| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2406000003967 |
| Дугаар | 2025/ДШМ/813 |
| Огноо | 2025-07-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/813
2025 07 03 2025/ДШМ/813
У.У-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Бамбадорж,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 2025/ШЦТ/1124 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Бамбадорж 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 22 дугаар прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн У.У-д холбогдох эрүүгийн 2406000003967 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ш овгийн У-ын У ..................... тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй;
Шүүгдэгч У.У- нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ухуарангийн эцсийн автобусны буудлын орчимд хохирогч Б.Б-ын биед шалтгаангүйгээр халдан, түүний нүүрэнд цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: У.У-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ш овогт У-ын У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр дүүрэг, орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хохирогч Б.Б- нь ажилгүй байсан хугацааны цалин болон гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Бамбадорж эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч У.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч У.У-д Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр дүүрэг, орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Тодруулбал, шүүгдэгчийн ахуй амьдрал, хөдөлмөр эрхлэлтийн байдалд тохируулж ял оногдуулдаггүй болно. Анхан шатны шүүхээс шүүгдэгч У.У-д зорчих эрхийг хязгаарлах ялыг Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглоно гэж зааж өгсөн нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй хэт өргөн нутаг дэвсгэрээр тогтоосон, ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан нь тухайн орон нутгийн нутаг дэвсгэрт шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөлийг бий болгож, шүүхийн шийдвэр хэрэгжих тодорхойгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн, прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч У.У-д холбогдох эрүүгийн 2406000003967 дугаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.
1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд:
Шүүгдэгч У.У- нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ухуарангийн эцсийн автобусны буудлын орчимд хохирогч Б.Б-ын биед шалтгаангүйгээр халдан, түүний нүүрэнд цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хохирогч Б.Б- сэжигтэн У нар зогсож байгаа байдал харагдана. Гэрч Э хохирогч Б-тай гар барьж, тэврэлдэж байгаа байдал харагдана. Гэрч Ө очиж юм ярьж байгаа байдал харагдана. Сэжигтэн У хохирогч Б-ыг цохиж байгаа байдал харагдана. Хохирогч Б-т гэрч Ө хамрыг нь арчуулах зорилгоор нойлын цаас өгч байгаа байдал харагдана...” /хх-ийн 10-12/,
хохирогч Б.Б-ын Хаан банк дахь 508хххххххх тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл: “Б.Б-ын эмчилгээний урсгал зардалд зарцуулсан мөнгө гэх нийт 3,392,100 төгрөгийн зарлага гарсан байв” /хх-ийн 25-30/,
хохирогч Б.Б-ын: “...миний толгойны баруун тал, хамар, нүд хэсэг рүү цохисон, юугаар миний толгой хэсэгрүү цохисныг би мэдэхгүй байна. Найз Б намайг машины дотогш татаад С машинаа хөдөлгөөд бид нар эмнэлэг явсан. ...С-ын машины хажууд зогсож байхад У.У- цохиж миний хамрыг гэмтээсэн. Хяналтын камерын бичлэгийг үзэхэд У.У- цохисон байсан. ...” /хх-ийн 35-37, 39-40, 43-44/,
гэрч М.Н-ийн: “...Би 00-ын өрөө орж бие засаад гарахад Б.Б- хамраа цохиулсан, цус гарсан байдалтай зогсож байсан. ... Хяналтын камерын бичлэг дээр харахад Б.Б-ын хажууд С болон найз охин нь, Б, У нар байсан бөгөөд Б, У хоёрын нэг л цохих шиг болсон. ...” /хх-ийн 47-48/,
гэрч Э.Э-ийн: “...Б-ыг нэг нь цохиод авах шиг л болсон. Яг хэн цохисныг бол хараагүй. Б-ын хажууд У, Ө нар байсан. ...” /хх-ийн 52-53/,
гэрч Б.Ө-ы: “...машины хажууд У, Э, Б- нар юм яриад байж байсан. Би очиж баяртай гээд хэлээд байж байтал Б-ыг цохиод авсан. Би Б-т нойлын цаас өгч хамрын цусыг нь арчуулсан. Цохиулах үед нь Б-ын хажууд У зогсож байсан. ...” /хх-ийн 57-58/,
гэрч Г.С-ын: “...Би Б-ийн хамт машин дотор сууж байтал Б-ыг нэг нь цохиод авсан. Б бид хоёр машинаас буухад Б- миний хамар хугарчихлаа гээд байж байсан. ...” /хх-ийн 61-62/,
гэрч Н.Б: “...би Сын хамт машин дотор сууж байтал Б-ыг нэг нь цохиж хамрыг нь гэмтээсэн. Б-ын хажууд Э, Ө, У гурав байсан. Камерийн бичлэгийг үзэхэд Б-ыг У цохиж байгаа юм шиг харагдаж байсан. ...” /хх-ийн 64-65/ гэх мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 14431 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Б.Б-ын биед баруун хоншоорын өмнөд ханын хугарал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Баруун хоншоорын өмнөд ханын хугарал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 -т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...” /хх-ийн 74-75/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Анхан шатны шүүх, шүүгдэгч У.У-ы хохирогч Б.Б-ын нүүрэнд цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэсэн шинжтэй гэж хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлтийг хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3. Шүүх, шүүгдэгч У.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон 2 сарын хугацаагаар оногдуулсан нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээнд тохирчээ.
4. Прокурор Б.Бамбадоржоос “...анхан шатны шүүх шүүгдэгч У.У-д Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарласан нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, ялд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан нь тухайн орон нутгийн нутаг дэвсгэрт шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөлийг бий болгож, шүүхийн шийдвэр хэрэгжих тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсэн...” гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичсэн нь үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан. Гэтэл шүүгдэгч У.У-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хүрээг Говьсүмбэр аймаг гэсэн бүтэн аймгийн нутаг дэвсгэрээр анхан шатны шүүх тогтоосон нь оршин суух газраар тогтоох гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд шүүгдэгч У.У-ы эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг түүний амьдарч буй Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутгаар тогтоосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулав.
Зорчих эрх хязгаарлах ялын хүрээг тус ялын хуульд заасан зорилгод нийцүүлж өөрчилсөн нь ялын төрлийг хүндрүүлж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй юм.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйл/Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх/-ийн 167.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина” гэж заасан байх тул шүүгдэгч У.У-д оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаалах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх даалгаж шийдвэрлэснийг тус ялыг эдлэх нутаг дэвсгэр болох Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан өөрчлөлтийг мөн оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 2025/ШЦТ/1124 дүгээр шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.У-ыг Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр дүүрэг, орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.У-ыг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ