Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/00035

 

 

 

 

 

 

2017 12 27

210/МА2018/00035

 

 

Пи Эс Даблью ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06ы өдрийн 182/ШШ2017/01870 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Пи эс даблью ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Гэрэлмаа, Э.Баяржаргал нарт холбогдох

 

20 000 000 төгрөг гаргуулах үндсэн, зуучлалын болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сарнай, хариуцагч Б.Гэрэлмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Пи эс даблью ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Иргэн Г.Халиунаатай 2017 оны 01 сарын 27-ны өдөр зуучлалын гэрээ байгуулж БНСУ-ын Хана нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоо, эмчилгээнд зуучилж үйлчилсэн. Иргэн Г.Халиунаа нь гэрээний үүргээ биелүүлэлгүй Солонгос улсад визний хугацааг хэтрүүлэн хууль бусаар оршин суух болсон. Манай байгууллага Солонгос дахь эмнэлэгүүдэд өвчтөн үйлчлүүлэгч явуулах гэрээний дагуу өвчтөн хууль бусаар оршин суух тохиолдолд тухайн өвчтөнийг албадан гаргах зардлыг бид барьцааны зүйлээр барагдуулах үүрэгтэй байдаг. Г.Халиунаа зуучлалын гэрээний хавсралтаар иргэн Б.Гэрэлмаа, Э.Баяржаргал нарын эзэмшилд буй Чингэлтэй дүүргийн Яргайтын 40-595 тоот, Сүхбаатар дүүргийн 20-р хороо Цолмон 12-29 тоот хаягт байрлах 468 м.кв талбайтай ахуйн зориулалттай газрыг барьцаалсан тул Г.Халиуныг хууль бусаар оршин суухтай холбогдуулан гарсан зардал, төлбөр 20 000 000 төгрөгийн хохирлоо барьцаа хөрөнгөөр барагдуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Гэрэлмаагийн шүүхэд гаргасан тайлбарт: Тус шүүхэд иргэн Б.Гэрэлмаад холбогдуулан Пи Эс Даблью ХХК нь нэхэмжлэл гаргасан бөгөөд барьцааны гэрээний дагуу барьцаалсан хөрөнгөөс Г.Халиуныг хууль бусаар оршин суухтай холбогдуулан гарсан зардал, төлбөрт хохирлыг барагдуулахаар нэхэмжилсэн байна. Б.Гэрэлмаа нь Г.Халиуны хадам ээж бөгөөд Юбиктэй гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Гэрэлмаагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд гадаад улсын эмнэлэгт өвчтөн зуучлах эрх тусгагдаагүй, дүрэмдээ заагаагүй, мөн барьцааны гэрээнд барьцаагаар хангагдах шаардлагыг заавал заах ёстой байтал заагаагүй, холбогдох байгууллагын зөвшөөрөл аваагүй байна. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Пи Эс Даблью ХХК-ийн Б.Гэрэлмаа, Э.Баяржаргал нартай байгуулсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, газар эзэмших эрхийн 000651289 дугаартай гэрчилгээг Пи Эс Даблью ХХК-аас гаргуулж өгнө үү. Мөн Г.Халиунаатай байгуулсан зуучлалын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтооно уу гэжээ.

 

Хариуцагч Э.Баяржаргалын шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул сөрөг нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Хариуцагч Э.Баяржаргалын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Пи Эс Даблью ХХК-ийн Б.Гэрэлмаа, Э.Баяржаргал нартай байгуулсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, газар эзэмших эрхийн 000648731 дугаартай гэрчилгээг Пи Эс Даблью ХХК-аас гаргуулж өгнө үү. Мөн Г.Халиунаатай байгуулсан зуучлалын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтооно уу гэжээ.

 

 Нэхэмжлэгч Пи эс даблью ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Г.Халиунаатай байгуулсан Зуучлалын гэрээ нь БНСУ-д эмчлүүлэх эмнэлгийн байгууллага болон эмчилгээний виз авахад зуучлах үйл ажиллагаа юм. Бид тус чиглэлээр БНСУ-ын Юбик компанитай хамтран ажиллах гэрээтэй ажилладаг, энэ байгууллага нь гадаад өвчтөнийг эмнэлэгт үзүүлэх ажлыг эрхлэх зөвшөөрөлтэй, электрон визний эрхийг авдаг компани юм. Г.Халиун нь зуучлуулсан эмнэлэгтээ очоогүй алга болсон, гэрээний дагуу манайх Юбик компанид 10 000 000 вон төлсөн. Юбик компани манайхтай гэрээгээ цуцлах мэдэгдлийг ирүүлсэн, мөн БНСУ-ын цагаачлалын алба Юбик компанийн электрон визний эрхийг цуцалсан байдаг.

Бид зуучилж буй иргэнийхээ БНСУ-д хууль бусаар оршин суухгүй байх, хууль дүрэм зөрчихгүй байх, эмчлүүлэхээс өөр бусдаар удаан хугацаагаар оршин суухгүй байх зэрэг асуудлыг хариуцдаг ба гарч болзошгүй өөрсдийн эрсдлээ хамгаалах зорилгоор Барьцааны гэрээ байгуулан баталгаа болгодог. Тухайн үед Г.Халиунаа өөрт нь барьцаалах эд хөрөнгө байгаагүй учраас Б.Гэрэлмаа, Э.Баяржаргал нарын нэр дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан бөгөөд Б.Гэрэлмаа, Э.Батжаргал нар нь өөрсдөө сайн дураараа хүлээн зөвшөөрч, тус гэрээг сайтар уншиж танилцан, үр дагаврыг нь ойлгон гэрээг байгуулсан юм. Бидний зүгээс хүчээр эсвэл хуурамчаар тус гэрээг байгуулаагүй 2 талын тохиролцоо харилцан зөвшилцлийн үндсэн дээр байгуулсан тул хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

Шүүх: Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-ийг баримтлан Пи эс даблью ХХК-ийн Б.Гэрэлмаа, Э.Баяржаргал нараас 20 000 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан Пи эс даблью ХХК болон Б.Гэрэлмаа, Э.Баяржаргал нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хийгдсэн барьцааны гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-ыг баримтлан Б.Гэрэлмаа, Э.Баяржаргал нарын газар эзэмших эрхийн 000651289, 000648731 дугаартай гэрчилгээнүүдийг Пи Эс Даблью ХХК-аас гаргуулж Б.Гэрэлмаа, Э.Баяржаргал нарт олгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-ийг баримтлан Г.Халиунаагийн Пи эс даблью ХХК-тай байгуулсан зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бус гэж тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, Пи эс даблью ХХК-аас 70 200 төгрөгийг гаргуулж Б.Гэрэлмаа, Э.Баяржаргал нарт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэн давж заалдах гомдолдоо: Тус маргаанд барьцааны гэрээний барьцааны зүйл нь газар эзэмших эрх бөгөөд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д газар эзэмших эрхийг барьцаалж болохоор заасан бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6-д эрхийн гэрчилгээг барьцаалж, бусдад шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх тухай заасан. Үүний дагуу 2 тал харилцан тохиролцон зөвшөөрсөн бөгөөд тус барьцааны гэрээг байгуулан харьяалах дүүргийн газрын албанд бүртгүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр бүртгэгдсэн талаар тэмдэглэгээ хийгдсэн байдаг.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-т хэрэв тухайн газрын түрээсийн болон бусад эд хөрөнгийн эрхийг гэрээгээр иргэн буюу хуулийн этгээдэд шилжүүлсэн бол уул эрхийг олж авсан этгээд нь газар өмчлөгчийн зөвшөөрөлтэйгөөр тухайн эрхийн хугацааны дотор барьцаалж болно гэж заасан боловч энэ нь өөрөө хэрхэн мэдэгдэх, хэрхэн зөвшөөрөл авах талаар тодорхой заагаагүй. Тус эзэмших эрхийн газрын өмчлөгч нь төр бөгөөд түүнийг дагаад харьяалсан дүүргийн Засаг дарга өмчлөгч байдаг. Үүгээрээ тус газрын харьяалсан дүүргийн газрын албанд бүртгэл хийгдсэнээрээ өөрөө өмчлөгчид мэдэгдэж, тэмдэглэгээ хийгдсэн нь зөвшөөрсөн гэж ойлгогдож байхад хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь Засаг даргаас зөвшөөрөл авах ёстой бол газрын албаны байцаагч тус барьцааны гэрээг зөвшөөрөлгүйгээр бүртгэлд оруулахгүй бөгөөд газрын албаны байцаагч нь өөрөө Засаг даргын ажлын алба учир тус байцаагчийн бүргэл нь өөрөө зөвшөөрөл гэж ойлгоно.

Мөн барьцаалуулагч буюу газар эзэмшигч мэдсээр байж зөвшөөрөл аваагүй байж болох бөгөөд тухайн үедээ барьцааны зүйлийг барьцаалан өөрсдийнхөө эрх ашгийг аль хэдийн хангасан байхад хуулийг буруу тайлбарлан барьцаалагч талд хохиролтойгоор шийдвэрлэсэнд гомдолтой байна. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Баяржаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ундрал давж заалдах гомдолдоо: Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 16 дугаар зүйлийн 16.2.6-д зааснаар "Пи Эс Даблью" ХХК нь компанийн дүрмээрээ эрхлэх үйл ажиллагаагаа гадаад хэлний сургалт, оюутан зуучлал, аялал жуулчлал гэх зэргээр хязгаарласан байх боловч гадаад улс руу өвчтөн зуучлах үйл ажиллагааг дүрэмд тусгаагүй, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Өөрөөр хэлбэл "Пи Эс Даблью" ХХК нь дүрэмдээ оюутан зуучлах үйл ажиллагааг тусгайлан заасан хэрнээ "өвчтөн зуучлах үйл ажиллагаа нь аялал жуулчлал гэдэгт хамаардаг" гэж, түүнчлэн "манай компанийн хамтарч ажилладаг БНСУ-ын Юбик компани гадаад өвчтөнийг эмнэлэгт үзүүлэх ажлыг эрхлэх зөвшөөрөлтэй" гэх зэргээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч "Пи Эс Даблью" ХХК нь өвчтөн зуучлах үйл ажиллагааг эрхлээгүй, компанийн дүрэмд заагаагүй үйл ажиллагаа явуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 болон 56.1.9-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Дүрэмд зааснаас өөр үйл ажиллагаа эрхэлсэн нь ч БНСУ-ын Юбик компаниар виз гаргуулснаар тодорхойлогдож байна. Иймд "Пи Эс Даблью" ХХК болон Г.Халиунаа нарын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Пи Эс Даблю ХХК нь хариуцагч Б.Гэрэлмаа, Э.Баяржаргал нарт холбогдуулан иргэн Г.Халиунаа зуучлалын гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 20 000 000 төгрөгийг барьцааны зүйлээр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч зуучлалын болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоохыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Иргэн Г.Халиунаа нь Пи Эс Даблю ХХК-тай 2017 оны 01 сарын 27-ны өдөр зуучлалын гэрээ байгуулж, уг гэрээгээр зуучлагч Пи Эс Даблю ХХК зуучлуулагч Г.Халиунааг БНСУ-д эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношлогоо, эмчилгээнд зуучлах, виз хүсэх материалыг бүрдүүлж өгөх үүргийг, зуучлуулагч Г.Халиунаа эмнэлэгээр үйлчлүүлэх, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах, эх орондоо буцаж ирэх үүрэг хүлээсэн, нэхэмжлэгч нь Г.Халиунаагийн үүргийн гүйцэтгэлийн баталгаанд хариуцагч Б.Гэрэлмаа, Э.Баяржаргал нартай барьцааны гэрээг байгуулж, Б.Гэрэлмаагийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 40-595 хаягт байрлах 540 м.кв талбай бүхий ахуйн зориулалттай газрыг, Э.Баяржаргалын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх Цолмон 12-29 хаягт байрлах 468 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газрыг тус тус барьцаалсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд барьцаагаар хангагдах шаардлага, хэмжээг зуучлалын гэрээгээр тодорхойлно гэж заасан байх бөгөөд зуучлалын гэрээнд Г.Халиунаагийн БНСУ-ын тухайн эмнэлэгт шинжилгээ оношлогоонд хамрагдах, эмчилгээ дууссан тохиолдолд эх орондоо эргэн ирэх үүргийг тодорхойлсон байх боловч уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр ямар хэмжээний шаардлагыг хангах талаар заагаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн БНСУ дахь Юбик ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу төлөгдсөн 10 000 000 вонын төлбөрийг хариуцагч Б.Гэрэлмаа, Э.Баяржаргал нарын барьцааны зүйлээр хангах талаар барьцааны гэрээнд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар тодорхой заагаагүй байна.

 

Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан нөхцлийг хангаагүй байх тул уг гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч Пи Эс Даблю ХХК иргэн Г.Халиунаа нарын хооронд Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.1 дэх хэсэгт заасан зуучлах онцгой эрхийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд хариуцагч нар нь иргэн Г.Халиунаагийн өмнөөс уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхтэй этгээд биш болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас уг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Зуучлалын гэрээний үүрэгтэй холбоотой учирсан хохирлоо зохих этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06ы өдрийн 182/ШШ2017/01870 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Пи Эс Даблю ХХК-ийн төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Э.Баяржаргалын төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.МӨНХЗУЛ