тухайн тээврийн хэрэгслээ барьцаалан манай банкнаас зээл авсан хэдий ч зээлийг заасан хугацаанд төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тул банкны удирдлагын зүгээс зээлийг эргэн төлүүлэхийг үүрэг болгон Алтай сум руу томилолтоор явуулсан. Би Алтай суманд байх И.Лын гэрт очиж, зээлээ төлөхийг шаардахад И.Л нь манай банканд барьцаанд тавьсан өөрийнхөө эзэмшлийн 0000 *** дугаар бүхий УАЗ-469 машиныг өөрөө өгч явуулан хэд хоногийн дараа ирж зээлийг төлөн машинаа авахаар болсон. Би машиныг авч ирэнгүүтээ банкны удирдлагад танилцуулан хүлээлгэн өгсөн бөгөөд уг машиныг банкны харуулын гэрт буй гараашинд тавьсан. Гэтэл сар гаран тус гараашинд байсан бөгөөд харуул нь банкны удирдлагад уг машин байгаа гараашны дээвэр муудаж нурах аюултай байгаа тул авахыг хүссэнээр банк өөрийн гэсэн хадгалах байргүй тул манай хашаанд аваачиж тавихыг даалгаснаар манай банкны жолооч манай хашаанд аваачиж тавьсан. Гэтэл И.Л нь тохирсон ёсоор ирж зээлээ төлөн машинаа авахгүй байтал манай З банк дампуурсан. Тухайн үед би дур мэдэн өөрийнхөө хашаанд аваачиж оруулаагүй бөгөөд банкны захирлын зөвлөлийн шийдвэрийн дагуу манай хашаанд тавихаар шийдвэрлэсэн учир би үүнийг хадгалах, хамгаалах үүрэг хүлээгээгүй. Банк дампуурч би ажлаа хүлээлгэж өгөх үед энэхүү машиныг авахыг манай банк болон Монгол банкны холбогдох албан тушаалтнуудад сануулж хэлж байсан бөгөөд банк дампуурсны дараа өр барагдуулах албанд үлдсэн эдийн засагч Р нь хотоос ирсэн банкны холбогдох хүмүүсийг дагуулж очиж үзээд явсан. Одоо болтол уг машин миний хашаанд анх ирсэн байгаа байдлаараа байгаа бөгөөд нэхэмжлэлд дурдсанчлан миний зүгээс машиныг өгөхгүй барьцаалж буй асуудал байхгүй. И.Л машинаа авахад татгалзах зүйлгүй болно. Иймд банк барьцаалан банкны мэдэлд байгаа машинд би огт хамааралгүй, би хувийн зүгээс энэхүү ажиллагааг хийж барьцаалаагүй тул хувь хүний зүгээс би хариуцах боломжгүй тул И.Лын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний 130/ШШ2018/00791 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 492.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч И.Лын хариуцагч Ж.Бээс 5500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд: Анхан шатын шүүхээс Ж.Б нь З банкийг төлөөлөх эрх бүхий этгээд биш, Ж.Б болон нэхэмжлэгч нь И.Л нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээний эрх үүсээгүй гэж дүгнэжээ. Шүүхийн энэ үндэслэлээр Ж.Б нь И.Л миний З банкны зээлийн барьцаанд байсан УАЗ-469 маркийн машиныг намайг залилан мэхэлж, итгэлийг минь эвдэн З банкийг төлөөлөх эрхгүй байхдаа авч явсан гэж ойлгож байна. Залилан мэхэлж итгэл эвдэх замаар авч явсан тул зээлийн болон барьцааны гэрээний эрх үүрэг үүсэхгүй. Тодруулбал шууд гэмт хэргийн шинжтэй гэж ойлгогдохоор байна. Би ч энэ үндэслэл, ойлголтоор шүүхэд хандсан. 2009 оноос 2015 оны хооронд олон удаа өршөөлийн хууль гарч энэ хугацааны доторх эрүүгийн хэргүүд хэрэгсэхгүй болсон болохоор цагдаа хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж энэ гомдлыг шалгахгүй нь лавтай. Тиймд анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан ... эд хөрөнгөд санаатай .. гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэсэн зүйл заалтаар хариуцагчаар хохирлыг минь арилгуулах шийдвэр гаргах байсан. И.Л миний банк дахь барьцааны машиныг өр зээлд авлаа гэж итгүүлэн /итгэлийг эвдэн/ залилан авч олон жил ашигласан Ж.Бийн үйлдэл нь шүүгчийн үндэслэснээр 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 492.3-д зааснаар шийдвэрлэгдэхгүй. Мөн энэ маргааныг Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2-т заасныг баримтлан шийдвэрлэх боломж ч байсан. Учир нь Ж.Бекболат нь И.Л миний өмчийг зөвшөөрөлгүй ашигласан. Хариуцагч И.Лын машин манай хашаанд байгаад удлаа. Эзэн нь би биш. Мэдэхгүй гэсэн хариу өгч хариуцлагаас мултрах ёсгүй. Ж.Бекболат нь өр зээл төлбөрийн оронд барьцаалагдсан эд хөрөнгө тул эргээд асуудал болж магадгүй гэж үзээд Монгол банкны З банк эрх хүлээн авагчид, эсвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд албан ёсоор хандаж И.Л миний УАЗ-469 маркийн машиныг хүлээлгэж өгөх ёстой байсан. Өөрөө очиж авсан болохоор өөрөө буцаагаад уг машиныг И.Л надад өгөх ч боломж байсан. Би өр төлбөрт орж, эрүүл мэнд санаа сэтгэлээр хагас үхэж явна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, И.Л миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан боловч зарим хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч И.Л нь хариуцагч Ж.Бт холбогдуулан УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.500.000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ З банканд барьцаалсан УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг минь тус банканд зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Ж.Б хувьдаа ашиглан завшиж, хохироож, миний эрхийг ноцтой зөрчсөн тул машины үнэ 5.500.000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч И.Лын З банканд барьцаалсан 0000 *** дугаартай УАЗ-469 машиныг банк өөрийн гэсэн хадгалах байргүй тул банкны жолооч манай хашаанд аваачиж тавьсан. З банк дампуурсан. Тухайн үед би дур мэдэн өөрийнхөө хашаанд аваачиж оруулаагүй, би уг хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг хүлээгээгүй. Одоо болтол уг машин миний хашаанд анх ирсэн байгаа байдлаараа байна. Миний зүгээс машиныг өгөхгүй барьцаалж буй асуудал байхгүй. И.Л машинаа авахад татгалзах зүйлгүй гэж шүүхэд тайлбар ирүүлжээ. 

Зохигчийн тайлбар, гэрч М.А, А.С, Х.Т нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нэхэмжлэгч И.Л нь З банктай 2008 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 5.000.000.00 төгрөгийг 18 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй авч, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн УАЗ-469 маркийн 0000 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан нь тогтоогдсон ба нэхэмжлэлийн үндэслэлд зээлийн гэрээний барьцааны зүйл болох УАЗ-469 маркийн 0000 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ зээлийн төлбөрөөс хасагдаагүй гэж, З банкны эрх хүлээн авагчийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 246 дугаар албан бичигт Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 489 тоот захирамжаар З банкны нэхэмжлэлийн шаардлага болох 7.214.336.00 төгрөг гаргуулах, Зил-130 маркийн 0000 *** улсын дугаартай, УАЗ-469 маркийн 0000 *** улсын дугаартай автомашиныг тус тус дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэл хангуулах-ыг хүлээн зөвшөөрснөөр шүүгчийн захирамж гарсан гэж дурдсанаас дүгнэвэл, И.Л болон Ж.Б нарын хооронд нэхэмжлэгчийн өмчлөлийн УАЗ-469 маркийн 0000 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн талаар ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулагдаагүй болох нь тогтоогджээ. Энэ талаар талууд маргаагүй байна.

 

Хариуцагч нь тухайн тээврийн хэрэгслийг хадгалах, хамгаалах үүрэг хүлээгээгүй талаар шүүхэд хариу тайлбар ирүүлж, түүний хашаанд байгаа нэхэмжлэгч И.Лын өмчлөлийн УАЗ-469 маркийн 0000 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэнд нь буцааж өгөхөд татгалзах зүйлгүй талаар мэдүүлсэн бөгөөд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлийн талаар анхан шатны шүүхээс удаа дараа тодруулахад тэрээр Би машиныг үзэхэд маш их тоногдсон байсан... З банкны зээл хариуцсан ажилтан Ж.Б тус тээврийн хэрэгслийг ашиглан завшиж, хохироосон тул машины үнэ болох 5.500.000.00 төгрөг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1.-т заасан үндэслэлүүд тус тус тогтоогдоогүй буюу И.Лын өмчлөлийн УАЗ-469 маркийн 0000 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч Ж.Б нь хууль бусаар эзэмшсэн, банкны барьцаанд шилжүүлсэн гэх дээрх эд хөрөнгийг хууль бусаар ашиглаж нэхэмжлэгчид хохирол учруулсан нь тус тус тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг дээрх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангажээ. Харин шүүх маргааны үйл баримтад тохирохгүй Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3.-т заасан зохицуулалтыг буруу хэрэглэснийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс хасаж өөрчлөв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Энэ талаар нэхэмжлэгч талд шүүхээс урьдчилан тайлбарласан бөгөөд давж заалдах гомдолд заасан хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр, итгэл эвдэн олон жил ашигласан гэх үйл баримт тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүх И.Лын шүүхэд нэхэмжлэл гаргах үед тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 17050 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэхдээ 7050 төгрөгийг гэж буруу бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасныг, түүнчлэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй орхигдуулсныг тус тус шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй байна.

 

Давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.000.00 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээн, тогтоосон хэмжээнээс илүү тушаасан 17.050.00 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж И.Лад олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00791 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 492.3 гэснийг хасаж, 2 дахь заалтад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1.-т зааснаар гэж нэмэлт оруулж, мөн заалтын 7050 төгрөгийг буцаан олгосугай. гэснийг Төрийн сангийн 0000100020000957 тоот данснаас 17.050.00 /арван долоон мянга тавь/ төгрөгийг гаргуулан И.Лад буцаан олгосугай. гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.000.00 төгрөгөөс 102.950.00 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, Төрийн сангийн 0000100020000957 тоот данснаас 17.050.00 /арван долоон мянга тавь/ төгрөгийг гаргуулан И.Лад буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД Д.МӨНХӨӨ

 

С.ӨМИРБЕК