Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 213/МА2018/00040

 

*******гийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт

 холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2018 оны 8 дугаар сарын 17-ний өдрийн 131/ШШ2018/00716 дугаар шийдвэртэй

 Нэхэмжлэгч *******гийн *******гийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч *******ийн *******, *******ын ******* нарт холбогдох

 Зээлээр авсан бэлэн мөнгө, барааний үнэ 8.602.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч *******гийн өмгөөлөгч гийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч *******, *******, нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нар оролцов.

Нэхэмжлэгч *******гийн *******гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би 2014 онд *******аас 10 сая төгрөг, түүнийг нөхөр *******оос 7.000.000 төгрөг зээлж аваад хоорондын маргаантай асуудал байсан учраас шүүхээр энэ асуудлыг шийдвэрлүүлж дууссан. Намайг мөнгө зээлж авсаны дараа буюу 2014 онд ******* надаас нэг бүр нь 180.000 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүний гутал 2 хос, бэлэн мөнгө 250.000 төгрөг, 500.000 төгрөгийн үнэтэй ташуур, мөн бэлэн 800.000 төгрөг, банкны мөнгө төлөх гэсэн юм гэж хэлээд 500.000 төгрөг, 4.000.000 төгрөг, хүүхдийн хамар янзлуулна гэж 270.000 төгрөг, Намсрай гэдэг хүнд өгүүлсэн 250.000 төгрөг зэрэг бэлэн мөнгө болон бараа авсан юм.

Энэ бараа бэлэн мөнгө нийлээд 8.602.000 төгрөг болсон бөгөөд авснаас хойш нэг ч мөнгө өгөөгүй. Иймд *******аас 8.602.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *******гийн *******гаас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн зарим зүйлийг нэхэмжлэлд тодорхой бичээгүй учир нэхэмжлэлийн дүн зөрүүтэй байгаа байх. Тухайлбал шүүхэд шинээр гаргаж өгсөн 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээгээр ******* нь манайхаас худалдан авсан байрны мөнгө болох 4 сая төгрөг өгөөгүй байсан тул энэ гэрээг хийсэн юм. Уг нь гэрээн дээр 4 сая төгрөг байх боловч 3.5 сая төгрөг гэж гэрээ хийсэн. Үүний хүү алданги нь нэмэгдэж байгаа. Энэ байраа худалдан авснаас хойш ус цахилгаан, халаалтын мөнгө огт төлөөгүй энэ мөнгийг би төлж байсан. Дээрх мөнгөнүүд бол бидний урьдын зээлийн гэрээний хүү төлбөртэй огт хамаагүй тусдаа асуудал юм. Би цагаан идээний гэх 180.000 орчим төгрөгийг тэр дор нь төлсөн. Цагаан идээний тооцоо байхгүй. Бэлэн мөнгөнүүдийг өгөхдөө баримт үйлдэж байгаагүй, өөрийн тооцооны дэвтэртээ л бичдэг байсан гэжээ.

Хариуцагч *******аас шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр сумаасаа аймгийн төвд ирж ******* гуайд 1 эр ууцны хонь, 25 кг ийн гүзээтэй тос, 250 кг ийн аарц, 70 кг ийн 4 шуудай сүү өгч байсан. Эдгээр цагаан идээг өгөхөд манай нутгийн гэх хүн хамт байсан бөгөөд тэдний Ган зүү эмнэлгийн гадаа байрлах контейнерт хамт зөөлцөж өгч байсан. Үүнийг манай сумын 8 дугаар багт оршин суух гэрчилнэ.

Мөн 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж надаас ******* нь 10.000.000 төгрөгийг сарын 0.5 хувийн хүүтэй нэг жилийн хугацаатай зээлж авч байсан. Бидэнд өр авлагын эдгээр гурван асуудал байсан бөгөөд бид *******гаас мөнгө зээлэх болон түүнд мөнгө өгөх өглөгийн асуудал байхгүй байсан. Бид түүнд итгээд энэ олон жилийн хугацаанд мөнгө зээлүүлж мөн идээ цагаа зээлээр өгч байсан. ******* гуайгаас би энэ хугацаанд цагаан идээний үнэндээ тооцуулаад 180.000 төгрөгийн үнэ бүхий 2 хос гутал авсан нь үнэн. 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр зээлийн хүүнд 500.000 төгрөг авч байсан. Нэхэмжлэлд дурдагдсан 8.602.000 төгрөгнөөс миний авсан мөнгө гэвэл эдгээр мөнгөнүүд байна. Түүний нэхэмжлэлд дурдсан бэлэн мөнгө 250.000 төгрөг, ташуурын үнэ 500.000 төгрөг, хүүхдийн хамар янзлуулсан 270.000 төгрөгийг манай нөхөр ******* зээлүүлсэн мөнгөний хүүндээ авч байсан нь үнэн. Харин түүний нэхэмжилсэн 800.000, 4.000.000 төгрөгийг би болон манай нөхөр аваагүй. ******* гуай ор үндэсгүй гүтгэж байна гэжээ.

Хариуцагч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие нь *******гаас бараа материал болон бэлэн мөнгө зээлж аваагүй. Харин ******* нь надаас 2014 оны 9 дүгээр сарын 01-нээс 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл мөнгө зээлж байсан. Миний мөнгийг өгч чадахгүй гээд гурван удаа сунгасан. Сүүлийн сунгалт болох 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл сунгалтыг шүүхээр шийдвэрлэсэн. Дээрх гурван гэрээний хүүнд надад 9.100.000 төгрөг өгөх байснаас ******* бид нар мөнгөө өгч авалцахдаа гарын үсэг зурж өгч авалцана гэж тохиролцсон. Иймд ******* нь ******* намайг мөнгө болон бараа материал зээлсэн гэж гүтгэсэн байна. *******гийн нэхэмжилсэн зүйлс шүүхээр шийдвэрлэгдсэн зүйл байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1 д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан зээлээр худалдсан бараа материал болон зээлийн гэрээний үүрэг 8.602.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******гийн төлсөн 152.582 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

******* нь *******д 10.000.000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаагаар сарын 0.5 хувийн хүүтэй /сарын хүү 50.000 төгрөг, жилийн хүү 600.000 төгрөг/ зээлдүүлсэн зээлийн гэрээ байдаг ба тухайн зээлийн хугацаа дуусахад дахин зээлийн гэрээг 6 сарын хугацаатай 0.5 хувийн хүүтэйгээр 2015 оны 6 дугаар сарын 02 ны өдөр байгуулж мөн хугацаа дуусахад 2015 оны 12 дугаар сарын 02 ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаатай, хүүгүйгээр зээлийн гэрээний сунгалтыг хийсэн байдаг.

Харин ******* нь *******д анх 7.000.000 төгрөгийг зээлдүүлж 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээг сунгахдаа эхнэр *******ы зээлийн гэрээний хүү болон өөрийн зээлийн гэрээний хүүгээ нэмж үндэслэлгүй 10.000.000 төгрөгийг зээлдүүлсэн болгож 6 сарын хугацаатай, 0.5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулж мөн хугацаа дуусахад дахин зээлийн гэрээний сунгалт гэж эхнэр болон өөрийн гэрээний хүү мөн дээр нь үндэслэлгүй мөнгө нэмж 14.000.000 төгрөг зээлсэн болгож хэлсэн байдаг юм.

*******, ******* нарт өгсөн 8.602.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлагаас ******* гуталны үнэ 180.000 төгрөг, бэлэн өгсөн 500.000 төгрөг, *******ы харилцах данс руу *******гаас хийсэн буюу банкны мөнгө төлөх гээд авсан гэх 552.000 төгрөг зэргийг хүлээн зөвшөөрдөг Дээрх энэ бэлэн мөнгө болон бараа материалын үнэ нь зээлийн гэрээтэй огт хамааралгүй юм.

Анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж эвлэрлийн гэрээг баталгаажуулсан захирамж болон 131/ШТ2017/00009 дугаартай гомдол хэлэлцэх тухай шүүхийн тогтоолтой уялдуулан шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгч болон хариуцагч талыг хэргийн материалтай бүрэн дүүрэн танилцуулаагүй буюу банкны хуулга нь хэргийн материалтай танилцсаны дараа буюу шүүх хуралдаан эхлэхэд ирсэн байсныг шүүх хуралдааны явцад мэдсэн. Хариуцагч шүүх хуралдаанд хэргийн материалтайгаа танилцаагүй талаараа хэлдэг. Зохигчдын хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийсэн. Иймд хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******гийн ******* нь хариуцагч *******, ******* нараас зээлээр авсан бэлэн мөнгө, барааний үнэ 8.602.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа “…би 2014 онд *******аас 10 сая төгрөг, түүний нөхөр *******оос 7 сая төгрөг тус тус зээлж авсан юм. Дараа нь 2014 онд *******, ******* нар надаас 180.000 төгрөгийн үнэтэй эмэгтэй гутал нэг хос, бэлэн мөнгө 250.000 төгрөг, 800.000 төгрөг, 500.000 төгрөг, 4.000.000 төгрөг, хүнээс авсан ташуурны үнэ 500.000 төгрөг, хүүхдийн хамар янзлуулах гээд 270.000 төгрөг, Н.Намсрай гэдэг хүнд өгүүлсэн 250.000 төгрөг нийтдээ 8.602.000 төгрөгийн эд зүйлс, бэлэн мөнгө зээлж авсан…” гэж тайлбарладаг боловч эдгээрээс 180.000 төгрөгийн үнэтэй эмэгтэй гутал нэг хос, бэлэн мөнгө 552.000 төгрөг, хүүхдийн хамар янзлуулах зорилгоор авсан 250.000 төгрөг, ташуурны үнэ төлөх гэж авсан 450.000 төгрөг зэрэг нь хариуцагч тал авсан нь тогтоогддог байна.

Харин нэхэмжлэгч ******* нь хариуцагч талд зээлдүүлсэн гэх 800.000 төгрөг, 500.000 төгрөг, 4.000.000 төгрөг болон бусад мөнгийг хэзээ ямар баримтаар хэнд хүлээлгэж өгсөн талаар нотлох баримт байхгүй, хариуцагч тал нэхэмжлэгч *******гаас авсан болох тогтоогдохгүй, нэхэмжлэгч шаардлагаа нотлох баримтаар нотолж чадахгүй, эдгээр нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Иймд зохигч талуудын хооронд 2014 онд *******гаас *******, ******* нарт нийт 8.602.000 төгрөгийн эд зүйлс, бэлэн мөнгө зээлж авсан гэх үйл баримтын тухайд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар эрх үүрэг үүсэж, зээлийн гэрээ байгууллагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч *******аас тайлбарлахдаа 2014 онд *******гаас эмэгтэй хүний хос гутал нэгийг авсан бөгөөд энэ гуталыг *******д өгсөн хонь болон цагаан идээнийхээ үнэ мөнгөнд авсан, 552.000 төгрөгийг бол надаас зээлсэн мөнгөний хүүнд тооцож авсан нэхэмжлэлд дурьдсан бусад зүйлүүдийг аваагүй гэж тайлбарладаг байна.

*******ы нөхөр хариуцагч *******оос тайлбарлахдаа *******гаас хүүхдийн хамар янзлуулах зорилгоор 250.000 төгрөг нэг удаа авсан, ташуурны үнэ төлөх гэж 450.000 төгрөг авсан, энэ зээлж авсан мөнгийг ******* нь надаас зээлсэн мөнгөний хүүнд тооцож эвлэрлийг батлах үед тооцоод дууссан, харин нэхэмжлэлд дурьдсан бусад зүйлүүдийг аваагүй ******* нь бид нарыг гүтгэж байна гэж тайлбарладаг байна.

Талуудын хооронд 2014 онд хариуцагч *******, ******* нараас ******* нь мөнгө зээлж зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд талуудын зээлийн үүргийг гүйцэтгэлийг Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай 01803 тоот шүүгчийн захирамжаар, мөн шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай 01796 тоот шүүгчийн захирамжуудаар шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна.

Нэхэмжлэгч *******гаас 2014 онд хариуцагч *******, ******* нарт 8.602.000 төгрөгийн эд зүйлс, бэлэн мөнгө зээлдүүлсэн гэж тайлбарладаг боловч эдгээрээс зарим зээлүүлсэн бэлэн мөнгө эд зүйлс буюу хүүхдийн хамар янзлуулах зорилгоор авсан 250.000 төгрөг, ташуурны үнэ төлөх гэж авсан 450.000 төгрөг, бэлэн мөнгө 552.000 төгрөг зэрэг нь зохигч талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 01803 дугаар шүүгчийн захирамж, 01796 дугаар шүүгчийн захирамж гарахад хамт шийдвэрлэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* нь 2014 онд хариуцагч *******, ******* нарт бараа бэлэн мөнгө зээлдүүлсэн бол /талууд харилцан бие биедээ бараа бэлэн мөнгө зээлдүүлсэн нь/ 2016 онд *******, ******* нарын нэхэмжлэлээр 2 удаагийн шүүгчийн захирамж гарахад зөвхөн нэг талын зээлдүүлсэн мөнгө шийдвэрлэгдсэн, *******гаас нөгөө талдаа зээлсэн бараа бэлэн мөнгө зэрэг нь тооцогдоогүй үлдсэн бол энэ тухай эвлэрлийг хэлэлцэх үед дурьдах байтал тэр үед гарсан эвлэрлийн гэрээ, эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл болон шүүгчийн захирамж зэрэгт хэрэгт авагдсан нотлох баримтанд огт дурьдагдаагүй байна.

Тухайн үед талуудын баталсан эвлэрлийн гэрээнд *******гаас нөгөө талдаа зээлсэн бараа бэлэн мөнгө зэргийг тооцогдоогүй үлдээсэн тухайгаа талууд дурьдаагүй байгаа нь *******гаас нөгөө талдаа зээлсэн бараа бэлэн мөнгө зэрэг нь эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай 2 удаагийн захирамжинд хамт шийдвэрлэгджээ. Энэ тухай хариуцагч *******, ******* нараас шүүхэд гаргасан тайлбартаа “…өмнө нь эвлэрлийг батлах үед ******* зээлийн хүүнд бараа материал, мөнгө өгч байсан гэж байсан тул бид нар нэхэмжлэлийнхээ шаардлагаас тухай бүр нь тодорхой хэсгийг татгалзаж шийдвэрлүүлж байсан..” гэсэн тайлбараар нотлогдож байна гэж үзлээ.

Тухайлбал ******* нь *******гаас 17.500.000 төгрөг нэхэмжилсэнээс 3.500.000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж 14.000.000 төгрөг дээр эвлэрсэн бол ******* нь *******гаас 12.500.000 төгрөг нэхэмжилсэнээс 2.500.000 төгрөгнөөс татгалзаж 10.000.000 төгрөгийн нэхэмжлэл дээр эвлэрсэн байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч гийн давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Нэхэмжлэгч ******* нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 152.582 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 17-ний өдрийн 131/ШШ2018/00716 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 152.582 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

 ШҮҮГЧИД Н.ЭНХМАА

 Г.УЛАМБАЯР