Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 247

 

 

Д.А, Э.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1185 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгаар сарын 23-ны өдрийн  112 дугаар магадлалтай, Д.А, Э.А нарт холбогдох 1908030201111 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.А-гийн өмгөөлөгч С.Давааравдангийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 2 хоногийн хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, С овогт Э-ийн А,

 

2. Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, эмэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны  3 дугаар сарын 23-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, З овогт Д-н А нар нь

Бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хонгконг” зочид буудлын гадаа иргэн Б.Н-т хүч хэрэглэж, “Самсунг Эс 6” маркийн гар утас, бэлнээр 28.000 төгрөг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Д.А, Э.А нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-г 3 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.А-ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аын урьдчилан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийг, шүүгдэгч Д.А-гийн урьдчилан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Э.А, Д.А тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр” шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А-гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.А-гийн өмгөөлөгч С.Давааравдан гаргасан гомдолдоо “... Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1185 дугаартай шийтгэх тогтоолоор Д.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар3 жилийн хорих ял оноож ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 112 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг эс зөвшөөрч Д.А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар дараах гомдлыг гаргаж байна.

Э.А, Д.А нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хонгконг” зочид буудлын гадаа иргэн Б.Н-т хүч хэрэглэж, “Самсунг Эс 6” маркийн гар утас, бэлнээр 28.000 төгрөг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Мөрдөгч, түүний үйл ажиллагаанд хяналт тавьж буй прокурор нь гэмт хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг зөвхөн хуулиар зөвшөөрсөн арга хэрэгслээр шалгаж тогтоох үүрэгтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах, хуульд заасан журмыг зөрчих замаар цуглуулж бэхжүүлсэн баримтыг нотлох баримтаар тооцох боломжгүй бөгөөд эрүүгийн 1908030201111 дугаартай Д.А-д холбогдох хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт нь хууль ёсны байх, бодитой байх зарчимд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Хавтас хэргийн 21 дүгээр хуудсанд 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлийг хийсэн байна. Тэмдэглэлд “... таньж олуулах ажиллагаа эхлэхийн өмнө оролцогч нарт циферэн дугаар өгч нэг эгнээнд зогсохыг хүсэж уг ажиллагаанд оролцуулсан. Хохирогч Б.Н нь тухайн хүнийг ямар содон шинж тэмдгээр таних талаар асуухад би тухайн эмэгтэйг шар царайтай, махлагдуу биетэй, бүлтгэр нүд гэх содон шинж тэмдгээр танина” гэжээ.

Хавтас хэргийн 22 дугаар хуудсанд Б.Н нь “Би уг эмэгтэйг шар царай, махлаг биетэй, бүлтгэр нүд, биеийн өндрөөр нь таньж байна” гэж асуултад хариулсан байна. Гэтэл хавтас хэргийн 23 дугаар хуудсанд компьютерын дэлгэц дээр 4 хүний зураг байрлуулан хэн нэгэн этгээдээр заалгасан байгаа бөгөөд таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд сонгож авсан этгээдүүдийг босоогоор зогсоож таниулсан гэж тэмдэглэсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “... Таньж олуулах ажиллагааны явцыг тэмдэглэл, дуу дүрсний бичлэгээр бэхжүүлнэ.

Тэмдэглэлд гэрч, хохирогч, яллагдагчийн биеийн байцаалт, таньж олох хүн, мал, амьтан, эд зүйл, тодорхой газар, орон байрны тухай болон бусад бүх ажиллагааг дэс дарааллаар нь үгчлэн бичнэ” мөн хуулийн 16.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нотлох баримт бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан дууны, дүрсний, дуу дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, ул мөрнөөс хэв, хээ буулгаж авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэнэ”, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “... Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ” гэж хууль тогтоогч тодорхой заасан байхад таньж олуулах ажиллагааг гэрэл зураг, дуу дүрсний бичлэгээр бэхжүүлж аваагүй хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна.

Хэрэв хохирогчоор Б.Н-ыг тогтоосон бол яагаад таниулах ажиллагааг хохирогчоор хийлгээгүй вэ, таниулах ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Д.А-д холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Х.Батчимэг хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Э.А, Д.А нарт холбогдох хэрэгт таньж олуулах ажиллагаа хууль зөрчиж явагдсан гэх асуудал яригддаг. Мөн Д.А нь анхан шатны шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээн мэдүүлж байсан боловч давж заалдах шатны шүүхээс гэм буруугийн талаар маргаж эхэлсэн үйл баримт бий. Харин Э.А хэргийн талаар үнэн зөвөөр, тогтвортой мэдүүлж ирсэн. Д.А нь урьд дээрэмдэх, Э.А нь танхайрах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан. Тэгэхээр гэмт хэрэгт шийтгүүлэх үр дагаврыг мэдэх боломжтой хүмүүс учир зайлсхийх зорилгоор мэдүүлгээсээ буцсан байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.А-гийн өмгөөлөгч С.Давааравдангийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Д.А, Э.А нар нь бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хонгконг” зочид буудлын гадаа иргэн Б.Н-т хүч хэрэглэж, “Самсунг Эс 6” маркийн гар утас, бэлнээр 28.000 төгрөг дээрэмдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Д.А, Э.А нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрч, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийн хэрэгт хамаарах байдлыг үнэлж, хэргийн үйл баримтыг бодитой тогтоож шийдвэрлэжээ.

Мөн шүүгдэгч Д.А, Э.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.А-гийн өмгөөлөгч С.Давааравдангийн “... таньж олуулах ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 5 дугаар зүйлд “таньж олуулах ажиллагааны явцыг тэмдэглэл, дуу дүрсний бичлэгээр бэхжүүлнэ. Тэмдэглэлд гэрч, хохирогч, яллагдагчийн биеийн байцаалт, таньж олох хүн, мал, амьтан, эд зүйл, тодорхой газар, орон байрны тухай болон бусад бүх ажиллагааг дэс дарааллаар нь үгчлэн бичнэ” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хавтаст хэргийн 18-23 дугаар хуудас/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу явагдаж “тэмдэглэл” үйлдэн бэхжүүлсэн байх тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А-гийн өмгөөлөгч С.Давааравдангийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1185 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгаар сарын 23-ны өдрийн 112 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А-гийн өмгөөлөгч С.Давааравдангийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                          ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                         ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                                               Ч.ХОСБАЯР