| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/01006/И |
| Дугаар | 304/ШШ2026/00080 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 304/ШШ2026/00080
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ** дүгээр хороо, Э*******ы өргөн чөлөө 19, Өөрийн байранд байрлах Х******* х******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б**** аймаг, Б***** сум, ** дугаар баг, Х******* С.М*******ын гудамж, **-*-** тоотод оршин суух Б.Хи*******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Цалингийн зээлийн гэрээг цуцалж, 24,320,161.45 (хорин дөрвөн сая гурван зуун хорин мянга нэг зуун жаран нэгэн төгрөг дөчин таван мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2025/01006/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******* х******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х*******, х******* ******* ХК-тай зээлдэгч Б ургийн овогт Бын Хи******* (РД:) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр №0520/000333/2024 тоот "Цалингийн зээлийн гэрээ, №0520/000333/2024 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулан 20,000,0000 /хорин сая / төгрөгийг сарын 1.68%-ийн үндсэн хүүтэйгээр, Үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлж авсан.
Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ 2024 оны 07-р сарын 09-ний өдрөөс хойш зөрчиж, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Х******* х******* ******* ХК-ны зүгээс шүүхийн журмаар цуцлуулахаар энэ нэхэмжлэлийг гаргаж байна.
Зээлдэгч нь 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүү, үндсэн хүүгийн нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:
Үндсэн зээл: 18.760,755.57 (арван найман сая долоон зуун жаран мянга долоон
зуун тавин таван төгрөг тавин долоон мөнгө) төгрөг
Үндсэн хүү: 5,282,616.04 (таван сая хоёр зуун наян хоёр мянгазургаан зуун арван
зургаан төгрөг дөрвөн мөнгө) төгрөг
Нэмэгдүүлсэн хүү: 260.789.84 (хоёр зуун жаран мянга долоон зуун наян есөн төгрөг наян дөрвөн мөнгө) төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын зардал 16,000.00 (арван зургаан мянга) төгрөг, талуудын хооронд байгуулсан №0520/000333/2024 тоот Цалингийн зээлийн гэрээг цуцлаж тухайн гэрээний үүрэгт цугласан зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжпэл гаргахтай холбогдон гарсан нотариатын нийт зардалд 24.320.161.45 (хорин төрвөн сая гурван зуун хорин мянга нэг зуун жаран нэгэн төгрөг дөчин таван мөнгө) төгрөгийг хээлдэгч Б ургийн овогт Бын Хи******* (РД:)-с гаргуулж, х*******, х******* ******* ХК-д олгуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Хи******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б. Хи******* би Х******* х******* ******* ХК-тай 2024 оны 04 сарын 29-ний өдөр 520/000333/2024 дугаартай зээлийн гэрээ байгуулж 20,000,000 /хорин сая/ төгрөгийг 30 сарын хугацаатай сарын 1,68%-ийн хүүтэй зээлж авсан. Б.Хи******* би Оюу Толгой ХХК-д ажилладаг ба манай байгууллага 2024 оны 05 сараас бүх ажилтан, албан хаагчдын үндсэн цалинг 60 хувиар бууруулан, багасгасан тул зээлийн гэрээний эргэн төлөлт хийхэд цалин, орлого хүрэлцээгүйн улмаас энэхүү нөхцөл байдал үүссэн. Нэхэмжлэгчийн шаардаж буй 24,320,161.45 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* х******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Хи*******д холбогдох цалингийн зээлийн гэрээг цуцалж, 24,320,161.45 (хорин дөрвөн сая гурван зуун хорин мянга нэг зуун жаран нэгэн төгрөг дөчин таван мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Хи******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дах заалтыг баримтлан нэхэмжлэгч Х******* х******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Хи*******д холбогдох цалингийн зээлийн гэрээг цуцалж, 24,320,161.45 (хорин дөрвөн сая гурван зуун хорин мянга нэг зуун жаран нэгэн төгрөг дөчин таван мөнгө) төгрөгийг хариуцагч Б.Хи******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 139,776 (нэг зуун гучин есэн мянга долоон зуун далан зургаа) төгрөг, хариуцагч Б.Хи*******аас 139,776 (нэг зуун гучин есэн мянга долоон зуун далан зургаа) төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА