Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2018/0387

 

2018 оны 07 сарын 05 өдөр   

  Дугаар 221/МА2018/0387

Улаанбаатар хот

 

 

Б.О, Г.С нарын

            нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Г.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээд Д.Д, Л.Ж, Х.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0297 дугаар шийдвэртэй, Б.О, Г.С нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0297 дугаар шийдвэрээр: “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10, 26 дугаар зүйлийн 26.3-д заасныг тус тус баримтлан Б.О, Г.С нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01, 02, 03, 04 дүгээр тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/42 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.  

          Нэхэмжлэгч Б.О, Г.С нар давж заалдах гомдолдоо: “...Хэрэг хянан шийдвэрлэх явцад маргаж буй захиргааны акт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасныг зөрчсөн нь тогтоогдсон бөгөөд зөрчөөгүй гэх ямар нэгэн баримт нотолгоо гараагүй. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны 2016-2020 оны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг хугацаа нь дуусч байгаа хурлын Тэргүүлэгчид зарласны дагуу хуралдсан хорооны иргэдийн Нийтийн Хурлаас Б.О-ыг иргэдийн Нийтийн Хурлын даргаар, Г.С-г хорооны Засаг даргад нэр дэвшүүлсэн. Гэтэл анхдугаар хуралдаан зарлах эрхгүй этгээдийн зааварчилсны дагуу өөр газар хорооны иргэдийн хуралдсан гэх хуралдаанаас өөр хүмүүс дээрх албан тушаалд томилогдсон, нэр дэвшсэн байх бөгөөд өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулсаар байна. Шүүх анхдугаар хуралдааныг зарлах эрхгүй этгээдийн зохион байгуулсан хуралдаанд оролцсон иргэдийн сонгох эрх зөрчигдөх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо гэж тайлбарлан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

          Нэхэмжлэгч нар нь хуульд заасны дагуу зарлан хуралдуулсан хуралдаанд оролцогч иргэдийн саналаар сонгогдсон, нэр дэвшсэн болно. Иргэдийн Нийтийн Хурлын даргаа сонгох асуудалд хорооны нийт иргэд тэгш эрхтэй гэж үзнэ. Зарим иргэн нь илүү эрхтэй буюу сонгох эрхтэй нь хүчинтэй, зарим нь дутуу эрхтэй буюу хүчингүй гэсэн ойлголт байхгүй. Гол нь хуульд заасан журмын дагуу хуралдсан хуралдаанд оролцсон, санал өгснөөс энэ асуудал хамаарна.

          Иймд 128/ШШ2018/0297 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгон батлах, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх санал, хураалт явуулах тооллогын комиссыг О.Н, Ц.С, О.Б, Д.О, М.Д нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж”, 2 дугаар тогтоолоор “тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар Б.Х-ыг сонгон баталж”, 3 дугаар тогтоолоор “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчээр Х.Б, Х.Г, Л.Ж, Д.Д нарыг сонгон баталж”, 4 дүгээр тогтоолоор “Хорооны Засаг даргад Х.Э-г дэвшүүлж” тус тус шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/42 дугаар захирамжаар тус дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн анхдугаар хуралдаанаар хорооны Засаг даргад нэр дэвшиж, олонхийн санал авсан Х.Э-г 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 8 дугаар хорооны Засаг даргаар томилжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагт тухайн хорооны “Иргэний танхим”-д хуралдуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэртэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй байна.

Анхдугаар хуралдааныг товлон зарласан өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны “Иргэний танхим”-ыг ашиглах боломжгүй байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдох бөгөөд тус хорооны иргэд 2 өөр газар иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулж дараагийн /шинэ/ Хурлын дарга, Тэргүүлэгчид болон Засаг даргад нэр дэвшигчийг тус бүр сонгожээ. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заасан бөгөөд 8 дугаар хорооны байрны гадна хуралдсан хуралдаанд 112 иргэн, 9 дүгээр хорооны “Иргэний танхим”-д болсон хуралдаанд 134 иргэн тус тус оролцсон ба тус хороо нь 2230 өрхийн 9860 хүн амтай гэх бөгөөд тухайн хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанд 75 өрх тус бүрээс нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд тухайн хуралдааныг хүчинтэйд тооцогдохоор зохицуулжээ.  

Өөрөөр хэлбэл өрх тутмаас хүрэлцэн ирсэн иргэнийг иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны ирцэд хамааруулж хүчинтэйд тооцох бөгөөд нэг өрхөөс 2-3 иргэн ирсэн тохиолдолд нэг өрхөөс нэг л иргэн ирсэн тоонд оруулж тоолох зохицуулалт юм.    

Дээрх хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт зааснаар хуралдааны ирц хуулийн шаардлага хангасан гэдгийг нотлох гол баримт нь тухайн өдрийн хуралдаанд оролцсон иргэдийн ирцийн бүртгэл бөгөөд хорооны иргэн өөрийн биеэр хуралдаанд ирж, саналаа биечлэн өгсөн болохыг нотлох үйл баримт нь ирцийн бүртгэлийг баримтжуулсан байх шаардлагатай.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын оролцсон гэх 8 дугаар хорооны байрны гаднах хуралдаанд ирсэн иргэдийг бүртгэсэн дэвтэр /48 хуудастай/, дүрс бичлэг зэргээс үзэхэд ирцийн хувьд хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэхгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд 9 дүгээр хорооны “Иргэний танхим”-д болсон хуралдааны ирц хуульд заасан шаардлагыг хангасан, маргаан бүхий захирамж, тогтоолууд нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нар “иргэдийн Нийтийн Хурлын даргаа сонгох асуудалд хорооны нийт иргэд тэгш эрхтэй, зарим нь илүү эрхтэй буюу сонгох эрхтэй хүчтэй, зарим нь дутуу эрхтэй буюу хүчингүй гэх ойлголт байхгүй” гэж давж заалдах гомдолдоо дурдсаныг хүлээн авах үндэслэлгүй байна.  

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын маргаж буй Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн, хариуцагч нарын шийдвэрийн улмаас Б.О, Г.С нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0297 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.О, Г.С нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

         ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ

         ШҮҮГЧ                                                               Ц.САЙХАНТУЯА