Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/ма2020/01429

 

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2020/01429

 

х- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/01459 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч х- ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.г-, С.Г- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 59 288 810 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч С.Г-ын гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд, хариуцагч С.Г-, түүний өмгөөлөгч Б.Анхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Г-, С.г- нар тус банктай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 43 сарын хугацаатай жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн зориулалтаар авсан ба үүргийн гүйцэтгэлийг хангахаар өөрсдийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204003830 дугаартай Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 46 дугаар байр, 9 тоот хаягт байрлах 34.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалуулсан.

Хариуцагч нар өнгөрсөн хугацаанд зээлээс 4 469 617 төгрөг, хүүд 5 510 135 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4 222 төгрөг, нийт 9 983 976 төгрөгийг тус тус төлсөн. Гэвч өнөөдрийн байдлаар зээл 45 530 382 төгрөг, хүү 12 165 216 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 581 910 төгрөг болон нотариатын зардал 11 300 төгрөг, нийт 59 288 810 төгрөг болсныг хариуцагч нараас нэхэмжилж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан.

Хөгжлийн банкнаас авсан зээлийг зориулалтын дагуу ажлын 3 хоногийн дотор дэд зээлдэгчийн дансанд шилжүүлэх ба дэд зээлийг олгосноос хойш ажлын 5 хоногийн дотор дэд зээл олгосныг нотлох дансны хуулгыг Хөгжлийн банкинд хүргүүлнэ, 3.1.3-т зээлдэгч зээл олгохоос өмнө дэд зээл олгох эцсийн шийдвэр дэд зээлийн эх үүсвэр шилжүүлэн авах албан хүсэлт, хавсралт 1-ийг бүрдүүлэх ба төсөл хэрэгжүүлэгчтэй дэд зээл олгох гэрээ болон холбогдох барьцаа, баталгааны гэрээг байгуулан, зохих газруудад бүртгүүлэн ирүүлсэн байна гэж тус тус заасан.Хөгжлийн банкнаас зээлийн санхүүжилт орсон тохиолдолд зээлийг гэрээнд заасан дансанд шилжүүлэх үүргийг хүлээсэн бөгөөд уг банкнаас санхүүжилт албан бичгийг явуулснаас хойш бүтэн 14 хоногийн хугацаа өнгөрсний дараа орж ирсэн тул зээлийн гэрээнд дурдсан дансанд 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлсэн. Иймээс зээл олголт удааширсан нь Хөгжлийн банкнаас шалтгаалсан.

Хэрэв хариуцагчийн бизнесийн үйл ажиллагаанд эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн талаар бидэнд мэдэгдсэн бол зээл олголтыг түр хугацаанд зогсоох, хойшлуулах арга хэмжээ авах боломж байсан. С.Г- нь бизнесийн тооцоо судалгаа байхгүй, түрээсийн төлбөр нь бизнесийн ашигт ажиллагаанд хэрхэн нөлөөлөх талаар ямар ч судалгаа хийгээгүй, өндөр дүнтэй түрээсийн талбай сонгосон нь өөрөө өөрийнхөө бизнесийг дампууруулсан гэж үзэхээр харагдаж байна. Иймд, хариуцагч С.Г-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байх тул энэ талаар маргахгүй, харин сөрөг нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлж 50 000 000 төгрөгийг шилжүүлснээс зээлдэгч тал өндөр үнэтэй түрээсийн гэрээг бусадтай байгуулж, 36 000 000 төгрөгөөр хохирсон гэсэн тайлбараа дэмжиж байна.

Иргэний хуулийн 203 дугаар зүйлд гуравдагч этгээдэд ашигтай гэрээний талаар зохицуулсан байдаг. Талуудын байгуулсан зээлийн гэрээний үндэслэл болсон дамжуулан зээлдүүлэх гэрээ нь хариуцагч нарт ашигтай гэрээ юм. Учир нь, тус гэрээнд зааснаар хариуцагч С.Г-, С.г- нарт олгох зээлийг нэхэмжлэгчид шилжүүлсэн өдрөөс хойш 3 хоногийн дотор зээлдэгчид өгөх ёстой байтал нэхэмжлэгч нь 2015 оны 09 дүгээр сарын 7-ны өдөр шилжүүлж, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн.

Энэ талаар дамжуулан зээлдэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.4-т тодорхой заасан байна. Хариуцагч нар 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Х.Пүрэвсүрэнтэй түрээсийн гэрээ байгуулж, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 40 мянгат, 10 дугаар байр, 8 тоот хаягт байрлах 19 м.кв талбайтай өрөө орон сууцыг 6 сарын хугацаатай сарын 2 000 000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон байсан.

Тус гэрээнд талууд түрээсийн төлбөрийг төлсөн байх нөхцөлийн дагуу түрээсийн зүйлийг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хүлээн авахаар болсон. Гэтэл нэхэмжлэгч нь зээлийг хугацаандаа шилжүүлээгүйгээс шалтгаалан тухайн гэрээг цуцалсан. Ингээд хариуцагч нар 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр С.Эрдэнэ-Очиртой түрээсийн гэрээ байгуулж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 47 дугаар байр, 1 тоот хаягт байрлах 200 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 5 жилийн хугацаатай сарын 5 000 000 төгрөгөөр түрээслэхээр болсон.

Үүнээс болж хариуцагч С.Г-т 36 000 000 төгрөгийг хохирол учирсан, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд өгсөн бөгөөд хэт өндөр түрээсийн төлбөрөөс улбаалан төсөл зохих ёсоор хэрэгжиж чадаагүй. Нэхэмжлэгч нь зээлийг олгосны дараагаар зээлдэгч нарыг үйл ажиллагаагаа яаралтай эхлүүл гэж шахалт үзүүлсэн учраас гарцаагүй байдлаар С.Эрдэнэ-Очиртой түрээсийн гэрээ байгуулсан. Хэрэв банк зээлийг хугацаандаа олгосон бол түрээсийн төлбөрт 3 000 000 төгрөгийг төлөх нөхцөл үүсэхгүй байсан.

Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хариуцагч С.Г- хохирсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч х- ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Г-, С.г- нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 59 277 510 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч С.Г-ын нэхэмжлэлтэй нэхэмжлэгч х- ХХК-нд холбогдох 36 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, мөн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 594 794 төгрөг, хариуцагч С.Г-ын төлсөн 337 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 594 794 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх С.Г- учирсан хохирлоо нэхэмжилж болно гэж тодорхойлсон боловч хуулийн энэхүү заалтыг хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулсан дүгнэлт хийхдээ нотлох баримтуудыг дутуу үнэлсэн. С.Г- нь түрээслүүлэгч Х.Пүрэвсүрэнтэй 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан бөгөөд тухайн гэрээний зүйл болох орон сууц нь 19 м.кв талбайтай, гэрээний 4.3-т зааснаар 72 м.кв өргөтгөлтэй өөрөөр хэлбэл миний төсөлд дурдагдсан ажлыг хийхэд үнэ болоод хэмжээний хувьд бүрэн нийцсэн обьект байсан. Улмаар бид тухайн гэрээнийхээ 1.1-д түрээсийн гэрээний хугацаа, 1.4-т гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болох үндэслэл, 1.5-д түрээсийн төлбөр, 2.5-д түрээслүүлэгч Иргэний хуульд 288 дугаар зүйлд заасан бусад эрх, үүргийг эдлэхээр заасан ба мөн 2.1-д нь Хөлслөгч нь ашиглалтын шаардлага хангасан биет байдлын болон эрхийн доголдолгүй орон сууцыг хөлслөгчийн эзэмшил ашиглалтад 2015 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр хүлээлгэн өгнө гэж тохиролцсон. Өөрөөр хэлбэл 07 сарын 27-ны өдөр бид энэхүү гэрээг байгуулахдаа түрээсийн төлбөр төлөх сүүлийн хугацаа 9 сарын 1-ний өдөр буюу нийт 35 хоногийн хугацаанд байраа өөр хүнд түрээслүүлэхгүйгээр зөвхөн надад түрээслэхийг түрээслүүлэгчээс хүсч тухайн тохиролцоогоо нотариатаар баталгаажуулж харилцан тохиролцсон. Гэвч х- ХХК зээлийн мөнгийг дамжуулан зээлдэх гэрээний заалтыг зөрчсөний улмаас хэмжээ томтой, хотын төвд байршилтай, үнэ боломжийн байраа алдахад шууд хүргэсэн.

Тухайн гэрээний 1.5-д зааснаар би хагас жилээр төлбөрийг төлөхөөр буюу 9 сарын 01-ний өдөр 12 сая төгрөгийг түрээслүүлэгчид өгч, түрээслэгч байраа шилжүүлэхээр тохирсон байсан ба надад 12 сая төгрөг бэлэн байгаагүй учраас түрээслүүлэгч амаар та гэрээний үүргээ зөрчиж байгаа тул би гэрээгээ цуцаллаа, удаан хугацаанд хүсэлтийг чинь харгалзаж хүлээсэн гэж мэдэгдээд байраа түрээслүүлэхгүй гэдгээ хэлсэн. Банк миний мөнгийг хугацаанд нь шилжүүлсэн бол өмнөх боломжийн үнэтэй байраа алдахгүйгээр үйл ажиллагаа маань хэвийн үргэлжлэх боломжтой байсан, түрээсийн байр удаан хугацаанд хайж цаг хугацаанд хавчигдан өндөр үнэтэй байр түрээслэхэд хүрсэн зэрэг нөхцөл байдлуудыг минь харгалзан үзэж гомдлыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч х- ХХК нь хариуцагч С.Г-, С.г- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 59 288 810 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч тал үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, харин сөрөг нэхэмжлэлээр х- ХХК-ийн гэрээний үүргээ зөрчсөнөөс учруулсан хохиролд 36 000 000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ. /хх59-62/

Нэхэмжлэгч х- ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч С.Г-, С.г- нартай зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг жилийн 9 хувь, сарын 0,75 хувийн хүүтэйгээр жижиг дунд үйлдвэрийг дэмжих зориулалтаар олгожээ /хх14-17/

х- ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хариуцагч С.Г-, С.г- нарын 5753748566 тоот дансанд зээл 50 000 000 төгрөгийг шилжүүлсэн. /хх23, 27-32/

Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, хариуцагч нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 46 дугаар байр, 09 тоот хаягт байрлах 34.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. /хх18, 19, 22 /

Зээл болон барьцааны гэрээний талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Г-, С.г- нараас зээл 45 530 382 төгрөг, хүү 12 165 216 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 581 910 төгрөг, нотариатын зардал 11 300 нийт 59 288 810 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар заасныг зөв гэж үзнэ.

Талууд сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй эсэх асуудлаар маргаж байна.

х- ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банк болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 66 тоот тогтоолоор баталсан үйлдвэрлэлийг дэмжих зорилтын хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байр бий болгоход жижиг дунд үйлдвэрлэлийн төслүүдэд дамжуулан зээл олгохоор болсон. /хх88-95/

Зохигчид 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулсны дараа зээлийн санхүүжилтийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч хүлээн авч улмаар 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хариуцагч нарт зээлийг олгосныг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Учир нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор шударгаар гүйцэтгэх юм. Зохигчдын гэрээнд 50 000 000 төгрөгийг хэзээ, ямар хугацаанд шилжүүлэх талаар заагаагүй, гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2.1-д "Зээл олгох хэлбэр: Хөгжлийн банкнаас зээлийн эх үүсвэр банкинд шилжин ирж, зээлдэгчийн 5753748566 тоот төгрөгийн дансанд бэлэн бусаар шилжүүлснээр зээлийг олгосонд тооцно гэж заасан.

х- ХХК нь дамжуулан зээлдүүлэх гэрээний 5.1.21-д зааснаар 50 000 000 төгрөгийг ажлын 3 хоногийн дотор буюу 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч нарт шилжүүлэх ёстой байтал 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр шилжүүлснийг ноцтой зөрчил гэж үзэхгүйгээс гадна хариуцагч нь дээрх шилжүүлгээс болж өөрт хохирол учирсныг эргэлзээгүй баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Хэргийн баримтаар хариуцагч С.Г- нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр түрээслүүлэгч С.Эрдэнэ-Очиртой байгуулсан түрээсийн гэрээний харилцааг 2016 оны 10 дугаар сарыг дуустал үргэлжлүүлсэн, түрээсийн гэрээний харилцааг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаа явуулсан байна. /хх74-76/

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/01459 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Г-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД