Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар   2025/ДШМ/812

 

 

 

 

 

                                                                   

 

      2025          07            03                                         2025/ДШМ/812

 

М.А-, О.А- нарт  

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөнцэцэг,

шүүгдэгч М.А-,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 2025/ШЦТ/879 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Мөнгөнцэцэг 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 20 дугаар прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн М.А-, О.А- нарт холбогдох 1709010270147 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв. 

1. Б овгийн О-ийн А ........................ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй;

2. З овгийн М-ын А   ..... ..........  тоотод оршин суух хаягтай, урьд:

- 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 5 жил 2 сарын хорих ялаар тогтоож, уг хорих ялыг 2 дахин багасгаж 3 жил 1 сар 1 хоногийн хугацаагаар хорих ял болгон өөрчилсөн бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 1 жил 4 сар 21 хоногийн хугацааны өмнө тэнссэн суллагдсан,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 962 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 8-ний өдрийн 133 дугаар шүүгчийн захирамжаар 2021 онд батлагдсан Өршөөлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 13 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн, тус зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 23 хоногийн зорчих эрхийг эдлэх ялыг Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 133 дугаар шүүгчийн захирамжаар 1 жил 1 сар 23 хоногийн хорих ялаар сольсон,

- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 9 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 14 хоногийг нэмж нэгтгэн нийт 2 жил 7 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан;

Шүүгдэгч М.А-, О.А- нар бүлэглэн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг, 44 дүгээр байрны гадаа 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 16 цаг 50 минутын үед хохирогч М.У-ын нуруунд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хагархай шилийг тулган хүч хэрэглэн довтолж, Ай фоне Эс-5 загварын гар утсыг дээрэмдэн авч 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт О.А-, М.А- нарын тус тус холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч З овгийн М-ын А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолсон гэм хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасган эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 8 сар 25 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 364 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 Б овгийн О-ийн А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэм хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасган 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 22 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн хохирлын дансанд тушаасан 100.000 төгрөгийг хохирогч М.У-ад олгохоор шийдвэрлэжээ.

  Прокурор Б.Мөнгөнцэцэг бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс Б.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй байна. Тодруулбал, шүүгдэгч Б.А- нь 18 насанд хүрээгүй байхдаа буюу 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 16 цаг 50 минутын үед хохирогч М.У-ын нуруунд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хагархай шилийг тулган хүч хэрэглэн довтолж, Ай фоне Эс-5 загварын гар утсыг дээрэмдэн авч 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Өсвөр насны хүн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл/, ... гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж зохицуулсан байх ба дээрх хуулийн үйлчлэлээр Б.А-т оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 8-ны 2025/ШЦТ/879 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэг буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хэсэгт өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 Шүүгдэгч М.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.    

Шүүгдэгч М.А-, О.А- нарт холбогдох 1709010270147 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

1. Шүүгдэгч М.А-, О.А- нар бүлэглэн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг, 44 дүгээр байрны гадаа 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 16 цаг 50 минутын үед хохирогч М.У-ын нуруунд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хагархай шилийг тулган хүч хэрэглэн довтолж, Ай фоне Эс-5 загварын гар утсыг дээрэмдэн авч 100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

2017 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр үл таних хоёр эрэгтэйд гар утсаа дээрэмдүүлсэн...” /1-р хх-ийн 29/,

хохирогч М.У-ын: “...45 дугаар байрны баруун талд 4 дүгээр орцны урд 4 хүүхэд сууж байгаад надаас цаг асуухаар нь би өөрийн гар утаснаасаа цаг харж хэлээд явж байхад миний араас 2 хүүхэд нь гүйцэж ирээд утсаараа нэг яриулчих гэж хэлээд нэг дугаарт залгуулахад дуудлага хүлээн авах боломжгүй байсан бөгөөд дахиад нэг дугаарт залгаад дуудаад аваагүй. Тэгээд “хаашаа явах гэж байгаа юм, утсаар ярих гэж хүлээх зуураа хамт яваад хүргээд өгье” гэж хэлээд бид нар дэлгүүрүүдээр ороод явж байхад нөгөө 2 хүүхэд намайг дахин дуудаад одоо залгаад үз дээ гэж хэлээд дахин залгуулахад нэг хүн аваад “Би Сансарт байна, юм хүргэж өгөх гээд явж байна” гэж хэлээд тасалсан. Тэгээд нөгөө 2 “Чиний утас фейсбүүк ордог уу, нэг дугаар харъя гэж хэлээд миний гар утаснаас фейсбүүк ороод нэг утасны дугаар аваад дугаараа бичиж авах гээд намайг дагуулаад Хаппи ланд нэртэй тоглоомын газрын арын мухар хэсэг рүү очоод зогсож байхад нөгөө 2 хүүхэд ойлгогдохгүй хэлээр ярьж байгаад үзэгт явсан цагаан цамцтай хүүхэд нь үүрч явсан цүнхнээсээ архины шил гаргаж ирээд нөгөө хар куртиктэй хүүхдэдээ өгөөд шил авсан хүүхэд нь шилээ газарт цохиж хагалаад Аррlе ID кодоо хэлээдэх гэхээр нь би мэдэхгүй, гэрт цаасан дээр бичсэн байгаа гэж хэлээд зогсож байхад хажуугаар явж байсан эрэгтэй хүн 200 төгрөг байвал өгөөч гэж хэлэхэд нөгөө 2 хүүхэд “Мөнгө байхгүй, цаашаа яв” гэж хэлээд байсан. Би тэр хүнээс туслаарай гэж хэлэх гэсэн боловч хар куртик өмссөн хүүхэд нь миний нурууны хэсэгт шилээрээ хатгаад дугаруулахгүй байсан. Тэгээд мөнгө гуйсан хүнийг эргээд явахад нь нөгөө 2 хүүхэд “Араас хөөвөл нялга болтол чинь зодно шүү” гэж хэлээд гүйгээд явсан. Хүн хараад орилбол зооно шүү гээд гартаа хагарсан архины шил бариад зогсоод байсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49, 50/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 33-36/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн тайлан: “...IРhone 5s загварын гар утас 100.000 төгрөг...” /1-р хх-ийн 67-68/,

2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...1. ...хяналтын камерын бичлэгийн CD-г нээж үзэхэд 20170827_184857, 20170827_190330 нэртэй 2 бичлэг байх бөгөөд 20170827_184857 хяналтын камерын бичлэгт үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 18 цаг 23 минутаас 18 цаг 23 минут 23 секундын 00 минут 17 секундын хугацаатай бичлэг байх ба уг бичлэгийн 00 минут 08 секундэд 15-20 орчим насны 160-165 см өндөртэй, хөх өнгийн куртиктай, цайвар өнгийн цамц, өмдтэй, хар өнгийн гуталтай этгээд гүйж байх бөгөөд түүний дараа буюу уг бичлэгийн 00 минут 09 секундэд 15-20 орчим насны 160-165 см өндөртэй цагаан өнгийн малгайтай цамцтай /ханцуй хэсгээр хар өнгөтэй/, хөх өнгийн жинсэн өмдтэй, цагаан өнгийн гуталтай этгээд гүйж байх ба түүний араас хохирогч М.У- нь баруун хэсэг рүү гүйж гарч байгаа дүрс бичлэг байв.

2. 20170827_190330 нэртэй хяналтын камерын бичлэгт үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 27 минут 51 секундээс 17 цаг 28 минут 01 секундын 00 минут 09 секундын хяналтын камерын бичлэг байх бөгөөд уг бичлэгт хөх өнгийн куртиктай этгээд тухайн байрны зүүн хэсгээр, цагаан өнгийн малгайтай цамцтай этгээд баруун талаар гүйж байх бөгөөд М.У- нь зүүн талаар буюу хөх өнгийн куртиктай этгээдийн араас гүйж байгаа дүрс бичлэг байв. ...” /1-р хх-ийн 41-42/,

мөрдөн шалгах ажиллагааны үед үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн М.А-, О.А- нарын мэдүүлэг /хх-ийн 53,163/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн;

шүүгдэгч М.А-, О.А- нарын бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр архины шилийг хагалан үзүүртэй шилийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болгож хохирогч М.У-ын нуруунд тулган хөдөлгөөнийг нь хориглож айлган хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, гар утсыг нь хүчээр дээрэмдэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн...” гэсэн шинжтэй гэж дүгнэж, тус зүйл, хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3. Прокурор Б.Мөнгөнцэцэг “...Шүүх насанд хүрээгүй байхдаа буюу 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гэмт хэргийг үйлдсэн О.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй...” үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичсэнийг давж заалдах шатны шүүх хянаад, эсэргүүцлийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч М.А-, О.А- нарын үйлдсэн 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Дээрэмдэх” гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйл/Хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ/-ийн 3.1.2-т “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн; ...” гэж заасанд хамаарна.

2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр шүүгдэгч М.А- нь 16 настай, О.А- нь 15 настай байсан байх тул хоёуланд нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Өсвөр насны хүн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл/, ... гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэсэн заалт үйлчилнэ.

Иймд шүүгдэгч М.А-, О.А- нарын өсвөр насанд байхдаа үйлдсэн дээрэмдэх гэмт хэрэгт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар 2 жилийн хугацааг тус тус хасаж зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй байна.

Түүнчлэн, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж хууль тогтоогчоос хуульчилсан ба шүүгдэгч М.А-ын хувьд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиас өмнөх Өршөөлийн хуулиудад хамрагдаж байгаагүй учир түүний 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, оногдуулсан ялаас 2 жилийн хорих ялыг хасаж шийдвэрлэхэд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хууль зөрчигдөхгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ 18 насанд хүрээгүй байсан М.А-, О.А- нарт тус зүйл, хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана. ...” гэж заасныг хэрэглэн эдлэх ялыг нь 2 жил 6 сарын хорих ял болгож, хоёр дахин багасгасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” заалтыг хэрэглэн шүүгдэгч М.А-ын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн 2 жил 7 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 8 сар 25 хоногийн хугацаагаар тогтоож Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүхээс, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүгдэгч нарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас 2 жилийн хугацаагаар тус тус хассан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж байгаа тул шүүгдэгч М.А-ын өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 8 сар 25 хоногийн хугацаагаар тогтоосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулав.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч М.А-, О.А- нарын шийтгэх тогтоол гарсан өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаан хийгдсэн өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 86 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурор Б.Мөнгөнцэцэгийн бичсэн 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 20 дугаар прокурорын эсэргүүцлийг хангаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 2025/ШЦТ/879 дүгээр шийтгэх тогтоолын:  

тогтоох хэсэгт “...2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүгдэгч М.А-, О.А- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас 2 жилийг хасаж, эдлэх хорих ялын хэмжээг 6 сарын хугацаагаар тус тус тогтоосугай. ...” гэсэн нэмэлт заалтыг оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар М.А-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 01 жил 2 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 8 сар 25 хоног /нэг жил найман сар хорин тав хоног/-ийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. ...” гэж,

- тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д оногдуулсан 1 жил 8 сар 25 хоногийн хорих ялыг, шүүгдэгч О.А-т оногдуулсан 6 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-, О.А- нарын 2025 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 86 хоног /наян зургаан хоног/-ийг ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                               Д.ОЧМАНДАХ