| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0270/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/293 |
| Огноо | 2018-08-20 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/293
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Адъяа,
Улсын яллагч Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдох эрүүгийн 1818004470303 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******, 1997 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* дугаар курсийн оюутан, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод бүртгэлтэй боловч Улаанбаатар хот,*******тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдан борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн хадгалж, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ******* нь 2018 оны 5 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар хорооллын нутаг дэвсгэрээс НҮБ-ын “сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцын жагсаалтад хамаарах тетрагидроканнабинол /ТНС/ агуулсан ургамлыг худалдан борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, хадгалж улмаар 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Дархан сумын 14 дүгээр багт байрлах “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн урд хаалганы хажуугийн авто зогсоолд ******* улсын дугаартай, саарал өнгийн, Тоёота приус-20 маркийн авто машинд *******, *******нартай хамт хэрэглэсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******ын өгсөн: Тухайн ургамал манай өвөөгийн байрны гадна ургаж байсан. Би интернетээс зургийг нь харж байсан учраас таньсан. Интернетээс тэр ургамлыг хүүхдүүд татдаг тухай үзээд түүсэн. Мөн Юутубе /youtube/ хуудсаас бичлэг үзэж сав бэлдсэн. 2018 оны 5 дугаар сард нэг удаа хэрэглэсэн бөгөөд ямар нэг өөрчлөлт мэдэгдээгүй. Би тэр ургамлыг түүж, хэрэглэх нь ямар хор уршигтайг сайн ухамсарлаагүй. Гэм буруугаа ойлгож байна. Цаашид ийм зүйл хийхгүй гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Гэрч ******* өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 01-нээс хэд хоногийн өмнө ******* нартай паркт уулзсан ба *******цүнхэнд байсан хатааж нунтагласан өвсийг бид татаж хэрэглэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 29/,
Гэрч *******ын өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 21 цагийн үед найз ******* нартай уулзаж Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр “Парк таун” хотхоны замын эсрэг талын авто зогсоол дээр *******авчирсан каннабист төрлийн мансууруулах бодисыг хэрэглэсэн. Бид 2 литрийн хэмжээтэй саванд 300 грамм ус хийгээд, савны таглааг нүхэлж цоолоод, таглаа дотор нь өвсөө хийж шатаагаад, таглааны цоолсон нүхээр орж байгаа утааг сорж хэрэглэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,
Гэрч ******* өгсөн: Найз ******* нартай “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоол дээр машин дотроо *******авчирсан өвсийг тугалган цаас дээр шатааж байгаад утааг нь усны саванд хийж сорж хэрэглэж байхад цагдаа ирж шалгасан. Нэг сарын өмнө Улсбаяр “Дархан” зочид буудлын орчмоос тэр өвсийг түүсэн гэдгээ хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,
Мансууруулах бодис хэрэглэж байсан гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн ертөнцийн зүгээр урд зүгт байрлах авто машины зогсоол дээр байрлуулж тавьсан ******* улсын дугаартай, саарал өнгийн, Тоёота приус-20 маркийн авто машинд мансууруулах үйлчилгээтэй ургамал хэрэглэсэн байж болзошгүй байв... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4, 6-9/,
Хэргийн газрын үзлэгээр хураан авсан шар өнгийн уутанд хатааж нунтаглаж хийсэн ногоон өнгийн 160 грамм ургамал, 119 см урттай 30 см өргөнтэй тугалган цаас, шар өнгийн ууттай 52 ширхэг шүүлтүүр, өнгөгүй гялгар ууттай хатсан ногоон өнгийн ургамал зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13/,
...*******ын шээсийг тестээр шалгахад “ТНС” бичигтэй нүдэнд 1 зураас гарч каннабис хэрэглэсэн болох нь тогтоогдсоныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж тэмдэглэл үйлдэв гэх хүний шээснээс хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох тест хэрэглэсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17/,
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч *******ын гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-22/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 6343 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “Улсбаяр 2018.06.01” гэж хаягласан хуванцар савтай шээс 90 мл орчим, “*******2018.06.01” гэж хаягласан хуванцар савтай шээс 100 мл орчим, “*******2018.06.01” гэж хаягласан хуванцар савтай шээс 85 мл орчим байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Улсбаяр 2018.06.01” гэж хаягласан хуванцар савтай шээс, “*******2018.06.01” гэж хаягласан хуванцар савтай шээс, “*******2018.06.01” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-39/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 6344 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл /100 грамм/, “Mirinda” гэсэн бичиглэл бүхий хуванцар савтай өнгөгүй шингэн, “Pepsi” гэсэн бичиглэл бүхий хуванцар савтай хүрэн өнгийн шингэн, “Sprite zero” гэсэн бичиглэл бүхий хуванцар савтай хүрэн өнгийн шингэн, өнгөгүй гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл /47 грамм/ нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Sprite” гэсэн бичиглэл бүхий дотроо ямар нэг шингэний үлдэгдэлгүй хуванцар сав, шар өнгийн тагтай бөөрөнхий төмөр сав, цэнхэр өнгийн тагтай дөрвөлжин төмөр сав, хуйлсан тугалган цаас, шар өнгийн тагтай 52 ширхэг шүүлтүүр мэт зүйлд бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, өнгөгүй гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “Mirinda” гэсэн бичиглэл бүхий хуванцар савтай өнгөгүй шингэн, “Pepsi” гэсэн бичиглэл бүхий хуванцар савтай хүрэн өнгийн шингэн, “Sprite zero” гэсэн бичиглэл бүхий хуванцар савтай хүрэн өнгийн шингэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-48/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч *******ын 2018 оны 5 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрээс НҮБ-ын “сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцын жагсаалтад хамаарах тетрагидроканнабинол /ТНС/ агуулсан ургамлыг худалдан борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, хадгалж улмаар 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Дархан сумын 14 дүгээр багт байрлах “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн урд хаалганы хажуугийн авто зогсоолд *******, *******нарт өгч, хамт хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадалгаа №46/18 дүгнэлт /хх-ийн 53/-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******ыг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, зорилгоор тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн уутанд хатааж нунтаглаж хийсэн ногоон өнгийн 160 грамм ургамал, 119 см урттай 30 см өргөнтэй тугалган цаас, шар өнгийн ууттай 52 ширхэг шүүлтүүр, өнгөгүй гялгар ууттай хатсан ногоон өнгийн ургамал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3-т зааснаар *******т тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР