Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 277

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч М.Сүрмандах,

Хохирогч Д.Хүдэрчулууны өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч П.Даваабаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Бурд овогт Пунцагийн Даваабаярт холбогдох эрүүгийн 1818000730066 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Бурд овогт Пунцагийн Даваабаяр /РД: ОЭ88081696/, 1988 оны 8 дугаар сарын 16-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Нарны 2-4 тоотод оршин суух хаягтай боловч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багийн Урт саарь гэх газарт оршин суух гэх, урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас П.Даваабаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1-д тус тус заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч П.Даваабаяр нь Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах кузов засварын газарт засварчнаар ажиллаж байхдаа 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө уг засварын газраас нууцаар, хууль бусаар гагнуурын аппарат, өрөм, дочил зэргийг хулгайлж хохирогч Д.Эрдэнэтуяад 470.000 төгрөгийн хохирол, уг засварын газар байсан хохирогч Д.Хүдэрчулууны 66-97 УБТ улсын дугаартай Тоёота приус-11 маркийн тээврийн хэрэгслийн их гэрэл, хойд гэрэл, толь, цахилгаан мотор, радиатор, кадушик, цахилгаан помп, батарей ком зэргийг хулгайлж 2.652.000 төгрөгийн хохирол, мөн уг засварын газарт байсан хохирогч Ё.Цогийн 56-82 УНЧ улсын дугаартай Тоёота Рав 4 ЛЖ маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж 9.500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо 3 дугаар байрны 72 тоотод оршин суух хохирогч Б.Даваасүрэнгийн гэрт нэвтэрч ширээний хулдаасан доор байсан 900.000 төгрөгийг хулгайлсан,

2018 оны 01 дүгээр 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг 017-3-16а тоотод оршин суух хохирогч Ж.Улаанхүүгийн өвлийн байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, хурганы арьсан дотортой эрэгтэй хүний торгон дээл 1 ширхэг, хурганы арьсан дотортой эмэгтэй хүний торгон дээл 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 3.830.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч П.Даваабаярын өгсөн: Би засварын газрын хүмүүс надад цалин хөлс өгөөгүй тул хулгай хийсэн. Приус-11-ийн батарей, 2 ширхэг толь, гагнуурын аппарат авсан бусад эд зүйлийг нь аваагүй. Мөн Даваасүрэнгийн гэрээс 800.000 төгрөг авсан гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Д.Хүдэрчулууны өгсөн: ...Золбоо миний машиныг засварлуулахаар Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах засварын газарт аваачиж өгсөн байсан. Золбоо 14 хоногийн хугацаатай хөдөө явчхаад нөгөө засварын газартаа очиход миний машины эд ангийг хулгайлсан, хулгайлсан хүн нь олдохгүй, цагдаагийн газарт мэдэгдсэн байгаа гэж хэлсэн. Миний машины их гэрэл 2 ширхэг, хойд гэрэл 2 ширхэг, толь 2 ширхэг, цахилгаан мотор 1 ширхэг, радитор 1 ширхэг, кадушик 4 ширхэг, цахилгаан помп 1 ширхэг, батарей 1 ком зэрэг нийт 2.620.000 төгрөгийн эд анги алдагдсан. Дээр нь манай дүү Золбоо нь хулгай хийсэн хүний дансанд 500.000 төгрөг шилжүүлсэн байсныг нэмж нийт 3.120.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 129-132/,

Хохирогч Д.Эрдэнэтуяагийн өгсөн: П.Даваабаяр нь 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр засварын газарт ганцаараа хонохдоо засварын газарт байсан Тоёота рав-4 маркийн тээврийн хэрэгсэлд Тоёота приус-11 маркийн тээврийн хэрэгслийн батарей, мотор, 2 ширхэг их гэрэл, 2 ширхэг толь болон манай гагнуурын аппарат, дрилл, дочил зэрэг эд зүйлийг ачаад аваад явсан байсан. Би алдагдсан гагнуурын аппарат, дрилл, дочил зэрэг эд зүйлийн 470.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 137-139/,

Хохирогч Ё.Цогийн өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр засварын газар луу өөрийн Тоёота Рав-4 маркийн машины засвар дууссан эсэхийг утсаар асуухад “таны машин хулгайд алдагдсан” гэж хэлсэн. 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 287 дугаар байрны Б1 давхрын зогсоолоос машинаа олсон. Миний машины урд купер хагарсан, куперын доод талын нэмэлт гэрэл байхгүй байсан. Засварын газраас “бидний буруутай үйлдлийн улмаас машинд эвдрэл гарсан” гээд засаж өгсөн. Одоо надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 143-144/,

Гэрч М.Золбоогийн өгсөн: Би ах Хүдэрчулууны Тоёота приус-11 маркийн машиныг Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зурагтын эсрэг талд байрлах засварын газарт засуулахаар өгсөн. Машиныг 1.000.000 сая төгрөгөөр засуулахаар тохиролцоод урьдчилгаа 500.000 төгрөгийг дансаар өгсөн. 2017 оны 6 дугаар сард машинаа авахаар засварын газарт очиход машины эд ангиуд нь дутуу, засварын газарт хоносон засварчин тоноод явчихсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 149-150/,

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн эд зүйлийн үнэлгээний комиссоос 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тогтоосон хохирогч Д.Хүдэрчулууны Тоёота приус-11 маркийн тээврийн хэрэгслийн алга болсон эд ангиуд нь 2.620.000 төгрөг гэх үнэлгээ /1-р хх-ийн 133-134/, хохирогч Д.Эрдэнэтуяагийн гагнуурын аппарат, дрилл, дочил зэрэг нь 470.000 төгрөг гэх үнэлгээ /1-р хх-ийн 140/, хохирогч Ё.Цогийн Тоёота Рав-4 ЛЖ маркийн 56-82 УНЧ улсын дугаартай, улаан хүрэн өнгийн тээврийн хэрэгсэл 9.500.000 төгрөг гэх үнэлгээ /1-р хх-ийн 145/,

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Мөнхцэнгэлийн 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр үйлдсэн “...иргэн Д.Чойжгаваагийн цагдаагийн газарт ирүүлсэн мэдээлэлд үндэслэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 207 дугаар байрны үүдэнд байрлах 56-82 УНЁ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд уг тээврийн хэрэгслийн эзэмшигч Ё.Цог, криминалистикийн шинжээч, дэслэгч Д.Нямдаваа нарыг оролцуулан үзлэг хийв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 121-123/,

Хохирогч Б.Даваасүрэнгийн өгсөн: ...2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10:40 цагийн үед би гэрээсээ гарсан. Баяраа гэрт үлдсэн. Эргээд ирэхэд Баяраа байхгүй байсан. Баяраа цэнэглэж байсан улаан өнгийн гар утсаа манайд орхиод явсан байсан. Би охин Түмэн-Өлзийд өгөх гээд гал тогооны өрөөний шүүгээний хулдаасан доор хийсэн байсан 900.000 төгрөгөө авах гэтэл алга болсон байсан. Өөр зүйл алга болоогүй. 900.000 төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-76/,

Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мэндбаярын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “...Баяраа гэгчийн утас гэх Нокиа RM769 маркийн улаан өнгийн, товчлууртай, 2 сим карт ордог гар утсыг эд мөрийн баримтаар хураан авч, гэрэл зургаар бэхжүүлэв” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 79/,

Хохирогч Ж.Улаанхүүгийн өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 11:00 цагаас 18:20 цагийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг 017-3-16а тоотод байрлах өвлийн байшингийн арын цонхоор хулгайч орж эрэгтэй хүний хурганы арьсан цэнхэр торгон дээл 1 ширхэг, эмэгтэй хүний хурганы арьсан дотортой шар торгон дээл 1 ширхэг, цаа бугын арьсан годон гутал 1 хос, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, үнэгний арьсан малгай 1 ширхэг зэргийг авсан байсан. Тухайн өдөр манайд ирж хоносон хуучны танил Пунцагийн Даваабаярыг сэжиглэж байна. Би үнэгэн малгайгаа буцаан авсан тул бусад эд зүйлийнхээ 3.830.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-23/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад П.Үнэнбаярын “Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, 017-ын 3-16а тоот хашаа байх...” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 18-20/,

“Капитал зууч” ХХК-ний 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн “иргэн Ж.Улаанхүүгийн өвлийн байшингаас алдагдсан эрэгтэй хүний хурганы арьсан дотортой торгон дээл 1 ширхэг, эмэгтэй хүний хурганы арьсан дотортой торгон дээл 1 ширхэг, ОХУ-д үйлдвэрлэсэн эрэгтэй хүний цаа бугын арьсан годон гутал 1 хос, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, үнэгэн лоовууз 1 ширхэг эд зүйл нь нийт 3.910.000 төгрөгийн үнэтэй” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 30-31/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Гэрэлцогтын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үйлдсэн “бор өнгийн торгон материалаар хийгдсэн шаргал өнгийн үстэй малгайг хохирогч Ж.Улаанхүүд хүлээлгэн өгөв” гэх эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 34-35/

Шүүгдэгч П.Даваабаярын өгсөн: Би хотоос Дарханд очоод Ж.Улаанхүүгийнд хоносон. 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ж.Улаанхүү хөдөө явсан. Тэднийх эзэнгүй байгааг мэдэж байсан учраас тэднийд очиж цонхоор нь ороод эрэгтэй, эмэгтэй хүний хурган арьсан дээл, годон гутал, мөнгөн аяга, үнэгэн малгайг нь хулгайлсан. Тэгээд хотод ирж Хархорин зах дээр үнэгэн малгайнаас бусдыг зарж борлуулсан. Тэгээд Чойр яваад тэндээ цагдаад баригдсан /1-р хх-ийн 26-28, 36/, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр малчин авна гэсэн зарын дагуу Багануур дүүрэгт очсон. Багануурт нэг ах намайг тосоод ээжийнхээ 1 өрөө байр руу дагуулж яваад тэндээ хоносон. Маргааш нь айлын хүн нь гадагшаа хойгуур би цай уухаар аяга авах гээд шургуулга татаж үзэхэд боодолтой 20.000 төгрөгийн дэвсгэртүүд байсан. Тоолж үзэхэд 800.000 төгрөг байсан. Тэгээд тэр мөнгийг аваад Улаанбаатар хот руу явсан /1-р хх-ийн 81-85/, Би 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах кузов засварын газарт ажилд орсон. 2017 оны 6 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед засварын газрын эзэн ирэхээр нь би зассан машиныхаа хөлс, цалинг авъя гэхэд “одоохондоо байж бай, 10-аад машин зассаны дараа цалин өгнө” гэж хэлээд эзэн явсан. Тэгэхээр нь би засварын газарт байсан Тоёота приус-11 маркийн машины толь, батарей, гараашаас нь гагнуурын аппарат аваад тэнд засуулахаар өгсөн байсан Тоёота Рав-4 маркийн машинд ачаад Шар хад руу уулздаг эмэгтэйнхээ гэрт очиж машины толь, батарей, гагнуурын аппаратаа буулгасан. Тэгээд Тоёота Рав-4 маркийн машиныг зүүн 4 замын ойролцоо авто зогсоол дээр орхиод явсан. Тэгээд тэндээсээ нэг таксинд суугаад хулгайлсан гагнуурын аппарат, толь, батарейг 500.000 төгрөгөөр таксины жолоочид худалдсан /1-р хх-ийн 158-160, 162-169/ гэх мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Даваабаяр нь ... Би Приус-11 машины батарей, 2 ширхэг толь, гагнуурын аппарат авсан бусад эд зүйлийг нь аваагүй. Мөн Даваасүрэнгийн гэрээс 800.000 төгрөг авсан гэж мэтгэлцэж байна. Гэвч энэ байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байгаа ба шүүгдэгчийн мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан хохирогч Д.Эрдэнэтуяагийн ...гагнуурын аппарат, дочил, дрилл алга болсон... гэх мэдүүлэг, хохирогч Д.Хүдэрчулууны ...Тоёота приус-11 маркийн тээврийн хэрэгслийн их гэрэл 2 ширхэг, хойд гэрэл 2 ширхэг, толь 2 ширхэг, цахилгаан мотор 1 ширхэг, радитор 1 ширхэг, кадушик 4 ширхэг, цахилгаан помп 1 ширхэг, батарей 1 ком зэрэг эд зүйл алга болсон... гэх мэдүүлэг, хохирогч Б.Даваасүрэнгийн ...гэрт байсан 900.000 төгрөгөө алдсан... гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.

Иймд шүүгдэгч П.Даваабаярын Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд байрлах засварын газраас Д.Эрдэнэтуяагийн гагнуурын аппарат, дочил, дрилл зэрэг эд зүйлийг хулгайлж 470.000 төгрөгийн, Д.Хүдэрчулууны Тоёота приус-11 маркийн тээврийн хэрэгслийн их гэрэл 2 ширхэг, хойд гэрэл 2 ширхэг, толь 2 ширхэг, цахилгаан мотор 1 ширхэг, радитор 1 ширхэг, кадушик 4 ширхэг, цахилгаан помп 1 ширхэг, батарей 1 ком зэргийг хулгайлж 2.620.000 төгрөгийн, Ё.Цогийн Тоёота Рав-4 маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж 9.500.000 төгрөгийн хохирол учруулсан, иргэн Б.Даваасүрэнгийн гэрээс 900.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэргийн, иргэн Ж.Улаанхүүгийн өвлийн байшинд нэвтэрч эрэгтэй хүний хурганы арьсан цэнхэр торгон дээл 1 ширхэг, эмэгтэй хүний хурганы арьсан дотортой шар торгон дээл 1 ширхэг, цаа бугын арьсан годон гутал 1 хос, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, үнэгний арьсан малгай 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.910.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Хүдэрчулуунд 2.620.000 төгрөгийн хохирол, Д.Эрдэнэтуяад 470.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Даваасүрэнд 900.000 төгрөгийн хохирол, хохирогч Ж.Улаанхүүд 3.910.000 төгрөгийн хохирол, хохирогч Ё.Цогод 9.500.000 төгрөгийн хохирол тус тус учирснаас хохирогч Ё.Цог нь өөрийн эзэмшлийн Тоёота Рав-4 маркийн тээврийн хэрэгслийг буцаан авсан тул санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 287 дугаар байрны Б1 давхрын зогсоолоос машинаа олсон. Миний машины урд купер хагарсан, куперын доод талын нэмэлт гэрэл байхгүй байсан. Засварын газраас “бидний буруутай үйлдлийн улмаас машинд эвдрэл гарсан” гээд засаж өгсөн. Одоо надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 143-144/-ээр, хохирогч Ж.Улаанхүү нь 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий үнэгний арьсан малгайг хүлээн авсан болох нь эл зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-34/-ээр тус тус тогтоогдож байна.

Харин шүүгдэгч П.Даваабаяр нь хохирогч Д.Хүдэрчулуун, Д.Эрдэнэтуяа, Б.Даваасүрэн, Ж.Улаанхүү нарт учирсан хохирол төлбөрийг барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 7.820.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Хүдэрчулуунд 2.620.000 төгрөгийг, хохирогч Д.Эрдэнэтуяад 470.000 төгрөгийг, хохирогч Б.Даваасүрэнд 900.000 төгрөгийг, хохирогч Ж.Улаанхүүд 3.830.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Хохирогч Д.Хүдэрчулуун нь машин засварын урьдчилгаа төлбөр болох 500.000 төгрөгийг М.Золбоогийн данснаас шилжүүлснийг өөрт учирсан 2.620.000 төгрөгийн хохирол дээр нэмж нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан М.Золбоогийн ХААН банк дахь 5064140197 дугаарын данснаас 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 5990233780 дугаарын дансанд 500.000 төгрөг шилжүүлсэн гэх ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 151/-аар урьдчилгаа төлбөрийг шүүгдэгч П.Даваабаярт өгсөн эсэх, 5990233780 дугаартай данс нь хэний эзэмшлийн данс болох нь тодорхойгүй байна. Иймд хохирогч П.Хүдэрчулууны нэхэмжлэлээс 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч П.Даваабаяр нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч нь урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байгаа ба энэ байдал нь ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй боловч шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт юм.

Шүүгдэгч П.Даваабаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Даваабаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч П.Даваабаярын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 201 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Нокиа RM769 маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бурд овогт Пунцагийн Даваабаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч П.Даваабаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар П.Даваабаярт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар П.Даваабаярт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар П.Даваабаярын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд цагдан хоригдсон 201 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 7.820.000 /долоон сая найман зуун хорин мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Д.Хүдэрчулуунд 2.620.000 /хоёр сая зургаан зуун хорин мянга/ төгрөгийг, хохирогч Д.Эрдэнэтуяад 470.000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгийг, хохирогч Б.Даваасүрэнд 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг, хохирогч Ж.Улаанхүүд 3.830.000 /гурван сая найман зуун гучин мянга/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Д.Хүдэрчулууны нэхэмжлэлээс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Ё.Цог нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Нокиа RM769 маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц П.Даваабаярт буцаан олгосугай.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Даваабаярт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР