| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00847/И |
| Дугаар | 304/ШШ2025/00779 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 304/ШШ2025/00779
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00847/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч З.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Би Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдэлд 1986 оноос 1988 оны 10 дугаар сар хүртэл зочид буудлын галчаар ажиллаж байсан юм. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байгаа тул шүүхэд хандаж байна. Мөн аймгийн архиваас ажиллаж байсан үеийн баримт, тушаал зэрэг байхгүй байна. Иймд намайг 1986 оноос 1988 оны 10 дугаар сар хүртэл Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдэлд зочид буудлын галчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
-Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Булган аймгийн Д******* сумын Монгол-Германы найрамдлын нэрэмжит ХАА-н Туяа нэгдлийн даргын тушаал,
- Д******* сумын С******* багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг болно.
Хүсэлт гаргагчийн хүсэлтээр С.Оюумаа, П.Амарсайхан нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2.Хүсэлт гаргагч нь 1986 оноос 1988 оны 10 дугаар сар хүртэл Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдэлд зочид буудлын галчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Хүсэлт гаргагч З.Б******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор 1986 оноос 1988 оны 10 дугаар сар хүртэл Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдэлд зочид буудлын галчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан ба дээрх хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Булган аймгийн Д******* сумын Монгол-Германы найрамдлын нэрэмжит ХАА-н Туяа нэгдлийн даргын тушаал,
- Д******* сумын С******* багийн Засаг даргын тодорхойлолт,
Гэрч С.Оюумаагийн Би 1979 оноос 1981 он хүртэл Булган аймгийн Д******* сумын Холбоонд техникч хийдэг байсан. 1983 оноос 1992 он хүртэл Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдэлд нярав, нягтлан бодогч хийдэг байсан. 1992 оноос хойш төсвийн нягтлан бодогч хийж байгаад 2016 онд тэтгэвэртээ гарсан. З.Б******* нь намайг нэгдэлд няраваар ажиллаж байхад нэгдэлийн харьяа зочид буудалд манаач, галчаар 1986 оноос 1988 оны хооронд ажиллаж байсан. 1988 онд намайг нягтлан бодохын 3 сарын күрсд явах үеэр цэрэгт явна гэж байсан. Тасралтгүй ажиллаж байсан гэх мэдүүлэг,
Гэрч П.Амарсайханы Би 1989 оноос 1992 он хүртэл Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдэлд бичээч, бичиг хэрэг, боловсон хүчин хийдэг байсан. З.Б******* нь намайг нэгдэлд ажиллаж байхад 1986 оноос 1988 оны 10 дугаар сар хүртэл Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдэлд галч хийдэг байсан. Тасралтгүй ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.
4.Иймд хүсэлт гаргагч Ё******* овогт З*******ийн Б*******ийг 1986 оноос 1988 оны 10 дугаар сар хүртэл Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдэлд зочид буудлын галчаар ажиллаж байсан болохыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ё******* овогт З*******ийн Б*******ийг 1986 оноос 1988 оны 10 дугаар сар хүртэл Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдэлд зочид буудлын галчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА