| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0258/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/283 |
| Огноо | 2018-08-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/283
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагч Б.Батсүх,
Шүүгдэгч*******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* холбогдох эрүүгийн 1818003590296 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******1973 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой*******мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн *******тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч*******нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн ******* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******маргалдан зодож эрүүл мэндэд нь хуйхны хэсгийн шарх, зүүн бугалганы зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан
- ...2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нөхөр*******согтуу ирээд намайг хэл амаар доромжлоод бид маргалдсан. Тэгээд би гарах гэтэл намайг гаргахгүй гээд*******намайг хавсарч унагасан. Унахдаа бид давхарлаж унасан бөгөөд би паар мөргөөд миний толгой хагарсан******* дүүгийн эхнэр *******ай цуг эмнэлэг явж оёдол хийлгэсэн. Маргааш нь бас*******хөрш айлын ******* гэгчтэй хэрэлдэж маргалдаад гэртээ орж ирсэн. Тэгээд мөн намайг хэл амаар доромжилсон. Тэгээд миний зүүн нүд рүү гараараа цохисон.*******бид хоёр 2003 оноос хойш хамтран амьдарч, 2006 онд гэр бүлээ батлуулсан. Бидний дундаас 2 хүүхэд төрсөн гэх хохирогч *******ы мэдүүлэг /хх-ийн 23-25/,
- 2018 оны 4 дүгээр сарын 03-ны шөнө 01 цагийн үед ******* эгч манай гэрийн цонхыг тогшоод “******* ах чинь муудалцаж байгаад намайг паар мөргүүлээд толгой хагалчихлаа” гэж хэлээд бид Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах руу очиж оёдол хийлгэсэн... гэх гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 26-27/,
- ...Яг одоо сар өдрийг нь сайн санахгүй байна. ******* нь манайд зүүн нүд хөхөрсөн байдалтай орж ирсэн. Эхнэр бид 2 юу болсон талаар асуухад*******миний нүүр рүү цохисон, толгой хагалсан гэж ярьж байсан гэх гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 28-29/,
- ...Аав ээжийг үснээс зулгааж байгаад тэр хоёр паар луу унасан. Ээжийн толгой өвдсөн... гэх насанд хүрээгүй гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 32/,
- Манай охин ******* нь С.*******тай гэр бүл болоод 10 гаруй жил болж байна. Тэр хоёр дундаасаа хүү, охин хоёртой. Сүүлд сонсоход*******нь *******ыг зодоод нүүр ам нь хөхөрсөн байсан... гэх гэрч*******мэдүүлэг /хх-ийн 33-34/,
- ...би ******* гэх найзтайгаа архи уугаад харьсан. Манай эхнэр намайг цагдаад өгнө гэхээр нь би хоёр гараас нь барьсан. Тэгээд эхнэр надаас мултрах гээд хойшоо зүтгэхээр нь би гараа тавьчихсан чинь хойшоо унахдаа паар мөргөсөн. Өмнө нь 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр манай эхнэр согтуу агсам тавихаар нь би урандаа нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон гэх шүүгдэгч С.*******ын мэдүүлэг /хх-ийн 30/,
- *******ы биед зулайн хуйхны хэсгийн шарх, зүүн бугалганы зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 492 дугаартай дүгнэлт /хх-ийн 44/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасгаар эмчлүүлэгчдийн бүртгэл, “*******ы толгойн шархыг цэвэрлэж, шалгаж, цус тогтоож, оёдол хийсэн” гэх******* дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 50-51/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч С.*******, хохирогч ******* нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь шүүгдэгч, хохирогч болон насанд хүрээгүй гэрч******* нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч С.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ы биед зулайн хуйхны хэсгийн шарх, зүүн бугалганы зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч *******ы бичсэн “...одоо надад ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх баталгаа /хх-ийн 73/-аар нотлогдож байна.
Шүүгдэгч*******нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч*******нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч С.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч*******нь өндөр насны тэтгэвэрт гарсан гэх тул түүний орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **************ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ******* 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар С.*******ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР