| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00828/И |
| Дугаар | 304/ШШ2025/00778 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 304/ШШ2025/00778
Хүсэлт гаргагч: Б***** аймаг Б******* сум ** дугаар багт оршин суух Б.Б*******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00828/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Хүсэлт гаргагч Б.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1983 оноос хойш аав, ээж дээрээ тувтан мал дээр байсан. 1989 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж 1991 онд цэргийн албанаас халагдсан. Тэгээд 1991 оноос 1993 оны дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Пеонер нэгдэлд малчнаар ажилласан. Иймд намайг 1983-1993 онын дуусталх хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пеонер нэгдэлд малчнаар мал маллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
-Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-1988, 1989 оны малын хөдөлгөөний нэгдсэн бүртгэл,
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР-1 маягт,
-Үндэсний төв архивын лавлагаа,
- БНМАУ-ын хүн, орон сууцны 1989 оны тооллого,
-Булган аймгийн нийгмийн даатгалын газрын 01/33 дугаартай албан бичиг зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хангахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2.Хүсэлт гаргагч нь Увс аймгийн Наранбулаг нэгдэлд 1983 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Хүсэлт гаргагч Б.Б******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Увс аймгийн Наранбулаг нэгдэлд 1983 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан ба дээрх хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-1988, 1989 оны малын хөдөлгөөний нэгдсэн бүртгэл,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР-1 маягт,
-Үндэсний төв архивын лавлагаа,
- БНМАУ-ын хүн, орон сууцны 1989 оны тооллого,
-Булган аймгийн нийгмийн даатгалын газрын 01/33 дугаартай албан бичиг зэрэг болно.
4.Иймд хүсэлт гаргагч Т******* овогт Б*******ийн Б*******ын Увс аймгийн Наранбулаг нэгдэлд 1983 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т******* овогт Б*******ийн Б*******ыг Увс аймгийн Наранбулаг нэгдэлд 1983 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА