Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/00362

 

Ц.Баттулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/06162 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 93 дугаар магадлалтай,

         Ц.Баттулгын нэхэмжлэлтэй,

         Д.Батхуягт холбогдох         

     Дуудлага худалдаанаас автомашинуудыг худалдан авахад нь хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох, автомашинуудыг дуудлага худалдаанаас худалдан авахад оруулсан хөрөнгө болох 7.550.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Хариуцагч Д.Батхуягийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Одонжав, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие Ц.Баттулга 2014 оны 6 сарын 06-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдаанд хариуцагч Д.Батхуягтай хамтран оролцсон. Ийнхүү дээрх нийслэлийн иргэдийн танхимд болсон дуудлага худалдаанаас бид хоёр нийт 4 627 200 төгрөгөөр 27-72 УБГ улсын дугаартай Бенц-400, 01-17 УБЦ улсын дугаартай Тоёота Ипсум, 06-51 УБЦ улсын дугаартай Мазда демо маркийн нийт 3 машиныг худалдан авсан. Автомашинуудыг худалдаж авахад нэхэмжлэгч миний бие 2 627 200 төгрөг, хариуцагч Д.Батхуяг 2 000 000 төгрөгийг тус тус гаргасан ба уг машинуудыг хамтран засварлаж худалдан борлуулж ашиг шимийг хуваахаар аман хэлцэл байгуулсан. Мөн 2014 оны 06 сарын 20-ны өдөр Монголын улаан загалмайн нийгэмлэгээс зохион байгуулсан дуудлага худалдаанд миний бие оролцож 4 150 000 төгрөгөөр Ланд круйзер 78 маркийн 05-01 УБЦ улсын дугаартай автомашиныг худалдан авсан. Гэтэл Ц.Баттулга намайг гэртээ байхгүй үед гэрт ирж Ланд Круйзер 78 маркийн 05-01 УБЦ улсын дугаартай автомашиныг маань ачиж явсан нь миний хууль ёсны өмчид халдсан хууль бус үйлдэл болсон. Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар Д.Батхуягийн өмчлөлд байгаа 27-72 УБГ улсын дугаартай Бенц-400, УБЦ 01-17 Тоёота Ипсум, 06-51 УБЦ Мазда демо маркийн автомашинуудыг дундаа хамтран өмчлүүлэх шийдвэр гаргах, мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмчийг хууль бусаар авсан Д.Батхуягаас 05-01 УБЦ улсын дугаартай Ланд Круйзер-78 автомашиныг албадан гаргуулж нэхэмжлэгч надад олгож өгнө үү. Би тахир дутуугийн 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай бөгөөд нэг сард 172 200 төгрөг авч, энэ мөнгөөр эхнэр хоёр хүүхдээ тэжээдэг. Тиймээс миний энэ амьдралын аргагүй байдлыг харгалзан үзэж улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгнө үү. Би тахир дутуугийн тэтгэвэр авдаг дэвтрийн хуулбарыг болон өөрийн оршин суудаг Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтыг нотлох баримт болгон өгч байна.” гэжээ.

          Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Иргэн Д.Батхуяг би 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Ц.Баттулгын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь бодит байдлыг илтэд мушгин гуйвуулж, зохиомол байдлыг бий болгон, гүтгэж бичсэн байгааг хэлмээр байна. Нэхэмжлэл гаргасных нь дараа би яагаад ийнхүү гүтгэх болсныг тодруулахаар уулзах гэтэл надаас зугтааж, уулзахгүй байгаа нь нэг учиртай гэж би бодож байна. Д.Батхуяг миний бие төрийн өмчит байгууллагуудаас зохион байгуулдаг актлагдсан авто машинуудыг худалдаалах дуудлага худалдаанд зарын дагуу оролцож, актлагдсан авто машинуудыг худалдан авч, засварлан борлуулах ажлыг хийж ирсэн. Харин Ц.Баттулга ийм ажил хийж байсан эсэхийг мэдэхгүй. Нэхэмжлэлд дурдсан машинуудыг би өөрөө худалдаж авсан. Энэ нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдоно. Тухайлбал: Нийслэлийн өмчийн харилцааны газар болсон дуудлага худалдаанд оролцож 27-72 УБГ улсын дугаартай Бенц-400, 01-17 УБЦ улсын дугаартай Тоёота Ипсум, 06-51 УБЦ улсын дугаартай Мазда демо маркийн 3 авто машиныг худалдан авсан. Мөн 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагт Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож Ланд Круйзер 78 маркийн, 05-01 УБЦ улсын дугаартай, засвартай авто машиныг борлуулах худалдаанд нийт 7 хүн оролцсоноос Д.Батхуяг миний бие нь 4 200 000 төгрөгөөр энэхүү авто машиныг хууль журмын дагуу худалдан авсан болно. Гэтэл иргэн Д.Батхуяг миний хууль ёсны өмчид Ц.Баттулга нь хууль бусаар халдахыг санаархаж, үндэслэлгүй нэхэмжлэл гарган шаардаж байгаа нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иймд Ц.Баттулгын гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: “...Нийслэлийн өмчийн харилцааны газраас зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдаанаас 27-72 УБГ улсын дугаартай Бенц 400, 01-17 УБЦ улсын дугаартай Тоёота Ипсум, 06-51 УБЦ улсын дугаартай Мазда демо маркийн нийт 3 машиныг худалдан авсан 4 627 200 төгрөгөөс 57 хувь буюу 2 627 200 төгрөгийг Ц.Баттулга миний бие гаргасан болно. Мөн 2014 оны 06 дугаар сарын 20-нд Монголын улаан загалмайн нийгэмлэгийн дуудлага худалдаанаас Ланд круйзер 78 маркийн машиныг 4 200 000 төгрөгөөр худалдан авсан. Уг машиныг миний бие өөрөө унах зорилгоор үнэ хаялцаж авсан бөгөөд Д.Батхуяг нь үнэ хаялцаж, би ард нь сууж байсан бөгөөд бүх төлбөрийг 100 хувь Ц.Баттулга миний бие гаргасан. Гэтэл Д.Батхуяг нь Бенц 400, Мазда демо машинуудыг зарах болоогүй, Тоёота Ипсум машиныг өөрөө унана, эсвэл хамаатандаа зарна гэх зэргээр олон шалтаг хэлэн машинуудыг өөр газар аваачиж тавьсан. Ланд круйзер 78 машиныг худалдан авсны маргааш Манай нутгийн ах авсан төлбөр дээр нь 1 сая төгрөг нэмж өгөөд авъя гэж байна, Ландаа зарчих гэхээр нь өөрөө засаж унах гэж байгаагаа хэлтэл уурлаад гараад явсан. Маргааш нь намайг эзгүй байх хойгуур машиныг ачаад явсан байсан. Түүнээс хойш гэртээ байхгүй, уулзах гэхээр зугатаад утсаа авахгүй, дээрх машинуудыг дуудлага худалдаанаас худалдан авахад оруулсан миний мөнгийг өгөхгүй өнөөдрийг хүрч иргэн надад хохирол учруулж байна. Одоо эцэст нь огт танихгүй, өөрөө бүх мөнгийг гарган дээрх автомашинуудыг дуудлага худалдаанаас авсан гэж иргэн намайг луйварчин мэтээр тайлбар хийж байгаад нь гомдолтой байна. ...1. 27-72 УБГ улсын дугаартай Бенц-400, УБЦ 01-17 улсын дугаартай Тоёота Ипсум, 06-51 УБЦ улсын дугаартай Мазда демо маркийн авто машинуудыг дуудлага худалдаанаас худалдан авахад Ц.Баттулга нь хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох, 2. Д.Батхуягаас 27-72 УБГ улсын дугаартай Бенц-400, УБЦ 01-17 улсын дугаартай Тоёота Ипсум, 06-51 УБЦ улсын дугаартай Мазда демо, УБЦ 05-01 улсын дугаартай Ланд Круйзер маркийн авто машинуудыг дуудлага худалдаанаас худалдан авахад Ц.Баттулгаас оруулсан 7 550 000 төгрөгийг гаргуулах” гэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнцэцэгээс нэхэмжлэгчийн   өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэгч Ц.Баттулга нь нэхэмжлэлийн шаардлагаа гурав дахь удаагаа өөрчилжээ. Ц.Баттулга нь дуудлага худалдаанд өрсөлдөгчөөр орсон боломжийг овжин ашиглаж өөрийгөө хөрөнгө оруулагч мэтээр илт гуйвуулсан мэдэгдлийг өнөөдрийг хүртэл гаргасаар ирсэн бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газрын дуудлага худалдаанд хөрөнгө оруулагч хэлбэрээр оролцсон гэж тогтоолгохыг хүсээд нийт 4 автомашин худалдан авахад зориулсан гэх 7 550 000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Ц.Баттулга нь дуудлага худалдаанд оролцсон, мөнгө төлбөр гаргасан гэх боловч нотлох баримтаа шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа огт гаргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан заалтыг зөрчсөн. Түүнчлэн энэхүү өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэлтэйгээ уялдахгүй, тодорхой биш бөгөөд түүнийг нотлох баримтын жагсаалтыг хавсралтаар хүргүүлээгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байх боловч ямар үндэслэлээр 7 550 000 төгрөг болгон нэмэгдүүлээд байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

         Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/06162 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Ц.Баттулгыг 27-72 УБГ улсын дугаартай Мерседес Бенц-400, 01-17 УБЯ улсын дугаартай Тоёота Ипсум, 06-51 УБЦ улсын дугаартай Мазда демо маркийн маркийн автомашинуудыг дуудлага худалдаанаас худалдан авахад хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоож, 27-72 УБГ улсын дугаартай Мерседес Бенц-400, УБЯ 01-17 улсын дугаартай Тоёота Ипсум, 06-51 УБЦ улсын дугаартай Мазда демо, 05-01 УБЦ улсын дугаартай Ланд Круйзер-78 маркийн маркийн автомашинуудыг худалдан авахад нэхэмжлэгч Ц.Баттулгаас оруулсан 6 850 000 /зургаан сая найман зуун тавин мянган/ төгрөгийг хариуцагч Д.Батхуягаас гаргуулан нэхэмжлэгч Ц.Баттулгад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 700 000 /долоон зуун мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Баттулгаас 135 750 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Д.Батхуягаас 124 550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Баттулгад олгож шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 93 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/06162 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Батхуягаас 5 550 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Баттулгад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...135 750 төгрөг...” гэснийг “...103 750 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          Хариуцагч Д.Батхуягийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “...давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлсэнд гомдолтой байна. 1. МУЗН-ийн дуудлага худалдаанд Ц.Баттулга, Д.Батхуяг нар хоёулаа дэнчингээ төлөөд биет байдлаар дуудлага худалдаанд оролцож тус тусдаа үнэ өгч оролцсон. Ялагчаар хамгийн эцсийн үнэ өгсөн Д.Батхуяг тодорсон. Эдгээр бүх баримт хэрэгт авагдсан бөгөөд гагцхүү автомашины мөнгийг төлөхөд Ц.Баттулга гэдэг хүн төлсөн хэмээн үзсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримтыг хархад нэхэмжлэгчийн эхнэр болох гэрч н.Энхсайханы манай нөхөр мөнгийг төлсөн гэх мэдүүлэг, МУЗН-ийн ажилтан н.Мөнхтөрийн үйлдсэн зөрүүтэй баримтууд болон эхнэрийн дансанд нь байсан 4.500.000 төгрөг зэргийг үндэслэн Ц.Баттулга мөнгийг төлсөн гэж үзэх нь өрөөсгөл буюу нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. МУЗН-ын дуудлага худалдаанд орсон ялагчтай хийсэн гэрээ, төлбөр төлсөн баримт, мөнгө хэнээс авсан тухай, тухайн өдөрт нь хийсэн баримт, тооцоо нийлсэн акт зэрэг нотлох баримтуудыг огт үнэлээгүй буюу шүүхэд хэрэг маргаан үүссэнээс хойш хийсэн зөрүүтэй мэдүүлгийг үнэлж, нотлох баримтыг он, цаг хугацааны ач холбогдлоор нь зөв үнэлж чадсангүй. Нотлох баримтын он, сар, өдөр, хугацааны дараалал нэн чухал гэж үзэж байгаагийн учир нь хариуцагчийн гаргаж өтсөн баримтууд нь тухайн үед өөрөөр хэлбэл талууд маргаангүй байх үед үйлдэгдсэн баримтууд байдаг. Харин нэхэмжлэгч иргэний хэрэг маргаанд зориулан нотлох баримтуудыг цуглуулсан ба МУЗН-ийн ажилтан н.Мөнхтөр гэх хүнээр өөрчилсөн бичгийг хийлгэн авсан. Энэ нь маргаан эхлэхээс өмнөх үеийн өөрийнх нь өгсөн баримтаас ноцтой зөрүүтэй байгаа яъ нөлөөлөлд автсан гэж үзэх өндөр магадлалтай байна. Сүүлийн өгсөн мэдүүлэг эсхүл албан захидал нь үнэн зөв гэж үзэхийн тулд тухайн үед хийж өгсөн баримтыг үйлдэхдээ тухайн гэрч нөлөөлөлд автсан байсан эсэх эсхүл эргэлзээ бүхий нөхцөл байдал байсан эсэх тухай асуудал яригдах нь зохистой буюу хэргийг зөвөөр шийдвэрлэхэд тустай. Энэ асуудал анхнаасаа маргаантай байгаагүй гагцхүү иргэний хэрэг үүсгэн шүүхэд хэрэг маргаан шийдвэрлэгдэх явцад л асуудал ээдрээтэй болж н.Мөнхтөр гэдэг хүн хэн мөнгө төлсөн эсэхийг өөрөөр ярьж эхэлсэн асуудлыг зөвөөр үнэлэх нь зүйтэй юм. Гэрчийн мэдүүлгийн үнэн гэж үзэхэд дэндүү зөрүүтэй баримтуудад үндэслэсэн нь хэрэг маргааныг зөвөөр шийдвэрлэхэд нөлөөлсөн. МУЗН-ийн албан бичигт гарын үсэг зурсан н.Болормаа дарга өгсөн мэдүүлэгтээ “ажилтнытхаа бэлдэж ирсэн бичигт итгэж гарын үсэг зурдаг, би мэдэхгүй” гэсэн байдаг ба яг ижил төрлийн бичгийг өөр өөр хүний нэр дээр хийгээд ирэхэд нь гарын үсэг зураад явуулдаг байх жишээтэй. Энэ үйлдэл нь н.Мөнхтөр гэдэг хүний мэдүүлэг эргэлзээ үүсгэж байгаа юм. Дуудлага худалдааны дараа хийж өгсөн баримт нь тухайн үед болсон харсан үзсэнийхээ дагуу баримтыг үйлдэж өгсөн ба дараа нь өгсөн баримт нь өмнөхөөсөө ноцтой зөрсний гол шалтгаан нь нэхэмжлэгч нөлөөлсөн, танил тал ашигласан байх магадлалтай байна. 2. МУЗН нь 2014 оны 6 сарын 20-ны өдөр дуудлага худалдаагаар нийт 6 автомашин зарсан ба Ц.Баттулга Тоёота Корса автомашиныг 2.600.000 төгрөгөөр, пад тракторыг 130.000 төгрөгөөр Д.Батхуяг ланд круйзер автомашиныг 4 200 000 төгрөгөөр эцсийн үнийг тус тус дуудаж худалдан авсан. Нэхэмжлэгч Ц.Баттулга ланд крузерын 4.200.000 төгрөгийг төлсөн юм бол өөрийн дуудаж авсан машины үнийг ямар мөнгөөр авсан байх вэ гэдэг асуулт гарч ирэх ба ланд круйзерийн дуудлагад Ц.Баттулга оролцож үнэ өгсөн боловч эцсийн үнэ өгч чадаагүй. Ялагчаар тодорч чадаагүйдээ шаралхаж шүүхээр далайлган иргэн намайг хүнд байдалд оруулж байна. Гэтэл шүүх нэг өдөр болсон энэхүү дуудлага худалдаанд Ц.Баттулга өөр автомашин авсныг эс тоон, түүний эхнэрийн дансанд тухайн дуудлага худалдааны өмнө мөнгө орсон гарсан байх гүйлгээний хуулгаар Д.Батхуягийн авсан Ланд крузер автомашины мөнгийг төлсөн гэж дүгнэсэн нь өрөөсгөл бөгөөд үнэнд нийцэхгүй юм. Учир нь Ц.Баттулга тухайн өдөр өөр автомашинуудыг мөн худалдан авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Хэргийг шийдвэрлэх явцад холбогдох нотлох баримтыг үнэлэх ажиллагаанд алдаа гарсан гэж үзэж, энэ хэсгийг хянаж өгнө үү .” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөв хэрэгжүүлжээ.

Нэхэмжлэгч Ц.Баттулга нь хариуцагч Д.Батхуягт холбогдуулан 27-72 УБГ улсын дугаартай Мерседес бенз-400, 01-17 УБЦ улсын дугаартай Тоёота ипсум, 06-51 УБЦ улсын дугаартай Мазда демо маркийн автомашинуудыг хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, 05-01 УБЦ улсын дугаартай Ланд круйзер 78 маркийн автомашиныг албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, дээрх автомашинуудыг дуудлага худалдаанаас худалдан авахад Ц.Баттулга нь хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгож, оруулсан хөрөнгө болох 7 550 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, дуудлага худалдааны эцсийн ялагч нь болсон, төлбөрийг өөрөө төлсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр, Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус тус зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдаанд нэхэмжлэгч, хариуцагч нар оролцож Д.Батхуяг нь ялагч болж 27-72 УБГ улсын дугаартай Мерседес бенз-400 маркийн автомашиныг 2 627 200 төгрөгөөр, 01-17 УБЦ улсын дугаартай Тоёота ипсум маркийн автомашиныг 900 000 төгрөгөөр, 06-51 УБЦ улсын дугаартай Мазда демо маркийн автомашиныг 1 100 000 төгрөгөөр, 05-01 УБЦ улсын дугаартай Ланд круйзер-78 маркийн автомашиныг 4 200 000 төгрөгөөр тус тус худалдан авсан болох нь хэрэгт авагдсан дуудлага худалдаанд оролцох хүсэлт, автомашин дуудлага худалдааны явцын тэмдэглэл, дэнчингийн төлбөр төлсөн баримт, худалдах, худалдан авах гэрээ, автомашины үнэ төлсөн баримт, тооцоо нийлсэн акт, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн албан бичиг, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, зохигчдын тайлбараар тогтоогдсон, уг үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. /хх 6-16, 137, 211, 217-222, 228, 229, 237, 243/

Зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхийн тулд талуудын хамтран ажиллах зорилго, оруулсан хувь хэмжээ, ашиг, алдагдлыг хуваарилах талаарх тохиролцоо хийгдсэн гэдэг нь тогтоогдсон байх ёстой.

Нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан дуудлага худалдаанд хамтран оролцсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу, маргааны эрх зүйн үндэслэлийг буруу тодорхойлсноос хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлд нийцсэн гэж үзнэ.    

Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдаанаас хариуцагч Д.Батхуягийн худалдан авсан 05-01 УБЦ улсын дугаартай Ланд круйзер-78 маркийн автомашины үнэ 4 200 000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Баттулга нь 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төлж, хариуцагч нь автомашины үнэ төлөх үүргээс чөлөөлөгдсөн болох нь нэхэмжлэгч Ц.Баттулгын тайлбар, гэрч Н.Энхсайхан, Б.Мөнхтөр нарын мэдүүлэг, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2/109 тоот албан бичиг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг хариуцагч Д.Батхуягаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. /хх 57, 106, 107, 137, 141-143/

          2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Ц.Баттулгын эхнэр Н.Энхсайханы данснаас шилжүүлсэн 1 350 000 төгрөгийг хариуцагч Д.Батхуяг нь хүлээн авсан гэдгийг зөвшөөрсөн бөгөөд харин “...уг мөнгийг зээлж аваад буцааж төлсөн” гэсэн хариуцагчийн тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар энэ мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

          Харин хариуцагч Д.Батхуягийн дуудлага худалдаанаас автомашинуудыг худалдан авахад нэхэмжлэгч Ц.Баттулгаас дээрх 5 550 000 төгрөгөөс өөр мөнгө, төлбөр төлсөн  гэх үйл баримт нь нотлогдоогүй гэж дүгнэн давж заалдах шатны шүүх дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

       Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулга, үндэслэлийн талаар дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн хуульд зааснаар үүсэх үүргийн эрх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, өөрийн бүрэн эрхийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Д.Батхуягийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 93 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Д.Батхуягийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Д.Батхуягийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 82.150 /наян хоёр мянга нэг зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                           ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН