Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 158

 

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй,

тус аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид

 холбогдох зөрчлийн хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:          Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                         Г.Банзрагч,  

                                                    Д.Мөнхтуяа,

                                                    П.Соёл-Эрдэнэ,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,                                    

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал   

Прокурорын дүгнэлтийн агуулга: “Татварын улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 0292243 дугаартай шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгуулах”

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 120/ШШ2019/0038 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 92 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Х.Б, хариуцагч Э.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нарыг оролцуулж,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 120/ШШ2019/0038 дугаар шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 6.6 дугаар зүйл 1, 6.7 дугаар зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлтийн шаардлагыг хангаж, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Цийн тогтоосон 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0292243 дугаар хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулах тухай Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 92 дугаар магадлалаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Цийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 120/ШШ2019/0038 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 92 дугаар магадлалыг Захиргааны ерөнхий хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэдэг үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүхийн магадлалын хянавал хэсэгт ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ: 1.1 зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;...гэх зэрэг 3 үндэслэлийг, уг зүйлийн 4-д эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална, 7.1 дүгээр зүйлийн 1-д тодорхойлсон зөрчил ил тодорхой байгаа, түүнийг үйлдсэн этгээдийн гэм буруу нь эргэлзээгүй байдлаар нотлогдсон бол тухайн зөрчлийг эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой юм гэжээ.

4. Гэтэл татвар төлөгчийн татвараа төлөх, тайлагнах хугацаа адил байдгийг холбогдох хуулиуд дээр тус тусад нь зааж өгсөн байдаг. Хяналт шалгалтын томилолтын хугацаанд шалгахад татвараа төлөөгүй байна гэдэг бол ил тодорхой зөрчил мөн юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.6 дугаар зүйлд Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй:..., 14.6.2 хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ... гэж заасан байдаг. Татвар төлөгчийн худалдан авалтын падааныг шүүж үзэхэд тухайн татвар төлөгчийн үйл ажиллагаатай холбогдолгүй худалдан авалтын падаанууд байсан нь ил тодорхой зөрчил юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх бараа, ажил, үйлчилгээ, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл 7.1.Энэ хуулийн 5.3-д заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого, гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно гэж заасан. Татвар төлөгчийн хуулгыг тулгаж үзэхэд татвар төлөгчийн тайлагнасан орлого дутуу байсан нь мөн л ил тодорхой зөрчил юм. Эдгээр зөрчлүүд нь тээврийн хэрэгслийн жолооч улаан гэрлээр нэвтэрсэн нь хэнд ч ойлгомжтой зөрчил мөн бөгөөд энэ тохиолдолд цагдаагийн албан хаагч зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ. Үүнтэй адил татвар төлөгч өөрийн төлөх татвараа тайландаа бууруулж тайлагнасан, татвар төлөх хугацаа хожимдуулсан нь ил тодорхой зөрчил мөн юм. Татвар төлөгчийн татварын хуулийн талаарх мэдлэг дутуу байдлаас үүдэн маргаж, хүлээн зөвшөөрөөгүй байдлаас дээрх зөрчлүүдийг үйлдсэн этгээдийн гэм буруу нь ил тодорхой гэж үзэхгүй байх нь үндэслэлгүй юм.

5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д Дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ гэсэн байдаг. Иймд 6.6 дугаар зүйлийн 1.1 зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэл явуулах шаардлагагүй бол... гэснийг үндэслэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Шүүхийн эл дүгнэлтээс үзэхэд татварын улсын байцаагч нар “Х” ХХК-ийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хялбаршуулсан журмаар хяналт шалгалт хийсэн нь хууль бус, зөрчлийн хэрэг нээх ёстой гэсэн үндэслэлээр “шийтгэлийн хуудас"-ыг хүчингүй болгожээ. Иймд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 120/ШШ2019/0038 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 92 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

6. Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ц нарын үйлдсэн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 0292243 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Аын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11 дугаартай прокурорын дүгнэлтийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

7. Прокурорын 11 дугаартай дүгнэлтэд “…татварын улсын байцаагч зөрчлийг шалгахдаа зөрчил гаргагч хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй, түүнээс мэдүүлэг аваагүй, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг холбогдогчид танилцуулаагүй, ...шийтгэлийн хуудсанд “Х” ХХК-д холбогдох зөрчлийг шалгах явцад тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах үндэслэл зэргийг тодорхой дурдаагүй, шийтгэл оногдуулсан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу бичсэн, шийтгэлийн хуудсыг хуулийн этгээдэд танилцуулаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, Татварын хэлтэст буцаалгахаар прокурорын дүгнэлт бичсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэсэнтэй нийцжээ.

8. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ: 1.1.зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол...” гэж зааснаар Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д тодорхойлсон зөрчил ил тодорхой, түүнийг үйлдсэн этгээдийн гэм буруу нь эргэлзээгүй байдлаар нотлогдсон, мөн зөрчил, учирсан хохирлыг нотлох, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах шаардлагагүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ.

9. Хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ц нар нь “Х” ХХК-ийн 2016-2018 онуудын нэмэгдсэн өртгийн албан татварын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулж, нийт 90,536,246.73 төгрөгийн зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн, 0292243 дугаартай шийтгэлийн хуудсаар нийт 14,165,494.5 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

10. Гэвч хэрэгт нотлох баримтаар авагдсан татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 0292243 дугаартай шийтгэлийн хуудас, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /дугаар 110292243/, хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, хариуцагчаас аймгийн Прокурорын газарт гаргасан тайлбар, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд зөрчилд холбогдогч шийтгэлийн хуудсаар тогтоосон зөрчлийг хүлээн зөвшөөрөөгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх зөрчигдсөн талаар маргасан, мөн шийтгэлийн хуудас хуульд заасан шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нараас, “Х” ХХК-ийн гаргасан гэх зөрчилд “нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй” гэж дүгнэн, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж хууль зөрчсөн нь тогтоогджээ. 

11. Иймээс маргаан бүхий прокурорын дүгнэлтэд заасан үндэслэлүүд буюу хариуцагч татварын улсын байцаагч нар зөрчлийг шалгахдаа хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, улмаар шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлаагүй хууль зөрчсөн нь тогтоогдсон тул прокурорын дүгнэлтийг хангаж, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 0292243 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон 2 шатны шүүхийн шийдэл зөв байна.

12. Түүнчлэн прокуророос татварын улсын байцаагчид шийтгэл оногдуулахдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнтэй холбогдуулан дүгнэлт бичсэн, шүүхүүд энэ үндэслэлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, иймд хариуцагч хууль тогтоомжид нийцүүлэн татварын хяналт шалгалтыг дахин явуулахад энэхүү шүүхийн тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй юм.

13. Эдгээр үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, улсын байцаагчийн “шүүхүүд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 120/ШШ2019/0038 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 92 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ТУНГАЛАГ 

                                         ШҮҮГЧ                                                     Б.МӨНХТУЯА