Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/770

 

 

 

 

     2025           06             19                                       2025/ДШМ/770

 

О.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Хүслэн,

цагаатгагдсан этгээд О.Б-, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1056 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор З.Хүслэнгийн бичсэн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 52 дугаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн О.Б-т холбогдох 1902007710388 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч овгийн О-ын Б, .................................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

О.Б- нь “М ...” төрийн өмчит үйлдвэрийн газрын охин компани болох “Ши” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар 2017 оны 5 дугаар сарын 01-нээс 2019 оны 5 дугаар сарын 31-ний хооронд ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 800,000,000 төгрөгөөр ....... дүүргийн ..... дүгээр хорооны нутагт байрлах ................ рашааны гудамж .... дугаар байрны .. тоот 200 мкв талбай бүхий орон сууц, зоорь В давхрын 23, 24 тоот авто зогсоолуудыг “В а т т” ХХК-аас худалдан авах гэрээ байгуулж, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 19,500 ам доллар буюу 51,246,000 төгрөгийг, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 748,754,000 төгрөгийг орон сууц, авто зогсоолын төлбөрт шилжүүлэн өгч, эх Б.Т-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч, өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: О.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:

Нийслэлийн Прокурорын газраас Ч овогт О-ын Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, О.Б-ийг цагаатгаж, шүүгдэгч О.Б- нь энэ хэрэгт нийт 36 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-т авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Л.Б, Э.З- нартай уулзахыг хориглох, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, М төрийн өмчийн үйлдвэрийн газар, “Ш А ХХК-ийн харъяа албан байр, үйлдвэрийн газарт очихгүй байх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 413 дугаар хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах прокурорын зөвшөөрөл: ... дүүргийн ... дүгээр хороо, ... гудамж ... дугаар байрны ... тоот 200 м.кв талбайтай орон сууц, зоорийн 23, 24 тоот граж /хэргийн 2-р хавтас 54 дэх тал/, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 13 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоол: ... дүүргийн ... дүгээр хороо, ... гудамж ... дугаар байрны ... тоот 200 м.кв талбайтай орон сууц, зоорийн 23, 24 тоот граж/хэргийн 2-р хавтас 1-2 дахь тал/ тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ... дүүргийн ... дүгээр хороо, ... гудамж ... дугаар байрны ... тоот орон сууцны өмчлөх эрхийн Ү-220ХХХХХХХ дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хууль ёсны өмчлөгч Б.Т-т буцаан олгож, О.Б- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирлоо нөхөн төлүүлэхээр иргэний журмаар шүүхэд хандах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор З.Хүслэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэрч Ц.О-ын хувьд 1992 онд өмч хувьчлалаар үл хөдлөх хөрөнгө хувьчилж авсан, тухайн эд хөрөнгөө 2006 онд бусдад 245.000 ам. доллароор худалдан борлуулсан талаар хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой баримтуудаар хангалттай тогтоогддог бөгөөд анхан шатны шүүхээс уг худалдан борлуулсан мөнгийг гэртээ бэлнээр хадгалж байсныг баримтаар үгүйсгэн няцааж чадаагүй гэж дүгнэжээ.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан гэрч Г.Б-гийн /В.../ мэдүүлгүүд (1-р хх-ийн 96-97, 16-р хх-ийн 151-153 дугаар тал), Ц.О-ын банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн талаарх баримт зэрэг баримтуудаар гэрч Ц.О- нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан мөнгөнөөс тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан арилжааны банкнаас авсан зээлийг төлж барагдуулсан, Б.Ч гэх хүнээс граж худалдан авсан зэргээр захиран зарцуулсан үйл баримт тогтоогддог. Мөн Ц.О-ын Худалдаа хөгжлийн банкны юаны хадгаламж, төгрөгийн хадгаламж нээсэн зэрэг нь цаг хугацааны хувьд үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан 245,000 ам.долларын орлого орж ирснээс хойших хугацаанд нээгдсэн болохыг анхаарах нь зүйтэй.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулмагц тухайн орлогоос эд хөрөнгийг захиран зарцуулсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүхээс мөнгийг гэртээ бэлнээр хадгалж байсныг баримтаар үгүйсгэн няцааж чадаагүй гэж дүгнэн уг нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг баримтлаагүй, мөн хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж нь нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо илтэд давсан их хэмжээний орлого, эд хөрөнгө нэмэгдсэн нь тогтоогдсон байх, хөрөнгө орлогоо хууль зүйн үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байгаагаар тодорхойлогддог.

Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болох үндэслэлийг өөрөөр нь тайлбарлахыг үүрэгжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй" гэсэн зарчимтай нийцэхгүй байгаа мэт боловч Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн тайлбарт заасан "Апбан тушаалтан зургаан сарын албан тушаалын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө, орлогыг хууль ёсны дагуу олсон болохыгоо үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй тохиолдолд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж үзнэ" гэсэн заалт болж албан тушаалтны гаргасан тайлбарыг няцаах, түүнийг үндэслэлгүй болохыг нотлох үүргийг прокурорт хүлээлгэх байдлаар нотолгооны тэнцвэрийг бий болгодог.

Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагч О.Б- нь “М ...” Төрийн өмчит үйлдвэрийн газрын охин компани болох “Ши” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар 2017 оны 5 дугаар сарын 01-нээс 2019 оны 5 дугаар сарын 31-ний хооронд ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 800,000,000 төгрөгөөр ..... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р К Т” рашааны гудамж .... дугаар байрны ... тоот 200 м.кв талбай бүхий орон сууц, зоорь В давхрын 23, 24 тоот авто зогсоолуудыг “В а т т” ХХК-аас худалдан авах гэрээг байгуулж, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 19,500.00 ам.доллар буюу 51,246,000 төгрөгийг, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 748,754,000 төгрөгийг тус тус дээрх орон сууц, авто зогсоолын төлбөрт шилжүүлэн өгч төрсөн эх Б.Т-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч, өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн болно.

Өөрөөр хэлбэл, прокуророос О.Б-ийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэж буруутгасан ба шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлгээр уг үл хөдлөх хөрөнгүүдийг эцэг Ц.О-ын хөрөнгөөр авсан талаар дурддаг.

Гэтэл тухайн цаг хугацаанд буюу 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 19.500.00 ам.доллар, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 291,700 ам.доллар нийт 311,200 доллар тухайн цаг хугацаанд гэрч Ц.О-ад байсан эсэх талаар хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, шүүгдэгч О.Б-, гэрч Ц.О- нар нь тухайн мөнгө байсан эсэх талаар үндэслэл бүхий баримтаар нотолж, тайлбарлаж чадаагүй, тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй байхад тухайн үйл баримтад шүүх дүгнэлт хийлгүйгээр, зөвхөн 245.000 ам.долларыг гэртээ бэлнээр хадгалж байсан талаараа мэдүүлснийг үгүйсгэсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээс цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгавал зохих зүйлсийн талаар тодорхой хуульчилсан байна.

Анхан шатны шүүхийн 2025/ШЦТ/1056 дугаар цагаатгах тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана...” гэж заасны дагуу яллах дүгнэлт, улсын яллагчийн дүгнэлт, нотлох баримтуудыг тогтоолд нэр заан тусгасан боловч анхан шатны шүүхээс тус нотлох баримтуудыг нь ямар баримтуудаар няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тогтоолдоо заагаагүй буюу О.Б-ийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо илтэд давсан хөрөнгө орлогоо хууль зүйн үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, шүүгдэгчийн гаргасан тайлбарын дагуу гэрч Ц.О-ын эд хөрөнгөтэй холбоотой баримтуудаар тухайн цаг хугацаанд Ц.О-ад 311,200 доллар байсан талаар баримтаар тогтоогдоогүй, 2006 онд үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулснаас олсон орлогоо тухайн цаг хугацаанд захиран зарцуулсан талаарх улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг бичээгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүхээс ямар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эдгээр нь улсын яллагчаас шүүгдэгчийн гэмт хэргийг нотолж байгаа гэж үзэн шүүх хуралдаанд шинжлэн судалсан яллах талын нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаараа цагаатгах тогтоолд бичээгүй буюу энэ талаар дүгнээгүй нь цагаатгах тогтоол хуулийн шаардлагыг хангаагүйн зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаагүй, шүүхийн шийдвэрийн үйл баримтын үндэслэл тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 болон 36.9 дүгээр зүйлүүдэд заасан шүүхийн шийдвэр тодорхой, эргэлзээгүй, үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

Мөн гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд ял завшуулах бүрэн боломжийг олгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйл “Хуулийн зорилго” 1.2 дугаар зүйл “Хууль ёсны”, 1.3 дугаар зүйл “Шударга ёсны” зарчмууд алдагдсан гэж үзэж байна.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1056 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд О.Б-ийн өмгөөлөгч Ж.Оюунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын №52 эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Улсын яллагч 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр №385 яллах дүгнэлт үйлдэхдээ 4 үйлдлийг тодорхойлж, О.Б-ийг яллагдагчаар татсан. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулсан гэх,  гэрээ байгуулах гэдэг нь талууд гарын үсэг зурсан байхыг ойлгоно. Гэтэл О.Б-ийн гарын үсэг тухайн гэрээнд зурагдаагүй байдаг.

Хоёрдугаарт, 2 удаагийн мөнгө тушаасан асуудлыг ярьдаг. О.Б- нь мөнгө тушаасан асуудалд оролцоогүй. О.Б-ийн нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргасан асуудлыг ярьдаг. Тухайн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргасан асуудалд О.Б- ямар холбоотой эсэхийг нотолсон баримтууд хэрэгт байдаггүй. Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтийг үйлдэхдээ анхнаасаа хэргийн үйл баримттай холбогдуулан оруулж ирээгүй.

Прокурор эсэргүүцэл бичихдээ хэргийн бодит байдалтай нийцэхгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх 3 үндэслэлээр бичсэн. Хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх агуулгыг тодорхойлохдоо гэрч Гэрч Г.Б-гийн /В.../ хоёр удаагийн мэдүүлгийг иш татсан. Энэ нь өөрөө Ц.О-ыг мөнгөгүй байсан гэдгийг нотлох эх сурвалж гэж тодорхойлдог. Хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд болон шүүхийн шийдвэрт дурдсанаар Ц.О- гэх хүнийг зөвхөн тухайн үл хөдлөх эд хөрөнгөөс гадна 8 төрлийн үл хөдлөх хөрөнгүүдийг бусдад худалдсан асуудлыг хавтас хэрэгт нотлох баримтаар өгч, шүүхийн тогтоох хэсэгт үүнийг дурдсан. Үүний зөвхөн нэг нь 245.000 ам.долларын асуудал юм. 2006 оны 245.000 ам.доллар гэдэг нь тухайн үеийн ханшаар буюу 10 дугаар сарын 03-ны өдрийн ханшаар 1116 төгрөг буюу 286.000.000 төгрөгтэй тэнцэж байгаа. 2006 онд 286.000.000 төгрөг гэдэг нь их хэмжээний мөнгө. Өнөөдрийн инфляцын түвшингээр хөрвүүлэхээр 4-5 тэрбум төгрөгтэй дүйцэхээр хэмжээний мөнгө юм.

30.000.000 төгрөгийн зээл, 20.00.000 төгрөгийн граж худалдаж авсан асуудлыг авчихаар 245.000 ам.доллар байхгүй болох мэт дүгнэлтийг прокурор хийдэг.

Нөгөөтэйгүүр, 2006 онд худалдаж авсан 245.000 ам.долларыг хадгалсаар байгаад 2019 онд гаргаж, орон сууц худалдаж авсан мэт тайлбарладаг.

Гэтэл Ц.О-ын зүгээс мөнгөний эх сурвалжийг тайлбарлахдаа хамгийн анх 2006 онд 245.000 ам.доллароор өөрийн хувьчилж авсан нэг үл хөдлөх хөрөнгийг зарсан. Түүний дараа БНХАУ-ын иргэнд 300.000 юаниар худалдсан. Түүнчлэн тухайн үед ажлуулж байсан оёдлын цех, цайны газар, автомашины засварын үйл ажиллагаа, хувьчилж авсан 15 зуслангийн газар гэх мэт 8 төрлийн үл хөдлөх хөрөнгө байсан. Тухайлбал, Техник форм ХХК буюу н.Уранчимэг захирлаас ковш худалдаж авсан. Түүнийг түрээслэж орлого олдог байсан. Улмаар түүнийг нэр бүхий этгээдэд зарсан талаар мэдүүлдэг боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар мухарлаж огт шалгаагүй.

Гэтэл зөвхөн 245.000 ам.долларын асуудлыг ярьдаг. “..Зээлтэй байсан байна, зээл авсан..” гэх үндэслэлээр бүхэлд нь Ц.О- гэх хүний амьдралынхаа туршид цуглуулсан хөрөнгүүдийг үгүйсгэдэг. Иймд улсын яллагчийн хэргийн бодит байдалтай нийцсэн шийдвэр гаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

245.000 ам.долларыг хүлээн авснаас хойш юаны хадгаламж нээсэн тухайд, гол санаа нь доллар авчихаад, юаны хадгаламж нээсэн гэдэг нь эдгээр нь нэг мөнгө мэтээр ойлгоод байдаг. Үүнийг нэг мөнгө буюу тухайн долларыг хөрвүүлээд юань болгосон талаарх баримт хэргийн материалд байхгүй.

 Гэрч Г.Б-гийн /В.../ мэдүүлгийг иш татдаг. Тухайн хүн нь Ц.О- гэх хүнтэй иргэний шүүх дээр маргаантай. Өөрөөр хэлбэл, “...үндэслэлгүйгээр мөнгө нэхээд байна..” гэх агуулгыг ярьдаг. Энэ нь анхан шатны шүүх, давж заалдах шат, Улсын дээд шүүхийн тогтоолоор нотлогдоод 32.000.000 төгрөгийг Г.Б- /В.../-гаас гаргуулах шийдвэрлэсэн. Ийм маргаантай хүнээс гэрчийн мэдүүлэг авч, түүнийгээ нотлох баримтаар үндэслэл болгоод эсэргүүцэлд дурдсан байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн талаар эсэргүүцэлд дурдсан. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нийт 39 хуудас байдаг. Уг тогтоолд бүхий л нотлох баримтыг маш цэгцтэйгээр дурдаж өгсөн. Эхний 32 хүртэлх хуудсанд хэрэгт авагдсан нотлох баримтыг дурдаад, 32-39 дүгээр хуудас хүртэл тухайн үйл баримтуудыг хэрхэн үнэлж, дүгнэсэн тухай тодорхой дүгнэлт хийсэн. Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна.

2021 оны буюу Ковид гарах үе хүртэлх хугацаанд Монгол улсын төрийн болон хувийн байгууллагын бүхий л үйл ажиллагаа бүрэн цахимд шилжээгүй байсан. Үүнээс өмнөх наймаа арилжаа болон бусад үйлчилгээ банкны дансаар гүйлгээ хийгээгүй тохиолдолд үнэлдэггүй байсан. Ковид гарснаас хойш бэлэн мөнгөний гүйлгээ харьцангуй багассан. Бид 2006 хойш 2019 оны үйл баримтуудыг ярьж байгаа. Тиймээс улсын яллагчийн зүгээс бүхий л баримтуудыг цуглуулаад нотолж чадаагүй гэдэг нь харагдаж байна.

Түүнчлэн Ц.О- гуайг огт мөнгөгүй байсан. О.Б- нь тухайн мөнгийг гаргаж аавдаа өгсөн гэх баримт хавтаст хэрэгт байхгүй гэдгийг хэлмээр байна.

О.Б-ийг 2019 оноос хойш  гүйцэтгэж байсан “Ши” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг авахыг тулд Төв аймгийн Цагдаагийн газарт “алт дутаасан” гэх асуудлаар гомдол гаргасан байдаг. Тухайн асуудал шалгагдаад, хэрэгсэхгүй болсоны дараа Авлигатай тэмцэх газарт хуурамч нэр бүхий этгээдээс гомдол гаргасан. Тухайн гомдол гаргасан этгээдээс хэний ч дуудаж, мэдүүлэг аваагүй. Үүнээс улбаалаад 2019 оны сүүл, 2025 оны 4 сар хүртэлх 6 жилийн хугацаанд О.Б- нь ажил, амьдрал, сэтгэл санаа болон бизнесээрээ хохирсон. Анхан шатны шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэйгээр нягталж, шийдвэрийг гаргасан тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

Цагаатгагдсан этгээд О.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд Монгол Улсын шүүхэд баярлалаа гэж хэлэх гэсэн юм. Учир нь, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1056 дугаар цагаатгах тогтоол гарсанд миний шүүхэд итгэх итгэл нэмэгдсэн. Миний хувьд 2017-2019 оны хооронд “Ши” ХХК-ийн захирлаар ажилласан. Ажиллаж байх хугацаанд байгууллагын үйл ажиллагааг нэр төртэй явуулсан гэж боддог. Улсад 400 кг алтыг тушаасан. ...” гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд О.Б-ийг үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж дүгнэв. Үүнд:

1. Шүүх нотлох баримтын нотлогооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон эх сурвалжийг магадлаж, логик дүгнэлтэд түшиглэн үнэлдэг.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй байна.

Тухайлбал, Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хангалттай нотлох баримт хэрэгт байхгүй, зээл авч буй хүн, хуулийн этгээд бүрийг санхүүгийн чадамжгүй гэж ойлгох нь өрөөсгөл ойлголт юм гэсэн дүгнэлт хийж, О.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийдвэрлэлгүйгээр, прокурорын яллах дүгнэлт заасан яллах нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заахгүйгээр шүүгдэгчийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3-т “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол…” шүүхийн тогтоолд заасан дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт заавал тусгахаар тус тус хуульчилсан.

2. Анхан шатны шүүх, О.Б-ийг “М ...” төрийн өмчит үйлдвэрийн газрын охин компани болох “Ши” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар 2017 оны 5 дугаар сарын 01-нээс 2019 оны 5 дугаар сарын 31-ний хооронд ажиллаж байх хугацаандаа үндэслэлгүйгээр хөрөнгөж байж болох үйлдлийг нотолж буй нотлох баримтуудыг харьцуулан ямар нотлох баримтуудын ямар үндэслэлээр авч, эсхүл үгүйсгэж байгаа талаараа шийдвэртээ дүгнээгүй, хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр гэрч Ц.О-ын хувьд 1992 онд өмч хувьчлалаар үл хөдлөх хөрөнгө хувьчилж авсан, эд хөрөнгөө 2006 онд бусдад 245.000 ам.доллароор худалдан борлуулсан, түүнчлэн бусад эд хөрөнгөө худалдан борлуулсан талаарх мэдүүлэг, тухайн цаг хугацаанд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан гэх баримтуудыг жагсаан тоочиж, гадаад валют буюу ам.доллароор гэртээ бэлнээр хадгалж байсан талаараа мэдүүлснийг үгүйсгэсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг нотолж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Б-, гэрч Ц.О- нарын мэдүүлгийг цагаатгах тогтоолд тоочин бичсэн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн хөдөлгөөнийг харуулсан баримтууд юуг, хэрхэн нотолж, эх сурвалж нь болж байгаа талаар дүгнэлт байхгүй байна.

Тухайлбал, 2006 онд бий болсон гэх 245,000 ам доллараас тодорхой зарлагууд гарсан, тухайн хугацаанаас хойш Ц.О-ын хийсэн гэрээ, хэлцлүүд зэрэг баримтуудаар ямар үйл баримт тогтоогдож байгаа болох, эдгээр нь 311,000 ам долларыг бэлнээр хадгалж байсан гэх үйл баримттай хэрхэн холбогдож байгаа талаар дүгнэлт хийлгүйгээр “...шүүгдэгч О.Б-, түүний эцэг Ц.О-ыг орлогын эх үүсвэрээ тайлбарласныг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн ямар нотлох баримтаар үгүйсгэн няцаасан, хуримтлуулсан мөнгө (ам.доллар) байгаагүй гэж үзэж буйгаа баримтаар нотолж чадаагүй...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

 3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоох бөгөөд тогтоогдсон үйл баримтад нийцүүлэн ямар хуулийг хэрхэн хэрэглэх талаар Эрүүгийн хуульд заасан субсумци /дүн шинжилгээ/-г хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “...гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл...” зэрэг нотолбол зохих байдлуудын талаар дүгнэж шийдвэрлэх ёстой.

Иймд О.Б-ийг цагаатгасан буюу түүнд холбогдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож байгаатай холбогдуулан О.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Л.Б, Э.З- нартай уулзахыг хориглох, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, М Төрийн өмчийн үйлдвэрийн газар, “Ш А” ХХК-ын харъяа албан байр, үйлдвэрийн газарт очихгүй байх таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурор З.Хүслэнгийн бичсэн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 52 дугаар прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1056 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Цагаатгагдсан этгээд О.Б-т урьд авч байсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Л.Б, Э.З- нартай уулзахыг хориглох, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, М Төрийн өмчийн үйлдвэрийн газар, “Ш А” ХХК-ын харъяа албан байр, үйлдвэрийн газарт очихгүй байх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ