Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/227

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Туяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,

Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ********холбогдох эрүүгийн 1818004060252 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ********1997 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ********мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ******** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч******** нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжит багийн “Шаазгайт” гэр хорооллын дэргэдэх асфальтан зам дээр ******** өмчлөлийн ******** улсын дугаартай Тоёота клугер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч 8 настай ******** мөргөж эрүүл мэндэд нь зүүн хөлийн шилбэний тахилзуур ясны битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:  

Хэрэгт авагдсан

- ...Тэгээд автобус хөдлөхөөс өмнө амжиж зам гарах гэж яараад автобусны урдуур гараад дугуй руугаа гүйхэд автобусны араар гүйцэж түрүүлж байсан саарал өнгийн жип машин ирээд намайг мөргөөд унагаасан. Тухайн машин миний зүүн хөл дээгүүр гараад яваад өгсөн. Би өөрөө ар гэдрэгээ саваад машин зам дээр унасан... гэх насанд хүрээгүй хохирогч ******** мэдүүлэг /хх-ийн 17/,

- 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчимд гэртээ байж байхад манай хүү ******** автомашинд мөргүүлсэн гээд саарал өнгийн, жийп машин жолоодсон эмэгтэй хүүг маань аваад гэрт ирсэн. Миний хүүгийн зүүн хөл хугарсан Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэсэн. Хүүгийн эмчилгээнд 900.000 төгрөг, цаашдын эмчилгээний зардалд 1.800.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 450.000 төгрөгийг ********эр төлүүлсэн тул цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдолгүй гэх насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч******** мэдүүлэг /хх-ийн 15/,

- ...Автобусан дотор сууж байсан хүүхдүүд “хүүхэд дайрчихлаа” гэхээр нь харахад цайвар өнгийн дунд оврын жип машин автобусны урд зогсчихсон ар талд нь бага насны хүүхэд зам дээр сууж байсан. Уг цагаан машинаас 20 гаруй насны нэг эмэгтэй буугаад ирэхээр нь би автобуснаасаа буугаад “чи яасан болгоомжгүй явдаг юм бэ наад хүүхдээ эмнэлэг рүү хурдан аваад яв” гэж хэлсэн чинь нөгөө хүүхдийг машиндаа суулгаад аваад явсан гэх гэрч ********мэдүүлэг /хх-ийн 30/,

- ...Бид хоёр тойрог өнгөрөөд явж байхад урд талд цагаан өнгийн сурагчдын автобус  хүүхэд буулгаад зогсож байсан. Тэгээд нөгөө автобусны хажуугаар гараад гүйцэж түрүүлээд хажуугаар нь гарсан. Би зүүн гар тал руу цонхоор хараад явж байхад машин гэнэт тормоз гишгээд зогссон. Тэгээд******** эгч “баруун гар талаас автобусны урдуур хүүхэд гүйгээд гараад ирлээ” гээд сандарсан байдалтай байсан. Бид хоёр машинаас зэрэг буухад машины баруун талд зорчих хэсэг дээр 8 орчим насны эрэгтэй хүүхэд уйлсан хөлөө бариад сууж байсан гэх гэрч ******** мэдүүлэг /хх-ийн 31/,

- Миний том охин ******** 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр миний нэр дээрх Тоёота клугер маркийн ********улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад хүүхэд мөргөж зам тээврийн осол гаргасан талаар утсаар хэлсэн. Бид тухайн хүүхдийн эмчилгээний зардалд 3.800.000 төгрөг төлсөн гэх гэрч ********ийн мэдүүлэг /хх-ийн 32/,

- 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр аавынхаа машиныг жолоодоод найзынхаа гэрт очихоор явсан. Замд сурагчдын автобус дохио өгөөд зогсохоор нь би хажуугаар нь гүйцэж түрүүлээд явтал машины урдуур хүүхэд гүйгээд гараад ирсэн. Би тээврийн хэрэгслийг зогсоох гэтэл богино хугацаанд амжаагүй тул хүүхдийг мөргөсөн. Хүүхдийн эмчилгээний зардалд 3.800.000 төгрөг төлсөн гэх шүүгдэгч ******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 63-64/,

- Хэрэг болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэр Шаазгайтын гэр хорооллын бетон зам байв гэх зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/,

- Зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл, Осол гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 10-11/,

- ******** биед зүүн хөлийн шилбэний тахилзуур ясны битүү хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. ******** учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 554 дугаартай дүгнэлт /хх-ийн 34/,

- ******** нь зүүн шилбэний үений хугарал оноштой гэх Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, 05753 дугаартай өвчний түүх /хх-ийн 35, 37-45/,

- ******** зүүн хөлийн шилбэ ясны хугарал тэмтрэгдэнэ, дунд хэсгээр шилбэний тахилзуур ясны хугаралтай гэх хүний их эмч ********тодорхойлолт /хх-ийн 36/,

- Жолооч ******** нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөн. Уг зам тээврийн осол нь жолооч ********, иргэн П.Зулцэцэг нарын буруутай үйлдлээс шалтгаалж гарсан гэх Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч********гаргасан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50/,

- Жолооч ******** жолоодож явсан Тоёота клугер маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгахад тухайн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн, эд анги хэвийн ажиллагаатай, зам тээврийн осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй” гэх Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, авто тээврийн мэргэшсэн инженер Л.Лхагвасүрэнгийн дүгнэлт /хх-ийн 54-58/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч ********гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч ******** хөлийн шилбэний тахилзуур ясны битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардал, хохирол төлбөрт 3.200.000 төгрөг төлсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ********ь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Зулцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Хүүгийн эмчилгээнд 900.000 төгрөг, цаашдын эмчилгээний зардалд 1.800.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 450.000 төгрөгийг ********эр төлүүлсэн тул цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдолгүй” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч ******** нарын бичсэн “******** болон түүний гэр бүлийнхэн нийт 3.200.000 төгрөгийн хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Биднээс уучлал хүсэж, хүүгийн эмчилгээний хугацаанд бүхий л талаар дэмжиж тусалсан, цаашид гомдолгүй” гэх шүүх хуралдаанд гаргаж өгсөн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч ******** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.  

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч ******** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа насан хүрээгүй хохирогч ********д шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******** нь “******** ХХК-д худалдаа хариуцсан менежерээр ажилладаг, сарын үндсэн цалин нь 450.000 төгрөг болох нь “******** ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаартай захирлын тушаал, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ******** Төрийн банк дахь******** дугаарын дансны хуулга зэрэг баримтаар нотлогдож байх тул түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******** авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ******** нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ******** 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар ********д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ИХТАМИР