| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2408000001518 |
| Дугаар | 2025/ДШМ/795 |
| Огноо | 2025-06-26 |
| Зүйл хэсэг | 17.2.3.2., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2025/ДШМ/795
2025 06 26 2025/ДШМ/795
Д.О-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Д.О-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1293 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.О-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нар нь давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Д.О-т холбогдох 2408000001518 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Д-гийн О ............................ тоотод оршин суух, урьд:
1. 2003 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт тус тус зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 114 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 16 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,
2. 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, өмнөх 2003 оны 1 дүгээс сарын 16-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 70 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил 6 сар 10 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн,
3. 2009 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2012 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр ерөнхий шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 08 сар 25 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,
4. 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1433 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлснийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ХМ/11 дүгээр магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон,
5. 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1418 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650,000 төгрөгөөр торгох ялаар,
6. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийх ялаар,
7. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 764 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгүүлсэн;
Шүүгдэгч Д.О- нь 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт 24.5 см урттай, хар өнгийн зүйлээр ажлын хэсгээс хойш ороосон сийлбэрийн хутгыг зэвсгийн чанартай ашиглаж хохирогч Ж.Г-ын биед тулган Төрийн банкны 380ххххххххххх тоот данс руу 100.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б овогт Д-гийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан” буюу дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “зэвсэг хэрэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 764 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, нийт 60 хоног буюу 2 сарын хугацаагаар хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 2 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт цагдан хоригдсон 79 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг сийлбэрийн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.О- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, огт маргаж байгаагүй. Учирсан хохирлыг төлж барагдуулан гэмшиж байгаагаа илэрхийлсээр ирсэн. Хохирогч Ж.Г-а нь гомдолгүй болохоо анхан шатны шүүхэд илэрхийлсэн бөгөөд одоо Япон Улс руу явсан байгаа. Улсын яллагчаас хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх саналтай оролцсон. Миний бие өмнө ял эдлэж байсанд дүгнэлт хийж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ илэрхийлж байна. Би 6 настай хүүхэдтэй бөгөөд сургуульд орох чухал үед нь дэргэд нь байж чадахгүй байдалд өөрөө өөрийгөө оруулсандаа харамсаж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан ял хөнгөрүүлж, ял эдлэх дэглэмийг нээлттэй болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.О-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Хувийн байдлын хувьд эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хувиараа сийлбэр хийн тодорхой орлого олж, эхнэр хүүхдээ тэжээн тэтгэдэг болно. Урьд ял шийтгэл эдэлж байхдаа модон сийлбэр хийж суран шатар, даам хийж хувиараа пэйж хуудас ажиллуулдаг. Хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж харамсаж байгаагаа удаа дараа илэрхийлдэг. Шийтгэх тогтоолд хүндэтгэлтэй хандаж байгаа ба гагцхүү хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх хүсэлтийг гаргадаг юм. Иймд дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоолын тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс гэм буруу болоод эрүүгийн хариуцлагад хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Шүүгдэгч Д.О-т оногдуулсан хорих ялын хувьд шударга ёсны зарчим болоод эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн. Дэглэмийн хувьд, шүүгдэгчийн хувийн байдал буюу бага насны хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугаа ухамсарласан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэмжээ бага зэрэг нөхцөл байдлыг харгалзаж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх бүрэн боломжтой. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Д.О-т холбогдох 2408000001518 дугаар эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.
1. Шүүгдэгч Д.О- нь 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биед байсан сийлбэрийн хутгыг хохирогч Ж.Г-ын биед тулган Төрийн банкны 380ххххххххххх тоот данс руу 100,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:
2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл таних хүнд дээрэмдүүлсэн...” /хх-ийн 2/,
хохирогч Ж.Г-ын “...гадаа нь байдаг цайны газраас хоол аваад буцаад орох гэтэл нил ягаан өнгийн Note загварын тээврийн хэрэгсэлтэй эрэгтэй хүн намайг дуудахаар нь би очоогүй. Тэгтэл манай найз Төгсбаярын дүү бид хоёр дээр өөрөө ирээд, бид хоёрт хутга тулгаж байгаад тээврийн хэрэгсэлдээ суулгаад 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах уулын орой дээр гарсан. Бид хоёрт хутга тулгаж байгаад миний ihpone 14 рго mах загварын гар утсыг аваад, мөнгө байхгүй гэсэн чинь манай эгчтэй утсаар яриулаад 380ххххххххххх тоот дансанд 100,000 төгрөг шилжүүлж авсан. Намайг 100,000 төгрөг өгчих юм бол яах ч үгүй явуулна гэхээр нь би эгчтэйгээ яриад 100,000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл намайг зодоод миний биед гэмтэл учруулсан. Тухайн тээврийн хэрэгсэл дотор 3 хүн байсан ба 2 нь бага насны хүүхэд байсан, намайг дээрэмдсэн эрэгтэй нь тухайн 2 хүүхдийг дарамтлаад байсан. ...намайг дээрэмдэж байхдаа О /О/ гэдэг гэж хэлж байсан. Би гар утсаа дээрэмдүүлээгүй өөрөө олж авсан. ...” /хх-ийн 13-16/,
насанд хүрээгүй гэрч Ц.Баасандоржийн: “...Манай гудамжны атаман гэгддэг Д.О- гэх ах согтуу Nissan Note загварын /улсын дугаарыг нь мэдэхгүй байна/ машинтай бид хоёр дээр ирээд сайн уу, ахын дүү суучих гээд манай найз бид хоёрыг суулгасан. Тэгээд доор байдаг “Цолмон” төвийн гадна очоод Д.О- ах машинаас буугаад Цолмон төвийн гадна тамхи татаад зогсож байсан хоёр танихгүй ахыг нааш ир гээд дуудсан. Ирэхгүй байхаар нь машиныхаа хаалганы хажуу талаас даавуу шиг юмаар ороогоод үзүүрийг нь гаргасан хутга барьж буугаад тэр хоёр ахтай яриад зогсоод байсан. Тэгээд тэр хоёр ахыг дагуулж ирээд намайг машин унаж чадах уу гэхээр нь би айгаад чадна гэсэн. Тэгээд надаар машинаа бариулаад өөрөө хажууд суугаад арын суудал руу нөгөө хоёр танихгүй ахыг суулгасан, тэр хоёр ахын хажууд манай найз Түдэвдорж сууж байсан. Тэгээд хойшоо явчих гээд гэр хорооллын гудамжаар хойд зүг рүү чиглээд хаягийг нь мэдэхгүй гудамжинд зогссон. Тэгээд машин зогссоны дараа О ах хутгаа бариад эргэж хараад өгөх юм байна уу? гэхэд байхгүй гэсэн. Тэгээд гар утсаа өг гэхэд тэр хоёр ахын нэг нь буудалд үлдээсэн, нөгөөх нь машинд үлдээсэн гэж хэлтэл надаар тоглоод байгаа юм уу гэхэд тэр хоёр залуугийн арай ах залуу нь эгч рүүгээ яриад мөнгө аваад өгье гэж хэлээд О ахын утсаар яриад данс руу нь 100,000 төгрөг хийлгэсэн. ...” /хх-ийн 22-23/,
насанд хүрээгүй гэрч М.Т-ийн: “...гудамжинд тоглож байхад ирээд машинд суу гэхээр нь суугаад хамт явсан. Тэгээд айгаад зугтааж явж чадахгүй хамт явсан. ...” /хх-ийн 26-27/,
гэрч Б.И-гийн: “...Төрийн банкны “380ххххххххххх” дугаартай данс миний нэр дээр байдаг бөгөөд сүүлийн нэг жил орчим манай нөхөр О эзэмшиж ашиглаж байгаа, интернэт банкны код бүх зүйлийг мэдэж байгаа...” /хх-ийн 29/ гэсэн мэдүүлгүүд,
Төрийн банкны 380ххххххххххх тоот дансны хуулга /хх-ийн 37-38/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Шүүгдэгч Д.О-ын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 24.5 см урттай, ажлын хэсгээс хойш хар өнгийн зүйлээр ороосон хутгыг хохирогч Ж.Г-ын биед тулгаж, Ж.Г-аас 100.000 төгрөгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.
Анхан шатны шүүх, Д.О-ын үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “Дээрэмдэх” гэмт хэргээр зөв зүйлчилжээ.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Шүүх Д.О-т 5 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, тус ялыг хаалттай хорих байгуууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний тус гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй 2 хүүхдийг дагуулан үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, урьд биечлэн эдлэх хорих ялаар шийтгүүлж байсан, хаалттай дэглэмд хорих ял эдэлж байсан хувийн байдал зэрэгт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн зорилгыг хангасан байх тул шүүгдэгч Д.О-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан “хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.О-ын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 764 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шийтгүүлсэн 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 60 хоног буюу 2 сарын хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” заалтыг хэрэглэн энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 2 сарын хугацаагаар тогтоож анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Д.О-ын шийтгэх тогтоол гарсан өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаан хийгдсэн өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 45 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1293 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.О-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ын 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 45 /дөчин тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ