| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0195/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/275 |
| Огноо | 2018-08-13 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/275
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагч Н.Дуламсүрэн,
Иргэдийн төлөөлөгч Х.Сайра,
Хохирогч*******
Шүүгдэгч Г******* өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч ******* өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч Г*******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар******* нарт холбогдох эрүүгийн 1718002860199 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, с1973 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн ******* тоотод оршин суух хаягтай боловч Дархан-Уул аймгийн *******тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
2. Монгол улсын иргэн, *******, 1975 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн ******* тоотод оршин суух хаягтай боловч Дархан-Уул аймгийн *******оотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Г*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, хохирогч нас барсан, *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1-д заасан сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ******* нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 09 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум******* тоотод байх өөрийн гэртээ 4050 грамм жинтэй, эрэгтэй хүүхэд төрүүлээд цагаан өнгийн фудболка, улаан шар өнгийн орны бүтээлэг зэргээр боож өөрийн нөхөр Г*******ыг ирэхэд “хүүхэд дутуу төрчихлөө, хүүхдүүд айгаад байна, гаргачих” гэж хэлэн гаргуулсан байна.
Шүүгдэгч Г******* нь уг нярай хүүхдийг гадаа гарган цасанд булаж, түргэн тусламж үзүүлэхээр ирсэн эмнэлгийн ажилтнуудад хэлэлгүй нуусан байсныг цагдаагийн байгууллагын ажилтнууд олж Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн ба уг нярай эмчилгээ хийлгэж байгаад 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн орчим нас барсан байна.
Дээрх үйл явдал нь мөрдөн байцаалтын шатанд хууль заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Үүнд: Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад *******2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 32 минутад эхэлсэн “Тус хэрэг болсон газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын *******тоот ертөнцийн зүгээр арагш харсан төмөр хаалгатай модон хашаа байна. Хашаанд модон таамбар бүхий шавар байшин байна. Таамбарын арын хэсэгт цасан доороос улаан эрээн өнгийн зүйл цухуйсан байдалтай байна. Цасыг ярж үзэхэд улаан шар өнгийн орны бүтээлэг, дотор талд нь цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн фудболкоор ороосон эрэгтэй нярай хүүхэд байна...” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /хх-ийн 6-13/,
******* нь гэртээ төрснийг мэдээд түргэн тусламж дуудсан ******* гэрчээр өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн өглөө манай хадам дүү ******* над руу залгаад “******* бие муу байна. Та хүрээд ирээч” гэж хэлсэн. Гэрт очиход *******орон дээрээ хөнжлөөр хучуулсан байдалтай хэвтэж байсан. Юу болсныг асуухад ******* “*******гэртээ дутуу төрчихлөө” гэж хэлсэн. Тэгээд би эмнэлгийн түргэн тусламж 103 руу залгаж дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 65/,
******* нь гэртээ төрсөн байна гэх дуудлагыг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 09 минутад хүлээн авсан тухай Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасгийн дуудлагын журнал, 8463 дугаартай дуудлагын хуудас /хх-ийн 157-158/, уг дуудлагын дагуу түргэн тусламж үзүүлэхээр очсон эмч ******* гэрчээр өгсөн: Би 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт жижүүртэй ажиллаж байхад Дархан-Уул аймгийн ******* тоотод 5 сартай жирэмсэн эмэгтэй зулбаж цус алдаж байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход гэрт нэг эмэгтэй орон дээр хэвтэж байсан ба гэрт нь эмэгтэйн нөхөр, хадам эгч гэх хүмүүс байсан. Нөхөр нь гэх хүн “1 литр орчим цус алдсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ураг нь хаана байна гэхэд нөхөр нь “эхнэр дутуу төрөөд иймхэн юм байхаар нь их хол аваачиж байгаад газарт булчихсан. Булсан газар луу машинтай л очихгүй бол их хол газар” гээд гарын алгаа заасан. Мөн би ихэс нь хаана байгааг асуухад ихсийг нь гэрийн гаднаас оруулж ирсэн. Тэгээд тэр эмэгтэйн бие их муу байхаар нь эмнэлэгт хүргэсэн ба нөхөрт нь “ургийг нь араас аваад ирээрэй” гэж хэлэхэд “за тэгье” гэсэн боловч нөхөр нь эхнэрийн хамт түргэн тусламжийн машинд суугаад эмнэлэгт ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 61/,
Шүүгдэгч ******* болон нярайд эмчилгээ хийсэн эмч нар болох
Гэрч *******өгсөн: Би 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн Амаржих тасгийн хүлээн авахад иргэн ******* төрүүлсэн нярайг хүлээн авч, эрчимт эмчилгээ хийсэн. Нярайг анх хүлээн авахад амьд эсэх нь тодорхойгүй, биеийн байдал маш хүнд, осголтын байдалтай, гулдгар, ухаангүй, дуу гарахгүй, бие нь хөхөрсөн, зунгаг болон шороогоор бохирлогдсон, хүйг нь уртаар тасалж унжуулсан байсан тул яаралтай эрчимт эмчилгээг хийсэн. Нярайн хүйг уртаар унжуулж тасалсан, хөлдөөсөн байдлаас үзэхэд нярайд ямар ч тусламж санаатай үзүүлээгүй байж болох юм гэх мэдүүлэг /хх-ийн 55-57/,
Гэрч*******өгсөн: ...Цус алдалт зогссоны дараа би тэр эмэгтэйгээс “сүүлийн сарын тэмдэг хэзээ ирсэн” гэж асуухад “3 сарын өмнө” гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэгт авчирсан ихсийг үзэхэд том хэлбэртэй, 500 гр жинтэй байсан. Мөн эмэгтэйн умайн хэмжээ том байсан учир би тэр эмэгтэйгээс “чи 3 сартай жирэмсэн биш байна. Гарсан хүүхэд хаана байна вэ?” гэж асуухад тэр эмэгтэй “мэдэхгүй манай нөхөр гэрээс аваад гарсан” гэж хэлсэн. Би нөхөр гэх хүнтэй нь уулзахад нөхөр нь “би эхнэрийгээ жирэмсэн гэдгийг мэдээгүй, надад цус алдаад байна гэж хэлсэн. Тэгсэн манай эхнэр зулбасан байсан. Нэг жоохон юм гарахаар нь би гадагшаа гаргаад шидчихсэн” гэж хэлсэн. Тэгтэл гаднаас цагдаа нар орж ирээд зулбасан эмэгтэй хүүхдийг авчирсан гэх мэдүүлэг /хх-ийн 62/,
******* төрүүлсэн нярайд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгээс эмчилгээ хийсэн тухай дугаартай өвчний түүх /хх-ийн 19-35/, ******* нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай 1531 дугаартай өвчний түүх /хх-ийн 36-47/,
Нярайг хайж олсон гэрч ******* өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 102 төвөөс “Дархан-Уул аймгийн******* тоот гэртээ хүн төрөөд хүүхэд нь байгаа юм шиг байна. Очиж хүүхдийг хайж ол” гэсэн дуудлагын дагуу цагдаагийн дэслэгч******* хамт явсан. ...Бид хашаа дотор нь орж үзэхэд жорлон, байшингийн урдуур цус болсон эд зүйлс байсан. Тэгээд байшингийн урдаас хүний мөрийг дагаад явахад байшингийн ард ирсэн. Байшингийн ард ирэхэд хүний гараар цас овоолчихсон байсан ба доороос нь улаан өнгийн даавууны өөдөс цухуйж байсан. Би урд талын айлд очиж саажилттай нэг эрэгтэй хүнийг дагуулж очоод үзүүлтэл тэр залуу “энэ манай орны бүтээлэг байна” гээд татахад дотроос нь дөнгөж төрсөн хүүхэд гарч ирсэн ба хүүхэд дуу гаргахгүй, гар хөл нь сарвайж хөдөлж байсан. Би нярайг амьд эсэхийг нь шалгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 63-64, 182/,
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад *******2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* нас барсан нярайг ороосон байсан улаан шар өнгийн орны бүтээлэг 1 ширхэг, цагаан өнгийн улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон фудболка 1 ширхэг зэрэг эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 17/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 9750 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн ******* нярайн гэх цус болон эд эрхтний дээж нь AII бүлгийн харьяалалтай байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73/,
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад ******* 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Үзлэгээр биеийн урт 52 см, толгойдоо бор шаргал өнгийн сэвлэг үстэй, эрэгтэй хүйсийн нярайн цогцос байв...” гэх цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 74-77/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 9778 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн *******, Г******* болон нярайн гэх цус, эд нь шинжилгээнд тэнцэнэ. *******, Г******* нар нь ДНХ-ийн тогтцоороо нярайн биологийн эх, эцэг байх боломжтой байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-82/,
Нярайн нас барсан шалтгааныг тогтоосон Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 93 дугаартай “Шинжилгээнд авагдсан нярайн биед баруун зулай, бага тархины зөөлөн бүрхүүл доор цус харвалт, баруун чамархай, дагзны хуйх доорх цус хуралт, баруун уушгины болон баруун бөөрний өөхөн эд дэх цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр, доргилтын нөлөөгөөр үүсэх боломжтой. Уг гэмтэл нь амьд ахуй үед үүссэн байх ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. ******* ******* нярай нь гавал тархины битүү гэмтэл авч хүйтэн сэрүүн үед осголт хавсарснаас шалтгаалан тархи хавагнаж цусны эргэлтийн хурц хямралын улмаас нас баржээ. Нярай нь эх дотроо бойжилт гүйцсэн, төрөх хугацаандаа гүйцэд төрсөн болно. Нярай нь төрсний дараа ямар нэгэн асаргаа сувилгаа хийгдээгүй, гэмтэл авч амьдрах боломжгүй орчинд /3 цаг орчим/ байснаас үхэлд хүрсэн байна. Нярайд ямар нэг суурь өвчин илэрсэнгүй. Нярай нь хэвийн төрж, төрсөн даруйд зохих асаргаа сувилгаа хийгдсэн бол амь насыг нь аврах боломжтой байжээ. Нярайн цусны бүлэг AII болно. Нярайг олсон даруйд эмнэлэгт хүргэхэд эмч сэхээн амьдруулах эрчимт эмчилгээг стандартын дагуу бүрэн гүйцэд хийсэн боловч бодисын солилцооны эргэшгүй өөрчлөлтөд орсон байснаас эмчилгээ үр дүн өгөлгүй нас барсан байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-71/,
Шинжээч эмч ******* өгсөн: ...Нярайн биед үүссэн баруун чамархай, дагз хэсгээр хатуу мохоо зүйлд хүрэлцэх, цохигдсоноос баруун зулай, бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун чамархай, дагзны хуйхан доорх цус хуралт үүссэн байх боломжтой. Хүчтэй доргилтын улмаас баруун уушгины уг болон баруун бөөрний өөхөн эд дэх цус хуралт үүсэх боломжтой гэх мэдүүлэг /хх-ийн 187-188/,
Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын Хүүхдийн эндэгдлийн магадлан хэлэлцэх комиссын “...өвчний түүх, эмчийн үзлэгээс дүгнэхэд нярайн амь насыг аврах боломжгүй, бодисын солилцооны эргэшгүй өөрчлөлтөд орсон байсан байна. Эдгээр нь клиникийн онош болон шүүх эмнэлгийн задлан шинжилгээний оношоор батлагдаж байна” гэх хурлын тэмдэглэл /хх-ийн 162-166/,
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Г******* өгсөн: Би тухайн өдөр ажлаасаа 08:30 цагт буусан. Тэгээд гэртээ ирсэн. Тэгсэн гэрээр дүүрэн их цус болсон байсан. Намайг гэрт орж ирэхэд эхнэр орон дээр хэвтсэн, төрсөн хүүхдээ хажуудаа даавуунд ороогоод тавьсан, би дутуу төрчихлөө гэж хэлсэн. Тухайн үед 2 бага хүүхэд маань байсан. Тэр хоёр уйлаад байхаар нь эхнэр дутуу төрсөн хүүхдээ гаргаад тавь гэж хэлсэн. Тэгээд би хүүхдээ гадаа тавьсан. 8 сард эхнэр өөрийгөө 3 сартай жирэмсэн гэж хэлсэн. Манайх нүүж ирээд удаагүй, шилжүүлгээ хийлгээгүй байсан юм. Тэгээд бичиг баримтгүй болохоор эмчийн хяналтад ороогүй байсан. Би их айж сандарсан учраас хүүхдээ хараагүй, амьд эсэхийг нь шалгаагүй. Тэгээд хүүхдийг нохой шувуу авчих байх гэж бодоод цасанд булсан. Би байшингийн хана руу шидээгүй. ******* төрөх үедээ тархинд гэмтэл учруулсан байх гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ******* өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэнэт миний гэдэс өвдөөд сууж, тонгойх зэрэг дасгал маягийн хөдөлгөөн хийсэн. Тэгсэн гэнэт аймаар базалсан. Тэгээд нөхрөө ирэхээр нь эмнэлэгт хамт явъя гэж бодоод хувцсаа бэлдсэн байсан. Тэгтэл хүүхэд маань төрсөн. Тэгээд би хүүхдээ даавуунд битүү боогоод орон дээр тавьсан. Гэрийн шал цус болсон байсан учраас 2 бага хүүхэд маань уйлаад байхаар нь нөхрөөрөө төрүүлсэн нярайгаа гаргуулсан. Уг нь би хүүхдээ авахуулах гэж байсан боловч чадаагүй гэх мэдүүлэг,
Хохирогч*******ийн өгсөн: Эд хөрөнгөөр хохирсон зүйл байхгүй. Гэхдээ төрсөн нярай нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан эрхээ эдэлж чадаагүй бурхан болсон. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч нарт санал гомдолгүй. Харин цаана нь үлдэж байгаа бага насны 4 хүүхэд хохирох магадлалтай байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,
******* нь жирэмсний хяналтад ороогүй болох нь гэрч ******* ...******* нь жирэмсэн байх хугацаандаа манай өрхийн эмнэлэгт мэдэгдэж жирэмсний хяналтад ороогүй эмэгтэй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/-ээр,
Шүүгдэгч Г*******, ******* нар нь 1997 оны 6 дугаар сарын 16-нд ******* 2007 оны 5 дугаар сарын 24-нд*******, 2012 оны 10 дугаар сарын 08-нд Г*******, 2014-ны 11 дүгээр сарын 07-нд *******нарыг төрүүлсэн, нийгмийн халамжийн сангаас ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмж авдаггүй, өрхийн амьжиргааны түвшний оноо 255.21 буюу доод бүлгээр үнэлэгдсэн, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой болох нь Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбарууд, төрсний бүртгэлийн лавлагаа, Дархан сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г эдийн засгийн хүндрэл, амьдралын боломж тааруу байдал зэрэг шалтгаанаар сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ гэртээ төрж, нярайн амьдрах нөхцөлийг зориуд санаатай муутгаж, ямар нэгэн тусламж үзүүлэлгүй /хүйг уртаар тасалж боолгүй орхисон, нярайг хаана байгаа талаар хэлэлгүй нууж, 103-ын эмчийг нярайд тусламж үзүүлэх боломж олгоогүй/ гадаа хүйтэн орчинд гаргаж тавиулан эр хүйсийн, 4050 грамм жинтэй нярай хүүхдээ алсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байх тул *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1-д заасан эх нярай хүүхдээ алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Г*******ыг эхнэр *******төрүүлсэн нярайг гадаа гаргаж, байшингийн хана руу шидэж, цасанд булсан санаатай үйлдлийн улмаас нярайн эрүүл мэндэд хүнд хохирол учирч нярай нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй болжээ.
Учир нь Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь тухайн этгээд хүний эрүүл мэндэд аюултай үйлдэл хийж байна гэдгээ ухамсарлаж, түүний үйлдлийн улмаас хүний бие махбод, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй гэдгийг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсэж эсхүл зориуд хүргэсэн үйлдэл байна.
Шүүгдэгч Г******* нь өөрийн эхнэр ******* “Хүүхэд дутуу төрчихлөө, амьгүй юм шиг байна. Гэрээс гаргаад тавьчих” гэж хэлэхэд нь уг нярайг амьд эсэхийг нягталж, эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүйгээр гадаа гарган байшингийн хана руу шидэж, цасанд булсанаас нярайн биед баруун зулай, бага тархины зөөлөн бүрхүүл доор цус харвалт, баруун чамархай, дагзны хуйх доорх цус хуралт, баруун уушгины болон баруун бөөрний өөхөн эд дэх цус хуралт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирч, Гавал тархины битүү гэмтэл авч хүйтэн сэрүүн үед осголт хавсарснаас шалтгаалан тархи хавагнаж цусны эргэлтийн хурц хямралын улмаас нас барсан үйл баримт тогтоогдож байна.
Хэдийгээр яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй боловч тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд шүүгдэгч нараас өөр хүн хэргийн газарт байгаагүй тул шүүх шүүгдэгч нарын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулж, тэдгээрийн харилцан хамаарал, ач холбогдол, хууль ёсны байдал зэргийг дүгнэн үзэж, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохоос өөр аргагүй.
Шүүгдэгч Г******* нь хэрэг бүртгэлтэд гэрчээр болон мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ...******* “хүүхэд дутуу гарчихлаа, амьгүй юм шиг байна. Хүүхдүүд харчхаад айгаад байна, гэрээс гаргаад тавьчих” гэхээр нь би сандарч бушуухан даавуунд боолттой байсан дутуу төрсөн, амьгүй гэх нярайг орны бүтээлгээр давхар боогоод гарсан. Тэгээд байшингийн ар талд очоод байшингийн хана руу шидсэн юм. Нохой шувуу аваад явчихна гэж бодоод дээгүүр нь цасаар хучсан гэх мэдүүлэг нь амь хохирогч нярайн биед учирсан гэмтэл, нас барсан шалтгааныг тогтоосон Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 93 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг, ******* нь гэртээ төрсөн байна гэх дуудлагыг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 09 минутад хүлээн авсан тухай Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасгийн дуудлагын журнал, 8463 дугаартай дуудлагын хуудас, уг дуудлагын дагуу түргэн тусламж үзүүлэхээр очсон эмч *******гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүгдэгч ******* болон нярайд эмчилгээ хийсэн эмч нар болох гэрч *******нарын мэдүүлэг, нярайд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгээс эмчилгээ хийсэн тухай 1738 дугаартай өвчний түүх, ******* нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай 1531 дугаартай өвчний түүх, нярайг хайж олсон гэрч *******өгсөн мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан шар өнгийн орны бүтээлэг 1 ширхэг, цагаан өнгийн улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон фудболка 1 ширхэг зэргээр давхар нотлогдож байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Г*******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өгсөн “...Миний сарын тэмдэг 2017 оны 4 сард хамгийн сүүлд ирсэн тул би төрөх болоогүй байсан. Дутуу төрөөд амьгүй хүүхэд төрүүлсэн” гэх мэдүүлэг, шүүгдэгч Г******* өгсөн “...би амьгүй төрсөн гэх нярайг авч гараад байшингийн хойно тавьсан. Хана руу шидээгүй. *******төрөх үедээ тархины гэмтэл учруулсан байх" гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй байна.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас 4050 грамм жинтэй, эр хүйсийн нярайн амь хохирсон бөгөөд хохирогч******* нь эд хөрөнгийн санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Эд хөрөнгөөр хохирсон зүйл байхгүй. Гэхдээ төрсөн нярай нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан эрхээ эдэлж чадаагүй бурхан болсон. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч нарт санал гомдолгүй” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г*******, ******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №56/17, 57/17 магадалгаа /хх-ийн 86, 89/-аар нотлогдож байна.
Шүүгдэгч Г*******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, болон насанд хүрээгүй 3 хүүхдийн хамт ам бүл 5-уулаа амьдардаг, нийгмийн халамжийн сангаас ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмж авдаггүй, өрхийн амьжиргааны түвшний оноо 255.21 буюу доод бүлгээр үнэлэгдсэн, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, ******* нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг нь хүлээлгэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Г*******од оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан шар өнгийн орны бүтээлэг 1 ширхэг, цагаан өнгийн улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон фудболка 1 ширхэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэг******* сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* *******ыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г*******ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г*******од оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******д тэнссэн 2 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан орны бүтээлэг 1 ширхэг, фудболка 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
9. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Г*******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ