| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2403004560925 |
| Дугаар | 2025/ДШМ/768 |
| Огноо | 2025-06-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | ........ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/768
2025 06 19 2025/ДШМ/768
А.Т, Б.Х нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Л.Соёмбо, О.Санчирбал,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Өлзийбаярын өмгөөлөгч Х.Цэрэндолгор,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 2025/ШЦТ/1118 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Л.Соёмбо нар нь давж заалдах гомдлуудыг гаргасныг үндэслэн А.Т, Б.Х нарт холбогдох 2403004560925 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Б-ийн Х ...................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй;
2. Б овгийн А-ийн Т ....................... тоотод оршин суух хаягтай, урьд:
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 3 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;
Шүүгдэгч Б.Х нь тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 4 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингаравын замд BMWRR1000S загварын 0000 АА улсын дугаартай мотоциклийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна;” гэсэн заалтыг, 12.4 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно,” 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Howo Sinotruck ZZ3257 загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж мотоциклийн зорчигч С.Н-ы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
шүүгдэгч А.Т нь 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 04 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингаравын замд Howo Sinotruck ZZ3257 загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1. Хэвтээ тэмдэглэл 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...”; мөн дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино;” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас BMWRR1000S загварын 0000 АА улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж мотоциклийн жолооч Ө.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч С.Н-ы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: А.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар, Б.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч А.Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “мотоциклийн жолооч Ө.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч Б овгийн А-ийн Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч А.Т-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт шүүгдэгч А.Т-гийн өмчлөлийн Ү-22041хххххх дугаартай Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, Амгалан 13270 гачууртын зам гудамж, ..... дугаар байр, .... тоот хаягт бүртгэлтэй орон сууцыг битүүмжилсэн ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгг зааснаар 63,399,986 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч А.Т-гаас 31,699,993 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-д олгуулж, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч С.Н-ы сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 29,700,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар 12,867,406 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч А.Т-гаас 6,433,703 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор,
шүүгдэгч Б овгийн Б-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Х-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгг зааснаар 63,399,986 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч А.Т-гаас 31,699,993 төгрөгийг, шүүгдэгч Б.Х-оос 31,699,993 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-д олгуулж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч С.Н-ы сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 29,700,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар 12,867,406 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Х-оос 6,433,703 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Т давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг бүрэн барагдуулахаа илэрхийлж байсан боловч цаг хугацааны хувьд хэрэг хянан шийдвэрлэхээс өмнө төлж чадаагүй болно. Анхан шатны шүүх хохирол төлж барагдуулаагүй, хохирол, хор уршиг нөхөн төлөх талаар санал, санаачлага гаргаагүй байдлыг харгалзан хорих ял оногдуулсныг ял хүндэдсэн гэж үзэж байна.
Гэвч өнөөдөр ч гэсэн ар гэрийн зүгээс бүхий л боломжоо ашиглаж хохирогчийн эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршгийг төлөх, Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөрийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө бүрэн төлнө гэдгээ илэрхийлж байна. Мөн А.Т миний бие ганцаараа ажил эрхлэж гэр бүлээ тэжээн тэтгэдэг. Эхнэр бага насны 3 хүүхдээ хараад гэртээ байдаг юм. 4-5 зээлд сард 5-6 сая төгрөгийн төлдөг. Иймд хувийн байдал, гэмт хэргийн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч А.Тгийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хорих ял оногдуулсан нь хүндэдсэн гэж үзэж байна. Хохирогч С.Н-д учирсан хохирол болон сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулахаа А.Т нь илэрхийлж байгаа бөгөөд цаашид гарах зардлыг төлж барагдуулна. А.Т нь бага насны 3 хүүхэдтэй бөгөөд эхнэр хүүхдүүдээ асарч гэртээ суудаг зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Л.Соёмбо давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Х-ын хувьд ял шийтгэл хүндэдсэн шийдвэр болсон гэж үзэж байна. Б.Х нь 26 настай, Соёл урлагийн их сургуульд суралцаж төгсөөд дөнгөж дээд боловсрол эзэмшээд удаагүй, мөн холимог тулааны спортоор хичээллэж, амжилттай, ирээдүйтэй тамирчин болох итгэл найдвар төрүүлж яваа тамирчин хүн бөгөөд урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, зан төлөвийн хувьд үнэнч шударга, хүнд тусархуу, төлөв төвшин хүмүүжилтэй хүн юм. Тухайн өдөр Б.Х осол гарах нөхцөл бүрдэж, өөрийн болоод зорчигчийнхоо амь насыг эрсдэлд орж болзошгүй болсныг таамаглаж мэдэрч ойлгосон даруйдаа хамгийн бага хохирол учрахаар тооцож, чадлаараа хичээж, мотоциклоо унагааж учирч болох байсан хохирлоос бага хохирол учруулсан гэж үзэж байгаа ба өөрөө ч гэмтэл бэртэл авч хэсэг хугацаанд хэвтэрт орж байсан. Гэхдээ найз нөхдийнх нь эргэж тойрон цугларсан 1 сая төгрөгийг өөрөөс нь илүү С.Н-аад илүүтэй хэрэгтэй гэдгийг ойлгож, суга таягтайгаар эмнэлэгт хэвтэж байхад нь очиж эргэж тойрон 1 сая төгрөгийг эмчилгээндээ нэмэрлээрэй, гэж өгсөн байдаг, үүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ч батлан мэдүүлсэн байдаг. Гэтэл энэ талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэж байсан ч баримтгүй гэсэн шалтгаанаар учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх талаар ямар нэгэн санал санаачлага гаргаагүй болон тэдгээрийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан үзээд хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн нь туйлын харамсалтай.
Анхан шатны шүүхээс төлүүлэхээр шийдвэрлэсэн хохирлыг ажил хөдөлмөр эрхэлж, аль болох богино хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж байгаа бөгөөд хохирогч найздаа хүнд гэмтэл учруулсандаа туйлын ихээр гэмшиж харамсаж байгаа.
Хэргийн хувьд өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалаас дүгнэхэд, жолооч А.Т нь харин осол гараад эмэгтэй хүн гэмтээд хэвтэж байхад харчхаад тоомжиргүй инээж, яаралтай тусламж ч дуудахгүй, утсаар ярьсан шигээ байсан нь хүн чанаргүй, өөрийн буруутай үйлдэлд огтоос гэмшээгүй байдал харагдаж байна. Мөн хэрэг шалгагдах хугацаанд зөвхөн өөрийн тээврийн хэрэгслийг журмын хашаанаас авахаа л бодож байсан хувиа хичээсэн зан төлөв харагдаж байна.
Гэтэл шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдлыг харгалзан үзэлгүй яг ижил ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болжээ гэж үзэж байна.
Иймд шүүгдэгч Б.Х-ын дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хуртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэсэн заалтыг үндэслэн шийдвэрлэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч О.Санчирбал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд Л.Соёмбо өмгөөлөгчийн гомдлыг хууль зүйн хувьд дэмжиж байна. Анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх талын дүгнэлт дутмаг хийсэн гэж үзэж байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Н-д гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой хохирлыг шүүгдэгч нь тодорхой хэмжээнд төлж байсан. Шүүхийн шийдвэрийн дараа ч хохирлыг төлж байсан. Цаашид гарах хохирлыг төлөхөө бүрэн илэрхийлж байгаа. Иймд түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, анх удаа гэмт үйлдсэн, мөн хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан эрүүгийн хариуцлагыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Өлзийбаярын өмгөөлөгч Х.Цэрэндолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд тусгайлсан давж заалдах гомдол гаргаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хувьд нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд дээрх байр сууриа дэмжиж оролцож байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Шүүгдэгч А.Т, Б.Х нарт холбогдох 2403004560925 дугаартай хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 4 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингаравын замд:
- Б.Х нь тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ BMWRR1000S загварын 0000 АА улсын дугаартай мотоциклыг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна;”, 12.4 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно,” 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Howo Sinotruck ZZ3257 загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн,
- шүүгдэгч А.Т нь Howo Sinotruck ZZ3257 загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн “...Хэвтээ тэмдэглэл 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно, 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино;” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас BMWRR1000S загварын 0000 АА улсын дугаартай мотоциклтой мөргөлдсөн,
дээрх шүүгдэгч Б.Х, А.Т нарын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас Б.Х-ын жолоодож явсан мотоциклоор зорчиж явсан зорчигч С.Н-ы эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь:
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 9-12/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэгээр авсан гэрэл зургууд /1-р хх-ийн 7-8/,
хохирогч С.Н-ы: “... Манай ажлын охин дээрэмдүүлчихлээ хүрээд ирээч гэсэн. Тэгээд би Х-од хэлээд яаралтай явах шаардлагатай болчихлоо гээд Х- мотоциклоо жолоодоод би ард нь суугаад Дүнжингаравын замаар зүүн 4 зам руу явж байсан. Нэг мэдэхэд би эргэлдэж эхэлсэн, дотроо би эргэлдэхээ болиосой гэж бодож байсан. ...” /1-р хх-ийн 17-18/,
иргэний нэхэмжлэгч С.С-ийн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч С.Н- эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 12,867,406 төгрөг гарсан...” /1-р хх-ийн 21/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-гийн: “...Миний охин Н-ы хувьд нугас нь тасарсан. Бээжин рүү явж үзүүлэхэд Монголд эмчилгээгүй гэж хэлсэн. Хөхнөөс доош мэдээгүй болж, 90 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан. Хөдөлгөөн хийх боломжгүй, эргэж хөрвөөх боломжгүй байнгын асаргаанд байна. Өтгөн шингэнээ гаргаж чадахгүй байгаа. Миний охин ачааны машиныг харсан байсан. Тухайн үед дохио өгөлгүй эргэсэн гэж хэлсэн. Шүүгдэгч А.Т над руу нэг удаа охин нь яаж байна, миний машиныг журмын хашаанаас гаргахгүй байна гэж хэлсэн. Тэрнээс хойш холбоогүй алга болсон. Миний гэр бүлийн байдал хүнд байна. Ганц миний охин гэлтгүй гэр бүлийн 7 гишүүний амьдралыг аймшиг болгосон. Хамаг залуу нас, мөн охины амьдралыг байхгүй болгосон. Сар бүр эмчийн хяналтад байх ёстой. Би өөрөө ажил хийхээс өөр аргагүй байдалтай болчхоод ажил хийж байгаа. Охиноо өргөж тээж чадахгүй байгаа. Хөх хот руу 4 дүгээр сард явах төлөвлөгөөтэй байсан боловч шүүх хурал хойшилсон учраас явах боломжгүй болсон, Хөх хот руу явж үзүүлэх төлөвлөгөөтэй байна. ...” /2-р хх-ийн 226 дугаар тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ гэх мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 8579 дугаар: “...С.Н-ы сээрний 5-р нугалмын бяцарсан хугарал, нугасны няцрал биеийн доод хэсгийн саажилт, зүүн 2, 3, 4 дүгээр хавирга, өвчүү яс, сээрний 3-р нугалмын арын сэртэн, 4-р нугалмын хоёр хажуу болон арын сэртэн 6, 7 дугаар нугалмын их бие ба зүүн хөндлөн болон арын сэртэн, 8-р нугалмын зүүн хөндлөн болон арын сэртэнгийн хугарал, уушгины няцрал, цээжний хоёр талын хөндийн шингэн хуралдалт, зүүн шагайн гадна хавчаар ясны хугарал, нүүр хоёр гар, зүүн өвдөг, шагайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.7 болон 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэгт тогтоогдлоо...” /1-р хх-ийн 46-48/,
2024 оны 9 дүгээр сарын 30-ний өдрийн техникийн шинжээчийн 08/14 дугаар: “...жолооч болон зорчигчийн гулссан зай, мотоциклийн эд ангиудын эвдрэл, гэмтэлд шингээгдсэн энерги зэргийг тооцоогүй тул мотоцикль нь 95.7 км/цагаас дээш хурдтай явж байсан байна. ...” /1-р хх-ийн 83-84/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,
Тээврийн цагдаагийн албаны 1683 дугаар: “...Жолооч Б.Х нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна;” 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно,” 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
Жолооч А.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Нэг. “Хэвтээ тэмдэглэл 1.4 дэх хэсэг, “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давхыг хориглоно...”; мөн дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино;” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байх үндэслэлтэй байна. ...” гэсэн мөрдөгчийн магадлагаа /1-р хх-ийн 101/,
Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн жолоочийн лавлагаа: “...Б-ийн Х-, тээврийн хэрэгсэл жолоодох ангилал В...” /2-р хх-ийн 8/,
“Дамно үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ: “...хэтэвч, цүнх, гутал, хантааз, өмд, цамц, боди, шил харааны, шил нарны нийт 1,818,291 төгрөг...” /2-р хх-ийн 27-28/, “...гар утас, чихэвч, бугуйн цаг нийт 3,925,000 төгрөг...” /2-р хх-ийн 34-35/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 4 цаг 45 минутын үед:
Б.Х-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчиж мотоцикл ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа BMWRR1000S загварын 0000 АА улсын дугаартай мотоциклийг жолоодсон, жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна;”, 12.4 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно,” гэснийг зөрчин 95,7 км цагийн хурдтайгаар явж Howo Sinotruck ZZ3257 загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолоодож явсан мотоциклоор нь зорчиж явсан зорчигч С.Н-ы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан “...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, ...тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн...” гэсэн шинжийг,
шүүгдэгч А.Т-гийн Howo Sinotruck ZZ3257 загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн “1. Хэвтээ тэмдэглэл 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...”; мөн дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино;” гэсэн заалтуудыг зөрчиж эргэх үйлдэл хийхийг зөвшөөрөөгүй газраар эсрэг урсгалыг давсан эргэх үйлдлийг хийсний улмаас BMWRR1000S загварын 0000 АА улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, Б.Х-ын жолоодож явсан мотоциклоор зорчиж явсан зорчигч С.Н-ы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ...хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан...” гэсэн шинжийг тус тус бүрэн агуулсан байна.
Анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн А.Т, Б.Х нарын үйлдсэн хэргийг зүйлчилсэн байна.
3. Шүүгдэгч А.Т, Б.Х нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, тэдний үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Н-ы эрүүл мэндэд хүнд хохирол буюу биеийн дээд мөчдөөс доош мэдрэлгүй болсон хохирол учирсан нөхцөл байдал, тус учирсан хохирлоос үүдэн хохирогч С.Н- нь байнгын хүний асрамжид байх болсон хор уршиг зэргээс дүгнэхэд, анхан шатны шүүхээс шүүдэгч А.Т, Б.Х нарт тус тус жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг сонгож 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулж шийдвэрлэсэн нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Түүнчлэн, тэдэнд хорих ялыг сонгон оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж чадсан байх тул шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Л.Соёмбо нарын гаргасан “...хорихоос өөр төрлийн ял оногдуулах, ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч А.Т, Б.Х нарын шийтгэх тогтоолоос хойш цагдан хоригдсон 49 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэрлэсэн байна.
Шийтгэх тогтоолоос хойш шүүгдэгч Б.Х нь хохирол, хор уршигт 2025.5.29-нд 10,000,000 төгрөг, 2025.6.18-нд 5,000,000 төгрөг буюу нийт 15,000,000 төгрөгийг,
шүүгдэгч А.Т-гаас Эрүүл мэндийн сангаас гаргасан зардалд 6,433,703 төгрөг, хохирол, хор уршигт 2025.6.17-ны өдөр 46,550,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж байна.
6. Анхан шатны шүүх, мөрдөгчийн Э.Н-ы сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 5 дугаар зэрэглэлээр тогтоосноор /1 хх-ийн 150 тал/ гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн хөдөлмөрийн хөлсний доод 45 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолын 14 дүгээр талд хохирогч Э.Н-ы сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 3 зэрэглэл гэж буруу бичсэн байгааг давж заалдах шатны шүүхээс хохирогч Э.Н-д тус гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын 5 дугаар зэрэглэлд заасан хохирол учирсан гэж өөрчлөн дүгнэж байна.
Ингэж зөвтгөн шийдвэрлэх нь Иргэний хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчихгүй бөгөөд Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолд нийцэж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 2025/ШЦТ/1118 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Л.Соёмбо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шийтгэх тогтоолоос хойш шүүгдэгч Б.Х нь 15,000,000 төгрөгийг хохирогч С.Н-д төлсөн, шүүгдэгч А.Т нь Эрүүл мэндийн даатгалын санд 6,433,703 төгрөгийг, хохирогч С.Н-д 46,550,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т, Б.Х нарын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ