| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2506000000641 |
| Дугаар | 2025/ДШМ/796 |
| Огноо | 2025-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | *********** |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2025/ДШМ/796
2025 06 26 2025/ДШМ/796
Ж.Б-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Н.Энхжаргал,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/1241 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Б- давж заалдах гомдол гаргасныг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2506000000641 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Ж-ны Б .................................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;
Шүүгдэгч Ж.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жи-Эс 25 сүлжээ дэлгүүр дотор хохирогч Г.Т-тэй "...танайх 24 цагаар ажилладаг салбар биз дээ..." гэж маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт нь гараараа цохиж, зүүн хацарт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х овогт Ж-ны Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Б- давж заалдах гомдолдоо: “...Би дээд сургуульд суралцдаг ба оюутан цэргийн шалгуурт тэнцэж, явахаар болсон юм. 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн тул энэ боломжоо эдлэж чадахгүй болоод байна. Миний бие хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, одоо цаашид аль болох алдахгүйг хичээж байгаа. Аав, ээж минь хөдөө байдаг, би өөрөө суралцана гээд хотод ирээд ийм хэрэгт холбогдсондоо үнэхээр их гэмшиж байна. Иймд шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж, намайг оюутан цэрэгт явах боломжоор хангаж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд хууль зүйн туслалцаа аваагүй улмаас нотлох баримтыг бүрдүүлж өгч чадаагүй. Шүүгдэгч Ж.Б-ын хувьд Их засаг их сургуульд сурдаг. Цэргийн алба хаах үндсэн үүргийнхээ дагуу өндөр шалгуурыг давж оюутан цэрэгт явахаар болсон. Иймд түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь зохимжгүй байна. Торгох ял оногдуулах, эсхүл ялаас чөлөөлж өгнө үү гэх саналыг оруулж байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Цаашид гарах хохирлыг төлж барагдуулна гэдгээ илэрхийлдэг. Иймд дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Ж.Б-ад холбогдох 2506000000641 дугаар эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.
1. Шүүгдэгч Ж.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жи-Эс 25 сүлжээ дэлгүүр дотор хохирогч Г.Т-тэй "...24 цагаар ажилладаг салбар биз дээ..." гэж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохисноос нүдний шил нь хагарч “...зүүн хацарт шарх...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жи-Эс 25 сүлжээ дэлгүүр дотор үл таних хүнд зодуулсан...” /хх-ийн 2/,
хохирогч Г.Т-гийн: “...бараа хүлээж аваад хаалгаа дотроосоо түгжчихсэн байсан чинь “танайх 24 цагийн салбар биз дээ, яагаад ажиллахгүй байгаа юм” гээд хоёр эрэгтэй хүн гаднаас орж ирсэн. Тэгэхээр нь бараа хүлээж авсан байгаа, ажиллахгүй гэсэн чинь нэг эрэгтэй нь намайг заамдаад, ...над руу салаавч гаргасан. Миний зүүн хацар хэсэгт гараараа 1 удаа цохисон. Нүдний шил хагараад хацарт зоогдчихсон. ...” /хх-ийн 8-9/ гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0725/3654 дугаартай шинжээчийн дүгнэлт: “... Г.Т-гийн биед зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” /хх-ийн 17-18/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.
2. Шүүгдэгч Ж.Б-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Т-тэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн хацарт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
3. Анхан шатны шүүх Ж.Б-ын үйлдлийн улмаас хохирогч Г.Т-д учирсан хохирол, хор уршгийн талаар үндэслэлтэй зөв хянан шийдвэрлэсэн байна.
4. Шүүгдэгч Ж.Б- нь “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Давж заалдах шатны шүүх, шүүгдэгч Ж.Б-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, оюутан цэрэг-2025-т хамрагдах хувийн байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын төрлийг тухайн зүйл, хэсэгт заасан торгох ял болгон хөнгөрүүлж, торгох ялыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ад оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/1241 дүгээр шийтгэх тогтоолын:
1.1. Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Б-ад мэдэгдсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.
1.2. Тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ад оногдуулсан 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. ...” гэсэн нэмэлт заалтыг оруулж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ