| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/01053/И |
| Дугаар | 304/ШШ2026/00073 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Эцэг эх байх эрх хассан , |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 304/ШШ2026/00073
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б****** аймгийн Б********* сумын Ж******* ** дугаар багт байрлах Б**** сумын Засаг даргын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Д.*******-Э*******д эрх хязгаарлах арга хэмжээ авахуулах тухай 304/2025/01053/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******,
Гуравдагч этгээд Д.*******-Э*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Э******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Булган аймгийн Булган сумын Засаг дарга нь Д.*******-Эрдэнийн эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Булган сумын иргэн Д.*******-Э******* нь Булган аймгийн Булган сумын Ж******* 5 дугаар багт ам бүл 3, хоёр охины хамт амьдардаг. Охин Г.М******* нь 10 настай, охин Г.М******* нь 15 настай. Ерөнхий боловсролын сургуульд хамрагддаг.
Д.*******-Э******* нь тодорхой эрхэлсэн ажилгүй, архины хамааралтай бөгөөд бага насны 2 хүүхдийг үл хайхрах хүчирхийлэлд удаа дараа өртүүлж хүүхдүүдийн амь нас эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсгэж байна. 2023, 2024, 2025 оны байдлаар архидан согтуурсан, ор сураггүй алга болсон гэх дуудлагаар хүүхдүүдэд 8 удаа түр хамгаалах байрны үйлчилгээг үзүүлсэн.
Иймд Булган сумын хамтарсан баг хуралдаж Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дах заалтийг үндэслэн Д.*******-Эрдэнийн эх байх эрхийг хасах хүсэлтийг хүргүүлж байна. Хүсэлтийг хүлээн авч яаралтай шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.*******-Э******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад өөрийн гэсэн орох орон байхгүй. Дандаа түрээсийн байраар амьдарч байсан. одоо эрхэлсэн тодорхой ажилгүй гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
-Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 69 дугаартай албан бичиг /хэргийн 2-р хуудас/,
-Хамтарсан багийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэл /хэргийн 3, 6-7-р хуудас/,
-Хамгаалах байранд хүүхэд хүлээж авсан бүртгэлийн маягт /хэргийн 3-4-р хуудас/,
-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хэргийн 8-14, 18-22, 32-36-р хуудас/,
-Хүүхэд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 15-р хуудас/,
-Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн хамтарсан багийн хурлын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэл /хэргийн 16-17-р хуудас/,
-Хамгаалах байранд хүүхэд хүлээж авсан бүртгэлийн маягт /хэргийн 23-30-31-р хуудас/,
-Түр хамгаалах байрны үйлчилгээг дуусгах бусад байгууллагад үйлчлүүлэгчийг хүлээлгэн өгөх маягт /хэргийн 24-р хуудас/,
-Сэтгэл зүйн зөвлөгөө авсан иргэний бүртгэл /хэргийн 25-27-р хуудас/,
-Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн хамтарсан багийн хурлын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн тэмдэглэл /хэргийн 28-29-р хуудас/,
-Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн Засаг даргын албан бичиг /хэргийн 37-р хуудас/,
-Цагдаагийн газрын АСАП сангийн лавлагаа /хэргийн 38-41-р хуудас/,
-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ЗШ/746 дугаартай шийтгэвэр /хэргийн 42-44-р хуудас/,
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.*******-Э******* хариу тайлбар ирүүлээгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Булган аймгийн Булган сумын Засаг дарга нь Д.*******-Эрдэнийн эх байх эрхийг хасуулахаар нэхэмжлэл гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12-т зааснаар эцэг эх байх эрх хасуулах нэхэмжлэл нь шүүхийн онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргаан бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т зааснаар шүүх нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа хаягийн харьяаллаар хүлээн авч хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.3-д Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад бусад иргэн хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь гуравдагч этгээдээр оролцож болно гэж заасны дагуу Д.*******-Эрдэнийг шүүхийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан болно.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т ... гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална., мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т Эцэг, эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тухайн эцэг, эхийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй. гэж заасан тул нэхэмжлэгч Булган сумын Засаг дарга нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн болно.
Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэний журамт үүрэг мөн гэж заажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэйг хуульчилсан.
Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т ... Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно гэж заасан тул шүүх хүлээн авч хянах үндэслэлтэй.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.*******-Э******* нь өөрийн төрсөн хүүхдүүдээ үл хайхарч, асран хамгаалах үүргээ биелүүлдэггүй, архидан согтуурдаг, архины хамааралтай болох нь цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, Булган аймгийн Булган сумын хамтарсан багийн хурлын тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, хамгаалах байранд хүүхэд хүлээж авсан бүртгэлийн маягтууд, Цагдаагийн газрын АСАП сангийн лавлагаа, хүүхэд хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр эх байх үүргээ биелүүлэхгүй байгаа нь тогтоогдож байна.
Д.*******-Э******* нь түр хамгаалах байранд байгаа хүүхдүүд дээрээ очдоггүй, хааяа нэг холбогдож, сурагладаг зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд Д.*******-Э******* нь хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, асран хамгаалах зэрэг эцэг эхийн үүргээ биелүүлдэггүй нь тогтоогдож байна.
Гуравдагч этгээд Д.*******-Э******* нь одоо хамт амьдрахгүй, өөрсдийн амьдардаг гэртээ ирэхгүй тус тусдаа амьдарч байгаа, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх хэвийн нөхцөлөөр хангах боломжгүй буюу гэр орон, хувцас хунар, хоол хүнсээр гачигдуулж, үл хайхарч байгаа нь хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд өсөж торних эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэв.
Тухайлбал эх Д.*******-Э******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 12 дугаар сарын 06-ны шүүхэд ирж нэхэмжлэл гардан авч хариу тайлбар ирүүлсэн боловч татгалзлын үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүхээс түүнд шүүх хуралдааны товыг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд биечлэн ирээгүй байгаа нь түүний хүүхдүүддээ хэрхэн анхаарал халамж тавьж байгаа нь харагдаж байна гэж дүгнэхээр байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.*******-Эрдэнийг охин Г.М*******, Г.М******* нарын эх байх эрхийг хасаж шийдвэрлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Эцэг, эх нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хасуулсан бол уг хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох буюу, эсхүл түүнийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлнэ гэж заасны дагуу охин Г.М*******, Г.М******* нарыг хүүхдийн асрамжийн газарт шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.*******-Э******* нь муу зуршлаа засаж, хүүхдүүдээ өөрөө өсгөх нөхцөл байдлаа бүрдүүлсэн тохиолдолд эх байх эрхээ сэргээлгэх хүсэлтийг шүүхэд гаргах боломжтой юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12- заасныг баримтлан Д******* овогт Д*******ын *******-Э******* /рд:***********/-ийг охин Д******* овогт *******-Эрдэнийн М******* /рд:**********/, охин Д******* овогт *******-Эрдэнийн М******* /рд:**********/ нарын эх байх эрхийг хассугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар охин Д******* овогт *******-Эрдэнийн М******* /рд:*********/, охин Д******* овогт *******-Эрдэнийн М******* /рд:*********/ нарыг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэхийг Булган сумын Засаг даргад даалгасугай.
3.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Долгорт даалгасугай.
5.Охин *******-Эрдэнийн М*******, охин *******-Эрдэнийн М******* нарын асран хамгаалалтад хяналт тавьж байхыг Булган аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газарт үүрэг болгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА