| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2018/00663/И |
| Дугаар | 212/МА2019/00009 |
| Огноо | 2019-01-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 212/МА2019/00009
Ч.Үийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 130/ШШ2018/00762 дугаар шийдвэртэй, тус аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух Цагаан туг овогт Чулууны Үийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Зын өвчин судлалын төвд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.А, нэхэмжлэгч Ч.Ү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х /цахим сүлжээгээр/, хариуцагчийн өмгөөлөгч А.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Зын өвчин судлалын төвийн даргын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай.
Нэхэмжлэлд: Миний бие 1999 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тус Зын өвчин судлалын төвд ажиллаж байгаа ба 2000 оноос лабораторийн тасгийн эрхлэгч, нян судлагч их эмчээр ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй, тогтвортой сайн ажиллаж ирсэн. 2018 оны 5 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт "болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам"-ын танилцуулга болон дадлага сургуулилт явагдсан ба 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Цагааннуур тосгонд зохион байгуулагдсан хамтарсан дадлага сургуулилтын үеэр байгууллагын "Ямаха" маркийн цахилгаан мотор алга болсныг байгууллагын ажилчид бүгд 7 дугаар сард мэдсэн. "Ямаха" маркийн цахилгаан мотор нь миний эзэмшилд байдаггүй, 2017 оны жилийн эцсийн тооллогоор "Нярвын тооллогын бүртгэл"-д бүртгэгдсэн, байгууллагын үндсэн хөрөнгө ба 2016 онд байгууллагын ийлдэс судлалын лаборант М.Гд хариуцуулан "Эд хариуцагчийн хувийн карт"-д нь бичигдсэн байдаг бөгөөд миний ажлын байрны тодорхойлолтод байгууллагын эд хөрөнгө хариуцахаар заагдаагүй, байгууллагын эд хөрөнгийг хариуцсан ажилтнууд байсаар байтал, уг мотор алга болсон нь надаас арга хэмжээ авах үндэслэл болохгүй. Миний бие 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймагт зохион байгуулагдсан төрийн албаны шалгалтад тус байгууллагын даргын сул орон тоонд өрсөлдсөн бөгөөд төрийн албаны шалгалт шударга бус явагдсан талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Байгууллагын даргаар томилогдон ажиллаж байгаа Б.А нь шүүхэд хандахаа болихыг надаас шаардахад миний бие шударга шүүхээр асуудлыг шийдвэрлүүлнэ гэдгээ хэлсэн бөгөөд тэр үеэс эхлэн надаас элдэв өө сэв эрж дарамтлах болсон ба эцэстээ ингэж үндэслэлгүйгээр арга хэмжээ авч байгаа нь хууль зүйд нийцэхгүй байна. "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" 20 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай гомдлоо шүүхэд хандан шийдүүлэхээр зохих баримтуудыг бүрдүүлж өгөхөөр хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамтай танилцаж, өөрийн Эд хариуцагчийн хувийн картаа хувилуулж авахаар удирдлагадаа хандсан. Гэтэл байгууллагын дарга Б.А нь 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр надтай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд миний бие 2018 оны 7 дугаар сарын 01-ээс хамтарсан шинжилгээнд албан томилолтоор ажиллаж эзгүй байх хойгуур уг гэрээний зарим хуудсыг өөрчилсөн бөгөөд уг өөрчлөлт оруулсан хуудсанд байгаа зүйл заалтаар надаас арга хэмжээ авсан нь удирдах албан тушаалтанд баймгүй хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл юм. Түүгээр ч үл барам байгууллагын дотоод журмыг надад танилцуулахгүй, байхгүй гээд өгөөгүй, мөн няравт байгаа тухайн үед ганцхан хувь үйлдэгдсэн /байгууллагын бичиг хэргийн зардал хүрэлцэхгүй гэдэг шалтгаанаар/ Эд хариуцагчийн хувийн картыг минь хувилж олгож өгнө үү гэж хүссэн боловч нярав М.А нь өгөхгүй байсаар, Улаанбаатар хот руу явахдаа байгууллагын даргад үлдээсэн гэх ба даргаас хувилж авахыг хүсэхэд өгөөгүй, бичгээр хүсэлт гаргаж өгөхөд асуудлыг судалж байна, хугацаа нь болоогүй байна, ямар шалтгаанаар авах гэж байгаагаа тодорхой бичээгүй гэж шалтаг тоочин хүнд суртал гаргасаар байна. Зын өвчин судлалын төвийн даргын эдгээр үйлдлүүд нь шударга шүүхээр шүүлгэх хүний эрхийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтыг зөрчиж байгаа бөгөөд мөн надад ажлын байрны дарамт үзүүлж, ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй зүйл хийхийг шаардсан гэж миний бие үзэж байна. Иймд миний бие нь үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж байгаа тул Баян-Өлгий аймгийн Зын өвчин судлалын төвийн даргын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" 20 дугаар тушаалыг хүчингүй болгож өгөхийг хүсье. гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: 2018 оны 5 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд тус аймгийн Цагааннуур тосгонд болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх тухай сургалт болж, Ч.Ү нь тасгийн дарга болохын хувьд тасгаа удирдаж уг сургалтад шаардлагатай бүх тоног төхөөрөмж материалуудыг тээврийн хэрэгслээр зөөвөрлөж сургалт болох газарт хүргэсэн. Сургалт зохион байгуулсан газраас тогийн эх үүсвэрийг шийдэж өгсөн тул уг моторыг ашиглаагүй. Сургалт дууссаны дараа Ч.Ү нь эдгээр тасгийнхаа тоног төхөөрөмжүүдийг буцаагаад ажлын газартаа авч ирсэн байсан. Дараа нь 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ОХУ болон Монгол Улс хамтарсан тандалт шинжилгээ судалгааны ажил тус аймгийн Улаанхус суманд зохион байгуулагдсан. Уг судалгааны ажилд манай төвийн Лабораторийн болон Тархвар судлалын тасаг оролцсон. 2018 оны 7 дугаар сарын сарын 14, 15-ны өдрүүдэд үргэлжлэн орсон аадар борооны улмаас тог тасарч, мотор хэрэгтэй болсон. Би дээрх хамтарсан тандалт шинжилгээ судалгааны ажилд оролцож байсан лаборант С.Нурболаттай утсаар холбогдоход "мотор алга болсон" гэж хэлсэн. Үүний дараа тасгийн дарга Ч.Үтэй холбогдоход "би ч гэсэн саяхан мэдлээ, би хариуцахгүй" гэж хэлсэн. Хамтарсан тандалт шинжилгээ судалгааны ажил дууссаны дараа миний зүгээс тасгийн дарга Ч.Үт алга болсон моторын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг үүрэг болгосон. Гэвч Ч.Ү нь одоо болтол миний үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Ч.Ү нь ганцхан моторын асуудал гэлтгүй ер нь бүхий л ажилдаа хайхрамжгүй ханддаг. Эрүүл мэндийн Яамны мэргэжилтэн А.Долгорханд 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр манай төвд ирж байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, лабораторийн тасгийн бүхий л алдаа дутагдлыг хамт олны хурлаар авч хэлэлцэж, улмаар Лабораторийн тасгийн үйл ажиллагаа хангалтгүй байгаа тухай танилцуулсан. Мэргэжилтэн А.Долгорханд хурал хийх өдөр Ч.Ү нь удирдлагадаа мэдэгдэлгүй, чөлөө авалгүй бүтэн өдөр ажил тасалж тухайн хуралд оролцоогүй. Яамны мэргэжилтэн ажил тасалсан хүмүүст арга хэмжээ тооцохыг надад үүрэг болгосон. Удирдлагын зүгээс шалтгаангүй ажил тасалсан хүмүүстэй нэг бүрчлэн уулзаж ажил тасалсан шалтгааныг нь тодруулж дахин ингэж алдаа гаргахгүй байхыг хатуу сануулсан. Тэгтэл Ч.Ү "та надаас арга хэмжээ авна гэж хэлсэн байна, та намайг бүү дарамтал, ажил тасалсан шалтгаан гэвэл би хүүхдийн хонхны баярт оролцсон" гэж хэлж байсан. Гэвч Ч.Ү шүүхэд мэдүүлэхдээ бодит байдлыг илт мушгин гуйвуулж буюу намайг ажлын байрны дарамт үзүүлдэг мэтээр бичсэн нь үндэслэлгүй. Миний бие удирдлага болохын хувьд Ч.Үийг дэмжиж ажилладаг. Лабораторийн эрхлэгч Ч.Үтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2 хувь үйлдэж өөрт нь танилцуулж гарын үсэг зуруулан хувийг хүлээлгэн өгсөн ба байгууллагын дотоод журмыг хамт олны хурлаар хэлэлцэж ажилтан тус бүрээр гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Бүх зүйл нотлох баримттай, дотоод журамтай танилцсан гэж гарын үсэг зурсан боловч түүнийг үгүйсгэж танилцаагүй гэж шүүхэд хандаж байгаа нь бусдыг санаатайгаар гүтгэсэн, хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний 130/ШШ2018/00762 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Зын өвчин судлалын төвийн даргын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 130/ШШ2018/00762 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үйлчлүүлэгч аймгийн Зын өвчин судлалын төвийн даргаас 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 20 дугаар тушаал гаргаж нэхэмжлэгч Ч.Үийг нийт 3 зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр сахилгын сануулах шийтгэл ногдуулсан. Хариуцагчийн зүгээс ийнхүү сахилгын сануулах шийтгэл ногдуулах болсон шалтгаан үндэслэлээ хариу тайлбар гаргах болон нотлох баримт гаргаж өгөх байдлаар нотолсон боловч анхан шатны шүүх хэт нэг талыг барьж гомдлыг хангаж шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ү нь Баян-Өлгий аймгийн Зын өвчин судлалын төвд холбогдуулан тус төвийн даргын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргажээ.
Ажил олгогчийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, байгууллагын дотоод журмын 5.1.1, 5.1.5, 11.1.1, 11.1.2, Хөдөлмөрийн гэрээний 2.2 дахь заалтын а, б, д, 4.1 дэх заалтын а-д заасныг удирдлага болгож ажилтан Ч.Үт хариуцсан ажилдаа хайхрамжгүй хандаж буюу эзэмшилдээ байгаа мотор алга болсныг нуун дарагдуулсан, мотор алга болсноор Өлгий суманд зарлагдсан онцгой байдлын үед цахилгаангүй болсны улмаас байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын сануулах шийтгэл ногдуулсан байна.
Ажилтан Ч.Ү нь дээрх тушаалыг эс зөвшөөрч 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-т нийцсэн ба шаардлагын үндэслэлээ цахилгаан мотор нь миний эзэмшилд байдаггүй, 2017 оны жилийн эцсийн тооллогоор нярвын тооллогын бүртгэлд бүртгэгдсэн, байгууллагын үндсэн хөрөнгө ба 2016 онд лаборант М.Гд хариуцуулан эд хариуцагчийн хувийн картад бичигдсэн тул би хариуцахгүй гэж тайлбарлаж, талууд мэтгэлцжээ.
Ажил олгогчийн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд судлан үзвэл, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан хариуцсан ажилдаа хайхрамжгүй хандаж буюу эзэмшилдээ байгаа мотор алга болсныг нуун дарагдуулсан, мотор алга болсноор Өлгий суманд зарлагдсан онцгой байдлын үед цахилгаангүй болсны улмаас байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн хариуцагч аймгийн Зын өвчин судлалын төвийн эзэмшлийн, хулгайд алдагдсан гэх цахилгаан үүсгүүр нь нэхэмжлэгчийн эд хариуцагчийн картад бүртгэлгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон учир дээрх шалтгаанаар ажилтан Ч.Үт сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй болжээ. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа ажилтан Ч.Ү удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх боловч үүнтэй холбоотой үйл баримт тогтоогдоогүйгээс гадна энэ нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлд хамааралгүй.
Иймд ажилтан Ч.Үт сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, нэг талыг баримталсан гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 130/ШШ2018/00762 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧИД Д.МӨНХӨӨ
С.ӨМИРБЕК