| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0264/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/276 |
| Огноо | 2018-08-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/276
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагч Д.Энхтуяа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдох эрүүгийн 1818005140318 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,*******, 1996 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” зоогийн газарт ахлах ******* ажилтай, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн *******тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” супермаркет дотор иргэн ******* зүй бус үйлдлийн улмаас түүнтэй маргалдан эрүүн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь доод эрүү ясны битүү хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан
- ...би тэнд байсан зөөгч нартай маргалдаад байж байхад ******* миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиод миний толгойг зүүн сугандаа хавчаад авахаар нь би гарыг нь хазсан. Би өөр хүнтэй зодолдоогүй. Намайг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод “МBG” нэртэй эмнэлэгт эрүүний шүд дайрсан булангийн хугарал гэх оноштойгоор хагалгаанд ороход ******* нь эмчилгээний 1.000.000 төгрөг төлсөн гэх хохирогч ******* мэдүүлэг /хх-ийн 9-10/,
- ...эсрэг ширээнд сууж байсан хоёр залуугийн нэг болох хар ногоон өнгийн цамцтай, саарал өнгийн цүнх үүрсэн, саравчтай малгайгаа хойшоо харуулаад өмсчихсөн, биерхүү залуу /*******/ босож ирээд агсам тавиад байсан залуу /*******/-гийн зүүн шанаа руу нь нэг удаа гараараа цохичихсон гэх гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 14/,
- ...саравчтай малгайгаа хойшоо харуулаад өмссөн, саарал өнгийн цүнх үүрсэн, хар ногоон өнгийн цамцтай, биерхүү залуу босож ирээд цэнхэр футболктой залуугийн зүүн шанаа тус газарт нэг удаа гараараа цохисон гэх гэрч******* мэдүүлэг /хх-ийн 16/,
- ...нөгөө согтуу залуу ******* бид хоёртой маргалдаад агсам тавиад тэнд байсан эмэгтэй хүмүүсийг гичий нохойгоор нь дуудаад байхаар нь миний уур хүрээд нөгөө залуугийн зүүн эрүү тус газарт нэг удаа гараараа цохичихсон гэх шүүгдэгч *******гийн мэдүүлэг /хх-ийн 11, 26/
- ******* биед доод эрүү ясны битүү хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 679 дугаартай дүгнэлт /хх-ийн 20/,
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч*******2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт байрлах “Од” супермаркетын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...01 цаг 42 минут 03 секундэд цэнхэр өнгийн богино ханцуйтай цамцтай залууг хар өнгийн саравчтай малгай хойшоо харуулж өмссөн залуу баруун гараараа зүүн шанаа тус газарт нь нэг удаа цохиж хоорондоо зууралдаж байгаа нь камерын бичлэгт харагдлаа” гэх тэмдэглэл /хх-ийн 7/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Од” супермаркетын хяналтын камерын бичлэг бүхий СD зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* биед доод эрүү ясны битүү хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрт 1.500.000 төгрөг төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч ******* бичсэн “...*******гээс эмчилгээний төлбөр 1.500.000 төгрөг бэлнээр авсан бөгөөд цаашид ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх баталгаа /хх-ийн 55/-аар нотлогдож байна.
Шүүгдэгч *******гийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” супермаркет дотор иргэн ******* эрүүн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь доод эрүү ясны битүү хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар, хохирогч ******* олон нийтийн газар буюу “Од” супермаркет дотор хэрүүл маргаан үүсгэж, хүмүүсийг хэл амаар доромжилсон зүй бус үйлдэл нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн болох нь хохирогчийн ...би тэнд байсан зөөгч нартай маргалдаад байж байхад ******* миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон... гэх мэдүүлэг, гэрч ******* нарын ...Тэр агсам тавиад байсан залуу манай худалдагч болон тэнд байсан хүмүүсийг элдэв муу үгээр хараагаад, доромжлоод байсан. Тэгэхэд тухайн цохисон залуу “чи эмэгтэй хүнээс төрөөгүй юм шиг” гээд зүүн шанаа руу нь гараараа нэг удаа цохисон... гэх мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь “******* цамхаг оршихуй” ХХК-ний “*******” зоогийн газарт ахлах *******оор ажилладаг бөгөөд сарын цалин нь 600.000 төгрөг болох нь хэрэгт авагдсан “******* цамхаг оршихуй” ХХК-ний тодорхойлолт /хх-ийн 31/-оор тогтоогдож байх тул түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан “Од” супермаркетын хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар *******г 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР