Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 304/ШШ2026/00081

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ** дүгээр хороо, ******* ******* оффис, ** дугаар давхар, **** тоотод байрлах М******* д******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б***** аймаг, Х*******-Ө******* сум, ** дүгээр баг, ***-*-* тоотод оршин суух Ц.Г,

Хариуцагч: Булган аймаг, Х*******-Ө******* сум, ** дүгээр баг, ***-**-** тоотод оршин суух Э.Ө нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 13,943,598 (арван гурван сая есэн зуун дөчин гурван мянга таван зуун ерэн найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2026/00028/И индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* д******* к******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Г, Э.Ө нар нь 2024 оны 08-р сарын 18-ны өдөр Тоуоtа Рrius-ХW330/2013 2019/ маркийн, ZVW305707885 арлын дугаартай, 79-88 УНД улсын дугаартай мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийг барьцаалан 11,550,000 /арван нэгэн сая таван зуун тавин мянган/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 3,2% хувийн хүүтэйгээр 1029130106000362 тоот зээлийн гэрээ, Ф1029130106000362 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх Фидуцийн гэрээг тус тус байгуулан зээлж байна.

Зээлдэгч нь 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс хойшхи зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтэрсэн, 1029130106000148 тоот зээлийн гэрээний 7.2.1 дэх хэсэгт заасан Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу нэг талын санаачлагаар гэрээг цуцалж шүүхийн байгууллагад хандаж байна. 1029130106000362 тоот зээлийн гэрээний Үндсэн зээл 10,539,283 төгрөг, үндсэн хүү 3,324,334 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,982 төгрөг нийт 13,943,598 төгрөгийг гаргуулах, дээрхи төлбөрийг төлөөгүй тохиолдолд талуудын хооронд байгуулсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх Фидуцийн гэрээний барьцааны зүйлээр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Г, Э.Ө нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М******* д******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Г, Э.Ө нарт холбогдох 13,943,598 (арван гурван сая есэн зуун дөчин гурван мянга таван зуун ерэн найм) төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц.Г, Э.Ө нар нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дах заалтыг баримтлан нэхэмжлэгч М******* д******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Г, Э.Ө нарт холбогдох 13,943,598 (арван гурван сая есэн зуун дөчин гурван мянга таван зуун ерэн найм) төгрөгийг хариуцагч Ц.Г, Э.Ө нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 113,834 (нэг зуун арван гурван мянга найман зуун гучин дөрөв) төгрөг, хариуцагч Ц.Г, Э.Ө нараас 113,834 (нэг зуун арван гурван мянга найман зуун гучин дөрөв) төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА