Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/769

 

 

 

                                                           

 

 

 

      2025          06            19                                         2025/ДШМ/769

 

П.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч П.Г-, түүний өмгөөлөгч Б.Золзаяа,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан, 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/1265 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Г- давж заалдах гомдол гаргасныг үндэслэн түүнд холбогдох 2509002710321 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

С овгийн П-ийн Г ....................... тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/519 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 2022/ШЦТ/459 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэгдэж байсан;

Шүүгдэгч П.Г- нь цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүк цахим орчинд “заал түрээслүүлнэ, урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж хуурамч зарыг байршуулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зарын дагуу холбогдсон дараах иргэдээс өөрийн Хаан банкны 51хххххххх тоот дансаар мөнгө шилжүүлэн авсан буюу хохирогч Э.Н-аас 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 20,000 төгрөгийг,  хохирогч Б.О-ээс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 40,000 төгрөгийг,

хохирогч С.Б-аас 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 60,000 төгрөгийг,

хохирогч Л.У-ыг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 10,000 төгрөгийг,

хохирогч Д.Б-ээс 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 10,000 төгрөгийг,

хохирогч Х.Б-аас 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 20,000 төгрөгийг,

хохирогч Б.Э-аас 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 20,000 төгрөгийг,

хохирогч С.Б-аас 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 20,000 төгрөгийг,

хохирогч Б.Б-ээс 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дугаар хороо, МУБИС дээр байхдаа шилжүүлсэн 20,000 төгрөгийг,

хохирогч Э.Э-аас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 50,000 төгрөгийг,

хохирогч Б.А-иас 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 50,000 төгрөгийг,

хохирогч Ц.М-аас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 20,000 төгрөгийг,

хохирогч Д.С-аас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 20,000 төгрөгийг, хохирогч Э.Б-аас 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу худалдааны төвд байхдаа шилжүүлсэн 25,000 төгрөгийг,

хохирогч Д.Б-аас 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 25,000 төгрөгийг,

хохирогч А.О-аас  2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 100,000 төгрөгийг,

мөн П.Г- нь үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж буюу “хаус болон зуслангийн байшин хоногоор болон сараар түрээслүүлнэ” гэх хуурамч зарыг байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Э.Н-аас 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Хаан банкны 507ххххххх тоот данс руу шилжүүлсэн 200,000 төгрөгийг өөрийн мөрийтэй тоглоом тоглодог 80ххххххх дугаартай хаягаар шилжүүлэн авсан,

хохирогч Э.Н-т “барьцаа мөнгө дээрээ нэмээд 100,000 төгрөг шилжүүлэх боломж байна уу, чиний хаусыг 500,000 төгрөг болгож хямдруулъя” гэж хуурч, хохирогч Э.Н-аас 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа Хаан банкны 531хххххххх тоот данс руу шилжүүлсэн 100,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 810,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: П.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч С овогт П-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдпээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нийт 810,000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Н-т 300,000 төгрөг, хохирогч С.Б-д 60,000 төгрөг, Б.А-д 50,000 төгрөг, Б.О-д 40,000 төгрөг, Д.С-т 20,000 төгрөг, Э.Б-д 25,000 төгрөг, Э.Н-т 20,000 төгрөг, Д.Б-д 25,000 төгрөг, Б.Э-д 20,000 төгрөг, Ц.М-т 20,000 төгрөг, Л.У-од 10,000 төгрөг, А.О-т 100,000 төгрөг, С.Б-т 20,000 төгрөг, Э.Э-т 50,000 төгрөг, Х.Б-д 20,000 төгрөг, Д.Б-д 10,000 төгрөг, Б.Б-д 20,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч П.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.Г- миний бие хохирлын 810,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогч нарыг гомдолгүй болгосон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэв.

Шүүгдэгч П.Г-ын өмгөөлөгч Б.Золзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн хувьд бусдад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан. Шүүгдэгчтэй очиж уулзахад үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал нь ажиглагдсан. Тухайн гэмт хэрэг нь олон хүнийг хамарсан боловч учруулсан хохирлын хэмжээ нь бага байдаг. Сүүлд 3 хүний хохирлыг төлөөгүй үлдсэн байсан. Уг хохирлыг төлсөн талаарх баримтыг гаргаж өгч байна. ...” гэв.

Прокурор С.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч П.Г- нь цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүк цахим орчинд “заал түрээслүүлнэ, урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж хуурамч зарыг байршуулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 17 иргэнд нийт 810,000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 6 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй, үйлдсэн гэмт хэрэгт ял тохирсон гэж үзэж байна. Хэдий шүүгдэгч нь хохирлыг барагдуулсан боловч уг гэмт хэрэг нь 17 үйлдэлтэй, 17 хохирогчтой. Түүнчлэн, шүүгдэгч нь урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс дээрх ялыг оногдуулсан. Иймд шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/1265 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч П.Г-д холбогдох 2509002710321 дугаартай эрүүгийн хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

1. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч П.Г- нь 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хугацаанд цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүк цахим орчинд “заал түрээслүүлнэ, урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж хуурамч зарыг байршуулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зарын дагуу холбогдсон, өөрийн Хаан банкны 51хххххххх тоот дансаар мөнгө шилжүүлэн авсан буюу хохирогч Э.Н-аас 20,000 төгрөгийг,  хохирогч Б.О-ээс 40,000 төгрөгийг, хохирогч С.Б-аас 60,000 төгрөгийг, хохирогч Л.У-ыг 10,000 төгрөгийг, хохирогч Д.Б-ээс 10,000 төгрөгийг, хохирогч Х.Б-аас 20,000 төгрөгийг, хохирогч Б.Э-аас 20,000 төгрөгийг, хохирогч С.Б-аас 20,000 төгрөгийг, хохирогч Б.Б-ээс 20,000 төгрөгийг, хохирогч Э.Э-аас 50,000 төгрөгийг, хохирогч Б.А-иас 50,000 төгрөгийг, хохирогч Ц.М-аас 20,000 төгрөгийг, хохирогч Д.С-аас 20,000 төгрөгийг, хохирогч Э.Б-аас 25,000 төгрөгийг, хохирогч Д.Б-аас 25,000 төгрөгийг, хохирогч А.О-аас  100,000 төгрөгийг,

мөн П.Г- нь үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж буюу “хаус болон зуслангийн байшин хоногоор болон сараар түрээслүүлнэ” гэх хуурамч зарыг байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Э.Н-аас 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны 507ххххххх тоот данс руу шилжүүлсэн 200,000 төгрөгийг, хохирогч Э.Н-т “барьцаа мөнгө дээрээ нэмээд 100,000 төгрөг шилжүүлэх боломж байна уу, чиний хаусыг 500,000 төгрөг болгож хямдруулъя” гэж хуурч 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 100,000 төгрөгийг тус тус шилжүүлэн өөртөө авч, бусдад нийт 810,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч П.Г-д хууртагдан мөнгө шилжүүлж хохирсон талаараа мэдүүлсэн хохирогч С.Б- /1-р хх-ийн 84-85/, Б.А- /1-р хх-ийн 11-112/, Б.О- /1-р хх-ийн 135-136/, Д.С- /1-р хх-ийн 160-161/, Э.Б- /1-р хх-ийн 183-184/, Э.Н- /1-р хх-ийн 210-211/, Д.Б- /1-р хх-ийн 238-239/, Б.Э /2-р хх-ийн 15-16/, Ц.М- /2-р хх-ийн 42-р хуудас/, Л.У- /2-р хх-ийн 71-72/, А.О- /2-р хх-ийн 99-10/, С.Б- /2-р хх-ийн 121-122/, насанд хүрээгүй хохирогч Э.Э- /2-р хх-ийн 147-148/, Х.Б- /2-р хх-ийн 173-174/, Д.Б- /2-р хх-ийн 198-199/, Б.Б- /2-р хх-ийн 226-227/, Э.Н- /1-р хх-ийн 19-20/ нарын мэдүүлгүүд,

Хаан банк дахь 51хххххххх тоот П.Г-ын эзэмшлийн дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 25-37/,

шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /3-р хх-ийн 31/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

2. Анхан шатны шүүхийн П.Г-ын үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч,  цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгө шилжүүлэн авсан...” гэсэн хэргээр зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. 

3. Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн зорилгыг хангаж байх ёстой.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн ялаас шүүгдэгч П.Г-ын үйлдсэн гэмт хэргийн үргэлжилсэн цаг хугацаа, хохирогч нарын тоо, хувийн байдал зэргийг нь харгалзан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохируулан хорих ялыг сонгож 6 сарын хугацаагаар оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод бүрэн нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, шүүгдэгч П.Г-ын гаргасан “...ял хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч П.Г-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 36 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

5. Шүүгдэгч П.Г- нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан, шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн нийт 810,000 төгрөгийн хохирлоос давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө 760,000 төгрөгийг буюу хохирогч Э.Н-т 300,000 төгрөг, С.Б-д 60,000 төгрөг, Б.А-д 50,000 төгрөг, Б.О-д 40,000 төгрөг, Д.С-т 20,000 төгрөг, Э.Н-т 20,000 төгрөг, Б.Э-д 20,000 төгрөг, Ц.М-т 20,000 төгрөг, Л.У-од 10,000 төгрөг, А.О-т 100,000 төгрөг, С.Б-т 20,000 төгрөг, Э.Э-т 50,000 төгрөг, Х.Б-д 20,000 төгрөг, Д.Б-д 10,000 төгрөг, Б.Б-д 20,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг магадлалд дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/1265 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтаар П.Г-оос гаргуулахаар шийдвэрлэсэн 760,000 төгрөгийг буюу хохирогч Э.Н-т 300,000 төгрөг, С.Б-д 60,000 төгрөг, Б.А-д 50,000 төгрөг, Б.О-д 40,000 төгрөг, Д.С-т 20,000 төгрөг, Э.Н-т 20,000 төгрөг, Б.Э-д 20,000 төгрөг, Ц.М-т 20,000 төгрөг, Л.У-од 10,000 төгрөг, А.О-т 100,000 төгрөг, С.Б-т 20,000 төгрөг, Э.Э-т 50,000 төгрөг, Х.Б-д 20,000 төгрөг, Д.Б-д 10,000 төгрөг, Б.Б-д 20,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-ын 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ